Нийгэм

Б.БУЯНХҮҮ: Өнөөдрийн байдлаар 17900 иргэн E-Police апплекэйшн ашиглаж байна

-ӨНГӨРСӨН ДОЛОО ХОНОГТ E-POLICE АШИГЛАН 200 ГАРУЙ ЗӨРЧИЛД ХАРИУЦЛАГА ТООЦЖЭЭ-

Иргэд, жолооч нарын замын хөдөлгөөний соёлыг дээшлүүлэх, дүрмийн зөрчлийг бууруулах, иргэдийн оролцоо хяналтыг нэмэгдүүлэх, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор Тээврийн цагдаагийн алба, Замын хөдөлгөөний удирдлагын төвтэй хамтран “E-Police” апплекэйшнийг   хэрэглээнд нэвтрүүлэн ажилаж байна. Дүрэм зөрчсөн жолоочийг иргэдийн мэдээллээр торгох “E-Police” аппликэйшнийг ухаалаг гар утасныхаа PlayStore, AppStore-оос үнэ төлбөргүй татаж, утасны дугаараа оруулан, системээс ирсэн кодыг хийснээр шууд ашиглах боломжтой юм.

Тодруулбал, замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн тухай иргэдийн ирүүлсэн зураг мэдээллээр тухайн жолоочид хариуцлага тооцож, торгуул оноох хууль эрхзүйн орчин бүрдээд байна. Энэ талаар Замын хөдөлгөөний удирдлагын төвийн мэдээлэл сурталчилгаа хариуцсан мэргэжилтэн Б.Буянхүүгээс тодрууллаа.

-EPolice апплекэйшн   хэрэглээнд нэвтрээд багагүй хугацаа өнгөрлөө. Иргэдэд та дахин дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?  

- “E-Police” апплекэйшн   нь замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн тээврийн хэрэгслийн жолоочид бэлэн бус хэлбэрээр торгууль оногдуулах, захиргааны хариуцлага тооцох зорилготой юм. Замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нарын хувьд урсгал сөрөх, үргэлжилсэн цагаан шугам давах, уулзварт давхар эргэх, эгнээ байр буруу эзлэх, гэрлэн дохио зөрчих мэтээр замын хөдөлгөөний дүрмийг ихээр зөрчдөг. Эдгээр зөрчлийн улмаас түгжрэл үүсч, хөдөлгөөний ачаалал ихээр бий болж байна. Тиймээс замын хөдөлгөөний соёлыг дээшлүүлэх, зөрчлийг бууруулах, иргэдийн оролцоо, хяналтыг нэмэгдүүлэх, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор Замын хөдөлгөөний удирдлагын төв, Тээврийн цагдаагийн газар хамтран “E-Police” апплекэйшнийг нэвтрүүлж эхлээд байна.  


-Өнөөдрийн байдлаар EPolice апплекэйшн   “үүргээ”  хэр гүйцэтгэж байна вэ?  

-Туршилтын хувилбар 2018 оны 10 сарын 1-нээс  эхэлсэн. Эцсийн хувилбар  Playstore болон Appstore дээр мөн оны 11 сарын 20-ноос албан ёсоор байршсан. Өнөөдрийн байдлаар андройд-12.3 мянга, IOS-5.6 мянган хүн нийтдээ 17900 иргэн татаж авч ашигласан байна. Өнгөрсөн 7 хоногт E-POLICE гар утасны апплекэйшнийг ашиглан 200 гаруй зөрчилд хариуцлага тооцсон байна.

-EPolice апплекэйшн   руу дөрвөн төрлийн зөрчлийн мэдээллийг илгээх боломжтой гэсэн. Цаашид  зөрчлийн төрлийг нэмэгдүүлэх үү? 

-Зөрчлийн тухай хуулийн урсгал сөрсөн /50 нэгж, гурван сар эрх хасах/, түр болон удаан зогсохыг хориглосон газарт зогссон /20 нэгж/, явган хүний зам, гарцан дээр зогссон /20 нэгж/, үргэлжилсэн цагаан шугам давсан, хориглосон газарт буцаж эргэсэн /20 нэгж/ эдгээр зөрчлүүдэд хариуцлага тооцож байна. Цаашид нэмэлтээр утаа хэт ихээр ялгаруулсан /20, 200 нэгж/ , хамгаалах бүс хэрэглээгүй /20 нэгж/, жолоо барих үедээ хөдөлгөөнт утас хэрэглэсэн /20 нэгж/, гэрлэн дохио зөрчсөн /20 нэгж/,  эгнээ байр буруу эзэлсэн /20 нэгж/, явган хүний зам, хөвөө, зорчих хэсгийн гадна талаар явсан /20 нэгж/, ачаа буруу тээвэрлэсэн /50 нэгж/ зэрэг зөрчлүүдийг оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байна.   

