Ярилцлага

О.Осоржамаа: Миний бэлгийн чиг хандлага “хэвийн”

О.Осоржамаа гэх нэрийг өнөөдөр мэдэхгүй хүн бараг үгүй байх. Магадгүй хүн бүр дотроо нэг удаа ч гэсэн энэ хүүгийн талаар бодож, дүгнэсэн биз ээ . Хар нялхаасаа хайрлаж анхаарах хүнгүй, айлаас айл хэсч зарагдаж хүн болсон энэ хүү их хотод хөл тавьсан нь 2010 он. Харин нийгмийн сүлжээгээр олонд танигдаж эхэлсэн нь 2016 он.

Төрсөн эцэг, эх, цусан төрлийн хамаатан садан ах дүүсээ ч мэдэхгүй энэ залууг 2016 оны сонгуулиар хэн нэгэн эрх мэдэлтний гар хөл болсон бүлэг хүмүүс гурван удаагийн давтамжтай лайв хийх ажил даатган, багахан хөлс иөнгө өгөөд, хэл амаа хаалттай байхыг сануулжээ. Сая гаруйхан төгрөгний төлөө өөрийгөө бусдад буруугаар ойлгуулсандаа тэр өдөр бүр харамсаж явдаг. Гэвч нийгэм нэгэнт ингээд хүлээгээд авчихсан учир эх орондоо амьдрах итгэл түүнд үгүй болсноо бидэнд ярилаа.

Уншигч та цагдаа нар зүгээр л гудмаар алхаж яваа О.Осоржамааг машиндаа суулган, хэсэг дээрээ аваачаад, бичлэгийг нь үзэн хэдэн цагаар хөхрөлддөг, мобайлаар торгуул нэрээр мөнгө шилжүүлэн авдаг. Өдрийн цагаар гэртээ ганцаараа суухдаа хүртэл байнга айдастай байдаг тухай, зүгээр л гэнэн цайлганаар бусдад итгэдэг талаар нь энэхүү ярилцлагаас уншаарай. Бид сенсаци хөөсөнгүй, түүнийг бас хөөргөж дэвэргэсэнгүй. О.Осоржамаа гэж хэн юм бэ гэх хүслээр түүний ертөнц рүү өнгийлөө.


- “ГОМО, ЛЕСБИ”, “ҮХЭЭЧ, ИНГЭЖ АМЬДАРЧ БАЙХААР” ГЭСЭН СЭТГЭГДЭЛ БИЧДЭГ-

-О.Осоржамаа энэ өвөл шөнийн цагаар архи дамлан зарах ажил хийсэн гэдэг нь үнэн юм уу?

-Энэ өвөл жаахан буруу наймаа хийж үзсэн нь үнэн. Шорлог зардаг байхдаа шөнийн цагаар архи дамлан зардаг хүмүүс байдгийг мэдсэн. Өвөл шорлогны наймаа зогсчихдог учраас энэ жил архи дамлан зарах ажлыг хийж үзлээ. Ер нь маш хүндрэлтэй, эрсдэлтэй ажил. Архи дамлан зардаг хүмүүсийн дунд би залуудаа орно. Ихэнхдээ 30-45 нас хүмүүс хийдэг юм байна. Заримдаа  16 настай хүүхэд ч орж ирэх нь бий. Эдгээр хүмүүс чинь бүгд л амьдрах гэж яваа. Тодорхой бэрхшээлүүдийн улмаас ажил олддоггүй, асуудалтай хүмүүс байдаг. Шөнө хүн унтах ёстой байтал тэд ажиллаж байна.

-Одоо энэ ажлаа хийж байгаа юу?

-Одоо хийхгүй, зогсоосон. Өөр ажил хийхээр хайж байна.

-Чамд ойрын үед ямар төлөвлөгөө, зорилго байна?

-Гадаад руу явж амьдрахыг л хүсч байна. Энэ их чухал байгаа. Гадагшаа явахад ямар бичиг баримт хэрэг болдог,  юу хэрэгтэй вэ гэдгийг би өөрөө мэдэхгүй. Тиймээс хүмүүсээс зөвлөгөө авч, мэдээлэл цуглуулж байна.  Монголд амьдрахад О.Осоржамаа гэдэг хүний хувьд их хэцүү. Тиймээс гадны оронд очиж, ажил хийгээд сайхан амьдаръя  л боддог.

-Чамд ойр дотны хүмүүс, цусан төрлийн ах дүү байдаг уу?

