Үйлдвэрлэгчид

СУРВАЛЖЛАГА: Хараагүйчүүдийн нийгэмлэг ДААВУУН УУТ үйлдвэрлэж, 800-6000 төгрөгөөр борлуулна

Засгийн газраас өргөн хэрэглээний нийлэг нэг удаагийн уутыг худалдаанд гаргах, хэрэглэхийг хориглосон шийдвэр 2018 оны зургадугаар сард гарсан. Энэхүү шийдвэр энэ оны гуравдугаар сарын 1-нээс эхлэн хүчин төгөлдөр үйлчилж эхлэх юм. Үүнтэй холбоотойгоор даавуун болон цаасан уут үйлдвэрлэж буй Хараагүйчүүдийн хөдөлмөр, сургалт, үйлдвэрлэлийн төвийн хэвлэх үйлдвэрээс сурвалжлага бэлтгэлээ. 

Хараагүйчүүдийн хөдөлмөр, сургалт, үйлдвэрлэлийн төвийн хэвлэх үйлдвэр 30 гаруй ажилчидтай үйл ажиллагаа явуулж байна.  2000 оноос хойш даавуун уут, 2009 оноос хойш цаасан уут, дугтуй үйлдвэрлэж ирсэн. Тэд өдөрт цаасан уут, дугтуй 3000 гаруй, даавуун уут 300 гаран үйлдвэрлэх боломжтой. Ирэх сард хэрэгжих хуультай холбоотойгоор аж ахуй нэгжүүд даавуун уутны захиалга нэмэгдэж байгаад ихэд олзуурхаж байлаа. 


-З.БОЛДСАЙХАН: ҮЙЛДВЭРЭЭ ӨРГӨЖҮҮЛЖ, ХЭРЭГЛЭГЧДИЙНХЭЭ ХҮСЭЛ СОНИРХОЛД НИЙЦСЭН БҮТЭЭГДЭХҮҮН ГАРГАНА-

Бидэнд үйлдвэрийн дарга З.Болдсайхан даавуун болон цаасан уутны талаар мэдээлэл өгсөн юм. 

-Даавуун болон цаасан уутны материал материалыг хаанаас хэрхэн бэлтгэж байна вэ?

-Даавуу болон цаасны материалаа бид урд хөршөөс оруулж ирдэг. 

-Уутны хувьд хэдэн төрөл гарах боломжтой вэ?

-Бид ихэвчлэн захиалгын дагуу үйлдвэрлэж байна. Цаасан уутыг 1-5 кг-ийн даацтайгаар тооцож хүссэн загвар хийцээр хийж болно. 

-Үнийн хувьд хэдэн төгрөгөөс эхлэх вэ? Мөн 400 төгрөгний уутны онцлогийг дурьдвал?

-Бид 100 төгрөгний үнэтэй нэг удаагийн уутыг орлох хямд даавуун уутыг туршсан. Энэ ч утгаараа 400 төгрөгөөр синтетик материалтай уутыг гаргах боломжтой гэж үзэж байгаа. Харин бусад уутны хувьд даавууны чанар, хэмжээ хэрэглэх зориулалтаасаа хамаараад 800 төгрөгөөс эхлэж байгаа. 

-Уутан дээрх хэвлэлээ өөрсдөө хийдэг үү?

-Цаасан уутан дээрх хэвлэлийг бид өөрсдөө хийдэг. Харин даавуун уутны хэвлэлийг өөр газраар хийлгэдэг учраас үнийн хувьд өндөр гарч байгаа. Жишээлбэл нэг өнгө орсон хэвлэлттэй бол 1000 төгрөг нэмэгдэнэ. Олон өнгө орох тусам үнэ нэмэгдэх болно.

-Танайх даавуун дээр өөрсдөө хэвлэлт хийх боломжтой юу?

-Мэдээж. Манай төвд удахгүй хөдөлмөрийн яамнаас 250 сая төгрөгийн санхүүжилт авахаар болсон.Бид удахгүй үйлдвэрээ өргөжүүлж, хэрэглэгчдийнхээ хүсэл сонирхолд нийцсэн бүтээгдэхүүн гаргана. Иймд бүтээгдэхүүнээ шууд худалдаалах цэгүүдийг нээнэ гэж  төлөвлөж байна. 

-Танай үйлдвэрээс гарч буй уутнуудыг хаанаас худалдан авах боломжтой вэ? 

-Одоогийн байдлаар Драгон, Дүнжингарав төвүүдийн нэг цэгийн үйлчилгээнд байрлах Шударга худалдааны цэгээс даавуун уутыг худалдан авах боломжтой.