-Иргэдийн илгээсэн зөрчлийн мэдээлэл хэрхэн торгууль, хариуцлага тооцох талаар тодруулж өгнө үү?

-Зөрчлийг гар утас, ухаалаг төхөөрөмж дээрх татаж авсан апплекэйшнийг ашиглан маш энгийн үйлдлээр илгээнэ. Илгээсэн мэдээллийн нотлох баримтын шаардлага хангаж байгаа эсэхийг холбогдох алба хаагчид шалгана. Улсын дугаар, марк, модель нь таарч байгаа эсэх, байршил, цаг хугацаа тохирч байгаа эсэх зэрэг шаардлагатай зүйлсийг шалгаж, гарцаагүй баримтаар торгууль оногдуулж, хэрхэн шийдвэрлэснээ эргэн мэдэгдэх юм. Өөрөөр хэлбэл зөрчлийн шийдвэрлэлтийг та өөрөө хянах боломжтой гэсэн үг.


-ЗӨРЧЛИЙН МЭДЭЭЛЭЛ НЬ НОТЛОХ БАРИМТЫН ШААРДЛАГА ХАНГААГҮЙ ТОХИОЛДОЛД ТОРГУУЛЬ ОНОГДУУЛАХ БОЛОМЖГҮЙ-

-Хэрэглээг дарааллаар нь танилцуулахгүй юу? 

-Уг апплекэйшнийг хэрэглэгчдэд маш хялбар, аль болох үйлдэл багатай байхаар тооцоолж хөгжүүлэлтийг хийсэн ба андройд болон iOS утасныхаа PlayStore, AppStore-оос үнэ төлбөргүй татаж, утасны дугаараа оруулан системээс ирсэн кодыг хийснээр та шууд ашиглах боломжтой. Зөвлөгөө цэснээс зөрчлийг баримтжуулах заавартай танилцаж, нэг удаагийн зөрчилд гурав хүртэлх зургаар баримтжуулж, илгээх товчийг дарна. Таны илгээсэн зөрчлийн мэдээллийг холбогдох албан тушаалтнууд хянаж, хэрхэн шийдвэрлэсэн тухай танд эргэн мэдээллэх болно.

-Иргэд хөдөлгөөнд оролцож байхдаа маргалдаж үл ойлголцсон байдлаасаа болж тухайн нөхцөлөө мэдээлэл болгон илгээх тохиолдол хир их байна. Энэ мэдээллийг хүлээн авах боломжтой юмуу? 

-Нэг тээврийн хэрэгслийн гаргасан зөрчлийг гурав хүртэлх зургаар баримтжуулж, илгээх товчийг дарснаар мэдээллийн санд бүртгэгдэх болно. Тухайн мэдээллээс нотлох баримт болохуйц зургийг сонгох зорилгоор гурван удаа зургийг боломжит талуудаас даруулж байгаа юм. Иргэний илгээсэн мэдээлэл ямар зөрчил гаргасан нь тодорхой бус, замын зорчих хэсэг болон хайс хашлага, явган хүний зам, замын тэмдэг, тэмдэглэгээ зурагт ороогүй, ирүүлсэн зургийн чанар хангалтгүй, сарнисан, зургийг хэт холоос дарсан, байршлын мэдээлэл зөрсөн тохиолдлуудад хүчингүй болно.  

-Өөр иргэдэд хэрэгтэй EPolice апплекэйшнтэй   холбоотой мэдээллийг нэмж өгнө үү?

-Тээврийн хэрэгсэл жолоодох үед хөдөлгөөнт утас хэрэглэхийг холбогдох хууль тогтоомжид хориглодог бөгөөд ингэх нь таны болон бусдын аюулгүй байдалд сөрөг нөлөөтэй учир жолоо барих үедээ зөрчлийг баримтжуулахгүй байхыг хүсье. Мөн энэхүү аппликейшн нь upload буюу өмнө нь авсан болон засварласан зургийг оруулах боломжгүй бөгөөд зөрчлийн мэдээлэл нь нотлох баримтын шаардлага хангаагүй тохиолдолд торгууль оногдуулах боломжгүй юм.  Эцэст ньхэлэхэд жолооч та хөдөлгөөнд дүрмийн дагуу оролцсоноор торгуулахгүй бөгөөд өөрийн болон бусдын аюулгүй байдал хангагдах юм. Үүнд иргэн бүрийн оролцоо хэрэгтэй. Иргэдээ замын хөдөлгөөнд соёлтой оролцохыг уриалж байна.

Б.ОТГОНБАЯР