-Байхгүй ээ. Хувь хүнийхээ хувьд ч би хүмүүст найдахыг хүсдэггүй. Багаасаа хөдөө, гадаа өсчихсөн учраас  зожиг зантай. Хүмүүст дотны сайхан найзууд байдаг. Харин надад бол үгүй. Би ийм байхыг ч  хүсдэггүй. Ганцаараа, өөрөө өөрийгөө болгоод л явдаг.

-Ямар ч найз нөхөдгүйгээр чи өөрийнхөө ертөнц дотор амьдраад л явах нь заримдаа хэцүү санагддаггүй юм уу?

-Яг тийм сэтгэгдэл бол төрдөггүй. Би энэ нийгэмд хүн болж төрснийх, өөрийнхөөрөө байх ёстой. Хүсэл мөрөөдлийнхөө төлөө зүтгээд, түүндээ хүрчихвэл илүү олон боломжууд нээгдэнэ. Тэр үед найз нөхөдтэй болно гэж боддог. Миний хамгийн ихээр биелүүлэхийг хүсч байгаа мөрөөдөл бол гадаад оронд амьдрах. Учир нь, Монголд байх хэцүү. Өөрийнхөөрөө байгаа, миний ийм нөхцөл байдлыг хүлээж авдаггүй. Тогтмол ажил олдох боломж надад олдохгүй байна.

-Ажилд орох гэж уйгаггүй явж үзсэн үү. О.Осоржамаа гэдэг хүнийг хэрхэн хүлээж авч байна?

-Нэг хэсэг эрчимтэй ажил хайж үзсэн. Энэ тэнд хүрээд ир гэж дууддаг. Яваад очихоор ажлынхан нь хүмүүс инээж шоглодог. Нэгэндээ “Нөгөө О.Осоржамаа чинь энд ирчихэж” гээд л. Манай эмэгтэйчүүд их аальгүй, шооч зантай. Нүдээр үзээгүй хирнээ чихээр сонссон зүйлдээ итгэдэг зантай. Сонссон зүйлээ хүн болгонд яриад л явдаг. Мөн хүйсээр нь ялгаварлан гадуурхаад байх шиг санагддаг.

-Хүйсээр ялгаварлан гадуурхдаг гэдэг нь?

-“Чи эрэгтэй юмуу, эмэгтэй юм уу” гэж асуудаг. Үргэлж ийм зүйл тохиолдоод байхаар хүн сүүлдээ хаширчихдаг юм билээ. Би ер нь шантарсан. Миний нүүр хуудсан дээрх постуудын дор бичсэн сэтгэгдлүүд ийн ихэнх нь “Гомо, лесби”, “Үхээч, ингэж амьдарч байхаар” гэх мэтээр бичдэг.


-ЭМЭГТЭЙ ХҮНИЙ ХУВЦАС  ӨМСӨЖ,  ГУРВАН УДААГИЙН БИЧЛЭГ ХИЙСЭН НЬ “МӨНГӨНИЙ АЖИЛ” БАЙСАН-

-Уучлаарай, энэ асуулт эвгүй байвал та хариулахгүй байж болно. Яг бэлгийн чиг хандлагын хувьд өөрөө...?

-Шууд утгаараа та намайг хүмүүсийн ярьдаг шиг үү гэж асууж байна, тийм үү. Трансжэндер, гей, гомо гээд бэлгийн чиг хандлага нь ондоо байдаг. Миний хувьд бол, бэлгийн  чиг хандлага  хэвийн. Эмэгтэй хүний хувцас өмсөж хийсэн үйлдэлтэй минь хамааруулж, миний бэлгийн чиг хандлагыг хүмүүс өөр гэж тааварладаг. Үнэндээ тэр нь олон нийтийн анхаарлыг татах зорилготой “ажил байсан”. Үүнийг л хүмүүс буруугаар ойлгосон. Би одоо үүнийг хүмүүст хэрхэн зөвөөр ойлгуулахаа мэдэхгүй байна. Нэг тийм хувцас өмсөөд явчихсан учраас тэр чигээр нь хүлээгээд авчихдаг юм байна. Монголд бэлгийн чиг хандлага нь өөр олон хүмүүс байдаг.

-Бэлгийн чиг хандлага нь өөр хүмүүс чамтай хамтай харилцаа үүсгэхээр холбогдож байсан уу?

