Ярилцлага

Ш.Уранчимэг: Цэрэгт яваад тахир дутуу болсон хүний тавилан цаашаа яаж өрнөдөгийг бидний амьдралаас харж болно

1982 он. Нийслэлийн 24 дүгээр сургуулийн ахлах ангийн хөвгүүдээс ЗХУ-ын хилийн цэргийн сургуульд сургах сурагч сонгохоор НАХЯ-наас нэгэн офицер иржээ. Энэ сонголтод  хөнгөн атлетикийн тамирчин сурагч Я.Эрдэнэбат тэнцсэн байна. Харин гадаадын цэргийн сургуульд суралцахаас өмнө хилийн цэрэгт алба хааж бэлтгэл хийдэг журамтай байж. Ингээд хүү Дорноговь аймгийн Улаан-Уул сумын 129 дүгээр цэргийн ангид алба хаахаар  мордлоо. Бие бялдарын хөгжил сайтай, хөнгөн атлетикийн дөрвөн төрөлтийн II зэрэгтэй том хүүгээ гадаад руу том сургуульд явуулах болсон аав, ээж нь баярлаж бахархан үдэж. Гэвч зургаан сарын дараа тэд цохондоо буудуулсан ухаангүй хүүгээ Замын-Үүдийн эмнэлэгт харжээ. Хүүгээ харах тэр агшинтэй зэрэгцэн тус гуравлдугаар заставын дарга Мундуу гэж хүн ээжийг нь дуудан “Хүү чинь буудагдчихлаа. Хүүхэд болохоор зүггүйтэж байгаад өөрийгөө буудчихжээ” гэсэн байна. Үүнээс  хойш ная хоногийн дараа ачит эмч нарын  мэргэжлийн ур чадвараар Я.Эрдэнэбат энэ хорвоог дахин харж нүдээ нээжээ. Хамгийн харуусалтай түүнд сонсгол тэр байтугай ой санамж нь ч үгүй болж.

Ээж Цэгмид нь сайхан хүүгээ хөл дээр нь босгохын тулд өөрөөсөө гарах бүх хүчээ дайчлав. Энэ бүхний эцэст Я.Эрдэнэбатын сонсгол бага зэрэг сайжирч, хөл дээрээ тогтож, ойр зуурын үг хэлэх болжээ. Тэр тамирчин хүн тулдаа тэсвэр хатуужил, аливаа зүйлд дасан зохицох бас суралцах чадвар өндөр байлаа.  

Хувь тавилан түүнийг  сайхан ханьтай учруулав. Хайрт гэргий нь ч жирэмслэв. Я.Эрдэнэбат баяр хөөрөөр дүүрэн байлаа. Гэвч бурхан түүнд дахиад л хатуурхав. Буд гарагт төрсөн Буджаргал охин нь төрөлхийн тархины саажилт өвчтэй  нь оношлогджээ. Өөрөө үхэл амьдралтай тулалдаж өдий хүрсэн тэрбээр одоо өөдөсхөн жаахан охинтойгоо хоёулаа нийлж тэмцэлдэх болжээ. Охин зургаан нас хүрээд хорвоог орхижээ.

...Буун дуу гарсан аймшигт тэр өдрөөс хойш 36 жил өнгөрчээ. Харин энэ хоёр хүн ханилаад 30 дахь хавараа угтаж байна. Унаж босч, ядарч, тэвдэж яваа ч бие биенээ гэсэн хайр, халуун сэтгэлээр тэд хөтлөлцөн өглөө нарнаас үдшийн бүрийг хүртэл ажиллаж амьдарч явна. Бид Я.Эрдэнэбат гэдэг айлын амьдралаар зочиллоо. Нэмж хачирласангүй, бас болгоомжлон хасч танасангүй тэдний яриаг бүрэн эхээр нь хүргэе.


-ТӨР ЗАСАГТАА ГОМДОЖ ЯВДАГ Ч БИДНИЙ ХУВЬ ТАВИЛАН ИЙМ БАЙХ ГЭЖ ӨӨРИЙГӨӨ ТАЙВШРУУЛДАГ-  

-Та хоёрынминь амьдрал ямархуу байна даа?

