Ярилцлага

Ц.Хосбаяр: П.Орхон "Нэр, үйлчилгээг нь ч мэдэхгүй бодисыг би яаж хэрэглэсэн байж болох уу" гээд уйлсан

МУГТ П.Орхон 2018 оны наймдугаар сард Азийн зуны спортын XVIII наадмаас алтан медаль хүртсэнийхээ дараа допингийн шинжилгээнд хамрагдаж эерэг гэсэн хариу сонссон. Улмаар тамирчны өөрийнх нь хүсэлтээр Б сорьцын шинжилгээ өгөхөд эхний хариу батлагдсан. Шинжилгээний хариугаар гавьяат тамирчнаас stanozolol гэх бодис илэрсэн юм. Шинжилгээний хариу А,Б сорьцоор баталгаажсан учир мэргэжлийн байгууллагууд журмын дагуу П.Орхоны барилдах эрхийг дөрвөн жилээр хассан. Дэлхийд данстай эрэмгий тамирчны хувьд ч, монголын ард түмний хувьд ч энэ бол хар мэдээ, харуусмаар явдал болоод байгаа юм.

Учир нь П.Орхон Токиогийн олимпийн тэнгэрт Монголын төрийн далбааг хамгийн түрүүн мандуулах шанстай тамирчин гэдгээ сүүлийн хоёр жилийн амжилт, хөдөлмөрөөрөө тамгалаад байсан билээ. Эх сурвалжийн мэдээлснээр П.Орхон олон улсын арбитрын шүүхэд хандах эрх үлдсэн бөгөөд боломжит хугацаа нь 2019 оны гуравдугаар сарын 11-ний өдрөөр дуусгавар болох аж.

Тийм ч учраас бид энэ удаад Монголын Чөлөөт Бөхийн Холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Батбаяртай холбогдлоо. Б.Батбаяр “Бид нар өнөөдрийн байдлаар давж заалдах боломжийн талаар судалж байна.  Бид ч гэсэн өнөөдөр яг л хэвлэлийнхэн та нар шиг ЯАХ ВЭ? гэсэн асуулттай л явж байна. Тамирчны талаарх тодорхой мэдээллийг өөрийнх нь дасгалжуулагч Ц.Хосбаяраас асуусан нь дээр байх. Би П.Орхоныг 2016 он хүртэл шигшээ багт байхад нь дасгалжуулж байсан” гэлээ.

Үүний дараа бид гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаяртай холбогдоход нэлээд удаан цааргалсны эцэст “МЧБХ ийм байр суурьтай байгаа бол би тодорхой хэдхэн зүйл ярья” гэснээр бидний яриа өрнөсөн юм.      


-Б.БАТБАЯР БОЛ П.ОРХОНЫГ ГАРЧ ИРСЭН ЦАГААС НЬ ХОЙШ ХОРЛОЖ ЭХЭЛСЭН ХҮН-

-П.Орхоны арбитрын шүүхэд хандах боломжит хугацаа өчигдрөөр дуусгавар боллоо гэдэг албан бус мэдээлэлтэй байна. Яг өнөөдөр та энэ асуудал дээр та ямар нэгэн байр суурийг илэрхийлээч?

-Дүрмээрээ бол Дэлхийн бөхийн холбооны шийдвэр, Монголын чөлөөт бөхийн холбоонд ирсэн байгаа. Тэгэхээр эхлээд Монголын чөлөөт бөхийн холбоо  мэдэгдэл хийнэ. Үүний дараа тэр охиныг 13 настайгаас нь хариуцаад авч яваа би дуугарах ёстой. Арбитрын шүүхийн хугацаа энэ сарын 11-ний өдрөөр дуусгавар болсон нь үнэн. Үүнийг холбоо мэдэж байгаа. П.Орхон арбитрын шүүхэд хандвал чөлөөт бөхийн холбоо надад яаж туслах вэ? гэж асуусан.Удирдах зөвлөлөөр хэлэлцүүлнэ гэж хэлсэн байсан, гэвч холбоо удирдах зөвлөлгүй болоод удаж байгаа шүү дээ.

-Өө, тийм үү?

-МЧБХ бүх асуудлыг мэдэж байгаа ч ингэж “аашилж” сурсан газар. Эцсийн зорилго нь Алдар спорт хорооны тамирчид, дасгалжуулагчид тодруулбал, П.Орхон бид хоёрыг унагах арга. Надад дэлгэх баримт бий. Гэхдээ цаг нь арай болоогүй байна. Би Б.Батбаяртай уулзаад “Дэлхийн бөхийн холбооны торгосон шийдвэр холбоонд  ирсэн учир чи эхлээд мэдэгдэл хий, дараа нь би баримтаар дэлгэе гэхэд "Үгүй" гэсэн. Гурав хоногийн өмнө манай Ц.Цогтбаяр Хөх хотоос ирээд яг энэ өрөөнд “Б.Батбаяр аа ахын дүү хүмүүс хүлээлттэй байна хоёулаа мэдэгдэл хийе” гэхэд бас  "Үгүй ээ" гэсэн.

