Ярилцлага

Г.Мөнхтуул: Өөрөө хүн болж амжаагүй сэтгүүлч буруу санаатанд буу бариулсантай л адил

“Энэ миний мэдлийн ганц тайз” гээд тэр “Ам нээвэл” ярилцлагын нэвтрүүлгээ хийдэг студидээ урилаа. Нүд ирмэх зуур нэг л танил, дасал харагдах ягаан хослолоо өмсчихөөд орж ирэхэд нь туулж өнгөрүүлсэн чилийсэн урт сэтгүүлчийн он жилүүд нь харагдах шиг болов.

Сүүлийн үед сэтгүүлч хүний мөс чанар, хувь хүний төлөвшил, даруу эрдмийн асуудал ярианы сэдэв болж байна. Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрөөр салбартаа 24 жил ажилласан сэтгүүлч Г.Мөнхтуултай ярилцсан ярилцлагаар уншигчдтайгаа уулзаж байгаа нь энэ. Ерөнхийлөгчийн хамгаалалтын албанд бороохойдуулж, Төрийн ордон руу камераа үүрч ганцаар ороод дүрсээ ч, мэдээгээ ч аваад гардаг байсан шавил залуу наснаасаа хойш өнөөдрийг хүртэл тэр нэг л байрандаа. “Би мэдээ хийхээ болихгүй. 50 дөхөж яваа насандаа мэдээнд гүйж байгаадаа хэзээ ч ичдэггүй” хэмээнэ.

Бидний ярилцлага өгөөжтэй, сонирхолтой болсон гэж найдаж байна.


-Нээрээ “ам нээдэг” хүний өөрийнх нь амыг нээх нь дээ гэсэн үйлчлэгчийн үг ортой юм байна, сая л анзаарлаа. Та ер нь “Ам нээвэл” ярилцлагын нэвтрүүлгээ тоолсон уу, нийт хэдэн дугаар болоо бол?

-2010 оноос хойш тогтмол явж байгаа нэвтрүүлэг л дээ. Долоо хоногт нэг удаа гардаг гээд бодохоор... Хоёр жилийн өмнө тооцоход 400-гаад зочин орчихсон байсан. Одоо тэгэхээр 600-гаад зочин орсон байна шүү.

"Ам нээвэл” ярилцлага 2019 оны хамгийн олон үзэгчтэй ярилцлагаар шалгарч "Алтан цамхаг” хүртсэн нь.

-Олон нийт таныг Ам нээвэл нэвтрүүлгээр сайн мэднэ. Энэ студи, хослол, нүдний шил зэрэг тань бүр хоногшжээ. Харин таны яг хөлөөрөө явж, мэдээгээ олж ирээд бичдэг тэр сэтгүүл зүйн амьдрал хэдэн жилээр тоологдож байна?

-1997 оноос хойш 24 дэх жилдээ ажиллаж байна. 1997 онд МУИС-д утга зохиолын онолын магистр хамгаалчихаад энэ чиглэлээр хэд хэдэн дээд сургуульд цагаар багшилж байлаа. Гэхдээ багшлах жаахан уйтгартай байсан гэх үү дээ. Тэгээд л хар багаасаа дурласан мэргэжлээрээ ажиллаж үзмээр санагдаад байсан. Эхлээд “Ардын эрх” сонинд хэдэн сар ажиллаж үзлээ. Тэгээд удалгүй шинэхэн телевиз сэтгүүлч авах гэж байгааг сонсоод очиж шалгуулсан. З.Алтай захирал, А.Авирмэд, Д.Галсанжаргал дарга нар сууж байсан. Ингээд “Чамайг нэг жил харна, энэ хугацаанд юу хийж чадахаа харуулж чадвал жинхэлнэ ээ” гэсэн. Тэгээд л мэдээнд гүйж эхэлсэн дээ. Тэр үед мэдээний албанд надтай нийлээд хоёрхон сэтгүүлч байсан. Өдөрт нэг сэтгүүлч 5-10 мэдээ бэлтгэх нормтой. Гэхдээ өөр өөр эх сурвалжтай, шинэлэг, сонирхолтой мэдээ хийхийг шаарддаг байсан. Их л гүйдэг байсан даа. Ганцхан зураглаачтай.

-Мэдээний хоёр сэтгүүлч нь дундаа ганц уу?

-Тийм, түүнийгээ бид хоёр булаацалдана. Миний мэдээний цаг эхлэх нь гээд л маргалдана. Талийгч Л.Пүрэвням маань намайг бодвол нэг жил мэдээ, тойм хийгээд үзчихсэн, арай туршлагатай сэтгүүлч байсан. Харин би дагалдан сэтгүүлч гэдэг утгаараа дараа нь мэдээгээ авах жишээтэй. 1998 оноос парламент сурвалжлах эрх аваад, УИХ-ын чуулган, байнгын хорооноос мэдээ бэлтгэдэг болсон. Энэ үед зураглаач үргэлж ордон руу орж амжихгүй учраас өөрөө камераа бариад явахаас аргагүй үе зөндөө. Мэргэжлийн зураглаач биш юм чинь, автомат дээр нь тавьж байгаад нэг планыг хөдөлгөөнгүй 3-4 секунд ав гэсэн чиглэл аваад л явж эхэлсэн. Мэдээж анхны зураг ямар олигтой юм болох вэ. З.Алтай захиралд нэлээн загнуулснаа санадаг юм.

-Хамгийн анх авч байсан дүрсээ санаж байна уу. Таны ордон дотор камер үүрчихсэн явж байгаа хар цагаан зургийг харж байсан санагдаж байна?

-Миний санаж байгаагаар байнгын хорооны хуралдаан байсан байх аа. Хоцорч ороод яарсандаа нэг планаас нөгөө рүү шилжсэн планыг нэлээн чичирсэн байдалтай авчихгүй юу. Өөр дүрс бараг байхгүй учир тэрийг маань оруулахаас аргагүй болсон. Тэгээд маргааш нь загнуулж байгаа юм. Ингээд л зураглаач маань “Амьсгаагаа түгжиж байгаад 3-4 секунд нэг план авсныхаа дараа пауз дарна” гэж зөвлөгөө өгч байх жишээтэй. Сүүлдээ би ийм текст бичих учраас энэ дүрсийг эндээс нь авбал зүгээр юм байна гээд мэдрэмжээрээ аваад эхэлдэг юм билээ. Тэр үед УИХ-ын гурван гишүүн казиногийн хэрэгт холбогдож, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх асуудлыг байнгын хороогоор ярьж байсан. Тэгээд авлигад авсан 100 ам.долларын үзэгний асуудал яригдахаар нь тэр үзгийг нь ойртуулж авах гэж гурав дөрвөн янзын план авч байснаа санаж байна. Түүнийг найруулагч маань их тоосон шүү.

-Маш жижиг бүтэцтэй байж дээ?

-Тийм. Инженер, үйлчлэгч гээд бүх ажилтнууд нь ороод 30-аадхан хүнтэй байсан.

-Одоо залуу сэтгүүлчдийг өөрөө камераа бариад ордон руу ор гэвэл санаанд нь багтахгүй байх л даа. Орон тоогоо нэмээч гэж хэлчихээд хаалга саваад гарах байх шүү?

-Тэр үед нийгмийн шилжилтийн дараахан, анхны хувийн телевиз байгуулагдаад удаагүй байлаа. Мэдээж хөрөнгө, санхүүгийн асуудал хүнд учир цөөхөн орон тоогоор их ажил амжуулах шаардлагатай. Угаас анх намайг ажилд авахад л “Дор хаяж гурван хүний ажлыг хийх чадвартай байвал үлдэнэ шүү. Ганц мэдээ л бичдэг бол тэнцэхгүй шүү” гэж хэлж байсан. Анх би чинь зурагтаар гарна гэж ажилд ороогүй шүү дээ. Нэвтрүүлэгчийн унших текстийг л бичиж өгнө, эсвэл дүрсний ард л текстээ уншина гэсэн бодолтой орсон. Гэтэл нэг өглөө Л.Пүрэвням нүд нь орой дээрээ гарчихсан орж ирээд “За онгоц уначихаж. Хөвсгөлийн Марз ууланд л юм шиг байна. Би явна шүү. Чи мэдээгээ даагаад үлд” гэдэг юм байна. Тэгээд л би чинь мэдээгээ хөтлөөд зогсохгүй, бүр тоймоо ч хийхээс аргагүй болж хувирсан. Өөртөө итгэлгүй хүн чинь нүүрээ будсан болоод л хөтөлсөн, өөрийгөө харахаас ичээд л. Тэгж байгаад л дөр суусан даа.  Харин нөгөө онгоцны ослын сурвалжилганд явсан хүн маань “Дахиж л тийм осол руу зүглэлтгүй, зураг авахаас ч аймаар байсан. Чи явсан бол ухаан алдахгүй юу” гэсээр орж ирж байсан даа.

