Нийгэм

Эгч Д.Бямбасүрэн: Алга болохынх нь өмнөх өдөр машинтай хүн чихэр, чипс охинд өгсөн байсан

-ЭРЛИЙН  БАГ ОХИНЫГ ИДЭВХТЭЙГЭЭР ДОЛОО ХОНОГ Л  ХАЙЖЭЭ-

Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумаас сураггүй алга болсон Б.Мөнгөнцэцэг охины талаарх сурвалжлага мэдээллийг хүргэж байна. Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын нутаг Товго уул гэх газраас 13 настай Б.Мөнгөнцэцэг охин 2018 оны наймдугаар сарын 7-ны өдөр 11.00 цагийн орчимд  хонио хариулж яваад ор сураггүй алга болсон байна. Гэвч ЗУРГААН САРЫН ТУРШ олдоогүй хэвээр байгаа юм.

Сумын дөрөвдүгээр багийн нутаг дэвсгэр Товгын ар гэх энэ газар нь бургас, сайр, гол, ой мод бүхий харууц муутай, зэрлэг ан амьтан ихтэй бөгөөд сумын төвөөс арваад км-ийн зайд оршдог. Охины хонь хариулж явсан газраас 2 км зайд сумын төвөөс гуравдугаар баг руу очдог зам байдаг, тухайн орчимд хавар, зун, намартаа 20 гаруй малчин айл амьдардаг юм байна.

Өглөө эрт хонио дагаад гарсан охин өдөр 13 цагийн үед ирэхгүй болохоор нь гэрийнхэн нь хайж эхэлсэн бөгөөд 17 цагийн үед сум руу мэдэгдэж эхний өдөр ах дүү, хамаатан саднууд хайлцсан байдаг. Дараагийн өдрөөс Хөвсгөл аймгийн цагдаагийн газар, ОБГ, сумын ЗДТГ талуудаас бүрдсэн эрлийн баг, нутгийн иргэд хамтран наймдугаар сарын 14-ны өдрийг хүртэл хайжээ. Ингээд ямар нэг ул мөр сураг олоогүй тул эрлийг зогсоосон байна.

Одоогийн байдлаар Хөвсгөлийн аймгийн цагдаагийн хэлтэс дээр хэрэг үүсгэн шалгагдаж байна. Б.Мөнгөнцэцэг охин нь эмээ, ээж, төрсөн ах, нагац эгч болон түүний хоёр хүүхэдтэй хамт амьдарч байсан бөгөөд ээж төрөлхийн хөгжлийн бэрхшээлтэй иргэн байдаг гэх мэдээллийг бидэнд өгөв.   

Бид энэ удаад Хөвсгөл аймгийн цагдаагийн газар, Ренчинлхүмбэ сумын ЗДТГ-ын ажилтнууд болон сураггүй болсон охины хамаатан саднуудтай холбогдож мэдээлэл авлаа. 

-О.ЭНХТҮВШИН: АЙМГИЙН  ЦАГДААГИЙН БАЙГУУУЛЛАГААС СЭЖҮҮР ГАРСАН ГЭЖ ХЭЛСЭН-

Ренчинлхүмбэ сумын ЗДТГ-ын дарга, Б.Мөнгөнцэцэгийг авран хайх эрлийн багийн ахлагч. 

-13 настай охин хонины бэлчээр дээрээсээ алга болоод хагас жил болж байна. Орон нутгийн удирдлагууд эл хэргийг хэрхэн харж байна вэ? 

-Алга болсон өдрийн оройноос эхлээд орон нутаг, аймгийн холбогдох байгууллагууд тасралтгүй хайсан. Эхлээд бид нар бол золгүй байдлаар амь насаа алдсан байж болзошгүй гэсэн таамагаар хайсан. Юу ч олоогүй, ямар ч сэжим гараагүй. Сүүлдээ энэ нь гадны нөлөөтэй, нууцгүй хэлэхэд хүний наймаатай холбоотой хэрэг боллоо гэж үзсэн учраас цагдаагийн байгууллагад хандсан. Одоо энэ хэргийг аймгийн цагдаагийн газар хариуцан шалгаж байгаа. Сум орон нутгийн зүгээс өндөр настай эмээ, бие муутай ээжийг нь сэтгэл санаа болон эд материалын дэмжлэг үзүүлэн анхааран эргэж тойрч байна. 

-Мэдээж хэрэг гэр бүлийнхэн нь охинд хамгийн сүүлд ойр байсан хүмүүс. Тэндээс та нарт ямар мэдээлэл өгсөн бэ? 

