ТУВАД АМИА АЛДСАН ЦЭРГИЙН ЭЭЖ Н.НЯМСҮРЭН: Алга болохоосоо өмнө яаралтай мөнгө шилжүүлэхгүй бол болохгүй байна гэж ярьсан


-ТАЛИЙГААЧ БАЙЛДАГЧИЙН 49 ХОНОГ ГУРАВДУГААР САРЫН 22-НД БОЛНО-

Өнөөдөр эр цэргийн баярын өдөр. Монгол улсад зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 98 жилийн ойн өдөр. Ямар нэгэн муу зүйл болоогүй бол түүний хувьд энэ өдөр амьдралынх нь хамгийн сайхан дурсамжуудын нэг болон үлдэх байсан.  Учир нь тэр жингээ, цэргийн албаны насанд сар нь хүрэхгүй байхад өөрөө дурлаж, тэмүүлсээр албанд мордсон хүүхэд шүү дээ. Гэвч тэр өнөөдөр бидний дунд, ангидаа, ачлалт аав ээждээ эзгүй. Хэрэг явдал болсоор 49 хонож байна. Харин аав ээж нь эрэлийн багийнхан оллоо гэсэн өдрөөс тооцож 49 хоногийг нь энэ сарын 22-нд гүйцэлдүүлнэ гэлээ.

Харин энэ хугацаанд хүү яагаад харуулын байрнаасаа явсан, яагаад хүний нутагт амиа алдсан, хамгийн сүүлд хэнтэй юу ярьсан гээд олон асуулт эзэнгүй хөвөрсөөр энд ирлээ. Бид энэ удаад Увс аймгийн Баруунтуруун суман дахь 0311 дүгээр ангийн захирагч болон Увс аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор Г.Эрдэнэбаяраас тодруулга авсан юм. Мөн талийгаач цэргийн ээжтэй  ярилцлаа. Үрээ алдсан эхийн сэтгэлийг дахин дахин хөндөх нь сэтгэлд эмзэглэмээр байсан ч өмнө нь бидэнтэй ярилцахдаа эгч нь одоохондоо их хэцүү байна, хоног нь дуусах үеэр эргээд холбогдьё гэж хэлсэн юм.  


0311 АНГИЙН ЗАХИРАГЧ, ХУРАНДАА Г.ГАН-ЭРДЭНЭ: ХУУЛИЙН ДАГУУ ШАЛГАГДАЖ БАЙНА

-Тувагийн нутаг дэвсгэрт амиа алдсан байлдагчийн хэргийн талаар тодруулах гэсэн юм?

-Хуулийн дагуу шалгагдаж байна. Хэрэг ямар процедураар явагддаг уу тэр жишгээр л явж байна.  

-Тухайн хэрэг явдлаас хойш танай анги илүү их анхааралтай ажиллаж байгаа байх?

-Ойлгомжтой шүү дээ. Алба үйл ажиллагаатай холбоотой ямар нэгэн сөрөг зүйл гараагүй анги нэгтгэлийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байна.

-Талийгаач хүүгийн гэрийнхэн хүүг нь оргодол гэсэнд их таагүй хандаж байсан. Тэгэхээр хэргийн учир шалтгаан хэр тодорхой болж байгаа бол?

-Бүх юм хууль дүрмийн дагуу явж шийдэгдсэнээр хэрэг тодорхой болно. Бид урьдчилж ийм тийм гэж ярих боломжгүй.


УВС АЙМГИЙН  ПРОКУРОРЫН ГАЗРЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОР Г.ЭРДЭНЭБАЯР: ШИНЖЭЭЧ ТОМИЛОГДООД ҮЙЛ АЖИЛЛАГАА ХУУЛИЙН ДАГУУ ЯВАГДАЖ БАЙНА

-0311 дүгээр ангид алба хааж байхдаа Тувагийн нутаг дэвсгэрт амиа алдсан байлдагчийн хэргийн талаар тодруулах гэсэн юм?  

