Нийгэм

Гавьяат хуульч Л.Бямбаа агсны хүү С.Төмөрбат: Ээж минь ямар нэг хууль бус үйлдэл хийх хүн биш

Хорих 461-р ангид амиа алдсан Монгол Улсын гавъяат хуульч Л.Бямбаагийн асуудал сүүлийн өдрүүдэд нийгмийн анхаарлын төвд байна. 

Хэргийн эргэн тойронд юу болов? Гавьяат хуульчийг юуны учир АТГ шалгах болов?

Салхитын мөнгөний орд газрыг эзэмшигч компани болон ашиглагч нарын  маргааныг хууль хяналтын байгууллагынхан шалгаж байх явцдаа их хэмжээний мөнгийг хээл хахуульд өгсөн гэмт хэрэг бүртгэгдсэн. Үүний дагуу мөрдөн шалгах ажиллагааг явуулахад нэр бүхий хүмүүст хээл хахууль өгсөн байж болзошгүй үндэслэл тогтоогдсон байна.

Улмаар талийгаачийн гэр, ажилд нь нэгжлэг хийж хэрэгт ач холбогдол бүхий баримтуудыг хурааж авсан бөгөөд эдгээр баримтуудын хүрээнд хууль зүйн үндэслэл тогтоогдсон учраас түүнийг 48 цагийн хугацаатай сэжигтнээр саатуулсан гэдэг. Гэвч хуульч эмэгтэй сэжигтнээр саатуулсан хугацаа дуусахад дөрвөн цаг дутуу байхад амиа алдсан. АТГ–аас түүнийг саатуулах хугацаа нь дуусч авахаар очиход амиа хорлосон байсан. Бусад мэдээллийг цагдаагийн байгууллагаас авах нь зүйтэй” гэж мэдэгдсэн юм. 


ХУУЛЬЧДЫН ТӨЛӨӨЛӨЛ ХЗДХ-ИЙН САЙД Ц.НЯМДОРЖИЙГ ОГЦРОХЫГ ШААРДАВ 

Хуульчид ингэж үзэж байна. “Энэ бол төрийн тусгай харуул хамгаалалттай газар, төрийн байгууллагад Монгол Улсын иргэн  амь насаа алдсан анхны тохиолдол биш юм. 

Та бүхэн санаж байгаа бол Зам тээврийн яаманд  төрийн албан хаагч  Г онц хэрцгийгээр бусдын гарт амиа алдсан ноцтой хэрэг гарч байсан. Мөн Хууль зүй, дотоод хэргийн яамны харъяа Хил хамгаалах Eрөнхий газрын Увс аймаг дахь хилийн 0311-р  ангийн  байлдагч Э оргож амиа хорлосон. Дорноговь аймгийн Зүүн баян суманд байрлах  Цэргийн 336-р  ангийн 19 настай байлдагч А амь насаа алдсан.

Монгол Улс Үндсэн хуульдаа хүмүүнлэг, иргэний нийгэм байгуулна гэж заасан. Харамсалтай нь өнөөдөр онц хэрцгий гэмт хэрэг тасрахгүй, зэрлэг нийгэм болж байна. Энэ талаар дуугүй өнгөрч болохгүй. Монгол Улсын иргэний Үндсэн хуулиар хамгаалагдсан амьд явах эрх ноцтой зөрчигдөх боллоо. 

Хамгийн ноцтой нь хүний амь нас ноцтойгоор эрсдэх, амиа хорлолт нь төрийн тусгай хамгаалалтай байгууллага, төрийн албанд, цэргийн ангид удаа дараа давтагдаж байгаад түгшүүртэй байна.

Монгол Улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэгтэй тэмцэх үүргийг Хууль зүй, дотоод хэргийн яам хүлээж байгаа ч үүргээ хангалттай биелүүлэхгүй байна. Ийм ноцтой хэрэг гарсан байхад Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж таг дуугүй байгаад олон мянган төрийн алба хаагч, талийгаачдын ар гэр, төрөл садан, нийгмийн бухимдлыг төрүүлж байна.

