Ярилцлага

ТОДРУУЛГУУД: “Эко Алтан Заамар”-ын талбайд дарагдсан ДӨРВӨН АЖИЛТАНГ ГАРГАЖ АВЧ ЧАДААГҮЙ ХЭВЭЭР БАЙНА

Төв аймгийн Заамар суманд үйл ажиллагаа явуулдаг “Эко Алтан Заамар” компанийн алт олборлолтын талбайд осол гарч, өчигдөр 17:40 цагийн үед Цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн талаар мэдээлэгдсэн. Осол гарсан даруйд ЦЕГ, ОБЕГ, МХЕГ-ын албан хаагчдын бүрэлдэхүүнтэй баг талбайд ажиллаж эхэлсэн байна. Уг ослын талаар дараах тодруулгуудыг авсан цагтай нь эмхэтгэн нийтэллээ.

МЭДЭЭЛЛИЙН ЦАГ: 09: 05 /ӨНӨӨДӨР/

Ослын газраас авсан мэдээллээр одоогоор авран хайх үйл ажиллагаа үргэлжилж байгаа ч нурангид дарагдсан дөрвөн иргэнийг гаргаж авч чадаагүй хэвээр байна.


-ДӨРВӨН АЖИЛТАН ДАРАГДСАН ТАЛБАЙД 5-6 МЕТРИЙН УСАН БҮРХҮҮЛ ТОГТЖЭЭ-

МЭДЭЭЛЛИЙН ЦАГ:  04:37  /ШӨНИЙН/

“ЭКО АЛТАН ЗААМАР” КОМПАНИЙН ЗҮГЭЭС ӨГЧ БУЙ МЭДЭЭЛЛЭЭР “Карьерийн хана нурж, гэнэтийн осол гарлаа. Нуралт үүсэх үед карьерийн улан дээр 2 экскавотар, 1 бульдозар, 3 техникгүй иргэн, нийт ЗУРГААН ажилтан ажиллаж таарсан. Эдгээрээс бид нэг операторыг эсэн мэнд гаргаж авлаа. Техникгүй ажиллаж байсан нэг иргэнийг мөн гаргаж, эмнэлгийн тусламж үзүүлсэн. Одоогоор техникгүй ажиллаж байсан хоёр иргэн, хоёр оператор олдохгүй байна. Дөрвөн хүнийг эрэн хайх, авран хайх ажилагааг зохион байгуулж байна.

ОБЕГ-ЫН АЖЛЫН ХЭСГЭЭС ӨГСӨН МЭДЭЭЛЛЭЭР: Эрэн хайж буй дөрвөн иргэн одоогоор усан дотор байна. Тэгэхээр амьд байх магаадлал туйлын бага. Усны түвшин 5-6 метр өндөр, хананаас нь ус нэвчин гоожсоор байна. Дахиад нуралт үүсэх магадлал өндөр байна.

МХЕГ-ЫН АЖЛЫН ХЭСЭГ: Осол гарснаас хойш 9 цаг өнгөрөөд байна. Ослын талбайд нэлээд хүйтэн байна. Нуралт үүссэн талбайд 5-6 метр гүн ус, дээр нурангиас үүссэн чулуулгууд байна. Хайж буй ажилтнууд хоёр цэгт байгаа гэж тогтоогдоод байна. Нэг хананаас үүссэн нуралт гарах хаалгаа таглачихсан байна. Нуралт үүссэн талбайн хэвгий хэсэгт компани 10 метр гүн нуур үүсгэсэн юм байна. Нуурын шүүрэлтийг зогсооё гэтэл хэвгий газар учраас зогсоох боломж бага байна.


ЗААМАР СУМЫН ИТХ-ЫН ДАРГА н.ГАЛАА: ГУРВАН ХҮНИЙ АМЬ АВАРЧ, ҮЛДСЭН ДӨРВӨН АЖИЛТАНГ НУРАНГИАС ХАЙЖ БАЙНА

ТОДРУУЛГА АВСАН ЦАГ:19:20 /ӨЧИГДӨР/

-Сум орон нутгийн удирдлагуудад “Эко Алтан Заамар” компани дээр болсон ослын талаарх мэдээлэл ирсэн байгаа юу?

-Осол гарсан даруйд холбогдох мэдээлэл нь ирсэн. Сумаас яаралтай ажлын хэсэг гаргаж, ослын талбай руу явуулаад байна. Мөн аймаг болон ОБЕГ-аас ажлын хэсгүүд гарч ажиллаж байна. Одоогоор бидэнд ослын талаарх мэдээлэл ирээгүй байна. Урьдчилсан байдлаар хөрсний нурангид хэд хэдэн автомашин дарагдсан гэх мэдээлэл байгаа.

-Хүний амь нас эрсэдсэн гэдэг үнэн үү?

-Энэ талаар яг тодорхой мэдээлэл алга. Осол болсон газарт сүлжээ барьдаггүй. Автомашин жолоодож явсан операторууд машинтайгаа хамт осолдсон гэх мэдээлэл л байна. Бидэнд эргээд мэдээлэл ирэх ёстой.



ЭКО АЛТАН ЗААМАР: НУРАНГИД 8-10 АВТОМАШИН ДАРАГДААГҮЙ

ТОДРУУЛГА АВСАН ЦАГ: 19:40 /ӨЧИГДӨР/

Ослын талаар өчигдөр 19:40 цагийн үед “Эко Алтан Заамар” компанийн хуульч дараах тодруулгыг өгсөн юм.

