Ярилцлага

Нара: Донсолгоотой, уйтгартай, хүлээлттэй цаг хугацааг би хүүгийнхээ төлөө хүсээгүй бүхнээ хийж туулсан

Мөнхтөрийн Нарантуяа. Тэр өнөөх л эрч хүчтэй, дайчин эмэгтэйн төрхөөрөө манай редакцид зочиллоо. Хөөрхөн хүүтэйгээ хамт. Өмнөх нь өдөр хүүгийнхээ аавынхаа ажил дээрээс хөөгдөж гараад, нийгмийн сүлжээгээр амьдралынхаа бодит үнэнийг дэлгэж байсан Нарагийн төрхийг өөрөөс нь олж харсангүй. Цайлган, ил шулуун үгтэй, зоримог энэ бүсгүйн үзэл бодол, зарчим, хандлагыг энэ ярилцлагаас бүтэн харах боломжтой.


-ТААГҮЙ ЗҮЙЛИЙН ДАРАА ХҮНД ӨӨРИЙГӨӨ ЗӨВТГӨХ ГЭСЭН ЭРЭЛХИЙЛЭЛ ҮҮСДЭГ-

-Хүссэн, хүсээгүй хэн бүхний анхаарлыг татаж байна, таны лайв. Яг одоо ямар бодолтой явна? 

-Хүн болгон өөрийнхөө амьдрал, үзэл бодол, оюун ухаанаар хүлээж авч байна. Энэ ингэж хүлээж авлаа, над шиг ойлгосонгүй гэх нь хаашаа юм. Гэхдээ энд хүмүүс нэг зүйлийг орхигдуулаад байна. Тэд зөвхөн Нара, эсвэл Батцацралыг муулах эсвэл дэмжих тухай л шуугиснаас үйл явдал юунаас эхтэй вэ гэдэг жижигхэн шигтгээг харсангүй. Тодруулбал, миний хүүгийн дотоод ертөнц, юу хүсдэг, юу мөрөөддөг, юу зүүдэлдэг гэдгийг хүртэл  ганцхан би л мэднэ. Намайг яагаад лайв хийх болсныг хэн бүр ойлгохгүй. Аргагүй ээ, хүн болгон ийм нөхцөл байдалд байж үзээгүй болохоор ойлгох албагүй. Үүнийг хэн ойлгох вэ гэхээр яг над шиг амьдрал туулсан, эсвэл багадаа миний хүү шиг амьдрал туулсан хүмүүс л ойлгоно. Огт мэдрээгүй мэдрэмжээ өөрийнхөө харж байгаагаар л дүгнэхэд амархан. Гэвч хүн тэр дунд нь юуг амсаж, туулж, тэвчиж яваад өнөөдөр ингээд тэсрэх болов гэдэг  нь л учир шалтгаан юм. 

-Ийм үйлдэл хийсэндээ харамсах ч юм уу тийм мэдрэмж төрөв үү?

-Мэдээж таагүй зүйлийн дараа хүнд өөрийгөө зөвтгөх гэсэн эрэлхийлэл үүсдэг. Өнгөрсөн шөнө бараг унтсангүй. Маш их зүйлийг бодлоо. Хүүгийнхээ ирээдүй, нэр төрд нь таагүй зүйл хийчихэв үү гэж өөрийгөө буруутгаж ч үзлээ. Өнөө хүнийг ч бас намайг ингэх хүртэл дорд үзэх ямар шалтгаан байсныг бодлоо. Эцэст нь монголын эмэгтэйчүүд, хагас өнчин хүүхдүүд, нийгмийнхээ тухай ч бодлоо. Өнөөдөр энэ асуудлыг Нара хөндсөн болохоос биш хүн бүрт өөрт нь биш юм аа гэхэд ойр дотны, танилын хүрээнд нь байдаг асуудал. Нара л ганцаараа тэсрээд хашгирчихлаа л даа. Би хүүтэйгээ бүх зүйл дээр маш сайн ойлголцдог. Тиймээс  лайвын дараа ярилцаад, хүүгээ тайван байгаад баярласан.

-Нарагийн хүүхдийн эцгийн эрэлд нийгмийн сүлжээ идэвхтэй хандсаар ирсэн. Гэтэл ингэж илрэх байж?

 -Би тэр хүнд үргэлж боломж олгож ирсэн байхгүй юу.  Миний хүүхдийн эцгийг Намсрайноров, Гантулга гээд л хэн дуртайтайгаа холбож байсан. Би дуугүй л явсаар энд ирсэн. Өнөөдөр л гэхэд намайг шантаажчин хүүхэн, 250 сая төгрөг нэхээд өгөхгүй болохоор ингэлээ л гэнэ. Хүүхдээ золиосонд гаргаж мөнгөний төлөө шантааж хийж буй бол таван жил хүлээх хэрэг надад байсан юм уу. Сонгуулийн өрөвдүүлэх тактик, одоо тэгнэ, ингэнэ гээд бүр мөрийцэж байна.  Хэрвээ би тийм байсан бол 2016 оны сонгуулиар хийж болох л байж, тээ. Улс төрчид дандаа сенсаци дэгдээх, бие биеэ захиалгат контентоор намнаж дэвсэлж гарч ирдэг. Олны анхаарлын төвд очих гэж байж боломгүй, санаанд багтамгүй зүйлсийг хийдэг нь хүмүүсийг ийм хандлагатай болгочихож. Би хүүгийнхээ аавд үе үе талархдаг, үе үе маш их үзэн яддаг. Энэ мэдрэмж надад жирэмсэн байхаас эхэлсэн. Энэ жилийн хүүгийн төрсөн өдрөөр надад маш олон зүйл зэрэг тохиолдсон. Бизнесийн таагүй байдал, санхүүгийн дарамт, ажил төрөл бүтэлгүйтэх гээд  үнэн стресстэй өдрүүд урсаж байлаа.

Тэгээд тэр хүнд “Би чамаас цаашид жилд хоёр удаа хүүгийн чинь төлөө юм гуйгаад, бусад үед өөрөө болгох чадалгүй болж байна. Дахиад хүүгийнхээ төлөө эцгийнх нь өмнө гуйлгачин царайлж чадахгүй нь ээ. Зарим нэг эмэгтэйчүүд энэ хүний өмнө царай алдаж байснаас гээд шүд зуугаад амьдралын төлөө уйлаад, хүнд хэцүү өдрүүдийг ганцаараа туулаад явж байгаа байх. Би тийм байж чадахгүй байна. Хоёулаа хүүгийнхээ өмнө хүлээх, хоёр биенийхээ хариуцлагыг тодорхой болгох гэрээ хийе” гэж хэлсэн. Асуудал ингэж эхэлсэн юм. Би сүүлийн гурван жил цэцэрлэгийн төлбөр, төрсөн өдрийн баярын мөнгө авдаг байсан юм.