Eрөнхий сайд Р.Амаржаргал 4-р ЦС-тай танилцах үeэр камeр, микрофоноо зэрэг барьсан нь, 1999 он.

-Та хэр шартай, адгуу залуу сэтгүүлч байв. Зураглаачаа булаалдаад л, нэг тийм төсөөлөл орж ирж байна?

-Өө, хэрэлдэнэ, зодолдож ч байсан /инээв, Сурв/. Анх 25 настайдаа “25-р суваг” телевизэд орж байж дээ. Яагаад ч юм тэгж таарч. Уг нь миний унаган ааш бол хүнтэй хэрэлдэж, муудалцаад байх дургүй л дээ. Номын гэх юм уу, хичээлээс өөр юм мэддэггүй, ийш тийш шоудаж явдаггүй даруухан оюутан байсан. Ингээд телевизэд орчихоор цагтай уралдсан хэмнэл рүү ороод явчихсан. Маш удаан бодож, үгийн сонголт дээрээ хүртэл хоёр гурван янзаар бичиж үздэг хүн чинь ийм хурдтай урсгал руу орчихоор өөрийгөө эвдэх шаардлага гарахгүй юу. Дарга нараас ийм байдлаараа бол бүтэхгүй ээ гэсэн зэмлэл сонсоод л эрэгтэй сэтгүүлчтэйгээ муудалцаж эхэлж байгаа юм. Ядаж байхад дундаа ганцхан бичгийн машинтай. Нөгөө сэтгүүлч маань түрүүлж ирээд суучихдаг учир би гараараа бичнэ. Гаргацтай бичихгүй бол эфирт диктор маань шууд аваад уншдаг байлаа. Мэдээж явсан мэдээ болгон амжилттай байхгүй. Зарим хүн нь яриа өгөхгүй гэж бултах, зураг авахуулахгүй гэж хориглох, хөөгдөх ч энүүхэнд. Тиймээс нөгөө ноомой охин чинь явцын дунд нэлээн шартай болж эхэлсэн гэх үү дээ. Ер нь юмны эцсийг нь үзэх гэдэг, яаж ийгээд үг унагаж байж санаа амардаг зан суусан л даа.

-Сэтгүүлчийн ажил ажлын цаг дууслаа гээд амардаг эд биш. Ар гэр заавал орхигддог. Эрчилсэн 25 насандаа байнгын шаралхсан, өөрийгөө шахсан хэмнэл рүү орчихоор хаа нэг удаа ядарч, залхаж байв уу?

-Ер нь хүн дуртай мэргэжлээ сонговол ядрах, түүртэх гэдэг мэдрэмжийг ор тас мартчихдаг юм билээ. Дургүй ажлаа хийж байгаа хүн л ядардаг шүү дээ. Гэртээ очоод л ядарснаа мэдэрдэг байсан. Харин ч эсрэгээрээ ажлаасаа эрч хүч, урам авдаг байсан. Мэдээж алдана, шүүмжлүүлнэ. Тэр нь бас эргээд намайг хурцалдаг, улам хөгжих хөшүүрэг болдог. Ер нь сэтгүүлч хүн хатуу үг, шүүмжлэл даадаг байх хэрэгтэй. Тэгэхгүй бол дундаас нь хаяхаас аргагүй болж мэднэ.

-Утга зохиолын чиглэлээр магистр хамгаалсан хэр нь ээ телевизэд орсныг тань бодоход энэ мэргэжилд үнэхээр л сонирхолтой байж дээ. Ямар ажил хийнэ гэж төсөөлөөд, сэтгүүл зүйн салбарын жаргал, зовлонг нь юу байна гэж бодоод ийшээ тэмүүлж орсон юм бэ?

-Миний яг асуугаасай гэж бодсон асуулт байна. Сэтгүүлч мэргэжлийг 25 насандаа сонгосон хэрэг биш л дээ. 14, 15 настайдаа сонгочихсон байсан. Нийслэлийн 2-р сургуульд “Мөнгөн үзэг” гээд яруу найргийн тэмцээнд “Ээдсэн сэтгэл” шүлгээрээ тэргүүн байрыг эзлээд анхны шагналаа авч байлаа. Дараа нь 9,10-р ангидаа “Хойчийг залгамжлагч” /хуучнаар “Пионерын үнэн”/ сонины дэргэдэх өсвөрийн сурвалжлагчдын дугуйланд явдаг болсон юм. Яруу найрагч, “Болор цом”-ын эзэн Д.Энхболдбаатар нарын 10 гаруй хүүхэд сониныхоо нэг бүтэн нүүрийг хариуцан бичдэг байлаа. Тэр үед “Улаан-Од” сонин дээр манай дугуйлангийнхан дадлага хийж байхад сэтгүүлч Т.Ганди эгч /УИХ-ын гишүүн асан/ биднийг сонинтойгоо танилцуулж байсан. Энэ үеэс л сэтгүүлч болох хүсэл маань улам хурцлагдсан байх.

Д.Сүхбаатарын нэрэмжит 2-р дунд сургуулийн 10в ангийн сурагч Г.Мөнхтуул, 1991 он.

-Тэгээд яагаад утга зохиолын ангид орчихсон юм бэ?

-1991 онд 10-р ангиа төгсөөд конкурс өгөхөд МУИС-ийн Олон улсын харилцааны дээд сургуульд 210 хүүхэд өрсөлдсөнөөс тавд орсон. Тавд орсон надад герман хэл, хятад хэлний аль нэгийг сонгоод, олон улсын харилцааны сургуульд орох, эсвэл монгол хэлний анги сонгоод Монгол судлалын сургуульд орох гэсэн хоёр л сонголт байлаа. Тэгэхээр нь би сэтгүүл зүйн ангитай нэг факультет учир дотроо шилжихэд амар гээд монгол хэлний ангийг сонгочихгүй юу. Миний доор байсан охин баярлаад л герман хэлний анги авч байсан. Тэр охинтой 20-иод жилийн дараа таарахад “Чамд маш их баярладаг шүү, би олон улсын хэлний төв байгуулаад захирлаар нь ажиллаж байгаа” гэж байсан. Ер нь сэтгүүл зүй рүү шилжиж орохын тулд л ангиа тэгж сонгосон хэрэг. Буруу сонголт хийлээ гээд л гэрийнхэндээ ч их загнуулсан даа.

-Гэвч яагаад сэтгүүл зүйн анги руугаа шилжилгүй үлдчихэв ээ?

-Яах вэ дээ. Хоёрдугаар курстээ шилжих санаатай сэтгүүл зүйн ангийн хичээлийн хөтөлбөрийг монгол хэлний ангийнхтай харьцуулаад харахгүй юу. Гэтэл Монгол судлалын анги маань сэтгүүл зүйгээс илүү өргөн агуулгатай хичээл ордог байж таарсан гэх үү дээ. Сэтгүүл зүйн хөтөлбөр нь харьцангуй  миний мэддэг агуулгууд санагдсан. Ингээд л монгол судлалаар мэргэшихээр шийдсэн. Манай монгол хэлний анги чинь дөрвөн хэлнээс сонгон үздэг байлаа.

МУИС-ийн Монгол хэлний анги, 1995 он.

-Дөрөв өө?