-Компанид ослын талаарх мэдээлэл яг хэдэн цагийн үед ирсэн бэ?

-Уурхайн карьер дээр хөрсний нуралт үүсч, осол гарсан нь үнэн. Бидэнд 17:40 цагийн үед мэдээлэл авсан. Мэдээлэл авсан даруйдаа уурхай дээрх нөхцөл байдлын талаар Улаанбаатар хот дахь оффис руугаа мэдэгдэж ажилласан.

-Ослын шалтгааныг компанийн зүгээс урьдчилсан байдлаар дүгнэсэн үү?

-Манай компанийн үйл ажиллагаа явуулж буй сумын нутаг дэвсгэрт 4.6 магнатын хүчтэй газар хөдлөлт болсон гэх албан ёсны мэдээллийг бид авсан. Үүнээс үүдэлтэй хөрсний нуранги үүссэн байж болзошгүй гэж үзэж байна.

-Компанийн зүгээс авран хайх ажиллагааг яаралтай зохион байгуулах чиглэлд анхаарч ажиллаж байна?

-Осол гарсан даруй компанийн зүгээс авран, хайх үйл ажиллагааг эрчимтэй зохион байгуулах зорилгоор ОБЕГ, БХЯ-ны нисдэг тэргүүдийг хөлслөн гаргасан. Одоо авран хайх үйл ажиллагаа үргэлжилж байна. Компанийн зүгээс шаардлагатай бүхий л арга хэмжээг авч байгаа.

-Нурангийн үеэр дөрвөн хүн нас барсан байдалтайгаар олдсон гэдэг нь үнэн үү?

-Үгүй. Аврах ажиллагаа хийгдэж байгаа учраас бид тодорхой мэдээлэл өгөх боломжгүй байна. Дөрвөн хүний амь эрсэдсэн гэдэг нь бодит мэдээлэл биш. Одоогийн байдлаар нэг хүн гэмтсэн байдалтайгаар эмнэлэгт хүргэгдсэн байгаа. Ямар ч байсан одоогоор компанид хүний амь нас эрсэдсэн гэсэн мэдээлэл ирээгүй байна.

-Нурангид 8-10 машин дарагдсан гэсэн мэдээлэл цацагдсан. Яг хэдэн машин нурангид дарагдсан талаар та бүхэнд ямар мэдээлэл байна?

-Бидэнд ирсэн мэдээллээр, нэг экскаватор, нэг лодар гэсэн хоёр уулын техник нурангид дарагдсан. Нурангид 8-10 том машин дарагдсан гэдэг нь ташаа мэдээлэл. Нурангид дарагдсан хоёр уулын автомашиныг тус бүр нэг оператор жолоодож явсан. Операторын хажууд хүн байгаагүй. Уулын автомашинд суугаагүй, нуранги үүссэн талбайн ойролцоо явж байсан ажилтныг эмнэлэгт шилжүүлсэн.


 НЭМЭЛТ ТОДРУУЛГА АВСАН ЦАГ:  20:50 /ӨЧИГДӨР/

-Танд ослын талаар нэмэлт мэдээлэл ирэв үү?

-Ослын үеэр хоёр техник, долоон хүн дарагдсан юм байна. Одоогоор гурван хүнийг нь гаргаж авч, эмнэлгийн тусламж үзүүлэхээр яаралтай явуулсан. Үлдсэн дөрвөн хүнийг гаргаж авч чадаагүй байгаа юм байна. Одоо ослын талбайд улсын комисс ажиллаж байгаа аж.

-Нуралтад өртсөн талбай нь хэр гүн байсан юм бол?

-Карьер нь 70-80 метрийн гүнд байдаг. Тэр орчимд л осол гарсан болов уу.


ТОДРУУЛГА АВСАН ЦАГ: 21:30 /ӨЧИГДӨР/

НУТГИЙН ИРГЭН: ЭКО АЛТАН ЗААМАР ДЭЭР СОЛОЛ БОЛЛОО ГЭГДЭЖ БАЙДАГ Ч ТЭГСХИЙГЭЭД ӨНГӨРДӨГ

Нутгийн иргэн “Ойр хавийн өвөлжөөний айлуудыг ослын цэг рүү нэвтрүүлэхгүй, нэлээд хатуу харуул хамгаалалт гарсан байна. Айлууд нисдэг тэрэг ослын газарт ирэхийг харсан. Компанийн зүгээс нутгийн иргэдэд мэдээллийг өгөхгүй, нууцалж байна. Ер нь “Эко Алтан Заамар”-т байсхийгээд осол гардаг. Түүнийгээ үйлдвэрийн осол гэсэн нэрээр дараад өнгөрдөг тухай яригддаг.

Өнгөрсөн жил л гэхэд нэг ажилтны цээж рүү экскаваторын төмөр харваж, харамсалтайгаар нас барсан. Үйлдвэрийн осол гээд л дараад өнгөрсөн. Орон нутгийнхантай талбайн асуудлаар тус компани байнга маргаантай байдаг” гэв.

Ж.МЯДАГБАДАМ

 

 

 

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдлүүд (1)

USD

Close
Close