Сурвалжлага, нийтлэл

ТУРК ИРГЭНД ЗОДУУЛСАН МОНГОЛ ЭМЭГТЭЙ: Надад энэ залууд зодуулж, дарамтлуулсан дөрвөн охин хандсан

Турк улсад энэ сарын 8-нд Монгол бүсгүй бусдын гарт амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан. Бид уг хэргийн талаар тодорхой мэдээлэл цуглуулах явцдаа монгол эмэгтэйчүүд Турк улсад хүчирхийлэлд байнга өртөж байдгийг мэдсэн юм.Тухайлбал, нэгэн монгол эмэгтэй турк залууд хүчирхийлүүлж, хүнд гэмтсэн талаараа нийтэлж, бусад эмэгтэйчүүдэд анхааралтай байхыг зөвлөжээ.Энэ эмэгтэй ажлаа тараад гэртээ харих замд нь турк залуу утсыг булаан авч, улмаар эмэгтэйг өөрийнхөө нь салсан найз бүсгүйтэй нэг газар ажилладаг байсан байна хэмээн олон цаг зодож доромжилжээ. 



-ЕРДӨӨ САЛСАН БҮСГҮЙТЭЙ НЬ НЭГ ГАЗАР АЖИЛЛАДАГ БАЙСАН ШАЛТГААНААР ЗОДСОН-

Гуч гаруй настай  Юнал Аксой /Ünal Axoy/ гэх Турк залууд  2019 оны хоёрдугаар сарын 5-нд тус улсын цагаар 21 цагийн орчимд зодуулсан байна. Хохирогч эмэгтэйгээс бид тухайн болсон явдлын талаар болон одоогийн нөхцөл байдлын талаар ярилцаж мэдээлэл авлаа. Бүсгүй өөрийн аюулгүй байдал болон хувийн амьдралыг олон нийтэд дэлгэхийг хүсээгүй учир хувийн мэдээллүүдээ өгөхөөс татгалзсан юм.

-Сайн байна уу. Та Турк улсад очоод хэр удаж байна? 

-Хэдэн сар л болж байна.

-Тухайн үед Турк улсын аль хотод ямар үйлдвэрт ажиллаж байсан бэ?

-Цагаан сарын шинийн нэгэнд буюу хоёр дугаар сарын 5-нд Туркийн Окмэйданд орших нэгэн үйлдвэрт анхны өдрөө ажилласан нь тэр байсан юм. 

-Тухайн үед болсон үйл явдлын талаар яривал?

-Ажлын анхны өдрөө илүү цаг ажиллаад 21 цагийн орчимд тарсан. Гарах гэтэл өнөөх Юнал Аксой хэмээх залуу миний утсыг булаан авч, олон цагийн турш зодсон.

-Яагаад гэнэтхэн таныг зодох болов? Та хоёр танилууд байсан уу?

-Тэр үед л анх удаа харсан. Шалтгаан нь ердөө өөрийнх нь болзож байсан монгол бүсгүйтэй нэг газар ажиллаж байсан учраас тэр. Зодож байх хугацаандаа олон дахин удаа тэр бүсгүйг таних уу гэж асууж байсан. Би тэр эмэгтэйг танихгүй гэж үнэнээ л хэлсэн. Азаар тэр үед зугтаж чадсан. Магадгүй хүүхдүүдийн минь заяа түшсэн байх.



-ТЭР ЗАЛУУД ЗОДУУЛЖ, ДАРАМТЛУУЛСАН ДӨРВӨН МОНГОЛ БҮСГҮЙ НАДТАЙ ХОЛБОГДСОН-

-Турк залуу таныг гэрлэе гэж гуйсан хэмээн нийтэлсэн байсан. Энэ талаараа? 

-Тиймээ. Намайг зодсоныхоо дараа манай гэр, утсыг минь мэдчихсэн байсан. Байнга залгана, “Би уурлахаараа ухаанаа алдчихдаг юм аа намайг уучлаарай, чамайг эмнэлэг авч явъя” гэдэг байсан. Гэтэл гэнэтхэн хоёулаа гэрлэе болоод явчихсан. Үнэхээр гайхсан шүү.

-Та энэ залуутай дахиж уулзсан уу?

-Гэртээ сар гаруйн хугацаанд бие хүнд босож ч чадахгүй байсан.Гэнэт валентинийн баяраар манай хаалгыг нэг хүн тогштол тэр залуу байсан. Гэнэтхэн ирчихээд гэрлэе, баяр болж байна гарцгаая гээд хүчээр авч гарсан. Бие муу дээрээс нь ганцаараа байсан хүн чинь дахиад зодчих вий гэсэн дээ яалт  ч үгүй явсан. Цай уучихаад миний бие үнэхээр муу байна, харимаар байна гээд гэртээ ирсэн. Дараа нь чамайг найз болон найз бүсгүйтэй нь уулзуулмаар байна гэж олон дахин гуйсан. Гэтэл дахиад л өдрийн цагаар надаас өөр хүн байхгүй үед хүрээд ирсэн. Мөн л аргагүйн эрхэнд дагаж гарсан. Уулзсан найзынх нь эмэгтэй монгол хүн байсан. Бид хоёрыг хамтад нь огт үлдээгээгүй, тухтай үг сольж чадаагүй. Ингэж л айж эмээхийн эрхэнд хоёр удаа уулзсан. Би хүмүүст сэрэмжлүүлэх зорилгоор нүүр номондоо бичсэн, гэтэл намайг энэ залуутай явалдсан гээд байгаа юм. Үнэхээр тийм юм байхгүй.  

-Одоо ч энэ турк залуу таныг дарамталж, утсаар холбогдож байна уу? 

-Яг дарамталсан юм байхгүй ч миний шинэ хаягийг мэдчихсэн хүнээр шалгуулсан байсан. Би амьдардаг газар утсаа хүртэл сольсон. Фэйсбүүкт нийтлэл оруулсны дараа энэ залууд дарамтлуулж, зодуулж байсан дөрвөн монгол бүсгүй надтай холбогдсон. Ер нь энэ залуу байнга ингэж монгол бүсгүйчүүдийг дарамталдаг юм байна лээ. Мөн олон жил монголд амьдарсан эмэгтэйчүүдтэй холбоотой байдаг гэж сонссон. Би “Надаас хойш өөр хэдэн ч монгол бүсгүй энэ залууд шалтгаангүй зодуулах вий, магадгүй амь насаа алдвал яах юм” гэсэндээ олон нийтэд ил болгож, энэ залууг шүүхэд өгсөн.