-ХАГАЦАЖ САЛАМГҮЙ БАЛ БУРАМ ШИГ ӨДРҮҮД Ч БАЙСАН, ТАСДААД ХАЯЧИХМААР ӨДРҮҮД Ч БАЙСАН-

-Таны саналыг яаж хүлээж авав?

-Юун гэрээ. Гэрээ энэ тэр хийхгүй. Чи ДНК тодруул, тэгээд шүүхээрээ яв гэсэн. Тухайн үед тэр хүн дүүгээ алдчихсан хэцүү үе байсныг ойлгож байгаа. Би бас хүн шүү дээ. Бусдыг өрөвдөж хайрлана. Хаа хамаагүй таньж мэдэхгүй хүн өрөвддөг байж хүүгийнхээ аавыг бодно. Надад очоод ажил явдалд нь оролцох ямар ч боломж байхгүй, хэн ч намайг хүлээж авахгүй. Тэгээд хэд хоногийн дараа яагаад очсон бэ гэхээр бас л миний нөгөө хүн боддог, уучилдаг зангийнх. Би амьдралд нь зовлон бэрхшээл гуниг гашуудал тохиолдох тусам хүүгээ үгүйлж байгаа болов уу гэж бодсон. Дээрээс нь цэргийн баяраар цэцэрлэгийн хичээлээрээ аавдаа зориулж хийсэн бэлгээ аавдаа өгнө гээд яриад байсан. Өмнө нь гэрээ хийе гэж бичсэн, энэ бүхэн давхцаад тийшээ очсон. Ер нь би Бунжаагийн хөөрхөн гоё моментуудыг үргэлж фээсбүүктээ оруулдаг. Үнэндээ тэр бүхнийг аавд нь зориулж тавьдаг.  Хүү чинь ийм гоё болж байна, ийм сайхан хүү чинь ингэж өсөж торниж байна гэдгийг л харуулах гэж зорьдог. Олж хардаг л байх. Тэглээ гээд би ажил дээр нь нэг ч удаа очиж байгаагүй. Нөгөө талаас хүүгийн цэцэрлэгийн сэтгэлзүйч багш одоо эрэгтэй хүнтэй уулзуул, аавд нь хэл. Долоо хоногт ядаж 2-3 удаа уулзуул, үзэгдэж харагддаг болго гэх болсон. Би энэ талаар Батцацралд зөндөө хэлсэн. Багш нь ингэж байна, би энэ хүүхдэд ямар эрээ үзүүлж харуулах вэ гээд хэлээд л байсан. /уйлав/  Нэг их тоохгүй байж байгаад өнгөрсөн намар ирдэг байхгүй юу. Ингэж миний хүү хүний мэдээ орсноосоо хойш аавыгаа анх харсан.


-Анх удаа гэсэн үү...?

-Тийм ээ. Тэр нялхад нь хамт байгаа зураг бол тэр үед бас л гуйж лагер хүргүүлээд өөрөө хоночихоод явья гээд үлдсэн өдрийнх. Тухайн үед мэр сэр уулзана. Хүү дээрээ ирээд салхинд гаргаад өгөөч энэ тэр гэсэн харьцаатай. Би бол аягүй хүлцэнгүйгээр гуйдаг байхгүй юу. Нарагийн нөгөө бардам, ихэмсэг зан чанарыг уландаа гишгээд л гуйдаг байлаа. Хэтэрхий олон зүйл надад тохиолдож ирсэн. Хайрлаад хагацаж саламгүй бал бурам шиг өдрүүд ч байсан, үзэн ядаад тасдаад хаячихмаар өдрүүд ч байлаа. Гэхдээ тэр бүгдийг өнөөдөр дурсах нь илүүц. Би бол зүгээр байж болох зарим нэг юмыг дурссан. Үнэндээ би хүүгийнхээ аавыг энэ удаан хугацааны турш яагаад буруутгалгүй явсан бэ гэхээр ээжийг нь илүү буруутгаж ирсэн явдал. Ээж нь намайг янхан хүүхэн гээд үзэхгүй, заналхийлсэн мессэжүүдийг бичдэг байсан.

-Тэр хүн Нараг яагаад тэгж хүлээж авсан юм бол?

-Би чинь гэрт нь очиж танилцаад, цагаан сараар хоол салатыг нь хийгээд мундаг бэр байлаа. Тэр үед ээж нь байнга бие нь өвдөөд гэнэ. Надад дургүйлхээд тэгдэг байсныг би дараа нь мэдсэн. Тэгээд Батцацралыг хагалгаанд орох үер эмнэлэг дээр тааралдаад анх илэрсэн. Бүх юмаа дэлгээд тавьчихаар хүн цаашаа яасан ч яадгийн болчихдог шүү дээ. Би тийм л байна. Тэр эмэгтэй над руу хэдэн жил мессэж бичсэн. Бид хоёр хамт амьдарч үзээгүй. Долоо хоног хамт байгаагүй гэх нь арай юу юм бэ. Үерхэж байгаад жирэмсэн болсон.  2012 онд би бас жаахан азгүй ээ. Савны гадуурх жирэмслэлт болоод тэрийгээ даван туулсан. Бунжаа бол миний хувьд бурхны бэлэг. Маш хэцүү хүнд үеүдийг би шүд зуугаад туулж ирсэн. Хоолой дээрээ тээглэсэн бүхнийг цааш нь залгиад л яваад байлаа. Бүгдийг ярина гэвэл солонгос кино цаашаа шүү.  

-Гэсэн ч та хүлээсээр, итгэсээр л байж?

-Өчигдрийг хүртэл бүх юман дээр тэр хүнийг эерэгээр ойлгочих гээд өөрийгөө урсгасаар ирсэн. Маш олон юм сэтгэлд бугласан ч тэсээд явсан. Төрсөн өдрөөр бид хоёр муудалцсан ч гэсэн гурав хоногийн дараа бэлэг гээд мөнгө шилжүүлсэн байсан, хөөрхий дөө, янз бүр болдог ч гэсэн бас яахав даа гээд л дахиад уучилна. Тэгээд миний хүүхэд нэг хөөрхөн юм хийчихээд аавдаа өгнө гээд байхаар нь өрөвдөөд, хоёулаа аавынхаа ажил дээр очиж үзэх  үү гэсэн чинь тэгье гээд баярлаад байна. Би чинь ажил төрлөө зохицуулаад, үс зүсээ янзлаад, бие сэтгэлээ бэлдээд замдаа хоёулаа дуулаад жигтэйхэн цоглог очив оо. Очиход “Захирал хүнтэй уулзаж байна, та хоёр хүлээлгийн танхимд хүлээж  байж байгаарай” гэсэн. Бараг нэг миунт үүдэнд нь гутлаа арчаад орлоо.

