Нийгэм

Тувад амиа алдсан байлдагчийн ээж Б.Нямсүрэн: Миний хүүгийн биед бууны сумнаас өөр шарх байгаагүй

Увс аймаг дахь хилийн 0311-р ангийн хилийн харуулд үүргээ гүйцэтгэж явсан байлдагч Ц.Вангансүрэн 2019.01.30-ны өдөр хилийн харуулын байрнаасаа ор сураггүй алга болсон. Уналгын морь, цэрэг АКА буу, 50 ширхэг сумтай явсан байлдагчийг ОХУ-ын нутаг руу гарсан байж болзошгүй гэх үндэслэлээр эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн байдаг.

Эрэн хайх үйл ажиллагааны явцад Тувагийн нутаг дэвсгэрээс амиа алдсан байдалтай олдсон билээ. Талийгаач Завхан аймгийн Асгат сумаас цэрэгт татагдаж, тус цэргийн ангид өнгөрөгч оны 10 сараас алба хааж эхэлсэн нэгэн байв. Золгүй явдлын дараа салбарын сайд “Энэ хэрэг Тувагийн нутаг дэвсгэрт болсон учраас ОХУ хариуцна” гэж мэдэгдсэн.

Бид энэ удаад талийгаач Ц.Вангансүрэнгийн ээж Б.Нямсүрэнтэй холбогдож товчхон ярилцснаа хүргэж байна.

- МИНИЙ ХҮҮГ ЯАГААД ОРГОСОН, ОРГОДОЛ ГЭЖ ХЭЛСНИЙГ ИХ ГАЙХААД БАЙГАА-

-Юуны өмнө танай гэр бүлд эмгэнэл илэрхийлье. Үнэхээр харамсмаар явдал боллоо. Та хэд маань одоо ямархуу байна даа?

-Өө яахав, байцгааж л байна. Манайх гурван хүүтэй айл, талийгаач маань манай том хүү байсан.

-Танд ямар хэцүү байгааг ойлгож байгаа ч гэсэн хэргийн талаар зарим зүйлийг тодруулах зорилгоор холбогдож байна?

-Миний хүү чинь жин, сар нь хүрээгүй байхад өөрөө дурлаж гуйсаар байгаад явсан. Өөрөө тэгж их зүтгэж дурлаж явсан болохоор би хүүгээ хэзээ ч цэргийн албанаас оргохгүй гэж бодож байгаа. Яг тэр үеэр оргосон цэрэг гээд  бичээд байсан. Оргосон гэдгийг нь хэн ч нотолж  чадахгүй байгаа шүү дээ.

-Та гэр бүлийнхээ хүнтэй цэргийн анги дээр очсон. Тэнд нөхцөл байдал ямар байсан бэ?

-Бид  нартай хэн ч юу ч ярихгүй байсан. Хамт манаанд гарч байса тав зургаан хүүхэд өглөө моринд тэжээл өгнө гээд гарсан гэж хэлсэн. Ахлагч нь болохоор намайг моринд тэжээл тавьж өгч байхад морио эмээллэж байсан гэдэг. Тэгээд гучаад минутын дараа гарахад алга болсон байсан гэсэн.  Ямар ч хүн бодоход оргож босч байгаа хүн нар дээр хөөрчихсөн байхад морио эмээллээд зогсож байхгүй л байх. Миний хүүг яагаад оргосон, оргодол гэж хэлснийг их гайхаад байгаа. Тангарагийн баяраар нь бид хоёрыг очиход янзын хөөрхөн сэргэлэн байсан хүүхэд шүү дээ.  11 сарын сүүлчээр юм.

-Амиа алдсан талаар анхны мэдээллийг хэнээс авсан бэ?

-Анги дээр байхад тийм мэдээ ирсэн. Тувагийн талаас өөрийгөө буудаж хороосон гэж үзсэн гэсэн. Тувагийн талаас задлан шинжилгээний хариуг одоо хүлээж байна. 14 хоногоос хойш гардаг гэсэн. Нэг их удахгүй  шийд хэлэх байх гэж горьдож байна.

- ОРГОЛОО ГЭХЭД МОНГОЛ ХҮН НУТАГ УС РУУГАА Л ЯВНА ...-

-Цэргийн анги цаашлаад энэ салбарынхан та бүхэнд хэрхэн хандсан бэ?

-Цэргийн ангиас нь оршуулгын зардлыг гаргаж өгсөн. Бид хоёр хүүгийнхээ шарилыг аваад нутагтаа ирсэн.

-Биед нь ямар нэг гадны нөлөөтэй байж болох шарх сорви шинж тэмдэг байсан уу?

-Миний хүүгийн биед бууны сумнаас өөр шарх байгаагүй. Монголын талаас хумс бас өөр юу гэлээ дээ хоёр шинжилгээ авсан гэж хэлсэн. Бүр муугаар бодоод орголоо гэхэд монгол хүн нутаг ус руугаа л явна. Яах гэж юуны төлөө хүний нутаг руу явахав. Ингээд бодохоор миний хүүд юу тохиолдож яагаад ийм байдалд хүрсэн юм бол гээд үргэлж л бодогдоод хэцүү байх юмаа.

-Хүүтэйгээ хамгийн сүүлд хэзээ холбогдсон бэ?

-12 сарын сүүлчээр нэг ярьсан. Ээжээ, цэргийн алба  гоё байна, хүүдээ санаа зоволтгүй гээд ярьж байсан. Тэрнээс хойш нэг ч яриагүй. Цэргийн анги дээр очиход гэрийнхэнтэйгээ ярья гээд ахлагчаасаа гуйж байсан гэж хэлсэн. Хүүгийн минь байсан застав ангиасаа 30 км-ийн зайтай.Тэгээд ахлагч нь надад чамайг яриулах эрх байхгүй ээ, анги руу очиж байж  л ярих боломжтой” гэж хэлсэн гэсэн.  Янзын даруухан, нийтэч гаж буруу зангүй хүү шүү дээ, миний хүү чинь.

-Нутагтаа найз охин байсан уу?

-Найз охин байгаагүй.

-Найз нөхөдтэйгээ холбогдож байсан болов уу?

-Бид нар асууж сурагласан. Хэнтэй ч яриагүй байсан. Аав ээж рүүгээ ярьж чадахгүй байсан хүн өөр хэнтэй ч ярихав дээ. Эгч нь гурван хүү төрүүлсэн хүн. Одоо энэ хоёрыгоо цэрэгт явуулахгүй гэж боддог болсон.

Б.ОТГОНБАЯР

 

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдлүүд (4)

USD

Close
Close