Төрийн алба төрийн тусгай хамгаалалт бүхий байгууллагад саатуулагдсан иргэдийн амь нас хохирч, цэргийн алба хаагчид амь нас, эрүүл мэндээрээ хохирч, амиа хорлолт газар авч байгаад Монгол Улсын Үндэсний Аюулгүй байдлын зөвлөл нэн яаралтай анхаарал хандуулахыг уриалж байна.

Монгол Улсын иргэний Үндсэн хуулиар баталгаажсан амьд явах эрх ноцтойгоор зөрчигдөж байгаад Хүний эрхийн Үндэсний комисс анхаарал хандуулахгүй, ажиллахгүй байна. Иргэдийнхээ амьд явах эрхийг хамгаалж чадаагүй Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж сайн дураараа огцрох ёстой гэж үзэж байна.”

ШШГЕГ-ын дарга, бригадын генерал Ц.Амгаланбаяр хамгийн түрүүн хариуцлага хүлээсэн үү?

Улсын онцгой объект болох ШШГЕГ-ын хорих, саатуулах байранд иргэн амь насаа алдсан энэ хэрэг маш олон хүнд хариуцлага ногдуулах үндэслэлтэй. Тэгвэл хамгийн түрүүн  ШШГЕГ-ын дарга, бригадын генерал Ц.Амгаланбаяр ажлаа өгсөн мэдээлэл тархаад байна. Гэвч нарийн учир хэрэг дээрээ тэрбээр М.Энхболдын хамсаатан гэдэг үндэслэлээр түрүүчийн долоо хоногт ажлаа өгөхөөр болчихсон байсан гэж эх сурвалжууд үзэж байна. 


САЛБАРЫН САЙД ЮУ ГЭЖ ХЭЛЭВ? 

ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж “Одоогоор шалгалт хийгдэж байна, шалгалтын гарч ирсний дараа хариуцлагын асуудлыг ярина. Энэ асуудлаар одоогоор хоёр ажлын хэсэг гараад ажиллаж байна. Тодруулбал, хоригдож байсан хүн нас барсан асуудлаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдаж байгаа бөгөөд ямар шалтгаантай нас барсан, яагаад нас барсан талаар шалгалт явуулж байна. Түүнээс гадна Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар дотооддоо хяналт, шалгалт оруулаад ажиллаж байгаа бөгөөд энэ шалгалтын дүн өнөөдөр эцэслэн гарах байх.

Хууль шалгалтын дүн тодорхой  болох үед нь асуудал ярина. Түүнчлэн дотоод хяналт болон эрүүгийн хэрэг үүсгэсэн хоёр шалгалтын дүн гараагүй байна. Шалгалтын дүн гарч ирээгүй байхад хариуцлага ярихад мөчид цаг хугацааны  хайч бий болоод байна. Шалгалтын дүн гарч байж л хуулийн байгууллага эцэслэнэ. Ийм эмзэг асуудлаар аль аль талаасаа буруу мэдээлэл цацаж, бурхан болсон хүнийг хамгаалж байгаа юм шиг дүр эсвэл бүр доромжлоод байж болохгүй. Хүний амьдралын ийм эмзэг асуудал дээр маш болгоомжтой хандах ёстой” гэж хэлсэн.

Тэрбээр цааш нь “Энэ асуудлыг АТГ шалгаж, шөнийн 03.00 цагт саатуулж, маргааш нь авч явж байцаасан гэх мэт сэтгэл санааны хүнд байдал байж байгаад л энэ осол гарсан. Тэр шалгалт нь зөв  явагдсан, буруу явагдсан гэдэгт прокурор хяналт тавьдаг. Тэрбээр цааш нь өөрийг нь огцруулах тухай асуудал дээр “Ийм асуудалд ул суурьтай хандахгүй бол хүн хэлмэгдлүүлж, хохироох гээд байдаг. Хариуцлага тооцох асуудлыг  сүүлийн хоёр, гурав хоногт л надруу чиглүүллээ. Би хариуцлага тооцох нь тооцно.