Миний үерхэж байхдаа бэлэглэсэн зүйлийг өлгөчихэж.  Хүн аймаар сонин. Би заримаа өөрийгөө тэнэг хүн юм болов уу гэж боддог. Би тэр бэлэгний зургийг нь аваад догдлоод инээгээд дотроо  юу л эсийг бодохов дээ. Тэгээд “Аав нь яасан юм бол доо, хурдлахгүй юм байх даа” гэсэн чинь Бунжаа “Би ороод үзчих үү” гээд гүйчихсэн. Хаалгыг нь онгойлгоод “Ааваа, та хурдлаарай” гэж хэлсэн. Өнгөрсөн намар нэг удаа л харсан хүүхэд шүү дээ. Би үргэлж аавынх нь талаар сайн сайхнаар ярьдаг. Аав нь ийм их ажилтай хүн, аав нь гадаад явсан миний хүү бэлэг захих уу гээд бэлэг ирэхгүйг мэдэж байгаа ч тэр үеийн моментийг ашиглаж сайн сайхан мэдээллээр хүүгээ тэжээж ирсэн. Тэгээд  хүүгийхээ араас очлоо, 35 минут хүлээсний эцэст шүү дээ. “Таван үг сольчих уу” гэсэн чинь “Яах гээд байгаа юм. Албан ажил явагдаж байна” гэхээр нь “Би тэгвэл амин чухал асуудлаар явна. Хүүгийн чинь асуудлаар уулзья” гээд орсон. Тэгсэн чинь аав нь “Наад хүүхэд чинь энүүгээр үймүүлээд гүйгээд байна” гэсэн. Бүр шок цаашаа.

Саяхан уй гашуу тохиолдсон хүн энэ хөөрхөн амьтныг хараад...  Мэдэхгүй ээ, хаанаас нь гардаг хатуу сэтгэл вэ. Тэгээд “Чиний ажил дээр хүн ирэхээр яадаг юм” гэсэн чинь нөгөө л хараалаа урсгаж эхэлсэн. Зургийг нь авсан чинь аяга шидэх гээд байсан.  Гэтэл нөгөө өрөөнд дүү нь байна.  Би очоод “Мөнхцацралаа чи энэ ахыгаа хар даа.  Би хүүхдийг нь авч ирээд уулзуулах гэж ирлээ” гэсэн чинь “Солиор” гээд урдаас асчихсан. Хамаг юм тэндээс эхэлсэн. Бид хоёр муудалцаж болно. Тэр эмэгтэй төрсөн ахынхаа төрсөн хүүхдийг анх удаа өөрсдийг нь зориод ирж байхад “Ямар хөөрхөн том болчихсон юм бэ, Нара тайвшир ийшээ ор, ярилцья” энэ тэр гэвэл би уяраад уйлаад бүхнээ ярих хүн шүү дээ.  

Тэгээд нийлээд л нийлээд  хөөгөөд ,  хүүгийн минь хувцсыг шидэж байгаа хүн аав нь шүү дээ. Азаар тэр үед утас унаад бэби шарк энэ тэр гараад ирсэн. Үнэхээр дургүй хүрсэн. Би маш олон доромжлолуудыг тэвчиж тэрэнд муу юм саналгүй өдий хүрсэн. Хүүхдээ хараад талархал тайвшрал уярал ухаарлаар дуусдаг байлаа, тийм өдрүүд. Дахиад гар далайхаар нь би лайв хийхээр шийдсэн. Намайг тухайн үед хамгаалах зүйл бол лайв гэж бодсон. Хүүтэйгээ хоёулхнаа яваа эмэгтэй рүү тэнд байгаа бүх хүмүүс дайрсан.  

-Уулзаж байсан хүмүүс нь бас оролцсон юмуу?

-Үгүй үгүй тэр хүмүүс цаана сууж байсан. Батцацрал, Мөнхцацрал, өөрийнх нь сайн найз Оргил. Оргил бол бид хоёрын бүх харилцааг мэднэ. Тэр хүн рүү би хэдхэн хоногийн өмнө ярьсан. Захирал чинь Орост яваа юм байна. Надад компанийнхаа регистрийн дугаарыг өгөөч, захирлын чинь хүүгийн цэцэрлэгийн төлбөрийн нэхэмжлэл явуулья гэхэд эргээд ярья гэсэн. Тэгснээ манайх ганц хүний компани биш олон хөрөнгө оруулагчтай болохоор хувийн асуудалд мөнгө гаргахгүй ээ гэсэн хариу өгсөн. Тэгэхээр нь би “Мэднээ, гэхдээ энэ компанийг анхнаас нь хэн байгуулаад яаж яваад өдий хүрснийг мэддэгийн хувьд би чамд итгээд хэлж байна . Би нэхэмжлэл явуулна, эсвэл өөрөө очно” гэж хэлсэн. Тэгсэн чинь өчигдөр  аймаар инээдтэй “Чи мөнгө нэхсэн, компани дээр ирнэ гэж заналхийлсэн” гэсэн. Би тэр үед бараг л өмнөх юмнуудаа мартчихсан, хүүгээ хараад уяраад тэврээд үнсээд хүү минь баярлана гээд  кино бодчихсон очсон. Тэр дүү охин нь над шиг хүүхдээ чирч яваад саяхан өөр нөхөртэй болсон хүн. Тэднийх санхүүгийн зовлонгүй байж болно л доо. Хамгийн сонирхолтой нь тэр намайг өөртэйгөө адилхан гэж бодохоо больё. Төрсөн ахынх нь хүүхэд ирж байхад арай л хатуу санагдсан. Ах нь яг үнэндээ бол өрөвдмөөр хүн,  бүх амьдрал, ажил, бизнесээ гэр бүлийнхээ төлөө зориулаад өөрөө одоо тогтсон гэр бүлгүй. Одоо 46 настай хүн.


-БИ ХҮҮХДЭЭ ТЭЭЖ БАЙХДАА, ТӨРҮҮЛСНИЙХЭЭ ДАРАА НЭГ НАС ХҮРТЭЛ НЬ МАШ ИХ НУЛИМСЫГ ДАЛАЙ ШИГ ИХЭЭР АСГАРУУЛСАН-

-Бунжаагаас өөр хүүхэд байхгүй юу?

-Би бол байхгүй гэж хэлнэ. Надаас өмнө лав байгаагүй, надаас хойш сонсогдоогүй. Надтай хамт байхдаа хүүхэдтэй гэж хэлж яриагүй. Хамгийн гол нь миний муу ах бүх залуу насаа бизнесийн орлогоо бидний төлөө зориулаад хүүхэдтэйгээ амьдарч чадаагүй шүү дээ гээд ойлгож болно доо. Би харамссан, хүүдээ тийм юм үзүүлсэн дээ. /уйлав/  Бунжаад аавынх нь талаар дандаа гоё сайхан зүйлийг ярьж төсөөлөлд сайхан аав суулгасан байсан.

