Эдийн засаг

ЛэндМН компани 2,5 тэрбум төгрөгийн ашигтай ажиллажээ

Монголын Хөрөнгийн биржид бүртгэлтэй 216 компаниас гурван компани 2018 оны санхүүгийн тайлангаа танилцуулаад байна. Гадаадын Хөрөнгийн биржид бүртгэлтэй компани Монголд давхар бүртгүүлснээр хувьцаат компаниудын ил тод байдал, тайлагнал шинэ шатанд хүрч байгааг Монголын Хөрөнгийн биржийн Гүйцэтгэх захирал Х.Алтай онцолж байсан юм.

Үүнээс гадна 2018 онд IPO гаргаж хөрөнгийн захад шинээр хөл тавиад байгаа компаниудын засаглал хангалттай, сайн түвшинд байгаа ажээ. Тухайлбал, “ЛэндМН” компани 2018 оны санхүү, үйл ажиллагааны тайлангаа хамгийн түрүүнд танилцууллаа. Тус компани 2018 онд нийт 2.5 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласнаар хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг тараах нөхцөл бүрдсэн гэдгийг мэдээлж байсан юм.

Мөн Монголын Хөрөнгийн биржийн хоёрдугаар ангилалд бүртгэлтэй “Монгол савхи” компани 2018 онд 270 сая орчим төгрөгийн борлуулалттай ажилласан нь өмнөх оныхоос 9.4 хувиар буурсан үзүүлэлт болсон байна. Арьс, арьсан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг “Монгол савхи” компанийн хувьцааны ханш сүүлийн байдлаар буюу энэ сарын хоёрны байдлаар 480 төгрөг байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 50 хувиар буурсан үзүүлэлт болж байгаа юм.

Харин Төрийн өмчит Дарханы Дулааны цахилгаан станцын алдагдал 2018 онд 1.8 тэрбум төгрөг болсон байна. Алдагдлын хэмжээ 2017 оныхоос 25 хувиар буурсан дүн болж байгаа юм. Ийнхүү алдагдал буурахад гадаад валютын зөрүүний алдагдал буурсан нь гол нөлөө үзүүлсэн болохыг тус компанийн санхүүгийн тайлангаас харж болохоор байна.

Өнгөрсөн онд Монголын Хөрөнгийн биржид бүртгэлтэй 130 компани санхүүгийн тайлангаа танилцуулжээ. Өөрөөр хэлбэл бусад 80 гаруй компани 2017 оны тайлангаа хувьцаа эзэмшигчдэдээ танилцуулаагүй аж. Тиймээс хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалахын тулд санхүү болон үйл ажиллагааны тайлангаа танилцуулаагүй, хувьцаа эзэмшигчдийн хурлаа хийгээгүй компаниудыг бүртгэлээс хасах хүртэл арга хэмжээ авна гэдгийг Монголын Хөрөнгийн бирж сануулж байна.


Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

USD

Close
Close