Улс төр

Б.Батзориг, Д.Дамба-Очир, Б.Ундармаа, Г.Солтан, Л.Энхболд нарт ЯЛЛАХ ТОГТООЛ ҮЙЛДЖЭЭ

АТГ-аас өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт мэдээлэл хийх үеэрээ “ЖДҮХС-гийн зээлийн асуудлаар УИХ-ын таван гишүүнд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татах тогтоол гарсан” гэж мэдээлсэн. Гэвч тодорхой байдлаар нэр зарлаагүй билээ.

Холбогдох хуулиараа УИХ-ын гишүүнийг яллагдагчаар татан шалгах шаардлага үүссэн тохиолдолд гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх саналыг Прокуророос гаргах эрхтэй байдаг аж.  Одоогоор нэр бүхий таван гишүүнийг Прокуророос бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх санал гаргаж, УИХ хүлээж авахаас татгалзаад байгаа юм.

Прокуророос Б.Ундармаа, Г.Солтан, Л.Энхболд, Д.Дамба-Очир, Б.Батзориг нарыг эргүүлэн татах албан бичигтээ “...Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчдаар татсан бөгөөд УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг танилцуулж байна” гэж дурдсан  байдаг.

Яллагдагчаар татагдаад буй гишүүдээс Б.Ундармаа гишүүн яллах тогтоолд гарын үсэг зурсан гэдгээ тодотгосон.Нэр бүхий таван гишүүн яллагдагчаар татагдах болсон гол шалтгааны тухайд,

Д.ДАМБА-ОЧИР: УИХ-ын гишүүний албан бланкин дээрээ “...3 үл хөдлөх хөрөнгийг 2018.08.01-ний өдрийн дотор тус санд барьцаалах баталгааг гаргаж, тохиролцсон хугацаанд барьцаалаагүйгээс үүдэн гарах аливаа асуудлыг гишүүний хувиар хариуцах болохоо мэдэгдэж байна” гэсэн бичиг үйлдсэн байдаг.  Уг албан бичигт үндэслэн зээл олгогдсноор Д.Дамба-Очир гишүүн хамаарах уг зээл нь 2018 оны зургадугаар сард ЖДҮХС-гаас гарсан цорын ганц барьцаагүй зээлээр бүртгэгдсэн байна. 

Б.БАТЗОРИГ: Тэрээр ХХААХҮ-ийн сайдаар ажиллаж байх хугацаандаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаар урвуулан ашиглах замаар А-88 тушаал гаргаж, давуу байдал бий болгосон гэх үндэслэлээр шалгагдаж буй. Түүнийг  яллагдагчаар татаж, бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх хүсэлтээ Прокуророос өнгөрсөн онд гаргасан ч УИХ хүлээж аваахгүй билээ.

Б.УНДАРМАА: Өмнө нь сонгон шалгаруулалтаас хасагдсан байсан “Доктор Мейк” компани ЖДҮХС-гаас 2018.08-14-ний өдрийн сайдын тушаалаар 800 сая төгрөгийн зээл авсан. Тэрээр уг компанийг 100 хувь эзэмшдэг билээ.

Г.СОЛТАН: Өөрийн хамаарал бүхий “Монгол шаазан” компанд 950 сая төгрөгийн зээл өгөхийг хүсч, салбарын сайдад албан бланкин дээрээ бичиг үйлдсэн талаар Прокурорын хүсэлтэд дурджээ.

Л.ЭНХБОЛД: Өөөрийн бусдад төлөх өрийг барагдуулах зорилгоор Х тайлантай компанийг хамаарал бүхий этгээдийнхээ нэр дээр бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэн авч,  950 сая төгрөгийн зээл авсан нь мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдсон талаар Прокурорын хүсэлтэд дурдагдсан юм.

Нэр бүхий таван гишүүнийг Эрүүгийн хуулийн 22.1.3-т зааснаар буюу нөлөө бүхий албан тушаалтан болох УИХ-ын гишүүн эрх мэдэл, албан тушаалаа ашиглаж гэмт хэрэг үйлдсэн гэдгээр яллагдагчаар татжээХэрэв гэм буруутай нь тогтоогдвол нийтийн албанд томилогдох эрхийг 5-8 жилээр хасч, 10.000-40.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 2-8 жил хүртэл хугацаагаар хорих ял оноох хуультай юм. 

Ж.МЯДАГБАДАМ

Тайлбар: УЕП М.Энх-Амгалангаас УИХ-д хүргүүлсэн албан хүсэлтүүдээс





Холбоотой мэдээ

Сэтгэгдлүүд (7)

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

USD

Close
Close