Технологи

Хятадын сансрын хөлөг сарнаас дээж авчирна

Хятад улс 2019 оны сансар судлалын төлөвлөгөөгөө танилцуулжээ. Тэд сар руу дахин хөлөг илгээх бөгөөд энэ удаад сарнаас дээж авчирна хэмээн онцлов.

Хятадын төв телевизийн мэдээлснээр, тус улсын Сансрын шинжлэх ухаан болон технологийн корпораци (CASC) одоо байгаа сансрын хөлгүүд дээр нэмж 50 сансрын хөлөг хөөргөнө гэжээ. Үүний 30 гаруй хөлгийг энэ онд хөөргөхөөр төлөвлөөд байна. Хятад улс нэгдүгээр сарын 3-нд түүхэн явдал хийж, “Chang'e 4” судалгааны хөлгийг саран дээр амжилттай газардуулсан билээ. Уг хөлөг саран дээр газардсан даруйдаа сарны судлагдаагүй хэсгийн зургуудыг дэлхий рүү илгээсэн юм. “Chang'e 4” нь арванхоёрдугаар сарын 7-нд дэлхийгээс хөөрсөн бөгөөд 5 хоногийн дараа сарны тойрогт орсон. Хятадын Сансрын шинжлэх ухаан болон технологийн корпорацийн дэд захирал Бао Хуа Яанг хэвлэлийн бага хурлын үеэр гурав дахь “Long March 5” тээвэрлэгч пуужинг долдугаар сард хөөргөхөөр төлөвлөсөн хэмээн хэлж байсан юм. Хамгийн чухал нь дөрөв дэх “Long March 5” тээвэрлэгч пуужин нь “Chang'e 5” судалгааны хөлгийг тээвэрлэх бөгөөд оны сүүлээр саран дээр газардаж дээж авчирна хэмээн тооцоолж байгаа аж. Сарны дээжийг саванд битүүмжилж зөөвөрлөх бөгөөд лабораторийн судалгаа шинжилгээнд ашиглах юм байна. Сарнаас дээж авсан хөлөг онгоц Өвөрмонголын Улаан цав хотын Дөрвөд хошуунд буух юм. “Chang'e 5” сарнаас амжилттай дээж цуглуулж дэлхий рүү илгээж чадвал 1976 онд зөвлөлтийн  Luna 24 ”-ийн сарнаас чулуу илгээснээс хойшхи анхны амжилттай дээж цуглуулсан үйл явдал болно хэмээн Хятадын тал онцолсныг CNET мэдээлсэн байна.

Ц.ТАМИР

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

USD

Close
Close