Ярилцлага

ЭМЧ ЗӨВЛӨЖ БАЙНА: Дэлгэцийн хамаарлаас хүүхдээ хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

Таны хүүхэд ямар авьяастай вэ эсвэл аль спортод илүү сонирхолтой вэ? Түүний хамгийн сайн найзыг та мэдэх үү? Хэзээ хамгийн сүүлд хүүхэдтэйгээ дотно яриа өрнүүлсэн бэ? Та эдгээр асуултад бүрэн итгэлтэй хариулж чадахгүй байна уу? Тийм бол та биш дэлгэц таны хүүхэдтэй илүү дотно байдаг юм биш биз?

Сүүлийн 5-6 жилийн хугацаанд дэлгэцийн хэт хамаарал, донтолтын шалтгаанаар СЭМҮТ-ийг зорьж зөвлөгөө авах, хэвтэн эмчлүүлэгчдийн тоо өссөн талаар судалгаа гарсан байна. Тиймээс манай сурвалжлах баг дэлгэцийн хэт хамаарал, донтолтын талаар ойлголт, сэрэмжлүүлэг хүргэх зорилгоор СЭМҮТ-ийн Хүүхэд өсвөрийн клиникийн эрхлэгч Л.Цэрэндолгортой уулзаж, ярилцлага бэлтгэлээ.

-ЭЦЭГ ЭХЧҮҮД ХҮҮХДЭЭ ТООХГҮЙ, БАЙГАА БАЙХГҮЙ НЬ МЭДЭГДЭХГҮЙ ӨСГӨХ НЬ БУРУУ-

-Ямар шалтгааны улмаас дэлгэцийн хэт хамааралд өртдөг вэ?

-Бид энэ талаар олон талаас нь судалж байгаа. Судалгааны үзүүлэлтийг авч үзэхэд маш олон шалтгаанаас үүдэлтэй байна. Нэгдүгээрт, тухайн хүүхдийн өөрийнх нь онцлогоос хамааралтай. Аливаа зүйлийг амархан сурдаг,түүндээ амархан дасаж донтдог гэх мэт хүүхдүүд байна. Үүнээс гадна хүмүүжил их чухал. Хэт эрх танхил өсөөд байна уу, хэт дураараа өсөөд байна уу,эсвэл хараа хяналт муутай өсөөд байна уу зэрэг асуудлууд нөлөөлдөг.

Манайд хэвтэн эмчилгээ хийлгэсэн хүүхдүүдийн дунд хийгдсэн судалгаа байдаг. Энэ судалгаанаас авч үзэхэд нийт хүүхдүүдийн 82,3 хувь нь хэт эрх дураараа өссөн болон хэт хараа хяналт сул хүүхдүүд байна. Эцэг эхчүүд хүүхдээ тоохгүй, байгаа байхгүй нь мэдэгдэхгүй өсгөж байна.


-Дэлгэцийн хэт хамааралд орсон хүүхдийн зан төлөв,харилцааны хувьд ямар өөрчлөлт гардаг вэ?

-Зан төлөвт нь нэлээд их өөрчлөлт гардаг. Тухайлбал, худлаа ярьж, хулгай хийх, бүр цаашлаад бүлэглэн дээрэм хийх зэрэг гэмт хэргийн шинж чанартай үйлдлүүд гаргаж байна. Мөн өөрийгөө хөгжүүлэх сонирхол, хоббиноосоо татгалзаж, зугтах, сурлагын амжилт нь буурах, хичээлээ тасалж гэрээсээ дайжих, эцэг эхтэйгээ хүндлэлгүй харьцаж, маргалдах , бэр бүлдээ зарцуулах цаг нь багасах, ганцаараа байхыг илүүд үзэж зожигрох зэрэг үйлдлүүд илэрдэг.

-Дэлгэцийн хамааралд хүүхдүүд их өртөж байгаа нь ямар учиртай юм? 