-Ямар шалтгаанаар гэдгийг та асуусан уу?

-Цаг хожих, хүмүүсийн анхаарлыг сарниулах зорилготой. Дунд нь энэ охин хайран байна шүү дээ.

-Харин тийм. Тэгээд л гайхаад асуугаад байна?

-Шударга л ярья. Б.Батбаяр гэдэг хүнд П.Орхоны амжилт, алдаа оноо ямар ч хамаагүй. П.Орхонг анх гарч ирсэн цагаас нь “хорлож” эхэлсэн хүн. Гол утга учир нь Ц.Хосбаяр, Ц.Цогтбаяр гэдэг хоёр хүнийг чөлөөт бөхийн ертөнцөөс холдуулах. Ц.Цогтбаярыг албан газар, яам руу элдэв бичиг явуулсаар байгаад тэтгэвэрт нь гаргалаа. Харин аз болж чадвартай хүн хаана ч ажилладаг жаягаар Хөх хотод ажиллаад Монголчууддаа их тус болж байна. Дасгалжуулагч О.Пүрэвбаатарт ямар ч ажил өгөхгүй гүрийсээр байгаад манай хүн амьдралаа бодоод гадагшаа явлаа. Одоо ганц би үлдээд байна.Товчхон хэлэхэд П.Орхоныг ийм асуудалд холбогдсон нь хэдэн багш нарыг нь унагаах ажилгүй болгох зорилготой байсан.

- П.Орхоны амжилтын ард Монгол улсын нэр гарна. Гэтэл яагаад?

-МБЧХ сүүлийн жилүүдэд хагарал бутралтай болчихсон. Яривал энд маш их асуудал бий. Удаа дараагийн шударга бус үйлдэл, ялгаварлан гадуурхалт, дээрэнгүй, эрх мэдлээр түрий барьсан удирдлагуудын үйлдэл нөхцөл байдлыг ийм болгосон. Энэ бүхнийхээ хажуугаар шударга бус зүйлтэй тэмцдэг Ц.Хосбаяр, Ц.Цогтбаяр хоёрыг унагах гэж тэмцэж яваа.  



-П.ОРХОНД "ЗАДАРСАН УС УУЖ БОЛОХГҮЙ. ХООЛ УНДАНДАА АНХААРАЛТАЙ БАЙГААРАЙ" ГЭЖ ЗАХИАД ЯВУУЛСАН-

-Монголын чөлөөт бөхийн холбоо шинэ удирдлагатай болсноор шударга бус үйлдлүүд ихэссэн гэлээ. Жишээ нь...?

-Д.Дагвадоржийг ерөнхийлөгч болсны дараа "Найрамдал" зуслан дээр тэрбум төгрөгийн өртөгтэй зургаан дэвжээтэй бөхийн ордон байгуулж дарга нарыг урьж нээлт хийлээ гэсэн. Гэтэл тэр нь хэдхэн краказ төмөр босгосон зуны платик, одоо зүгээр цементэн суурь л үлдсэн. Хэдэн тэрбум төгрөгөөр хувцас авч ирлээ л гэсэн, үндсэндээ шигшээ багийн хэдхэн тамирчин л өмссөн. Ялгаварлан гадуурхаж эхэлсэн. П.Орхон олимпийн жинд түрүүлж ирээд холбооноос гурван сая төгрөг, О.Насанбурмаа олимпийн бус жинд мөнгөн медаль аваад 20 сая төгрөг, Б.Шоовдор олимпийн бус төрөлд хүрэл медаль аваад 10 сая төгрөг авсан.  

-П.Орхонг анхнаас нь дарж эхэлсэн гэсэн утгатай зүйл та түрүүн хэлсэн. Тодруулбал...?