-Хүү нь юу гэж байна?

-Тайван байсан. Би лайв дуусаад ээж нь хүүдээ ийм юм үзүүлсэнд уучлаарай,  ээж нь ийм юм болно гэж бодоогүй. Аавыгаа ч гэсэн уучлаарай гэсэн чинь “Хоёулаа тэр аавыг хаячихья л даа” гэсэн. Миний хүү хаяж болдоггүй юм байдаг. Энэ хүн чиний аав. Миний хүү том болохоороо ойлгоно гэсэн чинь нээх хөөрхөн “Аав маань уг нь хөөрхөн байсан чинь муухай болоод миний ээжийг зоддог болсон” гэсэн. Намар уулзахдаа миний хүүгийн сэтгэл санаа их гоё үлдсэн л дээ. Тэгээд ээжийг нь зодоогүй, бид хэд уурлаад  ойлголцоогүй. Ээж нь тэгэхээр нь чанга дуугарсан чинь тэр хүмүүс ажилтай болохоор гадаа гар гэсэн юм аа гэж тайлбарласан.

-Өмнө нь хүүхдийнхээ ирээдүйн талаар, хариуцлагын талаар нэг ч удаа ярьж байгаагүй юм байна. Тийм үү?

-Яг үнэнийг хэлэхэд би хүүхдийнхээ энэ жилийн төрсөн өдрөөр хэцүү байдалд байсан. Тэгээд  найзууддаа  “Би ингэж амьдарч чадахгүй нь ээ. Би энэ хүүхдийн төлөө байгалийн жам, хуулийн дагуу хариуцах үүргийн төлөө хүний өмнө үргэлж гуйлгачин царайлж амьдрахаас залхаж байна. Монголын эмэгтэйчүүд яаж амьдрааад байгаа юм бэ” гэж ярьж байсан. Ер нь бол өнгөрсөн хугацаанд хүүгийнхээ аавтай нь ингээд яахав гээд л өөрийгөө тайвшруулаад явсан. Дунд нь бол үгийн мууг ч шиднэ, уярал ухаарал ч бичнэ. Янз бүр л болно. Яг тэр хүнийг өвчөөд төрчихсөн  сайхан үр хажууд тэр хүнийг үгүйлэх,  харц нь гунигтай байх, эсвэл аавынхаа тухай хөөрхөн мөрөөдөл ярих бүрт сэтгэл зүрх өвддөг. Тэр өдөр очихдоо” Хүү чинь чамд бэлэг өгнө гээд байна. Ажил дээрээ байж байгаарай” гэж бичсэн. Байж байхаар нь баярласан.  Хамгийн гол нь ямар ч юманд хэмжээ хязгаар гэж юм байдаг. Манай найзууд намайг дэндүү тэсвэр тэвчээртэй гэдэг. Гэвч  миний тэвчээр таван жилийн л хугацаатай байж.

-Чиний буруу биш л дээ..?

-Сошиалаар хүмүүс миний жирэмслэлтийг хүртэл шүүж байна. Гурван жил үерхсэн, өөрийнхөө хайрласан, итгэсэн,  ээж нь хичнээн миний эсрэг ч  “Нархаан чамдаа хайртай” гэдэг хүний хүүхэд гаргах нь буруу юм уу. Би итгэнэ биз дээ. Ийм юмыг туулаад л амьдрал босдог гэж боддог байсан.  Би бүх хариуцлагаа өөрөө үүрээд хүүхдээ эерэг зөв сайхан хүн болгоод явж байна. Энэ удаад би эцгийг нь хариуцлага хүлээ л гэж хэлсэн. Яг энэ нөхцөл байдлыг ийм амьдрал туулсан хүн л мэднэ. Нийгмийн бүхий л нөхцөлд байдалд дасан зохицож амьдрах гэж хичээж байж дээрээс нь яахаараа хүүхдийнхээ эцгийг царай алдаж амьдрах ёстой юм бэ.

-Бүх цаг хугацаанд чи тэр хүнд орон зай үлдээгээд явж байж. Харамсалтай нь, тэр хүн чамайг таниагүй мэдрээгүй юм шиг санагдлаа?

-Би нэг л юмыг аймаар сайн ойлгосон. Энэ нь Бунжаагийн аав бид хоёрын харьцаанаас өөр асуудал. Бунжаагаа гурван настай байхад нэг залуутай танилцсан. Хүн өнөөдөр харж, дотрыг нь сонсож, үзэл бодол өнгөрснийг нь өөрөөс нь сонсож, барьж, харж, тэвэрч, мэдэрч байгаа энэ хүндээ итгэхгүй байхад намайг үзээгүй хараагүй хүмүүс хаа юу гэж ярих нь хэнд сонин юм бэ. Тэгэхээр би өнөөдөр юунд гомдох вэ. Одоо би улам хүчтэй болно, улам цэх зогсоно. Нулимс цийлэгнэдэг үе олон. Би маш их нулимсыг хүүхдээ тээж байхдаа, төрүүлснийхээ дараа нэг нас хүртэл далай шиг ихээр асгаруулсан. Одоо бол байх ёстой юмыг байх ёстой газар нь байлгана.  Хүмүүс намайг хүчирхэг зоригтой шийдэмгий хүн гэж хардаг. Гэтэл нөгөөх нь хөшигний цаана доромжлуулаад, дээрэлхүүлээд, хүчирхийлүүлээд байж байна. Би л үүнийг нуугаад явах юм бол энэ нийгэм хэзээ цэгцрэх юм бэ?


-“Ийм хөөрхөн үр өөрийн гараараа хийсэн бэлгээ бариад очиход санаанд багтмааргүй юм аа” гэсэн өнцгөөс олон нийт хүүгийн тань эцгийг шүүмжилсэн?

