Сурвалжлага, нийтлэл

Энэ долоо хоногт нүүрсний хоёр жолооч шатаж нас баржээ

-ОСЛЫН ШАЛТГААНЫГ КАБИН ХАЛААГЧААС БОЛСОН ГЭЛЭЭ-

“Таван толгой“-д нүүрс тээвэрлэдэг хоёр жолооч гуравдугаар сарын 12, 13-ны өдрүүдэд машиныхаа кабинд галд өртөж нас баржээ.

ХЭРЭГ:1-  Бид энэ хэргийг Цагаанхад гаалийн хяналтын бүсийн нүүрсний талбайд машиндаа шатаж амиа алдсан жолоочийн хэргийн талаар тодруулга хайж байхдаа мэдсэн юм. Бидний холбогдсон жолооч та нар алийг нь асуугаад байна, 12-нд өргөн зам дээр нэг жолооч өнгөрсөн, 13-нд Цагаанхаданд нэг жолооч өнгөрсөн гэж хэлсэн юм.    Өргөн зам дээр шатаж нас барсан жолоочийн тухайд тодорхой мэдээлэл олдоогүй. Эх сурвалжийн сонссоноор  тухайн өдөр жолооч нар архи уусан бөгөөд ухаангүй согтсон жолоочийг нэгнийхээ машинд оруулж орхиод өөрсдөө өөр тийш явсан юм байна. Ухаангүй согтсон жолооч бусдын машинд шатаж амиа алдсан бололтой. Ямартай ч маргааш өдөр нь тухайн замыг “жолооч амиа алдсан, гал гарсан” гэх шалтгаанаар хэсэг хугацаанд хаасан гэнэ.


ХЭРЭГ:2Эл хэрэг Цагаанхад гаалийн хяналтын бүсийн нүүрс ачиж буулгах талбайд гуравдугаар сарын 13-ны 03:30 -04:30 цагийн хооронд болжээ.

Эх сурвалжийн мэдээлснээр, 03:30 цагт ослын дуудлага ирсэн бөгөөд албаныханг очиход жолооч машиндаа аль хэдийн амиа алдсан байжээ. Талийгаач нь Өмнөговь аймгийн харьяат бөгөөд 50 гаруй настай, архи дарс хэрэглэдэггүй хүн байсан гэнэ. Түүний эхнэр мөн л Цагаанхад бүсэд махны дэлгүүр ажиллуулдаг юм байна. Хэвлэлээр ослын шалтгааны халуун тогооноос үүдэлтэй гэж мэдээлсэн. Харин бидний холбогдсон хүмүүс кабин халаагчаас болсон байх  гэж хэлсэн юм.   Талийгаач “Их аяны үйлс” компанийн жолооч юм байна.

Бид хэргийг тодруулахаар маш олон газар хандаж үзлээ. Хамгийн түрүүн Цагаанхадны цагдаагийн газартай холбогдсон ч “Бид юу ч мэдэхгүй, Тээврийн цагдаагийн газраас асуу, уучлаарай” гэсэн хариулт өглөө. Үүний дараа бид тухайн орчинд тээвэр эрхэлдэг жолооч болон иргэдтэй холбогдсон юм. Холбогдсон хүмүүс мэдээлэл өгч болно, харсан үзсэн зүйлээ үнэн бодитоор хэлнэ, хамгийн гол нь нэр нууцалж болох уу гэж байлаа. Бид нэгэнт эрх нь зөрчигдөж, хүнд хэцүү нөхцөлд ажиллаж амьдарч байгаа монгол эрчүүдийнхээ хүсэлтийг хүлээн авч байгаагаа илэрхийлсэн юм.