-Тийм. Дорно дахины хэлнээс япон, солонгос, өрнө дахины хэлнээс англи, франц, эртний хэлнээс төвд, манж гэсэн хэлнүүдээс тус тус нэгийг нь сонгон үздэг. Ингээд би солонгос, англи, төвд хэлийг сонгож судалсан. Дээр нь Алтай хэлний бүлэгт багтдаг олон арван хэлийг харьцуулан судалж эхэлсэн. Цэвэр хэл шинжлэл, утга зохиолын онолоор мэргэшиж, харьцуулсан дүгнэлт, анализ хийх чадварт суралцсан нь сэтгүүлчээр ажиллахад бас нэгэн дэм болсон доо.  

-Таны насны сэтгүүлчид олон редакц сольж ажилласан байдаг. Зарим нь бие даагаад тусдаа гарчихсан. За, зарим нь бүр салбараасаа ч гарчихсан байдаг. 25 насандаа орсон редакцдаа 20 гаруй жил ажиллаж байгаа ийм түүхтэй сэтгүүлч танаас өөр ховор байх шүү. Үүнд ямар учир байдаг юм бэ?

-Харин хүмүүс тэгж их асуудаг. Бүр “25-р суваг” телевиз чамайг юугаар уяад байдаг юм гэж асуудаг. Ганцхан хариулт л хэлдэг юм. Надад жинхэнэ сэтгүүлчийнхээ өнцгөөр, чөлөөтэй ажиллах боломжийг л хангаж өгдөг. Ердөө л энэ. Зарим хэвлэлийн эзэд улс төр, бизнесийн салбарынхан байдаг бол 25-р телевизийн үүсгэн байгуулагчид нь өөрсдөө жинхэнэ мэргэжлийн туршлагатай сэтгүүлчид гэдгээрээ ялгардаг. Энд орж ирээд телевизийн сэтгүүлч болох бүх дадлагыг утгаар нь хийж авсан. З.Алтай, А.Авирмэд, Д.Галсанжаргал гээд телевиз, радиогийн акул сэтгүүлчид намайг энэ салбарт мэргэшүүлж, их ч зүйлийг зааж өгсөн. Тийм учраас энэ ТВ-ээсээ холдоно гэхээр нэг л төсөөлөгддөггүй, тэгээд ч дассан газрын даавуу зөөлөн гэдэг дээ. Би чинь жилийнхээ ойн дээр жинхлүүлэх гэж бөөн юм болж байлаа шүү дээ. 1998 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр З.Алтай захирал “За, сүүлчийн шалгалтаа авна аа.  “25 дугаар суваг” телевизийн үзэгчдэд зориулаад Монгол улсын Ерөнхийлөгчөөс шинэ жилийн мэндчилгээ аваад ир, тэгвэл чамайг жинхэлнэ” гэдэг юм байна. Тэр үед Ерөнхийлөгчөөс урьдчилан мэдэгдэхгүй яриа авна гэдэг бүтэхгүй хэрэг. Гэхдээ Анагаахын их сургуульд зочлох хөтөлбөрийг нь хараад Төрийн ёслолын албаны дарга н.Нямбаяраас эхлээд гуйсан чинь зөвшөөрөөгүй юм. Аргаа барахдаа Анагаахын их сургуулийн харанхуй шахам коридорт Ерөнхийлөгчийг гарч ирэх сургаар нуугдаж байгаад дөхөж ирэхээр нь “Ерөнхийлөгч, өө манай ТВ-ийн үзэгчдэд мэндчилгээ дэвшүүлээч” гээд асуучихсан. Тэгсэн Н.Багабанди гуай цочсон шинжтэй гайхаж харснаа “ Энд харанхуй юм, арай гэрэлтэй газар очвол дээр үү?” гэх нь тэр. Ерөнхийлөгчийн араас явахдаа хамгаалагч нарт нь хэд бороохойдуулсан ч санасандаа хүрч, ажилдаа жинхлэгдэж байлаа.

-Мэдээж танд өөр газруудаас ажлын санал ирж байсан л биз дээ?

-Зөндөө л ирж байсан. Бүр гурав дахин өндөр цалин өгье, нийгмийн асуудлыг чинь шийдэж өгье гэсэн саналууд байсан. Гэхдээ эндээ олон жил ажиллачихаар 25-р телевизийн сэтгүүлч л гэж үзэгчид хардаг, таньдаг болчихдог. Явлаа гэж бодоход эзэд нь юу билээ, надад ямар цензур тавих бол, улс төрийн тойм хийхэд яаж нөлөөлөх бол гэхчлэн янз бүрийн юм бодогдоод явж чаддаггүй. Ер нь өөрийн итгэл үнэмшлээрээ бичээгүй мэдээ, хийгээгүй тойм бол сэтгүүлчийн бүтээл биш. Харин эндээ би зарим үед захирал, албаны даргаасаа зөрж байгаад л өөрийнхөөрөө биччихдэг удаа ч бий. “Өнцөг чинь буруу юм биш үү?” гэж шүүмжлэхэд нь “Би хэн нэгэн албан тушаалтны талд биш, олон нийтийн эрх ашгийн үүднээс харсан учраас яагаад ч буруу биш” гээд хэлчихдэг. Нэг ёсондоо “танхай цэрэг” гэх юм уу даа.

-Ордон дотор олон сэтгүүлчид дундаас Ц.Нямдорж сайд таныг Мөнхтуул ороод ир гэж дуудаад аваад явахыг харж байсан. Төрийн ордон дотор парламент сурвалжилна гэдэг бас нэг өөр ертөнц шүү дээ. Сэтгүүлчээр ажилласан хугацааны дийлэнхийг Саарал театр-т өнгөрүүлсэн байх?

-Миний хувьд мэдээний албандаа улс төрийн чиглэлээр дагнаж ажилладаг учраас ордонд орох шаардлага гардаг. Халуун цэг дээр нь ажиллаж байж л илүү бодитой мэдээлэл олж авна. Шууд дамжуулалтаас үзээд, эсвэл ганц нэг хүний байр суурийг хараад л мэдээ бичнэ гэвэл яагаад ч тэнцвэртэй мэдээ болохгүй, гол өнцгөө олж харахгүй л гэсэн үг. Наад зах нь энэ хуулийн төсөл байнгын хороон дээр яаж маргаан дагуулаад чуулган руу хэрхэн өөрчлөгдөж орж ирэв гэдгийг мэдэхгүй бол албархуу, усан мэдээ бэлтгэнэ. Ер нь байнгын хороон дээр гол маргаан, лобби өрнөдөг. Чуулган дээр бол алх цохиод л явчихдаг. Тэгэхээр улс төрөөр мэргэшиж байгаа сэтгүүлч хуулийн хэлэлцүүлгийг бүх шатанд нь сонссон байх ёстой. Дээрээс нь мэдрэмжтэй, асуудалд дүн шинжилгээ хийх чадвартай, бас ой сайтай байх ёстой.  Нэг хүний хэлсэн үгэнд итгэж мэдээ хийж болохгүй. Тэр бол нэг л өнцөг, нөгөө талын байр суурийг заавал сонсох ёстой. Магадгүй хоёр тал хоёулаа намайг төөрөлдүүлэх гэж худлаа ярихыг үгүйсгэхгүй. Тэгвэл урьд өмнө болж байсан үйл явц, тоо баримтыг эргэн санаад асуудалд өөрийн гэсэн дүн шинжилгээг олон нийтийн эрх ашгийн үүднээс хийх хэрэгтэй. Тэгэхгүй л бол энэ мэдээ биш, тойм биш. Ер нь сэтгэх чадвартай хүн л сэтгүүлч хийдэг.  

Eрөнхий сайд Ц.Элбэгдоржийн хэвлэлийн хурал дээр, 1999 он.

-Ордны сэтгүүлчдийн дийлэнх нь улс төрчидтэй ойр, дотно болж авах гэж л их хичээдэг гэх ойлголт бий?

-Ойр дотно болно гэдгийг ер ойлгохгүй байна л даа. Би бол улс төрчдийг мэдээ л гэж хардаг.   

-Харин Ц.Нямдорж сайдын тэр үйлдлийг санаад, яагаад ч юм ингэж асууя гэж бодсон юм л даа. Бүх л улс төрчидтэй эчнээ дотносчихоор цаг хугацаа өнгөрсөн байна?