-Би өөрийнхөө хамгийн сайн тал, хамгийн сул талыг хэлэх үү. Би хүнээс нэг ширхэг сайхан юм олоод харчихаараа тэрийг нь маш томруулж бусдыг баллуурддаг.  Би өөрөө төгс биш, Бусдыг ч гэсэн төгс байгаасай гэж хүсдэггүй, хайдаггүй.Байгаагаар нь хүлээж авдаг. Нэг ширхэг сайхан үгнээс, нэг жижигхэн сайн үйлдлээс нь дараа дараагийн том зүйлийг харж чаддаг. Тэгэх тусам тэр хүний муу муухай уучлагддаг, устгагддаг, харагдахаа больдог. Би ийм л сэтгэлээр энэ залууг хайрлаж ирсэн. Дасаж хайрлаж дурлалцсан гурван жилийн дотор маш олон удаа салж нийлж, сайндаж муудаж явсан ч гэсэн тосоо гартал тэврэлдсэн өдөр ч бий. Салж хагацмааргүй дурлалын амттай өдрүүд ч бий. Тэгэхээр бүх юмыг үгүйсгэж болохгүй.  Монголчууд намайг эвэртэй туулай үзсэн юм шиг хардаг байсан үе бий. Жигтэйхэн ганган, гоё, илэн далангүй, энгэр задгай бүсгүй рүү эр хүн болгон  нүд унагаж шохоорхдог байсан. Ойртсон танилцахыг хүссэн хүн болгон л намайг хөнгөн шингэн өвөртөө оруулж болохоор эмэгтэй гэж ханддаг байсан. Энэ дундаас би энэ л хүнд итгэж өврөө нээж хайрласан. Урьдны үерхэлүүд байсныг нуухгүй. Гэхдээ би энэ хүнтэй хамт амьдралаа босгож явья гэж шийдсэн байхгүй юу. Харамсалтай нь миний тэр шийдвэрийг маш өчүүхэн зүйлээс түрхэн зуурын жирэмслэлтийн таргалалт, стресс, надтай хамт нэг хонож үзээгүй гар барьж үзээгүй хүмүүсийн үг, ээжийнхээ үзэл бодлоор дүгнэж, ийм байдалд хүргэсэн. Хүүгээ төрсний дараа Батцацралд маш их баярласан. Энэ л хүнтэй учирч ийм сайхан хүүтэй болох тавилантай байжээ гээд.


-БИ 250 САЯ ТӨГРӨГИЙН ӨРТЭЙ, ГЭХДЭЭ МИНИЙ ӨР БАТЦАЦРАЛД ЯМАР Ч ХАМААГҮЙ-

-Та үнэхээр 250 сая  төгрөг нэхсэн юм уу?

-Намайг ингэнэ гэж арай бодоогүй. Бас дахиад шок. Шокноос шок, накаутанд оруулаад байж болох уу. Би хувьдаа өчигдөр тэр лайваас гарч ирээд тайвшраад, өнгөрсөн рүүгээ эргэж нэг очоод, бүх моментийг дүгнээд танд алдаа байж, би түргэдэж, энэ бүхэн миний хүүгийн ирээдүйд муухай дурсамж болон үлдэх вий гээд өөртэйгээ үхтлээ тэмцэлдэж яваа шүү дээ. Гэтэл 250 сая. Нэг хүн рүү бүр хариу бичсэн байна. Би нөгөө л хүүхдийнхээ аавыг өмөөрдөг зангаараа өөрөө бичээгүй байх, дүү нь, магадгүй найз нөхөд хэн нэгэн нь бичсэн байх гээд  л явж байна.

-Хариу бичнэ гэдэг нь?

-Би наад Нара гэж хүүхэнтэй чинь долоо хоног ч хамт байж үзээгүй. Надаас 250 сая нэхсэн. Өгөх боломжгүй учраас ийм бичлэг хийсэн гэж бичсэн байсан.

-Таны дуудлага, мессэжид хариу өгөхгүй байх нь олонтаа юу?

-Бүр байнга. Ядаж байхад Бунжаа аавынхаа дугаарыг мэддэг болчихсон. Уг нь би утсан дээрээ Глобал гэж тэмдэглэсэн ч Бунжаа тэр үгийг Баагий  гэж ойлгодог. Тэгээд шууд өөрөө залгана, утсаа авахгүй. Би хүү чинь ярих гээд залгаад байна гэж мессэж бичнэ. Ахиад залгаад үзээрэй миний хүү гэхээр авахгүй. Хэзээ ч эргэж залгахгүй. Тэр нь бол надад үнэндээ гонсоймоор байдаг.

-Та хоёрт цэцэрлэгийн мөнгөнөөс өөрөөр мөнгө өгч байсан уу?

-Би одоо бүх юмыг үнэнээр нь хэлж байна. Нэг зурагтны асуудал бий. Би 14 саяар лизингийн зурагт авсан юм. Гурван саяыг төлсөн 11 саяын үлдэгдэлтэй явж байтал Бунжаа машинаа шидээд хагалчихсан. Бөөн стресс. Эвдэрчихсэн юманд лизинг төлнө гэхээр нервтээд байгаа байхгүй юу. Батцацралд хэлбэл яах бол гэж нэлээд бодсоны эцэст мессеж бичлээ. Би байнга юм гуйгаад байдаггүй, албатай юм шиг зан гаргадаггүй болохоор ёстой яс хавталзаж байж гуйлаа. Үлдэгдлийг нь төлөөд өгөөч, би боломжтой болохоороо зургаан саяар дэлгэцийг нь солиулчихья гэсэн. Тэгсэн чинь 10 сая төгрөг өгсөн. Аймаар баярласан. Би шантаажчин хүүхэн байсан бол ингэх үү. Би юу ч авч байгаагүй юм шиг, тэр хүн рүү нийгмийг тэр чигээр нь нулимуулмаар байсан бол би үүнийг ярих уу. 250 саяын үлгэр хаанаас гараад ирсэн бэ,  250 сая төгрөгийн өртэй. Солонго рестораныг босгох гээд хорооллын дөрвөн өрөө байраа барьцаанд тавьсан. Хувь хүнээс зээлсэн мөнгө бүгд нийлээд 250 сая төгрөг. Ресторан бизнесийн зарчимч бус явдлаас болоод уналтад орсон. Тэр тухайгаа нэг удаа Бунжаагийн аав руу бичсэн.

Бичихдээ миний өрийг төлөөд өгөөч гээгүй. Уг нь чамаас гуйхгүй, хөдөлмөрлөөд хүүхэдтэйгээ тусдаа гарна гэж бодож явтал өөрөө шинэ юм бий болгох нь бүү хэл хуучин байснаа ч алдчихлаа. Би өрөнд орсон. Би хүүхдээ сайхан орчинд амьдруулмаар байна. Өөрийн гэсэн хичээл номоо хийдэг тоглож нааддаг өрөөтэй болгомоор  байна. Чи хүүдээ байр аваад өгчих. Боломжгүй бол хүүгээ өөрийнхөө байранд хажуудаа аваад амьдруул” гэсэн. Ривер гарденд таван өрөө байранд ээжтэйгээ хоёулаа амьдардаг гэсэн. Яг тулаад ирэхэд би хүүгээ өгч чадахгүй. Гэхдээ аргаа барсандаа ингэж бичиж байсан. Тэрнээс үүдэж надаар өрөө төлүүлэх гэж байна гэж бодож л дээ. Миний өр Батцацралд бүү хэл миний аав ээжид ч хамаагүй.

