Ярилцлага

Дуучин Т.Дэлгэрмөрөнгийн гэргий Т.Ананда: Хэн хэнийх нь хувьд анхных болохоор хуримаа маш гоёор төлөвлөж байна

Дуучин Т.Дэлгэрмөрөнгийн эхнэр Т.Ананда сошиал орчинд хоолны тухай зөвлөгөө хийх болсноор нийлээд олон дагагчтай болсон. Тиймээс манай сайт ОУ-ын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтуулан эзэгтэйчүүдийн дунд үлгэр дууриалал болоод байгаа Т.Анандатай  ярилцлаа.

-Таныг “Солонгон ааштын увидас” контент, дуучин Т.Дэлгэрмөрөний эхнэр гэдгээр сайн мэднэ. Тэгвэл Т.Ананда гэж хэн бэ?

-Би хувцасны загвар зохион бүтээгч мэргэжилтэй. Хоол хийх нь бол миний хобби. Аав, ээж хоёр намайг ОХУ-д Ломоносовын Их сургуульд сурч байхдаа төрүүлсэн учир багаасаа эмээ өвөө дээрээ өссөн, айлын том охин. Эмээ өвөөтэйгөө өссөнийхөө ачаар чих маань их эрт онгойсон доо. Багаасаа олуулаа өссөн, олон ах эгчтэй хүн дээ би.

-“Ананда” гэх нэр их содон санагдсан. Ямар утгатай вэ?

-Ананда гэдэг нь санскрит хэлээр цор ганц гэсэн утгатай үг.

-Эмээ өвөөтэйгөө өссөн хүүхдүүд их хэрсүү болж, олон арван сургаал мэдлэг авч өсдөг. Өөрийн тань хувьд хамгийн бахархаж авч үлдсэн үнэт зүйлс юу вэ?

-Хамгийн том үнэт зүйл бол хүний бүхий л амьдралын турш дагаж явдаг ген байдаг. Энэ сайхан удам угсаа, урлагийн гэр бүлийн удамшил минь байна. Хоёрдугаарт, маш өндөр мэдлэг, ёс суртахуун, уламжлалтай гэр бүлд өсөж хүмүүжсэн минь миний хамгийн ихээр хайрлаж, нандигнаж явдаг бахархал маань.

-Өөрийн тань лайв нэвтрүүлэг зэргийг үзэхэд толгойн гоёлыг маш олон янзаар зүүж хэрэглэдэг санагдсан. Урын санд тань хэр их толгойн гоёл байна, хаанаас авдаг вэ?

-Дөч гаруй байгаа байх. Яг сайн тоолж үзээгүй. Ихэвчлэн толгойн гоёлоо өөрөө хийдэг. Ховор тохиолдолд таалагдвал худалдаж авдаг.