-Охины төрсөн ах нь 11 дүгээр ангийн хүү бий. Тэр үед ах нь Хорьдол руу жимсэнд явсан байдаг. Охин ахыгаа дагахад нь “чи хонио хариулж бай” гээд үлдээсэн гэдэг. Хамаатны хүн нь өглөө хадлан руугаа явж байхад хонины захад харагдсан гэж хэлдэг. Тэр хүнээс өөр охиныг харсан хүн байдаггүй. 

-Урд өдөр нь гэртээ чихэр, печень авч ирсэн гэсэн мэдээлэл бий. Тэр талаар?

-Цагдаагийн байгууллага хэрэг үүсгээд холбогдох хүмүүсээс мэдүүлэг авахад нэг тийм мэдээлэл өгсөн юмшиг байгаа юм. Тэрийг бол би нарийн сайн мэдэхгүй. 

-Тухайн өдрүүдэд танай суманд ирсэн, дайран өнгөрсөн машин тэрэг, гадны хүмүүсийн мэдээлэл бий юу?

-Тэдгээрийг цагдаагийн байгууллага шалган тогтоосон байх. Холбогдох хүмүүсийн мэдүүлэгт ч тэр хавиар явсан ирсэн хүмүүс унаа машины мэдээлэл орсон байх. 

-Охины алга болсон газрын ойр орчим нь эрсдэлт хүчин зүйлс бий юу?

-Хонь хариулж явсан газар бол унаа машин очиход төвөгтэй. Зэрлэг ан амьтан ихтэй газар шүү дээ. Тийм ч учраас бид эрлийн эхнээс золгүй байдлаар амиа алдчихав уу гэсэн таамагаар хайж байсан. Үнэндээ ямар ч сэжим олдоогүй.

-Одоо цагдаагийн байгууллагын ажил ямар шатандаа яваа бол...?

-Бид нар сумынхаа цагдаагийн ажилтнаар дамжуулаад байнга асууж сурагласаар ирлээ. Сая өнгөрсөн нэгдүгээр сард аймгийн  цагдаагийн байгуууллагаас сэжүүр гарсан, тэр дагуу шалгаж байна гэж хэлсэн. 

-Хүссэн бүхэн нь зориод ирж чаддаггүй энэ алслагдмал нутгаас хүүхэд ор сураггүй алга болно гэдэг үнэхээр харамсалтай юмаа? 

-Манай суманд хүүхэд алга болсон анхны тохиолдол. Сум даяараа айдастай байна. Энэ явдлаас хойш сумын хэмжээнд сонор сэрэмжээ дээшлүүлэн эрсдэлт бүлгийн хүүхдүүдийг анхааран ажиллаж байна. Сумын төрийн албан хаагч тус бүр нэг эрэгтэй, нэг эмэгтэй хүүхэд хариуцан авч бүх талаас нь анхааран ажиллаж байгаа. Дахиж ийм аймшигтай нөхцөл байдал үүсгэхгүйн тулд тусгай төлөвлөгөө гарган ажиллаж байна. Гадны нөлөөтэй хэрэг л гэж харж байгаа. Үнэхээр юунаас болсон яасан гэдэг нь хурдан тогтоогдоосой л гэж хүсч байна. 


Тайлбар: Тухайн үеийн эрлийн багийнхан

-ЭГЧ Д.БЯМБАСҮРЭН: АМЬД ХҮН БАЙТУГАЙ АЛЬ ДЭЭР АЛГА БОЛСОН ЭМЭЭЛ, ХАЗААР ХҮРТЭЛ ОЛДСОН, ТЭР ЭРЛЭЭР-

Бид Б.Мөнгөнцэцэг охины нагац ахын эхнэр Д.Бямбасүрэнгээс тодруулга авсан юм. 

-Хадам эгчийн тань хүүхэд алга болоод хагас жил боллоо. Ах дүү, гэр бүлийнхэн нь ямархуу байдалтай байна вэ? 

-Амьд байдаг утга учир бий болов уу. Бүр муугаар бодоход  сураг нь гараасай гэцгээж сууна. Зан ааш сайтай, их тусархаг охин байлаа.

-Алга болох үеэр та нар ойр байсан уу?

-Манайх сумын төв дээрээ байсан. Өдөр нэг цагийн үед нагац эгч нь залгаад охин алга болчихлоо гэж хэлсэн. Ингээд 16 цагаас эхлээд сумын төвөөс бас тэр хавийнхан цуглаад бэдэрч эхэлсэн.Эхний өдөр харанхуй болтол явцгаагаад ахалсан. Маргаашнаас нь эхлээд сум даяараа хөдөлсөн. 

-Хамгийн сүүлд хамаатны хүн нь харсан гэсэн?