Гэхдээ яг ном журмаар нь асуудалд хандана. Энэ асуудал хариуцлага алдсан эсэх дүгнэлтийг хууль хяналтынхан дүгнэлт гаргасан тохиолдолд тийм тийм хүн хариуцлага алдсан гэдгийг нь тогтоож, хариуцлага тооцно гэж бодож байна. Хэн хариуцлага хүлээх ёстой гэдэг нь тогтоогдоно. Харин намайг хариуцлага тооц гэж байгаа зүйл бол захиалгатай зүйл. Намайг ажлаа өг гэж байгаа бол шал өөр зорилготой, өөр асуудал хурц хэлбэрээр илэрч гарч ирж дугуй эргэчих гээд байгаа учраас тэрнээс өрсч, далимдуулж байгаа зүйлүүд бий” гэж хэлсэн юм.


ХҮҮ С.ТӨМӨРБАТ: НАДАД ҮНЭ ЦЭНЭТЭЙ ХӨРӨНГӨ БАЙХГҮЙ, БАНКНЫ ХОЁР Ч ЗЭЭЛТЭЙ

Гавьяат хуульч Л.Бямбаа агсныг саатуулахдаа гэрийнхэнд мэдэгдээгүй, амиа алдсанаас хойш долоон цагийн дараа гэр бүлийнхэнд нь хэлсэн гэсэн мэдээлэл байгаа. Л.Бямбаа агсны хүү С.Төмөрбат Монгол HD, NTV телевизүүдэд яриа өгсөн юм. Түүний ярилцлагыг бүрэн эхээр нь хүргэж байна. 

“Монгол HD” телевизэд өгсөн яриа

Намайг Сандагдоржийн Төмөрбат гэдэг. Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд шүүгчээр ажилладаг. Сүүлийн үед манай ээжийн нас барсантай холбогдуулан интернет орчин болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр маш олон сөрөг мэдээлэл гарч байгаатай холбогдуулан ярилцлага өгөхөөр шийдсэн юм. Миний ээж амиа хорлох хүн биш ээ. Гадуур намайг ээжээ алдсан хүүгийн хувьд ингэж ярьлаа гэж бодох байх. Гэхдээ миний ээжийг мэдэх маш олон хуульч нар үүнийг нотолно. Сүүлийн үед зарим улс төрчдийн зүгээс Монгол улсын шүүх болон шүүгч нарыг өөрсдийнхөө улс төрийн тоглоом болгон ашиглаж байна. 

NTV телевизийн Live мэдээллийн хөтөлбөр гарсан мэдээлэл

Талийгаач 21:40 минутад нас барсан ч цагдан хорих байрны алба хаагчид 00:15 минутад цагдаад мэдэгджээ?

Манай өмгөөлөгч буюу миний эхнэр хагас сайн өдрийн өглөөнөөс эхлэн Хорих 461-р ангийн тоо бүртгэлийн ажилтан руу 20-30 минутын давтамжтай залгаж байсан. Тэдгээр ажилчид өнөөдөр түр саатуулах 48 цагийн хугацаа дуусч байгаа авилгатай тэмцэх газрынхан ирж гаргана гэж байсан. Харин цаг орой болох тусам тэд утсаа авахаа больсон бөгөөд бидэнд энд асуудал үүслээ гэж мэдэгдсэн. Ээжийн маань зүрхний цохилт сул, даралт нь ихэсч эмнэлэгийн хяналтад байдаг болохоор биеийн байдал муудсан байх л гэж таамагласан. 

-Та бүхэнд яагаад ингэж удаж мэдээлсэн гэж бодож байна. 

