Үйлдвэрлэгчид

О.Уранцэцэг: Д.Сосорбарам, С.Жавхлан, Г.Эрдэнэчимэг, Р.Анхням нар миний бүтээлийг сурталчилдаггүй

Монголчуудыг нэгтгэж, нэг үндэстэн гэдгийг нотлох нэгэн чухал зүйл бол Монгол үндэсний хувцас. Дээл нь монгол үндэстний өвөрмөц онцлогийг тодорхойлдог хамгийн энгийн бөгөөд хамгийн үнэмшилтэй соёлын нэгэн үзүүлэлт юм. Манай сурвалжлах баг энэ удаад “Үйлдвэрлэгч” буландаа үндэсний дээл, хувцасны соёлыг чадварлаг ур хийц, мэдрэмж, авьяасаараа дэлгэрүүлж буй "Эртний Монгол хийц" урланг зорьсон юм. "Гоёл" наадмын гранпри, үндэсний хувцасны тэргүүн, дэд байрын шагналт дизайнер О.Уранцэцэг урлангаа 2012 үүсгэн байгуулсан.

Орон сууц түрээслэн үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн О.Уранцэцэг тэргүүнтэй "Эртний Монгол хийц"-ийн хамт олон өнөөдөр Зайсан толгойн зүүн талд, өөрсдийн шинэ урлантай болж өргөжсөн байна. Эднийх үндэсний дээл хувцас, өв соёлын үнэ цэнийг мэдрүүлэх “Эртний монгол хийц” үзэсгэлэнгээ өнгөрөгч хоёрдугаар сард ХААН Галерейд толилуулсан билээ. Үзэсгэлэнд загвар зохион бүтээгч О.Уранцэцэгийн урт хугацааны хөдөлмөр, ур ухаанаа шингээж урласан бүтээлүүд дэлгэгдсэн юм. Биднийг очиход хатагтай О.Уранцэцэг өвөрмөц тансаг шийдэл бүхий урландаа тухлан саатахыг урьж уриалагхан угтсан юм.


О.УРАНЦЭЦЭГ: НЭГ ӨДӨР Ч АМРАХГҮЙ АЖИЛЛАЖ ИРСЭН О.Уранцэцэгийн хувьд нягтлан мэргэжлийг эзэмшсэн хэдий ч 2012 оноос хойш хүсэл сонирхолдоо хөтлөгдөн хувцас загварын ертөнцөд нэг өдөр ч амралгүй, цаг минут алгасалгүй ажиллаж  иржээ. Тэрээр өөрийн оюун билэг, авьяас ур чадвараараа олж авсан "мэргэшсэн" мэргэжилдээ дэндүү хайртай.

-Анх энэ салбарт хэрхэн орж байсан бэ? Яагаад заавал үндэсний хувцас урлах болсон талаараа сонирхуулаач?

-Албан ёсоор үйл ажиллагаагаа явуулж эхлэхээс өмнө би загвар, дизайнд маш их сонирхолтой, хүсэл эрмэлзэлтэй байсан. Монгол хүн болж төрсөн хэргээ яаж гаргах вэ гэж их бодно. Тэгээд үндэсний хувцас бол бидний өв соёл, үнэт зүйл гэдэг утгаараа ийшээ татагдаж дурлаж эхэлсэн.  Намайг эхэлж байхад үндэсний хувцасны хэрэглээ өнөөдрийнх шиг байгаагүй. Аргагүйн эрхэнд үндэсний баяр наадмуудаар өмсөж хэрэглэдэг, хуучны хувцас гэсэн ойлголттой байсан. Тийм ч учраас үндэсний хувцас соёлын үнэ цэнийг хүмүүст мэдрүүлж өдөр тутмын хэрэглээнд нэвтрүүлэх зорилгоор мөн өөрийн хүсэл сонирхолтойгоо нийцүүлэн дээл, өмсгөлөө шамдан урлаж байсан. Одоо харахад их зүйл өөрчлөгдсөн. Залуус үндэсний хувцсаа өдөр тутамдаа өмсөж, авч үлдэх өв соёл юм байна гэдгийг ойлгодог болсон.

-Анх энэ ур ухаанд хэрхэн суралцсан бэ?

-Миний ээж одоо ная гаруй настай ч дээл, хувцас бүхий л зүйлээ өөрөө оёод өмсчихдөг. Нутаг усандаа нэртэй, уран хүн. Ээжийн минь нөлөөлсөн үү би бүр багаасаа оёх сонирхолтой байсан. Ер нь манай гэр бүлийнхэн урлагт дуртай хүмүүс л дээ. Миний нөхөр зураач. Энэ бүхэн бүгд надад нөлөөлж намайг урамшуулж, хурцалж ирсэн гэж боддог.  Мөн хүмүүс их гоё хүлээж авдаг. Ямар гоё өвөрмөц чамин хийцтэй юм бэ гэдэг үгийг байнга сонсож ирсэндээ их баярладаг.