ШШГЕГ: Хариуцлага алдсан алба хаагчдыг ажлаас нь халлаа

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Урьдчилсан хорих 461-р ангид амь насаа алдсан гавьяат хуульч Л.Бямбаагийн үхэлтэй холбоотойгоор ШШГЕГ-аас дотоод хяналт шалгалт явуулж дууссан талаар  сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Мэдээллийн эхэнд ШШГЕГ-ын дарга Ц.Амгаланбаяр “ШШГЕГ-ын даргын тушаалаар ШШГЕГ-ын дэд даргаар ахлуулсан ажлын хэсэг байгуулж, дотоод хяналт шалгалтын ажлыг хийж гүйцэтгэлээ. Өнөөдөр Ерөнхий газрын даргын зөвлөлийн хурлаар уг шалгалтын дүнг хэлэлцээд тодорхой шийдвэрүүдийг гаргасан. Шалгалтаар тухайн үед үүрэг гүйцэтгэж байсан алба хаагчид тухайлбал, давхрын харуул хамгаалалтын ажилтан, дүрс бичлэгийн ажилтнууд ажлын байран дээрээ сонор сэрэмж алдсан.

Мөн ерөнхий эргүүлээр ажиллаж байсан  ээлжийн дарга, ерөнхий эргүүл нар хариуцлага алдаж хяналтаа сулруулсан нь шалгалтаар тогтоогдсон. Тиймээс шалгалтын дүнг хэлэлцээд 461 дүгээр ангийн дарга болон харуул хамгаалалт эрхэлсэн дарга, бусад холбогдох ажилтнуудыг албан тушаалаас нь чөлөөлсөн" гэсэн мэдээлэл өгсөн юм. 

Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад дараах хариултыг өглөө. 

-Ар гэрийнхэн нь хорих ангийн даргийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан гэх мэдээллийг өгч байна?

-Тийм зүйл байгаагүй. Хэрэг гарсан өдөр хорих ангийн дарга талийгаачийн ар гэрийнхэнтэй уулзаагүй. Харин уг хэргийг шалгаж байсан прокурор, цагдаагийн ажилтнуудтай хамт байсан. Хэрэв согтууруулах ундаа хэрэглэсэн байсан бол бидэнд энэ талаар мэдээлэх байсан.

-Талийгаачийг нас барснаас хоёр цагийн дараа цагдаагийн байгууллагад мэдэгдсэн байсан. Эдгээр алба хаагчид ажлын байрандаа байгаагүй гэж ойлгож болох уу?

-Хариуцлага алдсан алба хаагчид сонор сэрэмж алдсанаас дээрх асуудал үүссэн. Тиймээс тухайн алба хаагчдад хариуцлага тооцсон.

Г.ИТГЭЛ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

USD

Close
Close