Үйлдвэрлэгчид

А.Уянга: Хадам ээж, нөхөр хоёроосоо 500 мянган төгрөг зээлж, "ҮР МИНЬ" бүтээгдэхүүнээ гаргаж эхэлсэн

Үрдээ гэсэн сэтгэлээр ур ухаанаа шавхан байж бүтээсэн 100 хувь ноолууран болон цэвэр даавуун хүүхдийн хувцас үйлдвэрлэлийг танилцуулж байна. Уг брэндийг бид "Шарк танк" нэвтрүүлгээс 50 сая төгрөгийн хөрөнгө оруулалт авах эрх өвөртөлсөн гэдгээр нь сайн мэдэх билээ. 

-АНХНЫ ЗАГВАРУУДАА ХАМААТНЫ ЭГЧЭЭРЭЭ ОЁУЛАН, ХҮҮДЭЭ ӨМСГӨХӨД ИХ ГОЁ САНАГДАЖ, УРАМ ОРСОН-

-Аав ээжийн хайр татам энхрий сайхан үгстэй ийм хөөрхөн бүтээгдэхүүн урлаж гэр бүлд аз жаргал бэлэглэж яваа танд баяр хүргэе. Анх хэрхэн эхэлснээ яриач?

-Би 26 настай, нөхөр хоёр хүүгийн хамт амьдардаг. 2017 оны 3 сард анхныхаа хүүхдийг төрүүлсэн. Төрөхийн өмнө нярай хүүхдийн талаар судалж өөрийгөө боломжийн ээж болчих хэмжээнд бэлтгэлээ гэж бодсон. Гэтэл яг цагаа тулаад ирсэн чинь би хүүхдийн хувцасны талаар юу ч судлаагүй мэдээгүй байсан. Эхлээд ойр дотныхон маань олон хувцас бэлэглэсэн, дараа нь өөрөө хувцас сонгоод авах гэтэл асуудал тулгарсан. Нэгдүгээрт, нялх хүүхэдтэй хүн сэтгэлдээ нийцсэн бүхнийг хайж явах цаг зав байдаггүй, хоёрдугаарт, яг хүссэн төрлийн бүтээгдэхүүн олоход бас асуудалтай байсан. Ийм шалтгааны улмаас  анхны загваруудаа бодож гаргасан. Ээж болчихоор хүүхэд  юу өмсвөл таатай, дулаахан, бие нь амар байх вэ гэдэг мэдрэмжийг олчихсон болохоор юунд ч түүртэлгүйгээр эхэлсэн дээ.


-Нялх биетэй байхад юун брэнд үүсгэх, өөрийгөө ч анхаарах сөхөөгүй л амьдардаг. Харин та бол их дайчин хүн юм?

-Дайчин шаргуу гэхээсээ илүү миний хэрэгцээ шаардлага нь үүссэн. Анхны загваруудаа хамаатны эгчээрээ оёулж  хүүдээ өмсгөхөд их гоё санагдаж урам орсон.  Ингээд  2017 оны 11 сард ажлаа эхэлж цэвэр даавуу болон 100 хувь ноолууран нярайн хувцас хэрэглэлээ анхны хэрэглэгчиддээ захиалгаар хүргэж эхэлсэн. Ажлаа эхлэхээсээ өмнө нярай хүүхэдтэй ээжүүдийн групээр дамжуулан  судалгаа явуулсан, өөрөө уйгагүй судалгаа, шинжилгээ хийсэн. Анх хадам ээжээсээ 300 мянган төгрөг, нөхрөөсөө 200 мянган төгрөг зээлж UR MINI бүтээгдхүүнээ гаргаж эхэлсэн.


-Ээжүүдийн дунд хийсэн судалгааны үр дүнг одоо Үр минь брэндээс харж болох нь ээ?

-Судалгаанд хамрагдсан ээжүүд, 100 хувь сэтгэлд нийцсэн бүтээгдэхүүн олж авч чаддаггүй, өндөр үнээр худалдаж авч чадахгүй, мөн хүүхдийн хувцас эдэлгээ сайтай, чанартай, өхөөрдөм байдлыг илэрхийлсэн бол таалагдана гэсэн үр дүнг илэрхийлсэн. Судалгаа болон бусад мэдээлэл өөрийн практикт тулгуурлаад хэрэглэгчдэд ямар үнэ цэнийг өгч болох вэ гэдгийг ярилцсан. Ингээд хүүхдийн эрүүл мэндэд тустай, дурсамж бүтээсэн,  импортын бүтээгдэх орлох чанартай хирнээ хямд үнэтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр шийдсэн. Яг энэ зарчим дээр тогтож одоо 70 нэр төрлийн цэвэр даавуун бүтээгдэхүүн, 30-40 цэвэр ноолууран бүтээгдэхүүнийг 100 гаруй хэвлэл сонголттойгоор үйлдвэрлэж байна. Борлуулалтын дийлэнх хувийг эзэлдэг 10-20 нэрийн бүтээгдэхүүн бий.

-Ажиллах хүчний хувьд?

-Анх хамаатны эгчтэйгээ хоёулаа хийж байсан. Дараа нь албан ёсоор эхлэхэд нөхөр бид хоёр гэр бүлийн найзтайгаа хамтарсан. Одоо бол оёдлын болон ноолууран үйлдвэртэй хамтран, 20 гаруй хүн ажиллаж байна. Orchids өлгий брэндээ найзтайгаа хамтарч гаргадаг. Нэг эмээ уяатай ноолууран оймс гараар нэхэж нийлүүлдэг. 



-Үр минь брэндийн  хэрэглэгчдэд хамгийн их хүрсэн бүтээгдэхүүн?

-Манай бодинуудыг ээжүүд авах дуртай. Хэвлэлттэй гарснаас хойш илүү сонирхож байна. 20 мянган  төгрөгний үнэтэй. Өөрөө хүссэн үгээ хэвлүүлж загвараа захиалгаа хийлгэвэл 25 мянган төгрөг. Захиалгаар 7 хоногт гаргаж үнэгүй хүргэж өгнө. Манай ноолууран гэдэсний даруулга, оймс, майк эрэлт ихтэй байдаг. Сүүлийн үед өлгий сет маань хэрэглэгчдийн дуртай бүтээгдэхүүн болж байна. Хүүхдэд маш хэрэгтэй зүйлсийг агуулсан таван төрлийн сет гаргаж байна.  

-Өлгий  сетийн онцлог юу вэ?

-Монгол хүүхдийн өсөлт хөгжил, манай орны цаг агаарын онцлогт тохируулж гаргасан. Сүүлийн үед ээжүүд хүүхдээ өлгийдөхөөсөө илүү хувцаслах дуртай болсон учраас хүүхдэд хэрэгтэй бүх хувцсыг энд багтаасан. Зөрдөг энгэртэй цамц, гэдэсний даруулгатай өмд, хөлтэй бүтэн боди, хагас боди, малгай, бээлий, оймс гээд л. А сетийг авсан ээж аав бол өөр зүйл нэмж авах хэрэггүй, 2-3 ээлжийн хувцастай. Бас өөрсдөө ирээд сет болгоод авч болно. Манай даавууны онцлог нь 90Х90 харьцаатай. Галууны өдөн хөнжил нь дулаахан, чийг татахгүй, салхи нэвтрүүлэхгүй онцлогтой.