Эдийн засаг

Асгатын мөнгөний ордыг “Эрдэнэс Монгол” компанид шилжүүлж, "Цагаан эрэг"-ийн гянтболд олборлолтыг зогсоохоор болов

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар Ашигт малтмалын хэрэг эрхлэх газар, “Эрдэнэс Монгол” болон “Монросцветмет” компанийн удирдлагыг өнөөдөр хүлээн авч уулзав.


Асгатын мөнгөний ордыг “Эрдэнэс Монгол” компанид шилжүүлэхийг сайд Г.Занданшатар холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо. Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж, Засгийн газрын 1993 оны 25 дугаар тогтоолоор “Монголросцветмет” нэгдэлд ашиглуулахаар шийдвэрлэснээс хойш ямар ч ажил хийлгүй өнөөг хүрсэн байна.

Мөн Ховд аймгийн Цэцэг сумын Цагаан эрэг хэмээх газарт нөхөн сэргээлт хийх нэрээр голын гольдролыг өөрчилж, байгаль орчин сүйтгэн хууль бусаар гянтболд олборлож байгааг таслан зогсоохоор боллоо.

Улсын тусгай хамгаалалттай газарт байх энэ ордыг мөн холбогдох хууль тогтоомжийн хүрээнд “Эрдэнэс Монгол” компанид нэн даруй шилжүүлэх бэлтгэлээ хангахыг сайд Г.Занданшатар үүрэг болгов. Дээрх хоёр ордтой холбоотой асуудлыг Засгийн газрын ирэх Лхагва гарагийн хуралдаанаар хэлэлцүүлэн албан ёсны шийдвэр гаргуулахаар болсон байна.


Нэг сарын хугацаанд тодорхой ажил хийхгүй бол хариуцлага тооцно