-Үгүй. Бэлгийн сонирхлоор бол холбогдож байгаагүй. Цөөнхүүд намайг ална, зодно гэж дайрч байсан тохиолдлууд бол бий.

-Дээр яриандаа дурдсан “Ажил байсан” гэдгийг  тодотгож ярьж болох уу?

-Эмэгтэй хүний хувцас өмссөн нь мөнгөний ажил байсан. Тухайн үед гурван удаагийн давтамжтайгаар эмэгтэй хүний хувцас өмсөж, элдэв ааш аяг үзүүлэхийг надад нэр бүхий хүмүүс санал тавьсан юм. Надад тэд “пээжийн хандалт өсгөх гэсэн юм” гэж тайлбарласан. Лайвынхаа үед хэлэх үгүүдийг өөрсдөө бичиж өгдөг байсан.

-Нэг удаагийн бичлэгээсээ хэдэн төгрөг авсан бэ?

-Нэг удаагийн бичлэгийн хөлсөнд 350 мянган төгрөг авсан. Гурван удаагийн бичлэгэнд орсон.

-Энэ нь гэхдээ тухайн үеийн чиний сахилгагүйтэх, түр зугаацах тийм сэдэлтэй нийцсэн үү?

-Ер нь бол тийм. Гэхдээ дараа нь маш их харамссан.

-Чамд энэ ажил ашигтай байж чадсан уу?

-Улаанбаатар хотод мөнгөгүй л бол нэг хоноход ч хэцүү. Тэр тусмаа над шиг ямар ч туслах хүнгүй, ганцаараа бүхнийг болгож  яваа хүнд  ажлын санал ороод ирэхээр татгалзаж чаддаггүй юм билээ. Надад тэр мөнгө нээх юм болоогүй.  Будаа, гурил, саван, вок, түлээ нүүрс, хашааны түрээс гээд л гарын салаагаар урсаад өнгөрсөн. Гэхдээ би нэг зүйлийг ойлгосон. Амархан олсон мөнгө хүнд ая тусгүй гэдгийг мэдсэн. Өөрөө нойр хоолоо хасч хөдөлмөрлөж олсон  мөнгө илүү үр өгөөжтэй зарцуулагддаг. Миний шорлог зарж олсон мөнгө надад хамгийн үнэтэй. Тэр мөнгөний ачаар би өдий зэрэгтэй, энэ хүртэл явж ирлээ.

-Яг сонгуулийн үеэр чиний бичлэгүүд цацагдаж эхэлсэн. Энэ нь  улс төрийн хүрээний тодорхой асуудлуудыг дарах, олон нийтийн анхаарлыг өөр зүг рүү эргүүлэх гэсэн зорилготой байсан гэж хардагддаг?

-Тийм ээ. Яг сонгуулийн үеэр шүү дээ. Сонгуулийн үеэр олон нийтийн анхаарлыг татах зорилгоор янз бүрийн л зүйл хийдэг. Тэдгээр ажлын нэгээхэн хэсэг нь миний бичлэг байсан гэж ойлгож болно. Сонгуулийн үеэр ажлын санал их ирсэн. Яг тэр намаас, энэ намаас гэж би яримааргүй байна. Цаасан дээр гэрээ хийгээгүй ч би амлалт өгсөн юм.

-Тухайн үед чиний өмсөж байсан хувцас, хэлсэн үг сэлтийг цаанаас нь бэлдэж өгч байсан хэрэг үү?

-Бичлэг тодорхой давтамжтайгаар цацагдсан. Эхний удаа ингэж ярь. Дараа нь ингээд үзүүлчих гэхчлэн заавар өгч, хэрэглэлүүдийг бэлтгэж өгсөн. Тэр хүмүүс миний лайвыг үзээд, надтай холбогдсон. Одоо ямар ч холбоогүй.

-Тэр хүмүүс чамд дахин хандсан уу?

-Үгүй. Тэгээд л холбоо тасарсан. Одоо тэр хүмүүсийг мэдэхгүй.

-Чи дараа нь олон нийтэд зөвөөр ойлгуулъя гэж бодоогүй юм уу?

-Өдөр бүр хүмүүст өөрийгөө зөвөөр ойлгуулах юм сан гэж боддог. Гэхдээ зөвөөр ойлгуулахад их хэцүү нөхцөл байдал үүсчихсэн л дээ.  