- Хэрэг бүртгэл явагдаж байна. Олон улсын эрхзүйн гэрээний дагуу Москва руу хүсэлт гаргаад хүлээж байна. Манай дээр бол хэрэг бүртгэл хийгдээд шинжээч томилогдоод үйл ажиллагаа хуулийн дагуу явагдаж байна.

-Хоёр улс дамнасан хэрэг болохоор ямар нэгэн хүндрэл байна уу?

-Ямар нэгэн хүндрэл бол алга. Хэвийн явагдаж байна.  


Н.НЯМСҮРЭН: НЭГЭНТ БОСООД ИРЭХГҮЙ ЮМ ЧИНЬ ОРГОДОЛ ГЭДЭГ ҮГИЙГ ХҮҮГЭЭСЭЭ САЛГУУЛМААР БАЙНА


Тайлбар: Талийгаач аав, ээжийн хамт

Албаны хүмүүсээс тодруулга авсны дараа талийгаач Ц.Вангансүрэнгийн ээж Н.Нямсүрэнтэй ярилцсан юм.

-Сайхан хаваржиж байна уу, та?

-Сайхаан.

-Хүүгийн тань амиа алдсан хэргийн талаар та нарт ямар нэг мэдээлэл байна уу? 

-Шалгагдаж байгаа л гэсэн. Оросын талаас хариу ирэхээр хэрэг шийдэгдэнэ гэж хэлсэн. Цаг хугацааны хувьд  жаахан удаж магадгүй. Хоёр улс дамнасан асуудал болохоор гэж хэлсэн. 

-Энэ сарын 22-нд талийгаачийн хоног нь дуусна гэж байна? Нас барсан өдрийг та нар яаж  тооцсон бэ?

-30-нд байхгүй болчихлоо гэж ярьсан. 1-нд нас барсан гэсэн мэдээлэл өгсөн. Тэр өдрөөр нь нас барсан гэж ойлгож алтан хайрцагийг нь нээлгэсэн.  Бид нарт хоёрдугаар сарын 1-нд эрэлийн хүмүүс тагнуул, батлан хамгаалахын улсууд  өөрийгөө хороочихжээ гэсэн мэдээлэл өгсөн. Түүнээс биш яг хэдэнд өнгөрсөн, яасан “ийснийг” бид мэдэхгүй. Оросын тал юу гэж тогтоохын бүү мэд. Бид нарт л тэгж мэдээлэл өгсөн. Өнөөдөр өөрийгөө хороочихсон байна гэж гэнэт хэлсэн.  Бид нарт үзэж харсан ч юм байхгүй.

-Задлан хийснээс хойш л хүүгээ харсан юм байна. Тийм үү?

-Тэгсэн. Яг газар дээр нь харсан бол бас нэг ийм,  тийм юм байна багцаа орох л байсан байх. Сэжүүр ч олж харах байсан байж магадгүй. Бид нарт ерөөсөө харуулаагүй. Эрэлд нь ч авч яваагүй. Эндээс хоёр гурван хүн авч явсан, эрж хайж байх гээд. Гэвч оролцьё гэхэд нь оролцуулаагүй. Тэр одоо ямар утга учиртай юм, тэрийг би бас хардангуй л байгаа. Бид нар хамт яваад хайлцья гэхээр хайгаад хэрэггүй гэсэн мөртлөө бид нар монголын хилээр хайж байна. Оросын тал руу даваад явчихсан бол та нарыг авч яваад нэмэргүй. Монголынхоо хилээр хайхад 170 гаруй хүн оролцож байна гэсэн.

-Эргээд цогцосыг нь хэдэнд авч ирж өгсөн бэ?

- Тэр мэдээг дуулгаснаас хойш хоёр өдрийн хойно. Нэгэнд өнгөрлөө гэсэн. Маргааш нь хагассайн өдөр байсан учир Оросын тал амарна гээд уулзалт хийхгүй гэж байна гээд өнжсөн. Тэгээд нөгөөдөр нь бид нарт цогцосыг нь авч ирж өгсөн. Оросын тал задлан хийсэн байсан, Би орж үзсэн.