-Аан /инээв, Сурв/. Бараг жил хагасын өмнөх явдал. Тэр үед би чинь Ц.Нямдорж сайдаас яриа авах гэж бүтэн гурав хоног хөөцөлдөөд чадаагүй юм. Үндсэн хуулийн өөрчлөлтөөр байр суурийг нь авах гэтэл бүлэг дотроо зарчмын зөрүүтэй саналтай байсан учраас “Чи тэр чалчих дуртай 75 гишүүнээсээ л ав. Би яриа өгөхгүй” гээд хоёр ч удаа загнаад явчихсан. Гэтэл гурав хоногийн дараа манай телевизээр “Ц.Нямдорж сайдын захиалгаар хөөн хэлэлцэх хугацааг засжээ” гэсэн мэдээг манай нэг сэтгүүлч хийчихсэн байсан. Маргааш өглөө нь Ц.Нямдорж сайд над руу утастаад, “Танай телевиз яагаад намайг гүтгээд байна, чи ингэх гээд л намайг мөшгөөд байсан юмуу ?” гэлээ. Хариуд нь би “Танд тэгвэл залруулга хийх боломж байгаа шүү дээ. Та яриа өгчих л дөө” гэсэн чинь “Үгүй ер дөө” гэж уурлаад тасалчихсан. Тэгээд  бүлгийн хуралдаан дуусаад Ц.Нямдорж сайд гараад ирэхэд нь сэтгүүлчид бүчээд авсан. Өнөрөө “Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой, “Таны хүү тендер авсан уу” ч бил үү, тиймэрхүү асуулт тавиад эхэлсэн. Тэр үед нь би “За, миний асуултад ч хариулахгүй байлгүй дээ” гээд хойноос нь зүгээр дагаад явж байлаа. Гэтэл гэнэтхэн л “Мөнхтуул ороод ир” гэхээр нь гайхаад зогтуссан ч зураглаачтайгаа хамт ороод яриагаа авсан. Тэр үед “Зариг”-аар шууд дамжуулахдаа “Заригт яриа өгөхгүй, ганцхан 25-р сувагт яриа өгнө гэнэ ээ” гэж ирээд тайлбарлахаар нь сайдын өрөө рүү орох ч биш, байх ч биш эвгүй байсан шүү. Маргааш нь АН-ын дарга С.Эрдэнээс яриа авах гээд ортол “Би Ц.Нямдорж сайдын таалдаг сэтгүүлчид яриа өгөхгүй” гээд намайг цаашлуулаад хэцүү байсан. Учраа тайлбарлаж байж л яриа авч байх жишээтэй.

-Та улс төрчдийг мэдээ л гэж хардаг гэлээ. Гоё үг санагдлаа. Улс төрчидтэй хөшигний ард хоол унд иддэг уулзалтад орж, мөнгө төгрөгийн саналыг нь хүлээж авч байгаагүй юу?

-Мэдээж тиймэрхүү санал ирж байсан. Гэхдээ би “Уучлаарай, таныг буруу юм хийвэл шүүмжилнэ. Зөв юм хийвэл гуйсан гуйгаагүй дэмжинэ” гэж л хэлдэг.  Би одоо долоо дахь парламентаа сурвалжилж байна гэхээр ахмад болон миний үеийн ч, надаас хамаагүй дүү гишүүд ч байна. Бүгдтэй нь хүндэтгэлтэйгээр та гэж харьцдаг. Зарим гишүүд ахын дүү гээд ирэхээр нь уучлаарай, та надаас олон дүү шүү дээ гэж хэлэхээр гайхдаг /инээв, Сурв/. Аа харин, УИХ-ын гишүүн юм уу сайдыг эрх мэдэлтэй, мөнгөтэй, эсвэл эр хүн гэдэг нүдээр харвал энэ чинь сэтгүүлчийн ёс зүйд ч нийцэхгүй. Сэтгүүлчийн ажлаа жинхэнэ утгаар нь хийж чадахгүй болчихно. Тийм байдалд орвол сэтгүүл зүйн салбараас гарах л хэрэгтэй болно.  

-Сүүлийн үед сэтгүүл зүйн салбар дотроо маргаан дагуулж байна. Олон жил ажиллаад ирэхээр сэтгүүл зүй бол ийм юм гээд цаасан дээр биччихсэн байдгаас илүү туршлагаар олж, ухаарч авдаг зарчмууд суудаг шүү дээ. Бүр гол зураад, хэлмээр санагдах зүйлс байхаас өөр аргагүй?

-Тийм шүү. Их гоё асуулт байна. Яагаад ч юм, миний дурлаж эзэмшсэн мэргэжил маань сүүлийн үед худалдагдсан гэх тодотголтой, үнэ цэнэгүй болж байгаад үнэхээр харамсдаг. Уг нь сэтгүүлч бид нийгмийнхээ түрүүнд алхаж, бусдаас түрүүлж мэдэж, илүү сэтгэж, хоёр дахин бодож байж үгээ хэлж, бичдэг байх ёстой улс. Тэр тусмаа хувийн байр сууриа олон нийтэд тулгаж хэзээ ч болохгүй. Тухайн  асуудал дээр хэчнээн эсрэг байр суурьтай байсан ч олон нийт болон зочныхоо байр суурийг хүндэтгэх ёстой. Хүн бүр тэр сэтгүүлчтэй санал нийлэх албагүй шүү дээ. Өөртэй нь санал нийлэхгүй хүмүүсийг дайсан ч мэтээр хүлээж авч, эгдүүцдэг, тэр эмоцоо олон нийтэд шууд цацах нь буруу бөгөөд асар их хортой. Энэ хэрээр нийгмийг талцуулж, зөрчил үүсгэнэ. Сэтгүүлчид бол нэг талаараа нийгмийн эмч нар. Бид нийгмийн идээ бээрийг нь цэвэрлэж эмчлэх үүрэг хүлээсэн улс. Тиймээс үзэгчдийг эвлэрүүлдэггүй юм аа гэхэд ядаж талцуулахгүй, зөрчлийг дэвэргэхгүй байх үүрэгтэй. Харамсалтай нь хувийн амбицаа дээгүүр тавьж, өөрийгөө хэт тоосон зарим сэтгүүлчид энэ үүргээ мартаад байгаа нь харамсалтай. Үүнийг оддын өвчин буюу нялхсын өвчин гэдэг. Ер нь олонд танигдсанаар мундаг сэтгүүлч болчихож байгаа юм биш, зүгээр л миний ажлын буян байхгүй юу. Хэдийгээр ажлынхаа буянаар олон танилтай болж байгаа ч хувийн эрх ашигтаа буруугаар ашиглаж үзээгүй. Харин нийгмийн өмнө биеэ зөв авч явах давхар хариуцлага ирж байгаа юм.

Сайн сэтгүүлч болохын тулд эхлээд сайн хүн байх ёстой байдаг. Залуу сэтгүүлч дүү нартаа хэлэхэд эхлээд өөрөө хүн бол. Биеэ засаагүй хүн сэтгүүлч болбол буруу хүнд буу бариулсантай л адил. Том мөнгө амласанд нь гүйж очоод байвал өөрийгөө төдийгүй улс орноо худалдах ч эрсдэлтэй. Надад ч бас Монголын эрх ашигт нийцэхээргүй зүйлүүдийг магтан дуулаад өгөөч гээд том мөнгө амласан гуйлтууд ирж л байлаа. Тэгэхэд нь би “Уучлаарай, миний итгэл үнэмшилтэй харшилж байна, чадахгүй” гээд л хэлчихдэг. Мэдээж надад мөнгө хэрэгтэй, гэхдээ ингэж олсон мөнгө хоол болохгүй л дээ. Хэдийгээр хоёр өрөө байрныхаа 20 жилийн зээлийг төлж яваа ч улс орныхоо эрх ашгийн эсрэг үг хэлээд явна гэхээр миний үзэг хөдлөхгүй, дуу ч гарч чадахгүй. Дотор хүн маань надад үүнийг зөвшөөрөхгүй байхгүй юу.

