Ярилцлага

Ч.Ганхуяг: Би яг үнэндээ МҮХАТ-ын Ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлээд, “ялчихсан”

Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын Ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлнэ гэдгээ мэдэгдээд буй “Ард санхүүгийн нэгдэл”-ийн Гүйцэтгэх захирал Ч.Ганхуягтай ярилцлаа.

-БИ МҮХАҮТ-Д БИ АЖИЛ ХИЙХЭЭР Л ОЧНО, ӨӨРТӨӨ АМАР БАЙДАЛ ҮҮСГЭХГҮЙ-

-Энэ удаагийн МҮХАТ-ын Ерөнхийлөгчийн сунгаанд “сонин” дүрүүд өрсөлдөнө гэж мэдэгдлээ. Таны хувьд энэ өрсөлдөөнд орох болсон гол  шалтгаан нь юу бэ?

-Би хувь хүнийхээ хувьд бизнесийн салбарын дуу хоолой болохыг хичээсээр ирсэн. Тиймээс ч энэ удаа албан ёсны мандатыг нь бүх бизнесээсээ авч байгаад, дууграхгүй бол болохгүй нь ээ гэж бодоод нэрээ дэвшүүлсэн. Би 2003 оноос Банкны холбоо, CEO клуб, Улаанбаатар хотын худалдааны танхимын үйл ажиллагаанд оролцож ирсэн. Бизнесүүд дуу хоолойгоо нэгтгэх замаар  нийтлэг эрх ашгаа хамгаалах ажлуудад оролцсон нэлээд туршлага байна.

-Ч.Ганхуяг гэдэг хүн МҮХАҮТ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсоноор  ААН-үүдэд ямар өгөөж бий болох юм. Энэ хүртээмжийг илүү сайн нэмэгдүүлнэ гэсэн таны итгэл үнэмшил өөрөө хэр өндөр байна?

-Би өнгөрсөн хугацаанд ямагт чангаар дуугарч, тодорхой үр дүнгүүдийг гаргахын төлөө ажиллаж ирсэн. Хамгийн ойрын жишээ дурдахад, Монголын эдийн засгийн форумыг шинэлэг байдлаар зохион байгуулж чадлаа. Би өөрөө улс төрд тодорхой хугацаанд явсан хүн. Улс төрчид яаж сэтгэж, хэрхэн ажилладгийг мэднэ. Хувийн болон албаны харилцаанууд ч харьцангүй төлөвшсөн. Ийм нөхцөл боломж надад байгаа учраас албан ёсных нь эрхийг авч байгаад, Монгол Улсад бизнес эрхлэх орчинг сайжруулах, өрсөлдөх чадварыг тэлэх, чөлөөт  бүс болгох, санхүүгийн төв болгон тэлэх ажлуудыг амжилттай зохион байгуулж чадна гэдэгтээ итгэлтэй байгаа. Гэхдээ энэ бүхнийг ганц Ч.Ганхуяг гэдэг хүн хийчихгүй. Би бизнесүүдтэйгээ, мэргэжлийн холбоод, хэвлэл мэдээллийн салбарынхантай хамтарч байж, эдгээр ажлуудыг илүү хүртээмжтэй, нээлттэйгээр хийх юм.

-МҮХАҮТ-ын дэргэд арбитрын шүүх байдаг нь ихээхэн анхаарал татдаг?

-Ерөөсөө л МҮХАҮТ чинь үндсэн хоёр үүрэгтэй. Нэг нь хамгаалах, өмгөөлөх. Нөгөө нь  бизнесүүдээ сурталчлах. Эдгээр гол функцүүдээ л барьж авна. Аль ч бизнесийг өнөөдөр нийгэм даяараа маш буруугаар ойлгодог болсон. Дандаа олигархи,дээрэмчин, авлиагчин, улс төрчидтэй сүлбэлдсэн гэсэн өнцгөөс хардаг. Энэ нийгмээ бид  зайлшгүй өөрчлөх ёстой. Ингэж чадахгүй бол бидний үр хүүхдүүдэд ямар нийгэм үлдэх үү гэдгийг бодох хэрэгтэй. Бүгдийг хурааж авдаг, баян хүнийг шууд буруутгаж, ядууг хамгийн сайн хүн гэж хардаг үзэл санаа популист улс төрчдийн нөлөөгөөр нийгэмд бий болчихоод байна.