Би өөрөө энэ өрнөөс гарах чадалтай, хамгийн гол нь цаг хугацаа хэрэгтэй. Тэр цаг хугацаан дунд миний хүүгийн амьдралын ая тохь сайн сайхан хойшоо тавигдчих гээд байсан учраас тэгж хэлсэн. Шантаажчин нэрийг ингэж авсан. Хүүхдийнхээ сайн сайхны төлөө эцгээс нь хариуцлага гуйх нь шантааж юм бол бүх дэлхийн ээжүүд шантаажчин. Ээж бүр бүсгүй хүн бүр үр хүүхдийнхээ эцэгт найддаг. Үнэндээ бол энэ нийгэма д баян хүний хүүхэд төрүүлээд авах ёстой юмаа аваад хариуцлагыг нь үүрүүлээд тайван амьдарч байгаа ээжүүд байдаг, би мэднэ. Тэд нар шиг амьдарч чадахгүй байгаа, тэтгэмжээ ч авч чадахгүй байгаа, хүүхдийнхээ зөвхөн хоол хувцасны мөнгийг олох гэж стрессдэж туйлдаж яваа хэдэн мянган эхчүүд байгаа вэ. Бүгдээрээ над шиг хашгираад гуйгаад байна уу, эсвэл над шиг хөшигний ард гомдоод цөхрөөд явж байна уу.

Би хөндөх ёстой асуудал гэж харж байгаа. Магадгүй цаг үеийн тохироо нь ингэж бүрдэж би тэсэрсэн байх. Би дутагдлын хажуугаар дуугүй өнгөрч чаддаггүй. Сул талтайгаараа энэ нийгэмд зөндөө юм туулсан. Миний өгөгдөл л энэ байх.

-Чи олны анхаарлын төвд явдаг хүн л дээ...?

-Энэ миний хүсэл биш байхгүй юу. Миний аав ээж хоёр бүхнээ зориулж намайг сургасан. Би зүгээр ажлаа хийгээд гоё амьдармаар байдаг. Тааралдсан эрчүүд маань миний бодсон шиг байж чадсангүй. Өнөөдөр би ингээд хүүхдээ чирээд явж байна. Миний хүсэл маш энгийн. Өөрийнхөө хүсэл мөрөөдөл сайн сайхны төлөө сурсан мэдсэн үзсэн харснаараа баялаг бүтээж амьдрах байсан. Тэгээд эх орондоо ирсэн, намайг гэсэн эр хүнд татагдлаа, бие сэтгэлээ зориуллаа. Итгээд хүүхдийг нь гаргалаа. Миний хүсэл талаар боллоо. Би зүгээр л хүн шиг амьдармаар байна. Би Их тэнгэрийн аманд амьдарья  гээгүй. Энгийн сайхан амьдрал хүссэн. Монгол эмэгтэйчүүд өдөр тутам тэр зээл, энэ төлбөр, байрны мөнгө, хоолны мөнгө ерөөсөө л энэ. Яагаад бид нар ингэж амьдрах ёстой юм бэ. Би сураад ирсэн мэргэжлээрээ тайзан дээрээ дуулаад алга ташуулаад гоё сайхан хүүхэн явж баймаар байсан байж таараа. Гэтэл өнөөдөр хүүхдээ чирээд аавынх нь ажил дээр оччихсон хайр, хариуцлага гуйчихсан. Би ийм амьдрал хүсээгүй ш тээ.

-Тусдаа байгаа бүү хэл гэр бүл дотор хүртэл хүүхдийнхээ хайр татам, хөөрхөн үйлдлүүдийг аавд харуулахыг ээжүүд хүсдэг. Тэр эрэгтэй хэн байх нь хамаагүй, хүүхэд эцэгтэй нь өсөх нь маш чухал зүйл шүү дээ?

-Хүүгээ хөхүүлэх үед харц нь ямар хөөрхөн өхөөрдмөөр хайрламаар болдог билээ. Би яг тэр үед хүүгийнхээ аавыг маш их өрөвддөг байсан. Хөөрхий амьтан, ийм сайхан царай, ийм гоё хайрыг харж чадахгүй тэр хүн ямар өрөвдмөөр вэ гэж боддог. Худал үгийг мянга хэлэхээр үнэн болдог гэдэг. Гэртээ орохоор нь төрүүлсэн ээж нь янхан хүүхэн, явдалтай хүүхэн гээд давтаад байхаар хүн ээждээ итгэж ээжийгээ л сонгоно биз дээ. Эхнэр хаанаас ч олдоно гэж бодно биз дээ. Би бол дутуу дулимаг амьдрал үзээгүй. Аав ээжийнхээ сайхан хайранд бүрэн бүтэн гэр бүлд хайртай ах эгч дүү нарын дунд эмээ өвөөгөө түшиж хүн болсон. Ээж аав минь бидний сайн сайхны төлөө өдий хүртэл амьдраад явж байна. Өнөөдөр миний аав Бунжаагийн аавын орон зайг нөхөх гээд хичээж яваа.  Тэгэхээр би дутуу амьдрлыг төсөөлж чаддаггүй. Одоо ч хүүгээ ийм байлгаж байгаадаа итгэхийг хүсдэггүй. Нэг л өдөр хамт байх юм шиг санагддаг. Хүн өөрийнхөө хүүхдийг хайрлахгүй хаяад явж байхад хэн миний хүүхдийг хайрлана гээд ирэх юм бэ. Би дахиж итгэж чадахгүй. Зөндөө итгэсэн.  Би одоо юунд итгэхэв. Эр хүн болгон эргээд учрахдаа гоё сайхан үг хэлдэг хайрладаг халамжилдаг. Хариуцлага хүлээх түвшинд амьдрал өрнөөд ирэхээр уг чанараа харуулж эхэлдэг.

-Чи илүү хүчирхэг байна уу?

-Магадгүй. Эрчүүдийг би харцнаас нь ямар энерги ялгарч байгааг мэдэрдэг. Гэхдээ хэзээ ч над дээр ирдэггүй, айдаг. Тэр нь ч дээр гэж боддог. Хэн нэгэн зориглоод ирсэнд нь би бас уяраад,  дахиад шархлаад суумааргүй байна. Надад 4-5 эр хүн байсан. Бүгд сэтгэлд хүрээгүй, намайг шархлуулсан. Одоо хүнтэй суух талаар бодож ч чаддаггүй. Энэ надад үүссэн сэтгэлзүйн эмгэг ч байж магадгүй.  Эсвэл би илүү хүчирхэг байх. Би мянга хүчтэй байгаад эр хүний гар далайлтыг дийлэхгүй. Хичнээн хүчтэй байгаад энэ хүүхдэд эцгийн орон зайг нөхөж чадахгүй. Ийм л юм.

-Цусан холбоог тасална гэж байхгүй. Та хоёрт хэн хэнээ ойлгох орон зай үлдсэн болов уу?

