Сурвалжлага, нийтлэл

СУРВАЛЖЛАГА: Нийлэг уутны хэрэглээг хязгаарласан ч ХЭРЭГЖИЛТ МУУ БАЙНА

Өнөөдрийн байдлаар дэлхийн 60 гаруй орон нийлэг уутны хэрэглээг хязгаарлаад байна. Тухайлбал, Африкийн 15 улсад нийлэг уутыг хориглож, татварын бодлого үйлчилж байгаа бол хамгийн сүүлд Кени улс нийлэг уут импортлох болон бусад тохиолдолд 40 мянган ам.доллароор торгох,  дөрвөн жил хорих хууль баталжээ.

Харин манай улсад Гялгар уутыг хилээр оруулж ирэх, худалдаа, үйлчилгээнд хэрэглэхийг хориглосон Засгийн газрын 189-р тогтоол гуравдугаар сарын нэгнээс эхлэн хэрэгжиж эхлэхээр болсон. 

Уг шийдвэр яг бодит байдал дээр хэрхэн хэрэгжиж байгаа, иргэдэд учирч буй хүндрэл бэрхшээл, худалдаа эрхлэгчдийн байр суурийг нэгтгэн, дараах байдлаар сурвалжлага бэлтгэлээ.

НЭГ: ТОМООХОН СУПЕРМАРКЕТУУД БОЛОН ЖИЖИГ ДЭЛГҮҮРҮҮД ТОРНЫ ХЭРЭГЛЭЭГЭЭ ХЭРХЭН ЗОХИЦУУЛАВ


                         ОРГИЛ:Оффисоос тодорхой шийдвэр, мэдээлэл бидэнд өгөөгүй

Тусгаар тогтнолын ордонд байрлах Оргил супермаркетын зохион байгуулагчдаас нийлэг уутны хувьд тэдний сүлжээ дэлгүүрүүд ямар байр суурьтай ажиллаж байгааг лавласан юм. 

-Та бүхэн нийлэг уутны хэрэглээг хязгаарлах талаар мэдээлэлтэй байна уу?

-Үгүй, төвөөс ингэ тэг гэж захирамж, мэдэгдэл ирүүлээгүй . “Encanto town”-ы төв оффисоос энэ талаар асуусан нь зохимжтой байх.


-Засгийн газрын тогтоолд, 0,035 мм буюу түүнээс нимгэн нэг удаагийн гялгар уутыг хориглосон. Гэвч энд жижиглэнгээр худалдаалдаг хүнсний ногоо, өндөг зэргийг нийлэг уутанд худалдаалж байгаа харагдлаа...?

-Жижиглэн, хүнсний бүтээгдэхүүний хувьд манайд түрээсээр бараа бүтээгдэxүүнээ борлуулдаг хувь хүн, байгууллагууд байгаа. Тэд өөрсдийнхөө бараа бүтээгдэxүүнийг борлуулах уутны хамтаар манайд өгдөг. Манайх үүнийг нь л цааш худалдаалдаг. Хэрвээ түрээсийн байгууллагууд цаасан ууттай өгвөл тухайн уутанд нь савлаад худалдана шүү дээ.

-Түрээсийн байгууллагаас бусдаар уутны хэрэглээг хязгаарласан гэж ойлгож болох уу? Иргэдийн хэлж заншсанаар “зуугийн тор”-ыг худалдаалахгүй байгаа гэсэн үг үү?

-Зуугийн торыг худалдаанаас халаагүй, гэхдээ бид иргэдэд санал болгохгүй байгаа. Үнэхээр уут, тор байхгүй,  авъя гэвэл өгөхөөс өөр аргагүй, ямар тэврээд гар гэлтэй нь биш. Мөн ихэнх худалдан авагчид хайрцаганд бараа бүтээгдэхүүнээ авч байгаа.

-Даавуун торны тухайд?

-Манайд даавуун тор худалдаалж байгаа. Том , цахилгаантай даавуун тор 2800 төгрөг гэж байгаа. Төвөөс ямар шийдвэр гаргаж, юу гэж ярилцаж байгааг бид мэдэхгүй байна. Тодорхой мэдээлэл өгвөл бид шийдвэрийг дагана.


НОМИН: Бид стандартад нийцсэн тор удалдаандаа ашиглаж байгаа

Харин 11-р хороололд орших Номин супермаркетаас одоо нийлэг уут борлуулж байгаа талаар лавлахад тус салбарыг хариуцсан менежер “Бид стандартад нийцсэн, зөвшөөрөлтэй, гэрчилгээтэй уут, торыг худалдаандаа ашиглаж байгаа. Бусад лангуу түрээслэгчид өөрсдийн бүтээгдэхүүний цуг гялгар уутаа өгсөн. Өөрсдийн бүтээгдэхүүндээ шаардлагад нийцсэн тасалдаг уут, том торыг худалдаалж байна. Илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл хэд хоногоос ирээд шинжилгээний бичиг, уутны зураг гэх мэтийг аваад явж болно” гэлээ.

ТАНЫ ДЭЛГҮҮР: Цаасан уут худалдаалах сонирхолтой байгаа ч  мэдээлэл алга

11-р хороололд орших “Таны дэлгүүр”-ийн нөхцөл байдалтай танилцахад, мини маркетын менежер Б.Нандинцэцэг нийлэг уутны хэрэглээг хязгаарлах тухай мэдээлэл хомс байгаагаа илэрхийлж биднээс энэ талын мэдээлэл хүссэн юм.

-Танай дэлгүүр Худалдаанаас нийлэг уутыг хасаагүй харагдлаа.

-Улаан, цэнхэр алгуудыг хориглоод, бусдыг нь ашиглаж болох юм биш үү?

-0,035 мм буюу түүнээс нимгэн нэг удаагийн гялгар уутыг хориглосон байгаа.

-Гялгар уутыг хэрэглээнээс хасчихвал бид бууз баншаа хийж худалдаалах боломжгүй болчхоод байгаа юм л даа.  Бид ногоо, бууз баншаа цаасан уутанд хийж худалдаалах сонирхолтой байгаа ч огт мэдэхгүй, энэ уут торны талаар ойлгохгүй л байгаа.


-Танайх уут, торны нөөцөө дуустал худалдаалах уу?

-Үгүй, Хүмүүс уурлаад, нэхэхээр л уут, тороо өгч байгаа. Цаасан тор бэлэн байвал бид ашиглах сонирхолтой байгаа. 

ХОЁР: ЦААСАН УУТ ҮЙЛДВЭРЛЭГЧИД ЮУ ЯРИВ

-ЦААСАН БОЛОН ДААВУУН УУТНЫ ЗАХИАЛАГЧ ХОМС БАЙНА-

Цаасан сав баглаа, боодол даавуун уут үйлдвэрлэдэг байгууллагуудтай холбогдоход сонирхож байгаа хүмүүс байгаа ч төдийлөн захиалахгүй байгааг дурдсан юм.