Улс төр

М.Энхболд огцорсны маргааш!

М.Энхболдоос намын тамгыг нь булаасан У.Хүрэлсүх алхыг нь авахын тулд хоёр удаа өөрөө өөрсдийнхөө эсрэг жагсаалыг төрийн тэргүүнтэй хамтран зохион байгууллаа. Өмнө нь жагсаал зохион байгуулагчид нь ичээд ил гарч чаддаггүй байсан бол өдгөө улаан цагаандаа ч гарч.

М.Энхболдыг огцруулах, “иргэний үүрэг”-ээ биелүүлэхээр ирсэн жагсагчдын дунд Ерөнхий сайдын “дасгалжуулагчид”, Ерөнхийлөгчийн эхнэр, "Босоо хөх монгол"-чууд, бас болоогүй ээ ЗГХЭГ-ын дарга нь хүртэл тас хар шилтэй зогсож харагдав. Хэрэвзээ энэ жагсаалыг иргэд өөрсдөө зохион байгуулаад, утаа, ханиад, амьд явах, амьдрах эрхээ Засгийн газраас шаардсан бол иргэний үүргээ гүйцэтгэхээр эд нар ирэх байсан нь юу л бол.

УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулах үйл явц эгээ л "Манжингийн үлгэр" шиг өрнөж байна. Эхлээд 40 гишүүн ажил хаялаа, намын Бага хурал нь шийдвэрээ гаргалаа, дараа нь жагслаа, эцэст нь Ерөнхийлөгч хуулийн төсөл оруулж ирлээ. М.Энхболд өдгөө спикерийн алхаа өгөх нь цаг хугацааны асуудал болсон.

М.Энхболдод зориулсан Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг урд шөнийн чуулганы хуралдаанаар хэлэлцэх хүсэл олон гишүүнд байсан байх. Шөнөөр, иргэдийг унтаж байх хойгуур М.Энхболдыг чөлөөлөх нэрээр Монголын төрийн эрх мэдэлд халдах сонирхол лав ЖДҮчдэд байсан байх. Ил хэлсэн нь Л.Болд болохоос.

Гэвч, энэхүү хуулийн төсөл “унаад өгөхгүй унжаад байгаа" М.Энхболдыг огцруулахад зориулагдсан, жаран тэрбумынханд хариуцлага тооцож буй Ерөнхийлөгчийн санал, санаачилга огтоос биш бөгөөд бичиг үсэгт тайлагдсан болгоны олж харахгүй байгаа нэг аюул нь төрийн эрх мэдэлд халдаж буй үйлдэл нь юм.

Гэтэл Э.Бат-Үүл шиг “Монголын төрийг намын шийдвэрээр удирдах явдлыг 90 оны ардчилсан хувьсгалаар халсан юм. Түүнээс хойш намын шийдвэрээр төрийн хэргийг удирдах гэсэн завхруулга намуудын зүгээс л олонтоо гарч байсан. Хэдий тийм боловч чухам төрийн тэргүүн нь намын шийдвэрийг "ил барьж гүйсэн" тохиолдол ардчиллын үед хэзээ ч гарч байгаагүй! Гэтэл, Ерөнхийлөгч Х.Баттулга Ардын Намын дарга У.Хүрэлсүхийн “даалгавар”-аар хуулийн төсөл өргөн барилаа. Гайхмаар!" хэмээн уулга алдах ёстой, АН-ын нэр нүүрээр албан тушаал болгонд “хадаатай” ирсэн, ардчилагч, хувийн өмчтөнүүдийн гол төлөөлөгч Лу.Болд хоёр дахь долоон сарын 1-нийг уриалсан, өдөөн хатгасан үг яриад зогсч байгаа нь хамгийн аймаар байв. Л.Оюун-Эрдэнэ, Ж.Батзандан, Т.Аюурсайхан, Х.Нямбаатар нар бол яахав ээ, угаасаа хүнд "тасгийнхан".

Бүтэн өдөржин жагсаалд цаг заваа зарцуулсан УИХ-ын жагсагчид шөнө дөлөөр чуулганы хуралдаанаа зарлаж, УЕП-оос оруулж ирсэн дөрвөн ЖДҮчиний  бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцэх үеэр ЖДҮ бол цэвэр ариун зээл болоодохлоо. Уг нь цэвэр ариун зээлийг "цэвэр ариун биш нөхөд" авчихсанд л асуудал байгаа юм шүү дээ. Цэвэр ариун зээлийг бас цэвэр ариун зарцуулаагүй учраас л Улсын Ерөнхий прокуророос ийм бичиг оруулж ирсэн хэрэг, утгачилбал.

М.Энхболдыг чөлөөсний маргааш Улаанбаатар утаагүй болж, эмнэлгээр дүүрэн уйлж байгаа хүүхдүүд эдгэрч, “Нар баруунаас мандаж, навч цемент”-эн дээр цэцэглэж байвал яамай. Ингэж чадвал У.Хүрэлсүхэд хүрлээр бүү хэл алтаар хөшөө босгосон ч багадна.

Даанч, М.Энхболд огцорсны маргааш юу ч өөрчлөгдөхгүй, мөрийцье. Улс төр нь нөгөө л хэрүүлтэй, Улаанбаатар нь утаатайгаа байх болно. Бүр улам хэцүү өдрүүд ч ирж мэднэ. Шинэ цагийн хэлмэгдүүлэлт ч эхэлж мэднэ.

Угаасаа ч монголчууд бид хүртэх ёстойгоо хүртэж яваа ард түмэн. Сонгогчид нь боловсролтой, мэдээлэлтэй байсан бол юу гэж л МАН-д Монголын төрөөр тоглох үнэмлэхүй эрх мэдэл олгох билээ.

Ерөнхийлөгчийн санаачилсан, УИХ-ын тухай болон Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах “Олонх эсэргүүцсэн тохиолдолд УИХ-ын дарга огцрох”  хуулийн төслийг З.Энхболд бариад гүйж байгаа нь хүртэл “хүртэх ёстойгоо хүртэж  буй”-н нэгэн жишээ. 2012-2016 оны хооронд УИХ-ын дарга хийж ирсэн тэрбээр М.Энхболдод зориулсан хууль үндэсний аюулгүй байдал, ардчиллыг үгүй хийхэд хүргэнэ гэдгийг мэдэхийн дээдээр мэдэж байгаа нь лав. Ийм хууль санаачлан оруулсан, барьж гүйсэн нөхдүүд эргээд Ардчилсан намд алхаж орох нүүртэйгээ л үлдээсэй дээ.

Ийнхүү М.Энхболдыг огцруулсны маргааш хууль баталдаг, бодлого боловсруулдаг, төсөв зарцуулдаг бүх субъект нь хэрэг үүсгэдэг, хүн мөрддөг, тагнадаг, шалгадаг, шүүдэг хууль шүүхийнхэнтэйгээ, хэвлэл мэдээллийнхэнтэй хамт нэг хүний гарт очвол Монгол Улс яана аа. Жинхнээсээ энэ л айдас төрүүлж байна. Нэгэн цагт Ц.Нямдорж "Монголын төрийг мафижуулах, өөрөө загалмайлсан эцэг нь болох адал балмад, мөрөөдлөөсөө Х.Баттулга татгалзах цаг нь болсон" гэж ярилцлага өгч сууснаа өнөөдөр мартсан бололтой.

Эхний удаад эсрэг бодолтнуудаа ажлаас нь халж, огцруулж, хөөж, хөрөнгийг нь хурааж байна. Дараа нь хэн нэгний хүсээд байгаа цаазын ялыг сэргээчихвэл!

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

USD

Close
Close