-Сэтгүүлч хүн цаг хугацаа, үйл явдлын амьд архив болдог. Энэ хугацаанд амьдралд шинээр нэмэгдэж, орж ирж байгаа зүйлсийг ч, үгүйрч, алсран холдож буй зүйлсийг ч та харсаар ирсэн. Сэтгүүлч Г.Мөнхтуул гэдэг хүний үзсэн хамгийн том хагацал юу вэ. Хувь амьдралаас байх уу, нийгэм улс төрийн ертөнцөөс байх уу. Нэг тийм тасраад одчих шиг санагдсан зүйлс?

-Хүний амьдралд олон л зүйл ирж, буцдаг. Гэхдээ аавыгаа алдах л хамгийн хэцүү юм байна. Аав минь миний хамгийн том нөмөр, нөөлөг байж дээ. “Ам нээвэл” нэвтрүүлгийг гарах бүрд нь үзнэ, дууссаных нь дараа заавал залгадаг сан. “Аав нь үзлээ, сайхан болсон байна. Гэхдээ миний охин арай л дайрч давшлах гээд байна, тэгж болохгүй шүү” гэж зөвлөнө. Аав минь миний үнэнч фен, хамгийн сайн зөвлөгч байсан. Асуудлыг нэг тал руу туйлшруулах гээд байгааг аав андахгүй шүү дээ.

Төрийн соёрхолт, МУУГЗ Б.Ганбат. Баянмонгол чуулгын 50 жилийн ойн концeрт, 2019 он.

-Үзээд үргэлж утастдаг байжээ. Үгүйлэгдэхээс яах билээ дээ.

-Одоо ч гэсэн нэвтрүүлэг гарсны дараа аавын дуудлага үгүйлэгдээд байдаг юм. Айлын том охин учраас аав бүхий л асуудлаа надтай зөвлөдөг байсан. Аавыгаа байхгүй болсон гээд би сул дорой байж болохгүй, илүү хүчтэй байх ёстой гэдгээ ойлгож байгаа. Миний хувьд юугаар ч нөхөшгүй, том тулгуур хана хэрэм маань нурчихлаа.

Харин сэтгүүлч болоод удаагүй байхад С.Зориг агсныг хөнөөсөн хэрэг санаанаас гардаггүй. Тэр үед С.Зориг агснаас хэд хэдэн удаа ярилцлага авчихсан, улс төрчийнх нь хувьд хүндэлдэг байсны хувьд энэ мэдээг сонсоод их л харамсаж байлаа. Ардчиллын удирдагч нь алуулчихаар Монголын ардчиллын хувь заяа хаашаа эргэх бол гэж хүртэл бодогдсон шүү. Өөрийн чинь асуултанд хариулахад энэ хоёр хагацал хамгийн гүн шарх үлдээж.  

Өнөөдөр би чинь Төрийн соёрхолт, Урлагийн гавъяат зүтгэлтэн, “Баянмонгол” чуулгын ерөнхий удирдаач Б.Ганбатын том охин шүү гэдгээрээ аавынхаа нэр хүндийг давхар авч явахыг хичээж байна. Яг үнэндээ би аавыгаа ийм хурдан яваад өгнө гэж итгээгүй учраас ачийг нь хариулж чадаагүй л дээ. Олон сар эмнэлэгт хэвтэхэд нь ганц нэг удаа л сахиж хоносон байх. Намайг ажлаа л сайн хий гээд сахиулдаггүй байсан юм. Аавын бие яг муудах үед би “Ам нээвэл”-ийн бичлэгийг эхлүүлж байсан. Ээж сандраад утасдахад нь “Одоохон, би цаг 30 минутын дараа л очихоос аргагүй” гэж байлаа. Ярилцлага дуусан дуустал хамаг ухаан санаа ХСҮТ дээр л байсан.

-Тэр ямар зочинтой хийсэн дугаар байсан юм бэ?

-Д.Сосорбарам ахтай хийсэн ярилцлага. Чухам юу яриад өнгөрснийг ч бүү мэд, гаднаа шаналаагүй царайтай байхыг хичээсэн амьтан л арайхийж дуусгаад аав руугаа гүйсэн. Эмч нар бол чадах бүхнээ хийсээн. Манай эмч нар үнэхээр чадвартай юм билээ.

-Та ч аавын охин байжээ?

-Тийм шүү. Би ер нь аавыгаа их дуурайсан л даа. Дүү охид маань намайг бодвол алаг нүдтэй, европжуу төрхтэй. Намайг бол “Баянмонгол” чуулгынхан бүр бага байхаас минь л “хоёрдугаар Ганбат” гэж хочилдог байсан.

Төрийн соёрхолт, МУУГЗ Б.Ганбат, гурван оркeстрын хамт, 2018 он.

-Та бичсэн байсан л даа, охин нь гэж нэг л их зурагтаар гарсан хүн. Аавдаа өөр юм хийж гавилгүй явуулчихлаа даа гэж. Сэтгүүлч хүний гарт өөрчлөлт авчрах боломж байдаг. Баянмонгол чуулгын төлөө зүтгэсэн аавынхаа үйлсэд та сэтгүүлчийн хувиар тус дэм үзүүлж байв уу?

-46 жил “Баянмонгол”-д үнэнчээр ажилласан хүн дээ, миний аав. 90-ээд оны хүнд үед чуулга тарж, бутрахад аав ганцаараа үлдсэн. Чуулгаа дахин босгох гэж яам руу өөрөө бичиг цаас барьж гүйгээд л, тарж одсон нөхдөө цуглуулж байсан. Хөгжмийн зэмсгүүд нь маш их хуучирсан байсныг шинэчлэх гэж бас л хөөцөлдөж байж Японоос шинэ хөгжим авчруулж байлаа. Чуулгынхаа урын санг баяжуулах гэж өөрөө хөгжмийн зохиол, дуу бичиж, найруулж, хөгжимдөж, удирдаж, зөвлөж, ер нь л жазз хөгжмийн урлагийг хөгжүүлэхийн төлөө өөрийгөө бүрэн зориулсан хүн дээ. Тиймээс Монгол Улсын Төрийн Соёрхол хэмээх эрхэм цолыг нас барахаасаа нэг жилийн өмнө хүртэж амжсанд нь жаахан ч гэсэн сэтгэл уужирдаг.

Г.Мөнхтуул аавын хамт, УУГЗ Б.Ганбат Төрийн соёрхол хүртсэний дараа, 2019 оны арванхоёрдугаар сар.

Харин би аавынхаа ажлыг олигтой ч дэмжиж, сурталчилж яваагүй юм. Улс төрийн мэдээгээр дагнасан надад урлагийн мэдээ байнга хийх ч боломжгүй л дээ. Аав минь намайг ойлгоод концертын мэдээгээ хийлгэх гэж шахаж, гуйж байсангүй. Ер нь манайхан тиймэрхүү хүмүүс л дээ.  

Г.Мөнхтуул аав, ээж, дүү нарын хамт, 2005 он.

Аавын маань дүү Б.Батхишиг ах маань Н.Багабанди Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга байсан. Тухайн үед манай телевиз эрх баригч намыг нэлээд ширүүхэн шүүмжилдэг, би ч мэдээ, тоймоороо байнга л “гөвнө”. Тэр үед ах маань надад нэг их юм хэлдэггүй байлаа. Тэгтэл МАХН-ын Удирдах зөвлөлийн хурал дээр манай ахыг Н.Энхбаяр гуай шүүмжлэхдээ “Ахын чинь хүүхэд гэсэн биз дээ. Яагаад манай нам руу дайраад байгаа юм бэ, дүүдээ хэлээч” гэж хэлж байсан юм гэнэ лээ. Гэтэл 20-иод жилийн дараа л энэ тухай МАН-ын ахмад гишүүнээс сая сонссон. Манай гэр бүл, аав, ээжийн талынхан нэг ийм зарчимдаа үнэнч хүмүүс байдаг. Ахыг дөрвөн жил ЕТГ-ын дарга байхад нь нэг ч удаа яриа авах гээд чадаагүй, “Дүүдээ яриа өгнө гэж юу байх вэ” гээд зөвшөөрдөггүй байсан.  

Б.Ганбат агсан Улсын филармонийн тайзан дээр дүү Б.Батхишиг, Б.Чинбат, Б.Батбаяр нарын хамт, 2019 он.