-Та бууны сумны шархнаас өөр юм байгаагүй байсан?

-Ил бол юм байгаагүй. Ар өвөрөөс нь хараагүй.  Монголын тал задлан хийхдээ гадны ямар нэгэн нөлөө алга юмшиг байна гэж байсан. Нүүр толгойд ил юм харагдаагүй.

-Идэр есийн хүйтнээр болсон явдал шүү дээ?

-Би одоо л бодож суудаг юм. Тэр хүйтэн бүсэд гурав хоног хээрээр морьтой хүн явахад хэцүү шүү дээ.  Миний хүүг хоёр тува малчинтай уулзсан гэж хэлсэн.  Одоо бодоход худлаа юмшиг санагддаг. Гурав хоног хээрээр явахад хүн тэсэхгүй шүү. Аймаар хүйтэн газар байсан. Ерөөсөө би л жаахан сэжиглээд байгаа. Эндээс бид нарыг 30-нд дуудсан. Өнөө өглөө ингээд алга болчихлоо гэсэн. Тэгээд би залгаад мөр нь байна уу, манай энд цастай мөр их л сайн гарч байна гэсэн чинь манай энд цасан шуурга шуурч байна, мөр юу ч алга гэж хэлсэн. Тэгээд яваад очиход мөр мэдэгдэхээр байсан. Дараа нь хилээр гарсан мөр нь энэ гээд бичлэг үзүүлсэн.  Бид нарыг тэр газрыг үзүүлнэ гэж байгаад үзүүлээгүй. Тухайн үед нэгэнт хүү минь байхгүй болсон хойно тэрийг үзэээд яахав гэж бодсон л доо.

                                                                                                                  Тайлбар: Талийгаач байлдагчдын хамт

-Тува малчидтай уулзаж байсан юм байна ?

-Эхний өдөр нэг тува малчинтай уулзсан. Танай хил ийшээ байдаг гээд зааж өгөхөд хил зүг рүүгээ явсан. Удалгүй харанхуй болсон гэж мэдэгдсэн гэсэн. Маргааш нь хил рүүгээ нэлээн ойртсон бас нэг тувагийн малчинтай таараад тамхи байна уу гэж асуусан гэж монголын хайгуул хийсэн хүмүүс хэлсэн.

-Тамхи өгсөн юм болов уу?

- Өгсөн өгөөгүйг нь хэлээгүй.

-АХ ЧИНЬ ЯАГААД ОРГОЧИХСОН ЮМ ГЭЖ ХҮҮХДҮҮД АСУУДАГ ГЭСЭН-

-Тухайн үед та бүхэн шокын байдалтай байсан л даа, мэдээж. Харин одоо..?

-Бүх юм л маш хурдан болоод өнгөрсөн. Одоо бодоход ямар ч хүн нар  мандчихсан тэгээд долоо найман цэрэг байхад оргоно гээд зэвсэглээд явна гэж байхгүй биз дээ. Миний хүүг оргодол гэж зарласанд их гомддог. Одоо би хүүгийнхээ нэрийг цэвэрлэж авья л гэж бодож байна. Нэгэнт миний хүү босоод ирэхгүй юм чинь оргодол гэдэг үгийг хүүгээсээ салгуулмаар байна. Дүү нь сургуульд сурдаг, энэ хүүхдэд ч хэцүү, дарамттай байдаг гэж хэлдэг. Ах чинь яагаад оргочихсон юм бэ гэж хүүхдүүд асуудаг гэсэн.

-Дүү нь хэддүгээр анги билээ?

-Тавдугаар ангийн хүү бий.

-Та хоёроос хүмүүс бас тэгж асуудаг уу?

-Яагаад оргочихсон юм болоо гээд асуугаад байхаар хэцүү л байна. Оргомооргүй юм аа, оргочихсон юм уу гээд асуугаад байгаа юм.  

-Хувийн дүгнэлт байна уу та хоёрт?