-Нагац эгчийнх нь нөхөр, хүүтэйгээ 11 цагийн үед хадлан руугаа явж байхад хонины хажууд гишүү барьчихсан зогсож байсан гэсэн. Хол зайтай болохоор юм ч яриагүй “хонины маань хүн байна даа” гээд өнгөрсөн гэдэг. Тэдний хүү, алга болсон охин хоёр ээлжилж хониндоо явдаг байсан юм. 

-Алга болохынхоо урд өдөр чихэр печень барьж ирсэн гэсэн мэдээлэл яваа. Тэр талаар та мэдэх үү?

-Тэр өдөр эмээгээ үхрээ сааж байхад нь ирээд иштэй чихэр задалж аманд нь хийгээд, эмээдээ машинтай хүн ирээд чихэр, чипс өгсөн. Энүүгээр явж байдаг хүн” гэж хэлсэн гэж ярьдаг. Ээж нь бие муутай болохоор яриа хөөрөө багатай. Эмээтэйгээ их ойр хүүхэд л дээ. Эмээ нь намаржингаа хавь ойрын сумдаар явж хайж, лам бөөгөөс асууж яваад ирсэн. Үзүүлэхээр “Гурван сарын дараа сураг гарна” гэж хэлсэн байсан. 

-Тэр чихэр печень өгсөн машиныг харсан хүн байдаг уу?

-Ер байхгүй. Нүдээрээ хараагүй юм хойно ёстой яалтай. Үзээгүй юм гэдэг чинь аюул байна. Үзчихсэн бол баталгаатай юм яриад зогсож байхад өдийд бас юу ч болоо билээ. 

-Эрлийн тайлан дээр хайх ажиллагааг гэр бүлийнхний хүсэлтээр зогсоолоо гэж тайлагнасан байсан. Та нар яагаад эрлийг зогсоосон юм бэ?

-Нэгдүгээрт, үзээгүй хараагүй газар үлдээгүй. Амьд хүн байтугай аль дээр алга болсон хаясан эмээл хазаар хүртэл олдсон шүү дээ, тэр эрлээр. Нөгөө талаас тэр олон хүний хоол унд, бензин тосны зардал мөнгө их гарсан. Тэгээд нэгэнт энэ нутаг дэвсгэр дээр байхгүй гэдэг нь тодорхой болсон учир зогсоосон. 80 гаруй мотоцикль, хориод машин,  морь зөндөө,  200-300 хүн эрж хайсан.  

-Цагдаагийн байгууллагаас нэг нааштай юм сонсогдсон гэж сураг гарсан гэсэн. Та нарт юм хэлэв уу?

-Өвөл аймгаас Ганболд дарга ирж уулзалт хурал хийсэн. Тэр үеэр хүн бүхэн л бас л асууж сурагласан. Тэгсэн олдох магадлал байгаа гэчихээд эмээтэй нь уулзья гэсэн. Тэгээд эмээд нь  “Та сэтгэлээ барьж байгаарай” гэж хэлсэн шүү дээ. Үгүй болсон л гэсэн үг бишүү, аймаар байгаа биз. 

-Ээж, ах хоёр нь ямархуу байдалтай байна. Аав нь гэж хүн байдаг уу? 

-Ээж нь бие муутай болохоор яалтай билээ, хөөрхий минь. Байж л байх юм. Ах нь дотроо их гомдолтой байгаа нь ажиглагддаг. Эвий минь, ямар олиг байхав, хоёулхнаа амьтад чинь.

-н.МӨНХСАЙХАН: ХЭРЭГ БҮРТГЭЛ ХИЙГДЭЭД ЯВЖ БАЙГАА УЧРААС МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ БОЛОМЖГҮЙ-

Бид Хөвсгөл аймгийн цагдаагийн газартай холбогдож мэдээлэл өгөхийг хүссэн юм. Цагдаагийн ажилтан н.Мөнхсайхан “Шалгаж байгаа байцаагчид нь та бүхний хүсэлтийг хэлсэн. Хэрэг бүртгэл хийгдээд шалгагдаад явж байгаа учраас мэдээлэл өгөх боломжгүй гэж уламжиллаа гэлээ. Тэрбээр цааш нь “Энэ хэрэг манай цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд тусгагдан олж илрүүлэхийн төлөө л ажиллаж байна. Хэрэг журмын дагуу бүртгэгдээд шалгагдаад явж байгаа. Гүйцэд тогтоогдоогүй нөхцөлд мэдээлэл өгөх боломжгүй байдаг” гэсэн хариулт өгсөн юм.

Б.ОТГОНБАЯР

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдлүүд (1)

USD

Close
Close