-Тэгвэл танд бахархаад, би сэтгүүлчийн хувиар  нийгэмд ийм юм хийсэн гэж бардам хэлэх зүйл байдаг уу. Долоо хоногт нэг удаа ярилцлага хийж байна, тойм хийж байна. Мэдээ бэлтгэж байна. Би нэг тийм амбицлаг хариулт хүсээд байгаа юм биш шүү. Миний хийсэн ажил ийм үр дүн авчирсан, сэтгүүл зүй гэдэг ийм л хүчтэй юм байна лээ гэж хэлэх үйл явдал таны карьерт байна уу?

-Сэтгүүлчийн карьер анх мэдээ хийхээс л эхэлдэг шүү дээ. Би 24 жил мэдээ хийж байна. Мэдээ гэдэг сэтгүүл зүйн хамгийн том жанр. Хурд, ур чадвар, мэдрэмж, мэдлэг гээд сэтгүүлчийг жинхэнэ шалгадаг төрөл. Тэгээд ч цаг завгүй үзэгч уншигчид чинь мэдээг л сонгож үзнэ. Харин ярилцлага, нийтлэлийг бол завтай үедээ л харах жишээтэй. Тиймээс би 50 дөхөж яваа насандаа мэдээ хийгээд гүйж яваадаа хэзээ ч ичдэггүй. Харин ч асуудлыг халуун цэг дээрээс нь, олон эх сурвалжтай олж мэдээд анализ хийх боломж олгодог гэдгээрээ мэдээ хийх дуртай. Мэдээнд гүйж олж авсан цаг үеийн мэдээлэл маань улс төрийн тойм, ярилцлага хийхэд маш их дэм болдог. Жишээ нь “Ам нээвэл”-д орж байгаа зарим зочид тоо баримтыг гуйвуулаад, бултуулаад хэлчихвэл “Уучлаарай, та буруу хэлээд байна” гэх маягаар зарчмаа хадгалаад маргах боломжийг олгодог юм. Яахав дээ, миний үеийн сэтгүүлчид мэдээ хийхээ больчихсон, карьер нь арай өөр түвшинд оччихсон байна л даа. Харин би ахмад сэтгүүлч болсон гээд ширээний ард тухлах ч юм уу, эсвэл бүхнийг мэддэг чаддаг болчихсон гэж бодохгүй байна. Үйл явдал өрнөж байна, шинэ асуудлууд урган гарсаар байна. Энэ бүхнийг түрүүлж учрыг нь мэдэх шаардлага гарч байна. Тиймээс би мэдээнд гүйсээр л, ярилцлага, тоймоо хийсээр л байх болно.

Мэдээний студид, 2006 он.

Сэтгүүлчийн үзэгний гол хүч нь олон нийтийн эрх ашгийн төлөө төрийн томчуудын чихнээс хонх уясаар байгаад асуудлыг төр засгийн түвшинд шийдүүлж чаддаг, чаддаггүй юмаа гэхэд ядаж хулгай хийхийг нь багасгаж  чадах хэмжээнд нөлөөлдөг. Парламентын сэтгүүлчээр 20-иод жил ажиллах хугацаанд олон ч хуулийн цоорхойг нөхүүлэх гэж, лоббины заалтуудыг нь хүчингүй болгуулах гэж, улс төрийн наймааг нь болиулах гэж олон ч хүнтэй сайдаж муудаж явсан даа. Ингээд бодохоор олон зуун гишүүд, сайд нарын нүүрийг үзсэн байна. Гэхдээ тэд хэсэгхэн хугацаанд л эрх мэдэлтэй байдаг бол сэтгүүлчид бид чинь үзгээ тавиагүй цагт насан туршийн эрх мэдэлтэй, улс төрчдөөс илүү хүчтэй хүмүүс болж таарч байна даа. Гагцхүү энэ хүчийг амин хувийн эрх ашгийнхаа төлөө ашиглах гэвэл хол явахгүй, аяндаа л сэтгүүл зүйгээс арчигдана. Харин олон нийт болон улс орныхоо эрх ашгийн төлөө энэ хүчийг зөв ашиглаж чадвал олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн “нийгмийн эмч” байж чадна.

Миний хувьд монголд анхны хувийн чөлөөт тeлeвиз үзэл бодлын цeнзургүйгээр өөрийн өнгө төрхөө олж хөгжихөд бага ч гэсэн хувь нэмрээ оруулж яваа минь нэр төрийн хэрэг юм. Манай "25 дугаар суваг” тeлeвиз энэ жил 25 нас хүрч байна. Дашрамд нь хамт олноороо "Бид чадсан шүү” гэж бахархах сэтгэл төрж байна.

25-р суваг тeлeвизийн нийт хамт олон, 1998 он.

-Би нээрэн таныг хэр сайн ээж вэ гэж асууя гэж байгаад мартчихаж. Сайн сэтгүүлчийн ард сайн гэр бүл байдаг бичигдээгүй хууль байна даа. Нөхөр тань ар гэрийн ажлыг нь зохицуулдаг уу?

-Тийм шүү. Хэчнээн чадварлаг сэтгүүлч байгаад ар гэр нь ажиллах боломж олгохгүй бол тэгээд ажлаа л солих болно. Бүх сэтгэл зүрхээ ажилдаа зориулж чадаж байгаагийн нууц нь ердөө л миний гэр бүл, миний хань. Хань маань нэг салбарынх л даа, “Bloomberg” телевизийн ерөнхий инженер Ш.Чулуун гэж хүн бий. Уг нь электроникийн инженер хүн боловч намайг дагаад телевизийн салбар луу орчихсон. Их ажлынхаа хажуугаар ар гэртээ надаас илүү санаа тавина. Охин маань 20 гарчихсан учраас хоёр дахь ээжийн үүрэг гүйцэтгэдэг болсон. Яг үнэнээ хэлэхэд би сайн ээж биш, хүүхдүүдийнхээ хичээлийг ч давтуулах завгүй. Ер нь л ар гэрийнхээ ажлыг тэр чигт нь хаячих талтай хүн. Орой нэг их ядарсан хүн ирээд л, бэлэн хоол идчихээд л амардаг. Ар гэрийг минь бүтэн дааж явдаг ханьдаа баярлаж явдаг шүү.    

Хань Ш.Чулууны хамт, 2021 он.

-Хүүхдүүдийнхээ хичээлийг давтуулж чадахгүй байна гэхээр...?

-Тийм ээ, их л санаа зовж байна. Багш нарт нь загнуулаад л явж байдаг даа. Ярилцлагынхаа зочдоос “Та хүүхдийнхээ боловсролд анхаардаг уу, хэр сайн аав ээж вэ? гээд л асуудаг мөртөө өөрөөсөө энэ асуултыг асуувал яасан юм бэ гэж нэг багш хэлэхэд нь их ичиж билээ.

-Таныг “Би ч хуучны хүн юм даа” гэж бичсэн байхыг уншсан. Бэл уруу бууж байна даа гэж бодогддог уу?

-Сайн, залуу сэтгүүлчид гарч ирж буй учир би мэдээж тэдэнд зайгаа тавьж өгнө. Уг нь сэтгүүлч хүн нас явах тусмаа улам хат сууж, асуудлыг илүү өргөн хүрээнд өөр нүдээр харж эхэлдэг юм байна билээ. Ядаж л би хувийн дотоод амбицаа дарж сурсан.

-Дарж сураагүй бол бас нисчих гээд байсан байх нь ээ?

-Өө, байлгүй яахав. Дотроо онгирч, биеэ тоох гэсэн үе олон байсан. Гэхдээ гэр бүлийн хүмүүжил маань намайг дарж байсан учраас азаар “Оддын өвчин” тусаагүй. Тэгээд ч сэтгүүлчийн ёс зүй гэж бас бичигдээгүй хууль байна шд ээ. Би мундаг болчихлоо л гэж бодоод зогсчихвол шууд уруудна. Тэр тусмаа сэтгүүлч хүн үзэгчээсээ бага боловсролтой, дутуу мэдлэгтэй, дээр нь буруу хүмүүжилтэй хүн бол тэгээд л “уучлаарай “ болно. Тэгэхгүйн тулд л байнга өөрийгөө хөгжүүлж байх ёстой.