-Алга болохоосоо найм хоногийн өмнө мөнгө нэхээд утсаар ярьж байсан нь дарамт байсан юм болов уу гэж бид хоёр хоорондоо ярьдаг.  Миний хүү над руу яриагүй. Манай утас холбогдохгүй байна гээд манай бэр рүү ярьсан байсан. Мөнгө төгрөг явуулмаар байна, бушуу явуулахгүй бол болохгүй байна гэж. Юунаас үүдэлтэй тэгж мөнгө нэхсэн юмбол, би энэ  дээр юм бодоод л байгаа. Бид хоёр яагаад тэгсэн юм бол, яагаад тэгж сандарсан юм бол гээд яриад байгаа.

-Хэдэн төгрөг хэрэгтэй гэсэн юм бол?

-30 мянган төгрөг бушуухан хийгээдхээч, яаралтай хийхгүй бол болохгүй байна гэсэн гэж байгаа. Ямар ч байсан яаралтай хий л гээд байсан гэсэн.

-Тэгээд бэр эгч нь хийсэн гэнэ үү?

-Тэр дор нь хийсэн гэсэн.

-Ямар дансаар авдаг юм бол?

-Тэр данс  бэр эгчид нь байгаа. Шалгагдахаар гараад ирэх байх. Манай хүүхэд арав хоноод манаа руугаа гараад 10 хоноод бууж ирдэг юм билээ. Тэгэхээр яг гарахынхаа урд өдөр тэр мөнгийг нэхсэн байгаа юм. Долоо хоногийн дараа ийм юм болсон.

-Эгчдээ мөнгө яаралтай хий гэснээс өөр юм хэлсэн болов уу?

-Яаралтай мөнгө хий, яаралтай хийхгүй бол болохгүй байна гэхээр нь өнөөдөр эгчийн дүү бүтэн сайн өдөр маргааш болдоггүй юмуу гэсэн чинь болохгүй байна, янзын хурдан хэрэг болоод байна гээд байсан гэсэн. Манай утас холбогдохгүй байсан юм билээ.

-Бэр эгч нь айсан ч юмуу сандарсан ч юмуу өөр өнгө аяс анзаарсан болов уу?

-Ер нь мөнгөний дарамт байсан байх, мөнгө хийхгүй бол болохгүй байна гээд байсан гэсэн.

-Тэрнээс өмнө мөнгө авч байсан уу, гэрээсээ?

-Манай хүүхэд ер нь мөнгө төгрөг гээд байдаггүй.  Тангарагын баяраар нь очиход  мөнгөөр яахын гэж байсан. Цуг явсан улсууд энэ яахаараа мөнгө авдаггүй юм гэж байсан. Манай нутгийн 20 мянган төгрөг өгснийг хармаандаа хийж харагдсан. Надаас гурван хайрцаг тамхи л авсан. Тэр үед мөнгөний дарамт л үүссэн байх.

-ОДОО БОДОХООР ЦОГЦОС НЬ 2-3 ХОНОЧИХСОН ЮМШИГ САНАГДДАГ-

-Оргодол гэдэг үгэнд эмзэглэж байгаагаа та анги дээр очих үедээ хэлсэн үү?

-Ерөнхийдөө оргосон, танай хүүхэд оргосон гэж хэлсэн. Яагаад гэхээр “буу зэвсгээ аваад явчихсан. Буу хутга ес шидийн юмаа аваад явсан учраа гэдэг. Нүдээрээ хараагүй, бид. Өөрсдөө нэрээ цэвэрлэх гэсэн ч юмуу бид нар мэдэхгүй шүү дээ.  Оргоод явсан хүн орон нутаг руугаа явна гэхээс Оросын хилийн даваад явна гэж байхгүй. Санаатай оргоод явсан хүн нутагаа л бараадна биз дээ. Яагаад оргосон гэсэн юм бэ гэж асуухаар танай орон нутагт байгаа байх гэж бодсон юмаа. Хайгаад байсан хойшоо гарчихаж гэж хэлсэн. Тэр өдрөө ч явсан юмуу, хэдэн өдрийн өмнө явсан ч юмуу, явуулсан ч юмуу бид нар мэдэхгүй шүү дээ.