-Энэ бүх ажлаа хийхийн тулд та удирдлагын багийг өөрчлөх үү?

-МҮХАҮТ нэлээд том бүтэцтэй.Тусдаа хуультай,хийх ажлууд нь ч тодорхой. Тэгэхээр одоо ажиллаж буй баг хамт олонтой гар нийлж, ажиллана гэсэн бодолой байгаа. Нэлээд эрчтэй, шуурхай ажиллана. МҮХАҮТ нь бол ТББ. Төрийн бус байгууллагынхаа хуулиар нээлттэй үйл ажиллага явуулах ёстой. Санхүүгийн тайлангаа олон нийтэд тайлагнадаг. Үүнийг нь мэдддэг. Татвар төлөгчдийнхөө мөнгийг юунд зарцуулж байгаа нь харагддаг байх ёстой. МҮХАҮТ өнөөдөр засаглалын хувьд хэт ойлгомжгүй. Дүрмээрээ дөрвөн хүн сонгодог. Нөгөө дөрвөн хүн нь дөрвөн тийшээ хараад суучихдаг. Гадагшаа хандаж, олон нийт рүү чиглэсэн ажлаа төдийлөн хийдэггүй. Дотогшоо ахуйн асуудлууддаа л анхаараад байдаг. Уг нь танхим үндсэн чиг үүргийнхээ ажлыг эрчтэйгээр явуулах боломжтой. Үүнийгээ ашиглахгүй яваад байгаа нь  хайран санагдаад байгаа юм. Энэ хооронд танхим төр засагтайгаа илүү сайнааар хамтарч ажиллах боломжоо ашиглаагүй. Мэргэжлийн холбоод, компаниудтайгаа ч хамтарч ажиллах асуудал нь удаашралтай байгаа нь харамсалтай.

-МҮХАҮТ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдох нь Ч.Ганхуяг гэдэг хувьд ямар ашигтай юм бэ?

-Би МҮХАҮТ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдох юм бол намынхаа Бага хурлын гишүүнээс татгалзана гэдгээ мэдэгдчихсэн. Намынхандаа ч энэ талаар хэлж, дуулгасан  байгаа. Дээрээс нь тэнд очоод, би цалин хөлс авахгүй. Гол нь  би МҮХАҮТ-д би ажил хийхээр л очно, өөртөө амар байдал үүсгэхгүй. Би өглөө гэрээсээ 05:00 цагт гараад, шөнө 22:00 цагийн үед ордог. Маш их ачаалалтай ажиллаад хэвшчихсэн. Энэ бүхнээ би хойш нь тавьж байгаад, ажил хийе гэж очно.


-БИЗНЕС ЭРХЛЭГЧИД УЛС ТӨРЧДИЙН ӨӨДӨӨ ӨГСДӨГ ШАТНЫ ГИШГҮҮР БИШ-

-Намынхаа гишүүнчлэлээс татгалзах тань танд эрсдэлгүй юм уу?

-Би 2020 онд УИХ-д нэр дэвших  гэж байгаа бол МҮХАҮТ-ын Ерөнхийлөгчид өрсөлдөх хэрэггүй. Ийм санаа агуулж байгаа бол нэрээ татаарай.Бизнес эрхлэгчид улс төрчдийн өөдөө өгсдөг шатны гишгүүр биш гэдгийг хэлсэн байгаа. Бусад нэр дэвшигчид ч гэсэн үүнийг бодох ёстой. Би өнгөрсөн долоо хоногт намынхаа ЕНБД-д “МҮХАҮТ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдвол намынхаа гишүүнчлэлээс татгалзана” гэдгээ албан ёсоор хэлсэн. Цаашдаа ч танхимын Ерөнхийлөгч ийм зарчмаар ажиллах ёстой гэдгийг би олон нийтийн өмнө батлуулахын төлөө ажиллаж байна. Намаасаа гарна гэж амлалтаа өгчихөөд, нэр дэвшээч ээ гэж уриалж байгаа юм. Энэ маш зөв жишиг. МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч бол намын төлөө биш бизнесүүдийн төлөө ажиллах ёстой.