Уг нь би 20-иод жилийн өмнө англи, оросоор боломжийн хэмжээнд ярьчихдаг байсан л даа. Гэтэл АСЕМ-ын чуулга уулзалтын үеэр гадаадын парламентын гишүүдээс ярилцлага авч байхдаа үгийн баялаг маань маш муу болсныг мэдрээд их ичсэн. Гэтэл аавын маань дүү нар бүгдээрээ 60 гарчихсан байж, 2-4 хэлээр ус цас , зарим нь бүр дахиад шинэ хэл сураад эхэлчихсэн байх жишээтэй. Тийм учраас одоо хэлээ л сайжруулах юм сан гэж бодож байна. Цаашид залуу сэтгүүлчдийг бэлтгэхэд өөрийгөө сорьё, чадах мэдэх бүх зүйлээ зааж өгье гэсэн бодол ч байна. Тиймээс би бэлээс буух биш, улам өгсмөөр байна.

-Уг нь та шүлэг бичдэг байсан, утга зохиолоор магистр хамгаалсан хүн гэхээр нэлээд л “эмо”-той баймаар. Сэтгэл нь тэгж донсолдог. Сэтгүүлч хүн гэтэл тэр донсолгоо асар хатамжлахгүй бол ч хэцүү шүү. Үүнтэйгээ яаж ажилладаг юм бэ гэж асуумаар байна.

-Маш гоё асуулт байна. Нээрэн л сэтгүүлч хүн дотоод эмо ихтэй шүү дээ. Тэр маань ээж болсон үеэс л багассаар одоо ч бараг юм үлдээгүй байх. Гэр бүл, хамт олондоо хариуцлага нэмэгдэх тусам хүссэн хүсээгүй дотоод эмогоо дарах хэрэгтэй болсон. Гэр бүлтэй болохоос өмнө нэлээд халгиж цалгисан хүн байсан байгаа юм. Тэр үедээ бичсэн шүлэг маань сүүлд дуу болчихсон явж байсан.

-Ямар дуу юм бэ?

-Утга зохиолоор магистр хамгаалаад, багшилж байхдаа оюутнуудынхаа дурсгалын дэвтэрт өөрийнхөө шүлгийг бичиж үлдээсэн юм. Тэгтэл 1998 оны зун бил үү, ФМ-ээр нэг гоё дуу яваад байхаар нь суръя гээд үгийг нь бичиж аваад харсан чинь миний шүлэг гараад ирдэг юм. Бүр гайхаад.  Хуучин дэвтрээ гаргаж ирээд харсан чинь яг мөн. Нэргүй шүлэг гэж явж байсан юм билээ. “Салхи” хамтлагийн “Ухаарч амжаагүй бүхний чинь төлөө” гэж тэр дуу бол миний 1997 онд бичсэн “Чамд” гэсэн шүлэгнээс төрсөн дуу юм. “Салхи” хамтлагийнхан энэ тухай дуулсан л байх, гэхдээ тэдэнтэй уулзаж амжаагүй л явна.

-Айхавтар эмо үгтэй санагдаж байх юм. Бүтэлгүй дурлал юм биш үү?

-Аан, тийм юм болсоон, болсон /инээв, Сурв/.

-Бүтэлгүй дурлал сэлт давж гарсны цаана бол хүнийг шал өөр түвшинд аваачаад тавьчихдаг эд. Хэдэн настай байсан юм бэ?

-За нэг, 24-тэй байсан юм уу.

-Сэтгүүлчээр удаан ажилласны дараа ер хүний чимээнээс залхдаг болдог доо. Бүхнээс ангижраад, ууланд гараад давхичихмаар үе гарна биз дээ?

-Байлгүй яах юм бэ.

-Тэр хэрэгцээгээ яаж нөхөх үү. Ингэж сайн өөрийгөө хатамжилсан хүн?

-Манай салбарынхан маш их стресстэй ажилладаг шүү дээ. Үүнийгээ яаж тайлах вэ гэдэг л хамгийн хэцүү асуудал юм билээ. Бид их мэдрэлийн ядаргаанд өртдөг. Зундаа хөдөө гараад, уултай устай, модтой газар, гэр бүлтэйгээ, хоёр сар сайхан амрах юм сан гэж л боддог юм. Сүүлийн жилүүдэд чадахгүй л байна. Ядаж л хүүхдүүдээ агаарт тоглуулчих өөрийн гэсэн зуслантай болох юмсан гэж мөрөөдөөд л явна.

-Ер нь сэтгүүлчид уран бүтээлч дотортой байдаг шүү дээ. Хэзээ нэгэн цагт роман бичих юм сан гэдэг ч юм уу, дотроо нэг хүсэл тээгээд явдаг сэтгүүлчид цөөнгүй. Танд биелүүлж амжилгүй явдаг хүсэл бий юү?

-Биелүүлж амжаагүй хүсэл. Хэцүү асуулт байна шүү. Бодож байгаагүй юм байна. Өнгөрсөн хугацаанд би эрэн сурвалжлах чиглэлд арай л дутуу ажилласан гэж өөрийгөө голдог. Өдөр тутмын ачааллаас болоод энэ чиглэлд ажиллах цаг гардаггүй л дээ. Нэг том асуудлын араас олон хоног, сараар хөөх шаардлага гарна, гэтэл ажлын ачааллаас болоод ийм боломж гарахгүй юм. Харин залуу сэтгүүлчид энэ чиглэлд илүү өөрийгөө сорьж яваасай гэж боддог. Ингэхэд нь хэвлэлийн эздийн зүгээс сэтгүүлчдээ боломж олгож, цалинг нь өөр системээр тооцдог болох юм бол  эрэн сурвалжлах сэтгүүл зүй хөгжих нөхцөл бүрдэнэ. Ер нь тоо биш, чанар л чухал гэдгээр сэтгүүлчдийн цалинг тооцдог баймаар санагддаг.

-Энэ хариултаар үргэлжлүүлээд, ярилцлага маань нийтлэгдэх Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрөөр тохиолдуулан салбартаа хэлэх үгээ дайгаач гэж хүсмээр байна?

-Ганц энэ өдөр ч биш, ер нь манай сэтгүүлчид ажиллах эрх чөлөөнийхөө төлөө үргэлж тэмцээсэй л гэж бодох юм. Наад зах нь л хэвлэлийн хагас эрх чөлөөтэй орны тоонд орж, байр нь ухарсаар л байна. Хууль эрх зүйн орчноо сайжруулахын төлөө манай сэтгүүлчид нэгдэж чадахгүй байна. Нэгдэх нь байтугай хоорондоо хагаралдаж, нэг нэгийнхээ улыг шагайж, сэтгүүл зүйн салбараа хэрүүлийн талбар болгож хувиргасаар байна. Ялангуяа залуу сэтгүүлчид маань нэг хэсэг нь өөрийгөө хэт тоосон, би –гээр өвчилсөн, нөгөө хэсэг нь өөрийгөө голоод таг чимээгүй суусан хүмүүс болох шинжтэй. Нэг сэтгүүлчийн гаргасан ёс зүйн болон мэргэжлийн алдаа нь сэтгүүл зүйг тэр чигт нь муухай харагдуулж байна. Үүнээс болоод бидний тархиа гашилгаж бичсэн мэдээг олон нийт “За даа, энэ ч худалдагдсан тархи угаалт” гэж хүлээж авах вий дээ гэж эмзэглэдэг. Хэрвээ олон нийтэд итгэл үнэмшил төрүүлж чадахгүй бол сэтгүүлч байгаад яах юм бэ? Улс төрчдөд бол сэтгүүлчид бие биеэ хэмлэж, хоорондоо зөрчилдөх нь таалагдаж байгаа. Бүр улам хагаралдаж, муудалцаасай гээд зарим нь өгөөш хаяж байх ч магадлалтай. Түүнд автаад бид тогоо руугаа нулимаад л байх юм бол сэтгүүлчдийн нэр хүнд унаж, бидний ажлын үнэ цэнэ байхгүй болно гэсэн үг. Өөрөөр хэлбэл улс төрчдийн булхай луйврыг илчилсэн, шүүмжилсэн бодитой  мэдээ хийсэн ч гэсэн олон нийт бидэнд итгэхгүй, нөгөө луйварчид нь ч биднийг эргүүлээд тонгорох хавхаа бэлдэнэ гэсэн үг. Тийм учраас сэтгүүлчид зарчим дээрээ эвтэй, дуу нэгтэй байж гэмээ нь нэр төртэй, үнэ цэнэтэй байж, нийгмээ эмчлэх үүргээ биелүүлж чадна.  

