Гадаад мэдээ

ШИНХУА: БНХАУ дэлхийн энх тайван, хөгжлийн гол хүч нь байх болно

БНХАУ-ын томоохон хэвлэлүүдийн нэгд зүй ёсоор багтдаг Шинхуа агентлагийн нийтлэлч Лианюуигийн нийтлэлий орчуулан хүргэж байна.

ХӨГЖЛИЙН ТӨЛӨӨ ГЭСЭН ИТГЭЛ ҮНЭМШЛЭЭР ЯВАХ НЬ ЭНЭ УЛС ҮНДЭСТНИЙ ГЕНД БИЙ

“Хятадын заналхийлэл”, “Хятадын нуран уналт” зэргээр олон арван жил яригдаж ирсэн ухагдахуун нь  барууны ажиглагчдын таамаг төдий ойлголт бөгөөд үүнийг үнэн гэж батлах аргагүй юм.  1949 онд Бүгд Найрамдах Хятад Ард Улс байгуулагдсанаас хойш бид дэлхийн хоёр дахь том эдийн засгийг бүрдүүлж, дотоодын нийт бүтээгдэхүүн нь 90 их наяд юань буюу 13,4 их наяд ам.доллараас даваад байна. Мөн нийгэм, соёл, шинжлэх ухаан болон бусад салбартаа асар том ахиц дэвшил гаргасан.

Дайн хийж бусдыг тонон дээрэмдэж хөгжсөн зарим  нэг улс оронтой адилгүйгээр Хятад улс нь иргэдийнхээ шаргуу хөдөлмөрийн ачаар хөгжиж чаджээ. Бээжинд явагдаж буй хоёр чуулганы үеэр Хятадын хууль тогтоогчид, улс төрийн зөвлөхүүд ядуурлыг бууруулахаас эхлээд үндэсний хөгжлийн шинэ санаа, гадаадын хөрөнгө оруулалтын тухай шинэ хууль гаргахад чиглэсэн хөгжлийн гол асуудлуудыг хэлэлцлээ.

Засгийн газраас хууль тогтоогчдод өргөн барьсан тайланд “Хятад улс тайван замаар хөгжих, харилцан ашигтай байх, хүн төрөлхтний хүмүүнлэг нийгмийг бүтээхийн төлөө” хэмээсэн өмнөх амлалтаа дахин баталгаажуулав. Хятад улс улам хүчирхэг болох боловч бардамнаж биш, энх тайванч, хөгжлийн төлөө гэсэн итгэл үнэмшлээр явах нь энэ улс үндэстний генд бий.

Эртний хятад үгэнд “Хэдий том гүрэн байлаа ч дайтаж буй бол мөхөх л болно” гэдэг. Түүхийн явцаас харвал Хятад хүн хүчтэй, баян байх тусмаа сул дорой, ядуу нэгнээ дээрэлхэж үл болно гэж үздэг байжээ. 1840, 1949 онд Опиумын дайнаас болж Хятадын орчин үеийн шинэчлэл рүү үсрэх явц хэд хэдэн удаа тасалдсан. Гадаадын түрэмгийллийн гамшигт дурсамж болон өөр бусад олон шалтгаанаас болоод Хятадууд энх тайвныг дэмжиж ирсэн бөгөөд бусдыг өөрсөд шигээ зовохыг хэзээ ч харахыг хүсээгүй нь тэр. Хятад улс цаашид ч хөгжин цэцэглэж, хүч нэмэх урт аялалдаа ямар нэгэн саад тотгор хүсэхгүй байгаа.

ИХ ГҮРНИЙ ДЭЭРЭНГҮЙ ҮЗЭЛ ГЭДЭГ ОЙЛГОЛТ БИДНИЙ СОНГОЛТ БАЙГААГҮЙ, БАЙХ Ч ҮГҮЙ

Их гүрний дээрэнгүй үзэл гэдэг ойлголт бол хэзээ ч бидний  сонголт байгаагүй, байх ч үгүй. Хятад улс тогтвортой хөгжлийн орчин, түүний үнэ цэнийг маш сайн мэддэг. Тиймээс бүс нутаг болон дэлхийд энх тайвныг тогтоон барихад удаан хугацаанд үгээрээ биш үйлдлээрээ хувь нэмрээ оруулж ирсэн байдаг. Солонгосын хойгоос өмнөд Хятадын тэнгис болон Ойрхи Дорнодод Хятад улс үргэлж тайван замаар яриа хэлэлцээр хийж ирсэн.

1990 оноос хойш Хятад улс НҮБ-ын 30 орчим энхийг сахиулах үйл ажиллагаанд өөрийн 40 мянган энхийг сахиулагчийг илгээсэн.  Энэ нь НҮБ-ын Аюулгүй Ажиллагааны зөвлөлийн байнгын гишүүн таван орноос хамгийн их нь болж буй бөгөөд манайх энхийг сахиулах үйл ажиллагааны хоёр дахь том хандивлагч орон. Олон талын оролцоог тууштай, үнэнч дэмжигчийн хувьд Хятад улс НҮБ-д төвтэй олон улсын системийг дэмждэг. Эрт цагаас эхлэн Хятад хүмүүс бүх нийтийн эв нэгдэлтэй ертөнцөд итгэж хүлээж ирсэн. Ирээдүйн, хүн төрөлхтний хүмүүнлэг нийгмийг хамтран цогцлоох хүсэл нь глобалчлагдаж буй энэ эринд Хятадын оюун санааны нэг хэсэг байх болно.

Хөгжилд хүрэхийн тулд холбогдсон дэд бүтцийг хөгжүүлэх ёстой. Иймээс “Нэг бүс-Нэг зам”-ыг Хятадууд 2013 онд санаачилсан. Уг санаачилагад 123 улс, 29 олон улсын байгууллага гэрээнд гарын үсэг зурж нэгдсэн. Одоог хүртэл эргэлзэж байгаа улсууд аль аль талдаа ашигтай энэ галт тэргэнд суухад хэзээ ч оройтохгүй. Харин хоцрогдсон зөрүүд сэтгэлгээтэй, өөрсдөө болон өрөөлийг нэгдэхийг эсэргүүцэж байгаа улс ямар ч ашиггүй үлдэх болно. Хятад улс маш том боломжуудыг авч ирж байсан, цаашид авчирсаар ч байх болно. Хятад улс дэлхийн энх тайван болон хөгжлийн гол хүч нь байх болно.

Ц.ТАМИР

ЭХ СУРВАЛЖ: XINHUA

 

 

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

USD

Close
Close