Эдийн засаг

“Эрдэнэт”-ийн 49 хувийн шилжилтийг Засгийн газар мэдэж байсан ч НАМ ДАРСАН УУ

1995 ОНД ТӨРСӨН НЭГ ОХИН ТЭР БИЧИГ БАРИМТЫГ НЬ ХӨӨЦӨЛДӨЖ, СИНГАПУРТ АЖИЛЛАСАН ГЭЖ БОДОЦГООЁ...

“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг Сингапурын компанид шилжүүлэх гэж байсан үйлдэл дээр хачин ойлгомжгүй логик үүсэв.  Эхлээд Л.Оюун-Эрдэнэ гишүүн “Цагаан сараас өмнө “Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг Сингапурын компанид зарах гэж байна” гэж мэдэгдсэн. Үүнийг “Эрдэнэт” үйлдвэрийн 49  хувийг эзэмшигч хувийн хэвшил талаас үгүйсгэж “Үгүй” гэж мэдэгдэл гаргав.

Тэгснээ өчигдөр 49 талаас “Арбитрын шүүхэд дахин хандах боломжийг үүсгэх үүднээс эрх шилжүүлэх процесс өрнөж байсан ч гишүүдийн мэдэгдлээс үүдэж, зогсонги байдалд орлоо. Монгол Улс Ш.Батхүүгээс болж, наана чинь 300 тэрбум төгрөгийн өрөнд орох гээд байна. Ойлгож байна уу. Бид үүнээс сэргийлэхийн төлөө ажилласан” гэх утга бүхий мэдээллийг сэтгүүлчдэд өгөв.  

Мэдээллийн гол агуулга нь, “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг эзэмшигч нь өөрийн нэр дээрх Сингапурт байрлалтай компани руу шилжүүлэхээр ажиллаж байсан гэх санаа. Ингэснээр Ш.Батхүүгийн “Стандарт” тавьсан өрийн асуудлаар дахин Арбитрт хандаж, эрхээ хамгаалуулах боломж бүрдэх байсан гэж тайлбарлацгаав.

За, үнэхээр ийм процесс өрнөж, 1995 онд төрсөн нэг охин тэр бичиг баримтыг нь хөөцөлдөж, Сингапурт ажилласан гэж бодоцгооё. Гэтэл “Эрдэнэт” үйлдвэр одоо 100 хувь төрийн эзэмшилд байгаа шүү дээ. Гурван шатны шүүх дамжиж, Дээд шүүх дээр хүртэл “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн тал  ялсан. Ерөнхий шүүгчид хандсан ч шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Уг нь шүүхийн шийдвэрээр бол төр 49 хувийг нь хувийн хэвшилд нь өгч, Улсын бүртгэлийн гэрчилгээ болон ТУЗ-ийн бүрэлдэхүүнээ өөрчлөх учиртай.

Гэвч энэ процесс өрнөхгүй нам гацсан. Нөхцөл байдал ийм байхад, Засгийн газрыг огт мэдээгүй суух хооронд 49 хувийнхан Сингапурт бужигнууллаа юу. Итгэхэд бэрхтэй. Бүрдэл бичиг баримтаа бодсон ч тэр, Засгийн газрын оролцоо заавал байх ёстой. Энэ асуудлаар ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар сэтгүүлчдээс зугтаж, ярихаас татгалзсан. Дээрээс нь “Эрдэнэт” үйлдвэрийн ТУЗ-ийн дарга У.Бямбасүрэн огт ам нээсэнгүй. Уг нь тэд “Бид оролцоогүй” гэж хамгийн түрүүнд мэдээлэл хийж, хувийн имижээ өсгөх улс.

ЯАГААД Ш.БАТХҮҮГИЙН ХЭРГИЙГ МАНАЛЗТАЛ ШАЛГАЖ,  ӨР ТӨЛӨХ ЭСЭХ АСУУДЛААРХ АЖЛЫН ХЭСЭГ НАМ ГАЦАВ

Цаашлаад Засгийн газраас ч тодорхой хариулт хэлсэнгүй.  Бас энэ сэдэвтэй холбоотой хоёр сонин зүйл байна. Нэгд, Ш.Батхүүгийн хэрэгтэй холбогдуулан, “Эрдэнэт” үйлдвэрийн захирал асан Ч.Ганзориг, хуулийн хэлтсийн дарга асан М.Мөнхжаргал нарыг шалгаж, яллах тогтоол гаргасан. Одоо шүүх хурлын товоо хүлээж буй. Хоёрт, Английн дээд шүүхийн шийдвэрийг биелүүлэх нөхцөл боломжийг судлах хүрээнд Шадар сайд Ө.Энхтүвшингээр ахлуулсан Засгийн газрын ажлын хэсэг өнгөрсөн оны намар байгуулагдсан.Одоо хүртэл ажлын хэсэг таг чиг. Сар тутам 1.2 сая ам.долларын хүү төрөөд байхад эх орондоо хайртай хүмүүс энэ сэдвийг онхи мартаж чадлаа.

Логик нь, Ш.Батхүү, Ч.Ганзориг, Б.Мөнхжаргал нарыг ялласны дараа шууд Английн дээд шүүхийн шийдвэрийн асуудлыг хөндөж, нийгэмд дуулиан өсгөх зорилго. Нэг асуудлыг нь нам дарж, нөгөөгийн хугацааг хүлээсэн гэж хардах үндэслэлтэй. Шүүх дээр өндөр нөлөөтэй гэгддэг 49 хувийнхан Ш.Батхүүгийн гэх тодотголтой шүүхийн асуудалд нөлөөлөнгөө Засгийн газартай гар барьж,  Сингапурт эрх шилжүүлэх үйлдэл дээр тохиролцсон гэх хардлага төрж буй юм.

Ингэж байж, дотоод дахь Засгийн газар “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг эзэмшигч талууд амжилттай хэлэлцээ хийх боломж бүрдэх талтай. Ямар нэгэн байдлаар “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг эзэмшигч тал Засгийн газартай тохиролцоогүй бол өдийд Ц.Нямдорж сайд гарч ирээд хашгирч л байх учиртай.

Яагаад энэ асуудлаар Засгийн газрын тэргүүн нь ч, Улсын Ерөнхийлөгч нь ч дууграхгүй байгаа юм. Улс төрчид өөрсдөдөө ашигтай пиар сэдвүүдийг хажуугаараа өнгөрүүлнэ гэж үү гэх асуултуудыг энд дахин тавьмаар байна. Дүгнэлтийг уншигчид хийх биз ээ.

Ж.МЯДАГБАДАМ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

USD

Close
Close