Энтертайнмент

The World’s Best: О.Энх-Эрдэнэтэй өрсөлдөж буй Димаш Кудайберген гэж хэн бэ?

ХЭВЛЭЛҮҮД О.ЭНХ-ЭРДЭНИЙГ ОНЦОЛЖЭЭ

АНУ-ын CBS телевизийн “The World’s Best” дэлхийн авьяастан тодруулах шоу нэвтрүүлэгт Авьаслаг Монголчууд 2016 шоуны ялагч О.Энх-Эрдэнэ амжилттай оролцож буй. Тэрбээр эхний шатандаа кантри урсгалын “Amarillo by Morning” дууг дуулж, дараачийн шатанд тэнцсэн.


Тус шоуг 38 орны төлөөлөл болж, урлаг соёлын өөр төрлүүдэд тус тусын амжилтыг баталгаажуулсан 50 шүүгч шүүдэг. Эдгээр шүүгчид дотор манай улсаас реппер, продьюсер Рокит Бей буюу О.Баярсайхан багтаж байгаа юм.

Дуучин О.Энх-Эрдэнэ үзүүлбэрээ үзүүлсний дараа “Англи хэлээр ярьж чаддаггүй, дуулсан дууныхаа утгыг бага ч болов мэдэхгүй” хэмээн хэлсэн нь үзэгч, шүүгчдийн анхаарлыг татсан юм. Хэдий англи хэл мэдэхгүй ч дуугаа Америкийн өмнөд мужийн иргэдийнх шиг аялгаар маш цэвэрхэн дуулсныг хэвлэлүүд онцлон тэмдэглэж байна.

Дуучин О.Энх-Эрдэнийн хувьд цахилгааны инженерийн мэргэжлээр суралцаж байхдаа Авьяаслаг Монголчууд 2016 шоунд оролцон, улмаар 100 сая төгрөгийн эзэн болсон нэгэн юм. Тэрээр “Монгол” ТВ-тэй хийсэн гэрээнийхээ хугацааг дууссаны дараа АНУ-ын Виржиниагийн Олон Улсын Их сургуульд тэтгэлэгтэй суралцахаар явсан бөгөөд, продюсер Андрив Лэйнтэй гэрээ байгуулан, шинэ цомгийнхоо ажилд ороод байгаа  аж.

О.Энх-Эрдэнийн хувьд саяхан Youtube сувагт байршсан “Wake up with you” дууны клип нь үзэлтийн давтамж сайн байгаа юм.

25 НАСТАЙ ДИМАШ КУДАЙБЕРГЕН

Сонирхуулахад, The World’s Best шоуны шүүгчдээс ганцхан Израилийн шүүгч Коби Розенфилд О.Энх-Эрдэнэд ямар ч оноо өгөөгүй билээ. Харин хөтлөгч Жеймс Корден шүүгчид хандан монгол хэлээр, Чи юу хийж байгаагаа мэдэхгүй байна аа гэж хэлэн хошигнож амжсан юм. Дэлхийн авьяастан шалгаруулах зорилготой тус шоунд одоо 13 оролцогч тунаж үлдээд байгаа бөгөөд, О.Энх-Эрдэнэтэй нуур тулах хүчтэй өрсөлдөгчдийн нэгээр Казахстанаас оролцож буй Димаш Кудайберген яригдаж эхлээд байна.


The World’s Best шоунд үлдээд буй оролцогчдын онооны харьцуулалт:

        1.     Kukkiwon (Өмнөд Солонгос, акробатчин) - 99 оноо

        2.     TNT Boys (Филиппин, гурвал дууны хамтлаг) - 99 оноо

        3.     Dimash Kudaibergen (Казахстан, дуучин)- 98

        4.     Enkh Erdene (Монгол, дуучин)- 97

        5.     Dundu (Герман, хүүхэлдэй тоглуулагч)- 97

        6.     Naturally 7 (Америк, хамтлаг) - 95

        7.     Justin Flom (Америк, илбэчин) - 95

        8.     Duo Suining (Хятад, циркчин) - 91

        9.     Jordan McKnight (Америк, уран нугараач) - 91

        10.   Manami Ito (Япон, хийлч) - 86

        11.   Lydian Nadhaswaram (Энэтхэг, төгөлдөр хуурч) - 85

        12.   Matt Johnson (Англи, уран бүтээлч) - 81

        13.   Sister Cristina Scuccia (Итали, дуучин гэлэнмаа) – 78

Казахстаны дуучин Динмухамед Канатули Кудайберген 1994 оны тавдугаар сарын 24-нд төржээ. Тэр таван настайгаасаа Казахстаны Актобе хот дахь Ахмет Зубановын нэрэмжит хөгжмийн коллежийн дэргэд төгөлдөр хуур болон дуулаачийн хичээл заалгаж эхэлсэн байна. 2014 онд Актобегийн Зубановын их сургуулийн сонгодог хөгжмийн тэнхмийг дүүргэж, үргэлжлүүлэн Казахын үндэсний их сургуулийг 2018 онд  Поп, Жазз дуулаачийн мэргэжлээр төгсчээ. Одоо тэрбээр хөгжмийн зохиолын төрөлд магистерийн зэрэг хамгаалахаар суралцаж байгаа аж.

Тэрбээр 2015 онд Беларус улсад хуучин зөвлөлтийн орнуудын дунд зохиогдсон Славянски Базар тэмцээнд оролцон түрүүлж, 2017 онд Хятадын Хунан телевизийн “Singer” шоунд хүчтэй өрсөлдсөн нь дэлхий нийтэд танигдахын эхлэл болсон билээ. Дима Кудайберген Казах, Орос, Англи хэлтэй бөгөөд одоогоор Хятад хэл сурч байгаа аж. 

Түүнийг зургаан октавын дотор чөлөөтэй дуулж чаддагийг мэргэжлийн хүмүүс өндөрт үнэлдэг байна. 

М.ТЭНГИС


Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

USD

Close
Close