-Судалгааны үр дүнгээр шийдвэр гаргах чадвар султай, тийм, үгүй гэх шийдвэрийг гаргаж чаддаггүй, найз нөхөд нь тоглоё гэж уриалахад тэгье гээд л дагаад явчихдаг, өөрөө өөртөө эзэн болж чадаагүй хүүхдүүд илүүтэйгээр өртөж байна. Энэ нь насны онцлогоос бас их хамаарч байна. 


-Дэлгэцийн хамааралд орсон хүүхдүүдтэй ямар арга барилаар хэрхэн ажиллах ёстой вэ?

-Сэтгэл заслын эмчилгээ хийх нь чухал байдаг.Ямар шалтгааны улмаас дэлгэцийн хамааралтай болсон гэх шалтгааныг нь тодруулаад, одоо гаргаад буй зан төлөвт нь танин мэдэхүйн сэтгэл заслын үйлчилгээг тууштай хийх шаардлагатай. Мөн шинж тэмдгийн өөрчлөлтүүдэд нь тохирсон эмийн эмчилгээ хийж болно. Хэрвээ хүүхэд их ядарч, мэдрэлийн ядаргаанд орсон бол түүнд витамин болон физик эмчилгээ хийгдэнэ. Тэдгээр хүүхдүүдэд нойргүйдэл хамгийн их илэрдэг учир нойргүйдлийн эсрэг эмчилгээ буюу түүнийг нь засах эмчилгээ хийдэг.

-БУЛЧИН ТАТГАНАХ, НҮДЭЭ АНИВЧИХ, МӨРӨӨ ХАВЧИХ, НУСАА БАЙН БАЙН ТАТАХ ЗЭРЭГ ЭМГЭГҮҮДЭЭР ИЛЭРНЭ-


-Дэлгэцийн хэт хамаарал, донтолт нь бие махбодод хэрхэн нөлөөлдөг вэ? Ямар шинж тэмдгээр илрэх вэ?

-Бага насны хүүхдийн хувьд мэдрэлийн ядаргаатай холбоотойгоор булчин татганах, нүдээ анивчих, мөрөө хавчих, нусаа байн байн татах зэрэг зуршмал хөдөлгөөн хийх эмгэгүүд биед нь илэрдэг. Мөн дэлгэцийн хэт хамаарал, донтолтоос үүдэн орондоо шээх эмгэгтэй болох тохиолдол ч байдаг.

-Хэдий хугацаанд эмчлэгдэх боломжтой вэ?

-Тухайн хүүхдийн донтолт ямар төвшинд байгаагаас шалтгаалан хамаардаг. Дөнгөж тоглож эхэлж байгаа хүүхдүүд хурдан хугацаанд буюу 10-14 хоногийн эмийн болон сэтгэл заслын эмчилгээнд хамраад явахад хязгаартай тоглох хэрэгтэй юм байна гэдгийг ойлгоод авчихдаг. Мөн эцэг эхэд нь сургалт явуулснаар хүүхдэдээ анхаарал халамж тавих нь нэмэгддэг. Ингэснээр хүүхэд сайн засал авдаг.

Харин гүнзгий өөрчлөлт буюу зан үйлд нь өөрчлөлт орчихсон хүүхдийн хувьд нилээд удаан хугацааны эмчилгээ шаардлагатай болдог л доо. Багадаа 3-6 сар, цаашлаад нэг жил ч эмчилгээ үргэлжилдэг. Эмнэлгээс эмчилгээ хийгдээд гарсан ч гэсэн эргэх холбоотойгоор долоо хоногт нэгээс хоёр удаа уулзаж ярилцлага, танин мэдэхүйн сургалт хийх зэргээр эмчилгээгээ үргэлжлүүлэх шаардлагатай байдаг. Гэвч хэвтэн эмчлүүлэх хугацаа дууссаны дараа хяналт, эмчилгээндээ ирэхгүй  тэр чигтээ яваад өгөх тохиолдлууд гардаг. Энэ үед ар гэрийн хараа хяналт сул байх юм бол хүүхдийн тоглох зуршил нь сэдрээд, илүү гүнзгий буюу олон хоногоор тоглох гээд байдаг юм шүү дээ.