-ХҮМҮҮС О.ОСОРЖАМААГИЙН АМЬДРАЛААР НЭГ ХОНОГ Ч АМЬДАРЧ ҮЗЭЭГҮЙ-

-Чиний бэлгийн чиг хандлага хэвийн. Бас тэр бичлэгүүдийг чи өөрийн хүслээс давж, хүмүүсийн захиалгаар хийсэн юм байна. Үнэндээ чи хүсэл мөрөөдөлтэй, хөдөлмөрч, залуу хүн юм байна. Одоо энгийн амьдралаар амьдарчихаж болдоггүй юм уу?

-Хүмүүс тэгж хэлдэг. Ярихад, хэлэхэд амархан л даа. Гэхдээ тэр хүмүүс О.Осоржамаагийн амьдралаар нэг хоног ч амьдарч үзээгүй. Надтай хамт нэг цаг ч байж үзээгүй. Би одоо 24 настай. Энэ хүртэл О.Осоржамаа гэдэг хүн ямар зовлонтой амьдралыг туулж өдий хүрснийг хэн ч мэдэхгүй. Тэгэхээр өөр өөрсдийнхөө амьдралын оронд намайг тавьж үзээсэй. Ярихад амархан байдаг шиг  асуудалд хандаж, битгий сэтгээсэй гэж би хүсдэг. Яг үнэндээ би одоо Монголд гэр бүл зохиогоод, энгийн сайхнаар амьдрах боломжгүй. Монгол охид хэн нь ч намайг сайхнаар хүлээж авахгүй. Үүнийг би маш сайн мэднэ. Автобусны буудал дээр охид намайг харангуутаа зугтчихдаг. Энэ нь надад маш эвгүй санагддаг. Амьдрал зохиолоо гэхэд, би өөрөө эхлээд амьдралаа сайн цэгцлэх ёстой.Айлын охиныг сайхан авч явах ёстой гэж боддог.

-Шууд байдлаар эрхэнд тань халдаад байдаг учраас чи зориггүй, ингэвэл яах бол гэсэн айдастай болжээ?

-Тийм ээ. Биед халдах тохиолдлууд маш их гардаг. Утас булааж авна, хэрүүл өднө. Шорлог зарж байхад зодох, төмрөөр хатгах, хэрэглэлүүдийг маань бутраах, дэвсэлж эвдлэх зэрэг тохиолдлууд зөндөө л гардаг. Гэхдээ нөгөө талаас сэтгэлээрээ туслах хүмүүс цөөхөн ч гэсэн гарч ирдэг юм.

-Чи багаасаа хэцүү амьдралыг туулсан. Гэсэн ч ганцаараа өдийг хүртэл амьдарч, асуудлууд даван гарсаар ирсэн. Харамсалтай нь, нийгмийн чамайг хүлээн авч байгаа байдлаас үүдээд Монголд амьдрах зүрхийг нь авчихжээ гэж ойлгогдоод байна?

-Ер нь бол тийм. Тэдгээр бичлэгүүдээс хойш би айдас дунд амьдарч байгаа. Тэрнээс өмнө би лайв хийдэг байсан. Би хамаатныхаа айлд бага насаа өнгөрүүлж, ганцаардсан үедээ өөрөө өөртэйгөө ярьж, тэмцэж ирсэн. Лайв хийж эхэлсэн нь өөрийгөө хурцлах нэг хэлбэр л байсан. Дараа нь хүмүүс санал тавьж лайвууд хийсэн. Одоо бол Монголдоо ажил хийгээд эвтэйхэн амьдарчихна гэсэн итгэл алга.

-Аль улс руу явах хүсэлтэй байна?

-Намайг өргөж авсан ээжийн хүү нь БНСУ-д байдаг юм. Тэр ахыгаа түшнэ гэж бодож байгаа. Хүмүүс янз бүрийн олон орны нэр хэлээд хөөцөлдөж үзэхийг санал болгодог. Гэхдээ би огт мэдэхгүй,  түших тулах хүнгүй газар  очоод яаж эвээ олж амьдрахаа төсөөлч чаддаггүй. Хүмүүс зориудаар олны анхааралд өртөөд, дараа нь цагаачлал хүсдэг гэсэн. Миний хувьд анхнаасаа ийм зорилго бол агуулаагүй. Надаас  яагаад ч тийм заль мэх гардаггүй. 

-Хүний эрхийг хамгаалах чиглэлийн байгууллагууд чам руу хандаж байсан уу. Чи өөрөө хандаж байсан тохиолдлууд  бий юу?

-Байхгүй.