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

Олон улсын харилцааны мэргэжилтэй, сэтгүүл зүйн салбарт таван жил ажиллаж байна. Нийгэм, улс төрийн сэдвээс гадна дүрслэх урлагийн шүүмж, ярилцлага бэлтгэдэг. Eguur.mn сайтын Ерөнхий редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
25 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-05-03 08:55

Сайхан ярилцлага байна аа, ярилцлага бүрээс нь чанар чансаа мэдрэгддэг шүү, амжилт, саын сайхныг хүсье

уншигч
уншигч
2021-05-03 09:33

Мөнхтуул сайн сэтгүүлч шүү. Улстөрчдийг зөвхөн мэдээ гэж хардаг гэж ярьсан нь ямар том төлөвшил вэ

Зочин
Зочин
2021-05-03 09:42

Монгол хэлээ сайжруул 1.1 сая үгтэй шүү. Зуслангийн хувьд нямдоржоос амбаар гуй

Туул ок
Туул ок
2021-05-03 10:36

�##�иа с�##�бадай нарын дэргэд Туул чинь үлгэр жишээ даруухан сэтгүүлч байхгүй юу

Зочин
Зочин
2021-05-03 10:53

Чамаас хойших нь улаааааан 00000000

Зочин
Зочин
2021-05-03 11:37

Сайхан ярилцлага болжээ. Мөнхтуул сэтгүүлчийг хүндэлж явдагаа. Аавынх нь дүү нар мундаг хүмүүс шүү. Батбаяр ахыг таних юм байна. Үнэхээр даруу, мундаг хүн дээ. Амжил хүсье, Мөнхтуул сэтгүүлчээ!

Zochin
Zochin
2021-05-03 11:43

Setguuli zuin iim tulubsiltei daruuxumuus odoo bhgui dee...mongolxelnii ygiin utga sain oilgoj
bichij bai...БЭЛЭЭС БУУНА...гэж юу бх вэ......

Зочин
Зочин
2021-05-03 12:20

Ер нь тун гайгүй сэтгүүлч шүү, энэ бүсгүй. Голч шударга зантай хүн дээ, амжилт хүсье, сэтгүүлч дээ!

100%
100%
2021-05-03 14:00

Бие биенээ сурв�##�жилж байгаа нь хөөрхөн юм.
Ямар ч с�##�барт хоорондын өрсөлдөөн байдаг гэтэл...
Eguur.mn цагаан цаас юм дээр нь юу ч байж болох.

Дэндүү ХОВИР ГОЁ ХҮН
Дэндүү ХОВИР ГОЁ ХҮН
2021-05-03 14:31

Iim tuushtai Hun hovor...25 amidrald ni muu nuluulj bn...denduuuu.zain. би УЙЛЛАА..УНШААД..ИИ. ХҮН ХОВОР БОЛЖ ДЭЭЭ

Дашаа-29
Дашаа-29
2021-05-03 14:39

Сайн сэтгүүлч болжээ дээ, би аав, ээжийн таних юм бна, охин гдгийг одоо мэдлээ... Амжилт хүсье!

Unshigch
Unshigch
2021-05-03 15:39

Mundag daruuhan uhaalag yos zuitei setguulch bus#aas arai l uur setguulch gedeg ni medregdeed baidag baisan ni aavtai ni holbootoi yum baina hunii suuri humuujil gej nasan turshid ni dagaj yavah yumdaa jinhene setguulch gej Munhtuuliig l helne.Ajliin undur amjilt husye.

Уншигч
Уншигч
2021-05-03 16:14

Мундаг сэтгүүлч шүү, улам ихийг хийж бүтээгээрэй, амжилт хүсье

Зочин
Зочин
2021-05-03 16:21

ёстой мундаг нуруутай сайн сэтгүүлч ийм хүн л сэтгүүл зүйн с�##�барт цөөрөөд байна даа

Isee
Isee
2021-05-03 16:35

Сайхан ярилцлага байна. Боломжийн сэтгүүлч одоогийн хэд дотроо. Хамгийн гол нь зарчимтай байна гэдэг төрөлхийн чанар, удам, гэр бүлийн хүмүүжил байдаг юм. Одоогийн сэтгүүлчид хэл ус гэхээсээ илүү ёс зүй, ноён нуруу байхгүй мөнгөтэй, өнгөтэй нам, хүн дагаж шарваад өөрийгөө �##�аад хаячихдаг юм шиг, бас дээр нь логик сэтгэлгээ муу, мэдлэг байхгүй уншиж судлахдаа з�##�хуу байгаагаас болоод зочиндоо гологдоод, уншигчдад ч шоолуулаад дуусах юм. Эцэст нь бодитой үнэн л үлдэнэ. Тийм хүн л өөрөөрөө бахархаж насны эцэсд харамсахгүй шүү. Дүү одоо улам хичээ, бас з�##�уучуудад зааж сургана гэдэг зөв шүү. Амжилт хүсье,

Irgen
Irgen
2021-05-03 18:01

Mundaga chadaltai shuu ajliin amjilt hysei

Зочин
Зочин
2021-05-04 00:09

Сайн хүний үр сүүтэй гүүний унага гэж ардын үг ортой юмаа. Мэдээллийн урсг�##�д чухам хэрэгтэй хүн байсан юмдаа.Амжилт хүсье

Bayarlalaa
Bayarlalaa
2021-05-04 01:03

Mash saihan yriltslaga boljee. Uneheer erdemtei hun daruu gj unen ug um. Sain aaviin sain ohind ulam ih amjilt husey. Iim chanertai, chadaltai setguulchtei MN25 aztai um.

Зочин
Зочин
2021-05-04 01:06

Монголын сайн сэтгүүлч нарын нэг яах аргагүй мөн. Өнөрцэцэг Отгон 2-ын дэргэд бол яахын аргагүй сайн сэтгүүлч шүү. Аргагүй л Мундаг хүний үр удам юм даа.

Эб
Эб
2021-05-04 06:08

голтой хүн байхаа. 25 ын сэтгүүлчийг олон жил хийнэ гэдэг ч голтой л хүний шинж дээ

Зочин
Зочин
2021-05-04 09:20

Эрхэм дүү үнэнийг ярьжээ.Сониноор ялаа ч �##�ж болно хүн ч �##�ж болно гэж ярилцдаг даа.Амьдр�##� сайн мэддэг байж сэтгүүлч болно гэдэг үнэн шүү.Мөнхтуул дүүгийн нэвтрүүлэгийг үзэж байсан асууя гэснээ асуудаг, мушгиж гуйвуулдаггүй хүн харлуулъяа гэж боддоггүй ,тэнцвэртэй мэдээлэл хүргэдэг юм билээ. ХҮН чанартай сэтгүүлч дүүд ажлын амжилт хүсье.Бу�####�д үлгэр дуурайл болж яваарай

Зочин
Зочин
2021-05-04 16:29

Тогтож уншлаа. Сайхан ярилцлага байна. Дүүдээ баяр хүргэж, амжилт хүсье. Энэ хэвээрээ, өөрийнхөөрөө л байгаарай.

Зочин
Зочин
2021-05-05 00:49

Сэтгүүлч хүн ЭМЧ гэдэг яг үнэн шүү. Ажилд нь амжилт хүсье.

Зариг
Зариг
2021-05-06 17:09

Өнөрцэцэг гэдэг хүнийг маш олон мэргэжлийн сэтгүүлч шүүмжилж байна даа.

zovrelioptor
zovrelioptor
2021-08-09 20:33

Its like you read my thoughts! You appear to grasp a lot approximately this, like you wrote the ebook in it or something. I think that you just could do with a few to drive the message home a bit, however instead of that, this is wonderful blog. A fantastic read. I'll certainly be back.

Холбоотой мэдээ

Back to top button