-Амьдрал бид сайн муу олон зүйлтэй учирдаг. Талийгаачийнхаа цогцсыг харахад удсан шинж байсан уу?

-Тэр үедээ би их тэвдсэн байсан. Одоо бодохоор цогцос нь 2-3 хоночихсон юм болов уу гээд бодогдоод байгаа. Тэр үедээ миний хүү яагаад ингэчихэв гээд хэцүү үе байсан. Цогцос нь ирдэг нь яамай даа гэж бодож байсан юм чинь .

-Тува малчинтай уулзахдаа төөрсөн байдалтай явсан юм биш үү?

-Тува малчинтай уулзахад нь танай нутаг ийшээ гээд заагаад өгөхөөр тэр зүгт явсан гэж хэлсэн байсан. Тэдний амаар л байгаа.  Дараа нь өдөр нь хил рүүгээ ойртоод ирсэн байхдаа тамхи байвал өгөөч гэж зангасан гэж хэлсэн. Бид нар нүдээр үзсэн юм юу ч байхгүй.

-49 хоногоор нь ямар үйл хийх вэ?

-Сумынхаа ганданд очиж ном уншуулна. Тэгээд орон гэрт  нь өнгөрөөнө дөө. Эндээс 10 гаруй км зайтай газарт хөдөөлүүлсэн.

-МИНИЙ ХҮҮ ОРГООГҮЙ, ОРГОХ Ч ХҮҮХЭД БИШ-

-Хууль хяналтынханд хандаад юуг хэлмээр байна?

-Хүүхдийнхээ нэр төрийг цэвэрлүүлж авмаар байна. Яахаараа хаачсан гэдгийг нь мэдэхгүй байж оргосон гэсэн мэдээлэл цацдагийн. Хамгийн анх  хурандаа Чинзориг гэж цэргийн хувцастай хүн оргодол гэж зарласан. Бид нарыг нутагтаа байхад шүү дээ.

-Ангиас нь та бүхэнтэй холбогдсон уу?

-Уржигдар манай нөхөртэй ангийн захирагч ярьсан гэсэн. Хэрэг Увс аймаг дээр шалгагдаж байна. Тувагийн талаас шинжилгээний хариу ирэхээр нийлээд гарах байх гэж хэлсэн гэсэн.

-Хоёр гурван сар найзалсан хүүхдүүд байгаа. Тэд нараас холбогдсон уу?

-Хүүхдүүдийг бид нартай яриулахгүй шүү дээ.  Манай хүүхэд застав дээр очсоноос хойш нэг ч яриагүй. Яримаар байсан гэсэн, яагаад яриулаагүй юм гэсэн чинь манайх уг нь сард нэг удаа яриулдаг л даа гэж байсан. 

-Өөр нэмж хэлэх зүйл байна уу, танд?

-Миний хүү оргоогүй, оргох ч хүүхэд биш. Шантарган, юм болгонд шантраад байхаар ч хүүхэд биш. Өөрийнхөө саналаар явсан. Бид хоёрыг тангарагын баяраар очиход янзын сайхан болчихсон байсан хүүхэд яагаад ч оргож босч явахгүй. Орголоо гэхэд орон нутагаа зорино. Би хүүхдийнхээ нэр төрийг сэргээлгэж авья гэж бодож байна. Бид нарыг хүүхэд нь оргочихсон гээд хаячихсан. Хэн ч бидэнд хандаж юу ч хэлээгүй. Бямбадорж гуай хүртэл буу зэсвсэгтэй оргочихсон гэж хэлсэн шүү дээ. Үнэн гэж байдаг бол миний хүү оргох хүн биш. Тэгэхээр нас барсан ч гэсэн хүүгийнхээ нэрийг  ард түмэнд нутгийн олонд нь цэвэрлэж өгөхийг би хүсч байгаа.

Б.БАЯРТ 

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

USD

Close
Close