Улс төр

С.Амарсайханы “атамандалт”

МАН доторх ширүүн өрсөлдөөнөөс хүчээр шахам хотын даргаар сонгогдсон С.Амарсайхан ажлаа авсан даруйдаа гэрэлт гудамжийг хаана гэдгээ мэдэгдсэн. Гэрэлт гудамж бол хотын дарга асан С.Батболдын санаачлан хийлгэсэн цөөхөн ажлуудын нэг билээ. Олон нийт гэрэлт гудамжийг хаах шийдвэрийг замын түгжрэл үүсэхгүй, залуус архидан согтуурах нь багасна гэх үүднээс эерэг хүлээж авсан билээ.

Нөгөө талаас хотын иргэд урин дулаан цагаар шөнийн гэрэлт гудамжинд чөлөөт цагаа өнгөрүүлж, сонирхолтой арга хэмжээнд оролцон, үзвэр, тоглолт үздэг тул эсэргүүцэх иргэд ч байв. Олон улсад гэрэлт гудамжны жишиг ч түгээмэл. Аялал жуулчлал хөгжих нэг таатай нөхцөл болдгоороо давуу талтай. Тиймээс ч  хэт харалган байдлаар асуудалд хандлаа гэх утгаар хотын шинэ даргыг иргэд шүүмжилсэн юм.

Улмаар өчигдөр Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн ээлжит хуралдааны үеэр “Цэнгээний газруудын зэрэглэл болон ажиллах цагийн хуваарийн хязгаарыг тогтоох хэрэгтэй. Өглөөний 04.00 цаг хүртэл архидан согтуурдаг явдал байж болохгүй. Хотын дүрэм батлах тухай ажлын хэсгийн саналыг авч оршин суугчид, иргэд рүү чиглэсэн, өдөр тутмын амьдралын хэмнэлийг тусгасан товч тодорхой боловсруулан дараагийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэх нь зүйтэй. Иргэдэд чиглэсэн зөв амьдрал, дадал хэвшилд уриалсан уриалга байх ёстой” гэж дуугарсан нь олны анхаарлыг татлаа.

Хотын даргын уг байр суурийг олон янз бүрээр хүлээж авлаа. Нэг хэсэг нь “Зөв, ингэж байж архидан согтууралт багасна” гэх өнцгөөс хандаж байхад “Архины үйлдвэрүүдтэйгээ эхлээд тэмцэх хэрэгтэй. Залуусын чөлөөт цаг заваа зөв боловсон өнгөрүүлэх газрыг эхлээд бэлд” гэж үүднээс  сэтгэгдлээ илэрхийлж байгаа юм. “Хотын даргын өрөөг солихгүй, засвар хийхгүй” гэж мэдэгдэж байсан С.Амарсайхан өмнөх шийдвэрүүдийг нь харин энэ мэтээр нэлээд хөдөлгөх бололтой.

Гол нь түүний удаах шийдвэрүүд С.Амарсайхан гэдэг хувь хүн рүү чиглэсэн пиар битгий байгаасай. Амьдралтай, нийслэлчүүдэд ээлтэй байгаасай гэх хүлээлт үүсгэлээ.Цаашид хэт их попорч,хувийн хэвшлүүдийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөх шийдвэрүүд гаргах байдлаар имиж хөөх вий гэх болгоомжлол ч байгаа юм.

Г.ИТГЭЛ

 

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

USD

Close
Close