-Одоо бизнесүүд ерөнхийдөө л нэг зориггүй, айдастай болчихсон. Хаанаас ямар шантааж, тулгалт ирэх бол айдаг. Энэ байдлаас яг яаж гарах ёстой юм бэ?

-Үүн дээр мөс хагалагч хүн гарч ирж байж л орчин нь эрүүлжинэ. Би тэр мөс хагалагч нь байя л гэж байгаа юм. Яг үнэндээ би МҮХАҮТ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд “ялчихсан”. Яаж явагдсан байсан ч би ялчихсан. Би олон нийтийн анхаарлыг энэ сонгууль руу татаж чадлаа. Одоо энд сонгуулийн булхай явагдах боломжгүй болчихно. Гишүүдээсээ саналыг нь асуудаг, тайлангаа ил тод нийтэлдэг хэлбэр лүү  оруулах эхлэлийг тавьчихлаа. Бас нэг цоо шинэ жишиг тогтоож чадлаа. Тэр нь МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч улс төрийн намын харьяалалтай байж болохгүй гээд зарлачихсан. Миний энэ саналыг гишүүд дэмжинэ гэдэгт би маш итгэлтэй байгаа. Энэ утгаараа би сонгогдохоосоо өмнө ялчихлаа гэж харж байгаа.

-Тань дээр бизнес эрхлэгчдийн төлөөлөл хэр их ирж уулзав. Бизнес эрхлэгчид нийтлэг байдлаар танхимаас юу хүсдэг юм  байна?

-Би өдөр тутам маш олон уулзалт хийж байна. Бизнес дээр ирж буй дарамтыг болиулаач ээ. Татварын багц хуулийн шинэчлэлийг зөвөөр батлуулаад өгөөч. Сая нийгмийн даатгалын шимтгэл нэмэгдлээ. Үүнийг бид  дуугүй өнгөрөөх юм уу. Илүү дорвитой ажил хийж, гадагшаа чиглэсэн ажлуудаа эрчимжүүлье гэсэн асуудлуудыг ихээр сөхөж ярьдаг. Гадаад харилцаан дээр бид маш их анхаарал хандуулж ажиллах шаардлага байгаа. Энэ нь танхимын Ерөнхийлөгчийн хэл ус, гадаад харилцааны салбарт ажилласан туршлагаас ихэээхэн хамаарна.

-МҮХАҮТ-ын Ерөнхийлөгчийг Их хурал дээр нууц санал хураалтаар тодруулдаг болсон. Ер нь санал хайрцаглах, нэг дэвшигчийг зориудаар дэмжих лобби зэрэг үйлдлүүд хэр  өмнө нь хэр идэвхтэй явагддаг байсан юм бэ?

-Өмнө нь С.Дэмбэрэл дарга МҮХАҮТ-ын Удирдах зөвлөлөөс Ерөнхийлөгчөөр сонгогдох замаар удаан явсан. 2014 онд Б.Лхагважав, О.Амартүвшин нарын дунд нэгхэн хүний саналын зөрүү үүссэн гэдэг. Одоогоор нэр дэвшихээр албан ёсоор дөрвөн хүн илэрхийлчихсэн. Б.Жаргалсайхан нэрээ татахаар тохиролцож, нэг хүнийг хааж орж байгаа гэж би харсан. Энэ жил олон нийтийн анхаарлын төвд явагдах боломж нөхцөл бүрдлээ. Харьцангуй эрүүл өрсөлдөөн явагдана гэж харж  байгаа.

Ж.МЯДАГБАДАМ

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Т.ХҮЧИТБААТАР

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдлүүд (1)

USD

Close
Close