-Одоо бол ер нь хэцүү болсон байх даа. Гэхдээ хүн яаж харахын тэрнээс шалтгаална.  Миний хувьд Батцацрал өнөөдөр, маргааш яриад би хүүгээсээ уучлалт гуйя, би хүүтэйгээ уулзья гэвэл тэг тэг л гэнэ. Би ийм л хүн. Хүүтэйгээ уулзаж болно, үүнээс хойш ч гэсэн.  Би байнга л уулзаач гэж гуйж ирсэн. Гэхдээ тэр хүн хүсэхгүй байгаа бол дахиж очих хандах хэрэггүйг л өчигдөр маш сайн ойлголоо.

-Та хоёрыг өөрөө зориод ирж байсан удаа олон уу?

-Байхгүй. Нэг ч байхгүй.

-Тэр айл хүүгийнхээ хүүг  харья гэсэн удаа бий юу?

-Аав нь өөд болоод олон жил болсон. Ээж нь эхнээсээ намайг үгүйсгэсэн хүн. Би арай ч иймдээ тулна гэж бодоогүй. Тухайн үедээ хүүхдийг нь хараад эх хүн юм чинь зөөлрөх байх гэж бодсон.  “Иш хөөрхий энэ муу амьтныг янхан, янхан гээд байсан чинь миний хүүгийн хүүхдийг төрүүлээд өглөө шүү дээ”  гэж  бодох болов уу гэж хүлээсэн. Тийм юм болоогүй. Төрсөн хойно хүртэл элдвийн юм бичиж байсан.

-Төрөлхийн тийм хатуу хүмүүс юм байх даа?

-Би ойлгохгүй байгаа. Би  муухай энэ явдлууд давтагдах тусам аав ээж хоёртоо баярлах юм. Ямар их хайраар, хүн чанараар, ямар их уучлал хайрыг хүүхэддээ өгсөн юм бэ.

-Танай аав, ээж ямар байр суурьтай байдаг вэ?

-Хүүгээ төрүүлчихээд эмнэлгээс гарахад муу аав минь цэцэг бариад угтсан. Ээж гэртээ надад хоол цай хийгээд хүлээж байсан. Миний аав ээж хоёрын үхтлээ хайрлаж бөөцийлж өөрсдөөсөө илүү анхаарч өсгөсөн охин нь хүүхдээ тэврээд эмнэлгээс ганцаараа гарч ирэхийг харсан миний аав Батцацралыг алчихмаар байсан байх. Гэвч миний аав ээж энэ бүхнийг тэсээд тэвчээд, ажил дээр нэг ч очоогүй, ярьдаггүй.  Ээж төрсний дараа нэг удаа “Батцацрал аа, чамд энэ алгын чинээ амьтныг ирээд нэг харчих сэтгэл алга уу. Би чамд үнэхээрийн итгэхгүй байна” гэж ярьсан. Дараа нь ээж намайг сонгуулийн үеэр ажилтай байхад “Нара их ажилтай байна. Чи хүүгээ аваад ганц хоёр цаг тоглуулж болно шүү” гэж бичсэн байсан. Сүүлийн гурван жилээс би гуйж эхэлсэн.

-Том болох тусам эцгийн хайр хэрэгтэйг мэдэрсэн байх?

-Эхний хоёр жил хайр нь хүрээд ирнэ байх гэж хүлээсэн. Бас би дэндүү бардам амьдраад байна уу даа гэж бодох болсон. Манай найзууд “Нара, хүүхдийнхээ энэ хөөрхөн өхөөрдөм байдлыг хараагүй хүн хүүхдээ анхаарахгүй. Чи уулзуул” гэдэг байсан. Тийм учраас би тэртэй тэргүй би хүнтэй суухгүй юм чинь аавтай нь уулзуулж байя гэж хичээсэн. Одоо бол харилцааг хуулийн дагуу шийднэ. Эмэгтэйчүүд эднийг царай алдах биш хуулийн дагуу байр байрандаа очмоор байна.


-70 МЯНГАН ТӨГРӨГНИЙ ТӨЛӨӨ ГУЙЛГА ГУЙХГҮЙ, ХАРИН ШИНЭ ТОГТОЛЦООГ БИЙ БОЛГОМООР БАЙНА-

-Хуулийн дагуу бол сард хэдэн төгрөгний тэтгэмж авдгийг судалж үзэв үү?

-Бурхан минь, 70-90 мянга гэж сонссон. Энэ тэнэг новшийн хуулийг нь өөрчлөх юмсан. 70-90 мянган төгрөгөөр яах юм бэ? Энэ хууль нь увайгүй эрчүүдийг даврааж байна. Би 70 мянган төгрөгний төлөө гуйлга гуйхгүй. Харин шинэ тогтолцоог бий болгомоор байна. Эрчүүдийн хариуцлагыг орлоготой нь уяад өгөх хэрэгтэй. Санхүүтэй нь хариуцлагыг нь холбоод өгөхөөр ухамсар нь ажиллаад шал өөр болно. Олдог орлогынх нь тодорхой хувьтай яриад эхэлбэл тархи нь сэтгэл хөдлөлөө хянаж эхэлнэ. Дэлхийн улс орнуудад эцэг эх нь салсан ч гэсэн тогтмол өгдөг орлоготой, уулздаг өдөртэй байна.  Тэр тэтгэмжийг нь халаастай нь холбочих. Тэгэхээр сайхан харагдсан бүхэн рүү үсчиж, барьж, хүрч, эдэлж өөрийн болгох хэрэгтэй юу гэдгээ хянаж эхэлнэ. Энэ бол классик хууль. Монголд энэ хэрэгтэй.


-Та хоёрт нээлттэй сайхан ярилцаж сэтгэлээ уудалж байсан удаа олон уу?

-Яг үнэнийг хэлэхэд архи уусан үедээ их нээлттэй болдог. Би ямар энэ хүнтэй ярилцах гэж архи өгөлтэй биш. Өөрөө их дотогшоо хүн. Гадуур зугаалаад шоудаад явахгүй. Тийм байх тусам би ямар сайхан юм бэ гээд татагдаж байсан. Архи уучихаад “Нархаан би чамд хайртай. Ээж чамд дургүй ч гэсэн би чамгүйгээр амьдарч чадахгүй” гэдэг байсан. Гэрт нь очихоор ээжийнх нь хэлдэг үг нэг дарамт, энд нэг хүн хайрлаад тэмүүлээд байгаа нь бас л дарамт байсан юм болов уу. Их л адармаатай цаг хугацааг туулсан хүмүүс, бид хоёр.

-Ээжтэй нь ярилцаж үзэж байв уу?