-Орхон 2014 оны улсын аварга дээр С.Бямбацэрэнг цэвэр ялаад гурван шүүгч нь дэвжээ алгадаж  ялалт өгөхөөр гарыг нь өргөх тэр мөчид Төмөрбаатар шүүгч дэлхийн бөхийн холбоонд байхгүй дүрэм гарган ирж дахин барилдуулж ялагдуулсан. 2015 оны улсын аваргаар 55 кг барилдаад мөнгө авлаа. С.Бямбацэрэн нэгдүгээр тойрог дээр ирээгүй, дүрмээр бол ш уд хасах ёстой. Гэтэл Б.Батбаяр, Б.Төмөрбаатар нар хоёрдугаар тойргоор оруулж ирсэн. Тэр охин 58 кг барилддаг байсан. Тэр жил Орхон 55 кг жиндээ оролцсон бүх тэмцээнээс медаль авсан. Тэгээд яг дэлхийн аваргад явуулах гэтэл П.Орхоныг үлдээгээд дээд талын жингийн охиныг манай хүүхдийн жинд хүчээр оруулж ирээд С.Бямбацэрэнг явуулсан. Ингээд хоёр жил дэлхийн аваргад явуулаагүй. 2016 онд  П.Орхон улсын аваргад түрүүллээ. Ярыгиний тэмцээнд очиж Каори Ичёг  ялж түрүүллээ. Киргизийн Азийн аваргаас мөнгөн медаль авч олимпийнэ эрхээ авсан. Гэтэл энд Э.Гантуяа, Л.Цэрэнчимэд, Б.Шоовдор гуравтай хамт Итали, Польш руу сорил тэмцээнд явуулсан.  Энэ жинхэнэ алсан, хоёр удаа жин хасаад дээрээс нь сэтгэлзүйн дарамтанд оруулсан. Ерөөсөө л энэ хүүхдийг илтээр улаан цайм дарж, хорьж ирсэн.

-Цаашаа нь бас бий юу?

-Дөрөв дэх хорлолт 2017 онд болсон. П.Орхон дахиад л улсын аваргад түрүүлээд Азийн аваргадаа явна гээд бэлдэж байлаа.  Гэтэл Алдар, аваргууд академийн 8 тамирчинг Азийн аваргад багаар нь хасчихсан. Тэгэхээр нь бид нар Орхоныгоо аваад олимп бааз руу дөчөөд хүний бүрэлдэхүүнтэй бэлтгэлд гарлаа. Дараа нь Хархорин руу 3 гэр бариад дахиад гарлаа. Тэгээд Цогоо, “Батсол” компанийн Батсайхан бид хэд Орхоныгоо авч явж, Францын нийслэл Парис хотод 2017 оны ДАШТ-ий аварга болсон. Энэ амжилт Б.Батбаяр гэж хүний дургүйцлийг дээд цэгт хүргэж Ц.Хосбаяр, Ц.Цогтбаяр хоёрыг яаж дарах вэ л гэж боддог болсон байх. Бид хоёрыг унагахын тулд П.Орхон дээр асуудал үүсгэе тооцоолсон.


-Танд үндэслэл байна уу?

-Мэдээж хэрэг байгаа. Индонезийн Азийн тоглолтод явах үеэр намайг холбооноос хэдэн шүүгч гарын үсэг зураад цагдаад өгчихсөн. Ордон дээр болсон зодоон цохионы асуудлаар, би уг нь яагаа ч үгүй л дээ. Үүнээс болоод П.Орхонтойгоо явж чадаагүй шүү дээ. Тэр цагдаа та хилээр битгий гараарай, хориг тавьсан гэхээр нь би итгэчихгүй юу. Намайг юм мэдэхгүйгээр далимдуулж л торгоосон юм байна лээ.

-П.Орхон дасгалжуулагч багшаасаа тусдаа явсан энэ тэмцээнээс допинг илэрсэн?

-Тэр чинь наймдугаар сард болсон тэмцээн. Бид нар долоон сард Батсүмбэрт бэлтгэлд гарсан. Долоон сарын сүүлчээр Орхон хот руу орж  дэлхийн допингийн төвд байршлаа тодорхойлсон. Дараа нь найман сарын 5-нд Дэлхийн аваргын сорил тэмцээнд орсон. Үүнээс хориод хоногийн дараа тэр муухай мэдээг сонссон. Охиноо явахад Цогоо бид хоёр, ялангуяа Цогоо багш нь "Задарсан ус ууж болохгүй, хоол ундандаа маш анхааралтай бай" гээд их захьсан. Олимпийн жил эрэгтэй багийн дөрвөн тамирчны хоолонд мелдонин гэж бодис хийж өгсөн шүү гэж хүртэл хэлсэн. 

-П.Орхон өөрөө санаандгүй байдлаар ч гэсэн ямар нэг нэмэлт зүйл хэрэглээгүй юм байна. Тийм үү? 

-Охин юу ч хэрэглэх шаардлагагүй шүү дээ. Тэр станазолол гэдэг бодисыг би ч мэдэхгүй, Орхон ч мэдэхгүй. Надад яг тэр өдрийн П.Орхон бид хоёрын чат байгаа. Өөр ч хэд хэдэн баримт бий. П.Орхон тэгэхэд "Нэрийг нь ч мэдэхгүй, үйлчилгээг нь ч мэдэхгүй  бодисыг би яаж хэрэглэсэн байх уу" гээд уйлж байсан.  Би Б.Батбаяр эд нарт үнэхээр дургүй хүрч байна. Өшөө хорсол, уур хилэн байвал Ц.Цогтбаяр бид хоёрыг оролд л доо. П.Орхон бол дэлхийд танигдсан, өөртөө итгэчихсэн ид гялалздаг үе дээрээ яваа хүүхэд.