Үйлдвэрлэгчид

СУРВАЛЖЛАГА: Гэр бүлээрээ цагийг үр дүнтэй өнгөрүүлэх боломжтой “Керамик Арт Студи”

Ихэнх гэр бүлүүд амралтын өдрийг төдийлөн үр бүтээлтэй өнгөрүүлж чаддаггүй. Үр бүтээлтэй өнгөрүүлэх газар ч тун цөөн байдаг. Иймээс танай гэр бүл болон найз нөхдөөрөө цагаа үр бүтээлтэй өнгөрүүлж болохуйц “Керамик арт студи” хэмээх нээлттэй урланг сурвалжиллаа. 

Уг урлан нь 2009 оноос эхлэн үйл ажиллагаа явуулж байгаа. Анхандаа зөвхөн урт хугацааны сургалтыг хийдэг байжээ. Гэвч хүмүүсийн санал хүсэлтийн дагуу нэг удаагийн сургалтыг явуулах болсноор бүх хүнд нээлттэй урлан болсон байна. Ихэвчлэн хүмүүс өөрийн гараар цор ганц бүтээл урлан, хайртай дотны хүмүүсдээ бэлэглэх юмуу, хадгалах зорилгоор ирдэг. Гэвч сүүлийн үед анги хамт олноороо, эсвэл гэр бүлээрээ ирэх нь их болсон хэмээн ярьж байлаа.

“Керамик арт студи” нь шаазан эдлэлийн нээлттэй урлан болон “Jumping day” баримлын шаврын сургалт, уран зургийн сургалт, кофе шоп зэрэг олон төрлийн үйл ажиллагаа явуулдаг байна. Үүнээс керамик урлалын заал нь хамгийн том нь. Бүх насныхан хамтдаа цагийг өнгөрүүлэх боломжтой. Ингээд Керамик урлалын багш Х.Алтантуяатай ярилцаж, урлантай танилцлаа.


Х.АЛТАНТУЯА: МИНИЙ ХУВЬД ХҮРДЭЭР ХИЙСНЭЭС ИЛҮҮ ГАРААРАА ХИЙСЭН НЬ НАДАД ИЛҮҮ ГОЁ САНАГДДАГ

-Нэг удаагийн сургалтаар хэр их зүйл сурч болох боломжтой вэ?

-Нэг удаагийн багц буюу “Pottery day” үйл ажиллагаа юм л даа. Керамик маань өөрөө олон шат дамжлагатай учраас эхний шатыг энэ сургалтаар олгож байгаа. Керамик урлалыг ер нь цэцэг услаж арчлахтай зүйрлэж болох юм. Манай урлан дэлхийн стандартын дагуу бүх зүйлээ хийдэг, стандартад нийцсэн. Харин үнийн хувьд материалны үнийг оролцуулан бараг маш хямд үнэлгээтэй байгаа. Хүүхэд 30 мянга, том хүн 40 мянган төгрөг бөгөөд сургалтаар хийсэн бүтээлээ 14 хоногийн дараа бэлэн болохоор ирж авна.  

-Олон шат дамжлагын талаараа? 

-Таван шат дамжлагатай. Эхний шатлал нь хэвээ гаргаж бүтээгдэхүүнээ бэлтгэх, үүний дараа эхний шатаалтад орно. Мөн л хоёрдугаар үе нь засвараа хийж янзалж, дараагийн шатаалтад оруулах. Ингэсээр дөрөв дэх үе өнгө оруулах буюу пааландаж сүүлийн өндөр хэмтэй шатаатад оруулснаар эцсийн бүтээгдэхүүн гарна.