-Асууж байсан. Нэг удаа гэрт нь янз бүрийн асуудал болоод, “Та яасан гэж намайг ингэж үзэн яддаг юм. Би таны хүүхдийг хайрлаад л явж байна” гэсэн чинь юу ч хэлээгүй. Бүх процессийг яривал солонгос кино цаашаа шүү. Бид  хоёрыг танилцахад компаниа байгуулаад удаагүй байсан. Би захирал ч гэж мэдээгүй. Надад нэг компанийн менежер л гэж танилцсан. Хэсэг хугацааны дараа ажил нь дээшилж эхэлсэн. Нөгөө талаас ээжээс нь дутахааргүй эмэгтэйчүүд их эвдсэн гэж боддог. Надтай үерхээд эхлэнгүүт маш олон эмэгтэй энэ хүний араас гүйсэн. Батцацрал өөрөө надад хэлсэн. “Нархаан ямар сонин юм бэ? Чамтай үерхээд эхэлсэн чинь урьд нь намайг тоодоггүй байсан хүүхнүүд хүртэл уулзья гээд байхын” гэж байсан. Эндээс ажил үйлс нь бүтээд харилцаа холбоо нь тэлээд олон хүүхэн эргүүлээд эхлэхээр өмнө нь тийм юм үзээгүй хүн чинь Нара бол ядаргаа гэж бодсон байж магадгүй. Яг тэр олон үйл явдал дунд жирэмсэн болсон. Нээх баяртай хүлээж аваагүй ч за за, тийм үү тийм үү гээд л. Нэг тоглоом барьж ирсэн. Донсолгоотой, уйтгартай, гомдолтой, хүлээлттэй  цаг хугацааг би эхлээд өөрийнхөөрөө, дараа нь хүүхдийнхээ төлөө хүсээгүй бүхнээ хийж туулсан. Одоо амьдралд, эр хүнд итгэх ямар ч тэнхэл алга.

-Чамайг гэсэн эр хүн байгаа. Амьдралд ам гарч болдоггүй гэдэг шүү дээ?

-Аймаар итгэлгүй болчихсон. Надтай амьдрал ярихгүйгээр уулзаж учирч болзож болно. Хүн л юм чинь байгалийн жам ёсны хэрэгцээ шаардлага байна. Онгон царайлж янз бүрийн юм яриад яахав. Гэхдээ сэтгэлд багтахгүй байгаа.

-Хүүгээ хүмүүжүүлэхдээ юуг анхаарах ёстой вэ?

-Би хүүтэйгээ маш сайн ярилцдаг. Бүхий л үед бүх асуудлаа ярьдаг. Хүүгээ мөрөн дээрээ суулгаад явдаг. Гэвч аавын мөр шиг хүчийг мэдрүүлж чадахгүй нь харамсалтай. /уйлав/ Би байгаадаа талархаж, баярлаж байхгүйдээ бага гонсойж, бага мэдэрч эсвэл бий болгохын төлөө зүтгэдэг. Миний бий болгож чадахгүй юмнууд гэж байна. Тэгэхээр газарт сайн гишгэж явах хэрэгтэй юм байна. Хүүгээ эмэгтэй хүнийг хайрлаж чаддаг хүн болгоно. Бунжаагаас “Ухамсар байна уу гэхээр байна. Хаана байна гэхээр тархинд, тархи хаана байна гэхээр толгойд” гэж хэлдэг. Зүрх бол хайр гэж ярьдаг. Мөн чанар дотооддоо суулгах ёстой юмыг нь өгье гэж хичээдэг. Тэгэхээс биш тоглоомоо хураа, хувцсаа эвх гэж хүмүүжүүлдэггүй.

-Бүх юмыг харлуулж болохгүй. Та хоёрт сайхан үе бий. Батцацралд сайн тал байж л таараа?

-Би Батцацралыг ийм хэмжээнд хүрсэн хатуу хахир байгааг нь ерөөсөө мэдэхгүй. Би анзаарч байгаагүй юмуу. Их зөөлөн хүн шиг санагддаг байсан. Жирэмсэн байхад л нэг гар хүрсэн. Би чинь бас галзуурна ш тээ. Гоё сайхан өдрүүд байсан. Хэлсэн амандаа хүрчих гээд хичээгээд хөөрхөн үеүүд зөндөө. Хайрламаар байсаан, байсан. Миний хүү хайран дундаас төрсөн. Явц л жаахан хийцгүйрчихсэн болохоос биш/ инээв . Маш олон тархи угаагч байдаг. Хоёрын дундуур жороологсод. Наад чинь янхан, тэрэнтэй явж байсан, тэрэнтэй тэнд хоносон дандаа ингэж хөндлөнгөөс ордог. Нэг өдөр өнгөрүүлнэ, маргааш нь бодно, нөгөөдөр нь хар төрнө, ингээд сална, хүүхдүүд хохирно. Тэр жороологсдын амьдралыг харахаар өөрсдөө бүүр болоогүй түүхий амьдралтай байх юм.


-НААД ШҮТСЭН БУРХДАА ГАЗАРТ БУУЛГАЖ ИРЭЭД АМЬДРАЛЫН ФРОНТОД БАЙЛДУУЛ-

-Та Д.Намсрайноров, Д.Гантулга гээд эрчүүдтэй нэр зүүгдсэн?

-Ёстой утгагүй ш тээ, тийм юм чинь. Би Д.Намсрайноровын эхнэрийн тухай боддог байсан. Чи энэ Наратай яасан юм гэдэг болов уу. Нөхрөө ойлгодог эмэгтэй бол “хаха“ гээд өнгөрсөн байх. Би тэр цуурхалаас хойш нэг удаа арга хэмжээн дээр тааралдаад “Хөөе, миний хүүгийн аав явж байна. Нэг сээлпийдий” гэсэн чинь инээгээд л явсан. Тэр хүүгийн хөмсөгнөөс л болсон байх. Би өөрөө хөмсөг баатар байсан байхгүй юу. Бүх юм өнгөрсний дараа л өнөөдөр ингэж ярьж байгаагаас биш тэр үедээ муухай л байсан. Д.Гантулгын хувьд хэн нэгэн хүчингийн хэрэгтэй холбогдоход тэрэнд аваачаад намайг наачихсан. Дүү нь хүчиндүүлсэн гээд байгаа сэтгүүлч хүүхэн надад харшилтай. Дандаа янз бүрийн юм бичиж байдаг. 5, 10, 15 жилийн өмнө нөхөрлөж найзалж явсан хүмүүс зөндөө байдаг. Тэглээ гээд муу муухай юм болгонд нь холбоод байж болохгүй. Ер нь бол муухай монгол занг бид нар засахгүй бол болохгүй. Сайн яваагаа үзэхгүй, муу яваагаа дээрэлхэнэ, зэрэгцээд ирвэл тийрнэ. Энэ одоо яачихсан юм бэ? Би заримдаа найзуудаасаа “Би зүгээр хүн үү. Би яачихсан юм бэ” гээд асуудаг. Дэмждэг хүмүүс ч байна.  Anti-Nara нар ч зөндөө.