Улс төр

С.Баярцогтын дансны хуулгыг ГХЯ-ны мэргэжилтэн ШВЕЙЦАРААС АВЧИРЧ, бүртгэлд оруулжээ

-С.БАЯРЦОГТЫН ДАНСНЫ ХУУЛГА 14 ХОНОГИЙН ӨМНӨ ГХЯ-Д ИРСЭН НЬ ХУДЛАА-

Өнгөрөгч амралтын өдрүүдэд Т.Аюурсайхан гишүүн өөрийн нүүр хуудсандаа “Швейцарын холбооны улсаас “Credit Suisse AG” банк дахь С.Баярцогтын ам.долларын 3, еврогийн 2, нийт 5 дансны 2008.09.30-2013.12.31 хугацааны гүйлгээний дэлгэрэнгүй хуулгыг Монголын талд хүлээлгэн өгснийг ӨНӨӨДӨР ӨГЛӨӨ авч ирлээ. Гадаад харилцааны яамаар дамжиж, АТГ-т хүргэгдэж байна” гэж бичсэн юм.

Т.Аюурсайхан гишүүний уг мэдээллээс харахад, УИХ-ын дарга Г.Занданшатарыг айлчлалын багт багтаж, Швейцарын холбооны улсад ажилласан УИХ-ын гишүүдийн бүрэлдэхүүн Сангийн сайд асан С.Баярцогтын дансны мэдээллийг авчирсан болж таарч байгаа юм. Өмнө нь, С.Баярцогтын дансны мэдээллийг Швейцариас авах асуудлаар тодорхой оролдлогууд хийгдэж байсан. Энэ тал дээр АТГ хүртэл ажиллаж байсан билээ.

Тиймээс ч олон нийтийн сүлжээнд “УИХ-ын гишүүд яваад гаднаас хэн нэгний дансны хуулгыг аваад ирж болдог юм бол АТГ тэргүүтэй хууль хяналтын байгууллагын хэрэг алга”, “УИХ хэргийн араас мөрдөх ажиллагаа явуулдаг байгууллага юм уу” гэхчлэн шүүмж өрнөсөн юм.

Улмаар өчигдөр айлчлалын багт багтан ажилласан Б.Пүрэвдорж гишүүн “"Швейцарт гишүүд ажиллах үеэрээ тус улсын хууль хяналтынхантай огт уулзаагүй. Т.Аюурсайхан ганцаараа шѳнѳ дѳлѳѳр уулзчихаагүй л бол ѳдрийн цагаар ийм уулзалт болоогүй. С.Баярцогтод хамаарах дансны мэдээлэл биднийг Швейцарт айлчлахаас 14 хоногийн ѳмнѳ Гадаад харилцааны яаманд ирсэн юм билээ” гэсэн тайлбарыг өгсөн нь анхаарал татсан билээ.

Мөн Л.Болд гишүүнээс “Айлчлалын баг Швейцарын хууль хяналтынхантай уулзсан зүйл байгаа юу” гэж асуувал “Т.Аюурсайхан гишүүнийг ийм уулзалтад орсон эсэхийг мэдэхгүй байна” гэсэн юм.

Харин Гадаад харилцааны яамнаас “С.Баярцогтын дансны хуулга 14 хоногийн өмнө манайд дипломат шуудангаар ирээгүй” гэсэн мэдээллийг өглөө.

-ЯГ ЮУ БОЛОВ-

Эндээс С.Баярцогтын дансны хуулга 14 хоногийн өмнө дипломат шуудангаар ГХЯ-д ирээгүй. Бас Т.Аюурсайхан гишүүнээр дамжсан эсэх нь тодорхойгүй юм бол яг хэн хуулгыг авчирсан бэ. Хэдийд бүртгэлд оров гэдэг асуултууд гарч байна.

Олон Улсад мөрдөгддөг дүрмээрээ мөрдөгдөж буй ийм төрлийн хэрэгт хамаарах баримтыг улс хооронд дамжуулахдаа зөвхөн дипломат паспорттой этгээдээр дамжуулдаг аж. Дипломат паспорттай этгээд тухайн нөхцөлд олдоогүй тохиолдолд тусгай нөхцөлөөр тээвэрлэлтэд өгдөг юм байна.

Тэгэхээр уг дансны хуулгуудыг тус улсаас Монгол руу илгээхдээ манай айлчлалын багийн бүрэлдэхүүнд өгөх боломжтой гэсэн үг юм. Учир нь, УИХ-ын гишүүд болон холбогдох мэргэжилтнүүд дипломат паспорттай.

Гэхдээ яг Т.Аюурсайхан гишүүнд тухайлан өгсөн гэдэг нь батлагдсангүй. Энэ талаар Т.Аюурсайхан гишүүнээс тодруулах гэсэн боловч хариу өгсөнгүй.

Харин Гадаад харилцааны яам өчигдөр С.Баярцогтын дансны хуулга бүхий илгээмжийг албан ёсоор бүртгэлжүүлсэн байна. Уг дансны хуулгуудыг УИХ-ын дарга Г.Занданшатарын айлчлалын багийн бүрэлдэхүүнд багтсан Гадаад харилцааны яамны мэргэжилтэн тээвэрлэн ирсэн гэдгийг албаныхан хэллээ.

Ж.МЯДАГБАДАМ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

USD

Close
Close