-Мэдэхгүй байна. Ямартай ч БГД-ийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн ажилчдад өгсөн мэдээллээр ээж маань 21:40 минутад нас барсан байсан ч хорих ангийнхан 00:15 минутад цагдаагийн байгууллагад мэдээлсэн байсан. Тэр хүртэл манай гэрийнхэнд ямарч мэдээлэл өгөөгүй. Мөн манай өмгөөлөгч эрхийнхээ дагуу ажлын өдрүүдэд ганцаарчилсан уулзалт хийх хүсэлт тавьсан ч уулзуулаагүй. Сэжигтнээр татсан тогтоолуудаа танилцуулаагүй. Одоо болтол манай гэр бүлд ямар ч албан ёсны мэдээлэл өгөөгүй байна. 

Миний ээж шүүгчээр олон жил ажиллаж олон хэрэг шийдэж байсан хүний хувьд гаднаас маш олон дарамт гүтгэлэг, доромжлол сонсож явсан. Тэр бүрийг даваад гарсан. Хувь хүний хувьд сэтгэлийн хаттай, асуудлыг бодит нөхцөл байдал, үйл явдалд тулгуурлаж шийвдэрлэдэг хүн. Хэзээ ч амиа хорлох хүн биш. Ээж минь тийм тэнхээгүй хүн байгаагүй. Ээжтэй минь хамт ажиллаж байсан олон зуун хуульчаас амиа хорлох хэмжээний хүн мөн үү гэж асууж тодруулах боломжтой. 

Манай ээж консент хуулийн фермэд хуульчаар ажиллаж байхдаа хуулийн зөвлөгөө өгөх, хууль зүйн дүгнэлт гаргах ажиллагаа л явуулдаг байсан. Надад Салхитын ордтой холбоотой ямар нэг мэдээлэл байхгүй. Гэхдээ ээжийн минь хувийн зан характерийн хувьд ямар нэг хууль бус үйлдэл хийх хүн биш. Тийм үйлдэл, баримт байхгүй гэж үзэж байгаа.  

-Салхитийн ордны мөнгөтэй холбоотой хэрэгт ээж тань хуулийн зөвлөгөө өгч байсан юм уу?

-Мэдэхгүй, ээжийн ажлын үйл ажиллагаатай би ямар ч холбоо байхгүй. 

-Та үндэслэлгүй хөрөнгөжсөн шүүгчдийн нэг гээд байгаа шүү дээ энэ талаар? 

-Нэр бүхий олон арван шүүгчдийн хөрөнгө орлогын мэдээллийн тайлбарыг авилгатай тэнцэх газар авсан. Миний бие хөрөнгө орлогын мэдээллээ 2015 оны 5 сард нотлох баримтын хамт тайлагсан байгаа. Үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх асуудал. Миний байгаа хөрөнгө гэвэл 2011 онд худалдаж авсан авто машин, хоёр орон сууц бий. Нэг орон сууц нь ипотекийн зээлээр авсан, нөгөөх нь шүүгч болохоос өмнө ажиллаж байсан байгууллагатай хийсэн хөдөлмөрийн гэрээгээр олгогдсон орон сууц байна. Өөр надад үнэ цэнэтэй гэж мэдээлэх хөрөнгө байхгүй. Банкны хоёр ч зээлтэй амьдарч байна. 

Нэмж тэмдэглэхэд, Л.Бямбаа агсныг амиа хорлох хэмжээний төлөвшилтэй хүн биш гэж өнөөдрийн байдлаар “дуугараад” байгаа талууд үзэж байна. Хуулийн өндөр мэдлэгтэй, насаараа хуулийн байгууллагад ажилласан, хуулиа мэддэг хүн саатуулах 48 цаг нь дуусч байхад ийм алхам хийсэн гэдэгт  итгэхгүй байх нь аргагүй. Тэгэхээр төрийн алба насаараа хашсан хуульч ТӨР-ийн байранд амиа алдсаны учир явдалд тухайн үеийн камерийн бичлэг үнэн зөв мэдээллийг өгнө.

Б.ОТГОНБАЯР

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

USD

Close
Close