-Болж л байна даа. Амьд хүн л юм болохоор хоёр идэхгүй, хоосон хонохгүй ажиллаад л. Түрээсийн байранд, бас нэг жижигхэн ажлын байр түрээсэлчихсэн, оёдол хийгээд амьдарч байна даа. Энийгээ хаана ч явсан дагуулаад явдаг. /инээв/

-Нөхөр тань одоо эрүүл мэндийн хувьд  ямар асуудалтай байна?

-Сонсгол 90 хувь алдсан. Бүсэлхийнээс доош мэдээгүйжилт өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Олон жил эм тариа хэрэглэсэн болохоор эрүүл эрхтэн гэж алга даа. Өтгөн, шингэнээ мэдрэхгүй гаргана.    

 -Яг онош нь юу билээ?

-Гэмтлийн дараах тархины үхжилт. /Оросоор хэлэв/ 

-Та оёдол хийгээд удаж байна уу?

-Эгч нь Анагаахын дунд сургуулийг улаан дипломтой дүүргээд АУИС-д орсон. Хүүхдийн их эмч мэргэжэлтэй. Цусны төвд цус сийвэн үйлдвэрлэлийн тасгийн эрхлэгчээр долоон жил ажилласан. Улсад ажилласан  байдал ердөө энэ. За тэгээд л ёстой юм юм хийж үзсэн дээ. Хоол хийж зарсан, хүүтэйгээ усны тэргэн дээр ундаа чирээд зарж, хуванцар сав түүгээд явж байсан өдөр ч надад бий. /уйлав/ Юу хийхээ мэдэхгүй явсан ч үе бий. Амьдралд бүр цөхрөөд ирэхээр хүн их зоригтой болдог. Нэг л өдөр гэнэт оёдол хийхээр шийдсэн. Эхлээд бол ёстой хөөрхийлөлтэй л юм хийлээ. Одоо оёдлоороо л амьдарч байна. Арваад жил хийчихэж. Эмнэлэгт ажиллаж байсан болохоор эмнэлгийнхээ хувцсыг хийгээд эмнэлгүүд  бараадаад амьжиргаагаа залгуулж явна.  


-Хань ижил амьдралынхаа төлөө эмэгтэй хүн өдий хүртэл ингэж зүтгэнэ гэдэг хувь хүний сайхан чанар харагдаж байна?

-Ганцаараа зүтгээгүй шүү. 70 хувь нь би байлаа гэхэд 30 хувь нь ах дүү, найз нөхөд, сайхан сэтгэлтэй хүмүүс бий. Төр засагтаа гомдож явдаг ч, бидний хувь тавилан энэ байх нь гэж бодоод өөрийгөө тайвшруулна.  Гэхдээ сүүлийн үед эгч нь жаахан сэтгэл санаагаар унаж байна. Би өрнөөс өрний хооронд амьдарсаар өдий хүрлээ. Өрөө төлж чадахгүйгээс болоод шүүх цагдаад ч очлоо. Бид барьцаа хөрөнгөгүй болохоор дандаа хувь хүнээс өндөр хүүтэй мөнгө зээлнэ.  Гэтэл бид хоёрын эмчилгээний мөнгө цаг үргэлж урсаж л байна. Өглөөнөөс үдэш хүртэл зайгүй ажиллахад миний хань бүртийтэл  яг хажууд байна. Ингэлээ гээд бидний амьдралд өөрчлөгдсөн юм алга.

-Та хоёр ч түрээс төлдөг юм байна. Дээрээс нь эм тариа. Өрөө төлж хүрэлцэж байна уу?

-Хүрэлцэхгүй ээ. Энэ олон жил хөдөлмөрлөөд байхад яасан дуусдаггүй өр вэ гэж хүмүүс ч хэлдэг, би өөрөө ч заримдаа гайхдаг. Яасан сонин юм, би архи уудаггүй, энэ тэр болж явдаггүй, илүү дутуу юм хэрэглэдэггүй гээд л. Гэхдээ энэ  хамгийн гол нь  хүнд үүрүүлэх эсвэл ачирхах, гомдлох асуудлал огт биш шүү. Би та нартай яагаад уулзахаар шийдсэн гэвэл энэ онд л гэхэд ямар олон цэргийн хүүхэд эрсдэв. Зодуулаад тахир дутуу болж, мэдрэл муутай болж галзуурсан байна, амь насаа алдаж, оргосон гэх нэртэй хилийн цаана амиа алдлаа. Миний хань ч бас тэдний нэг нь байхгүй юу. Энэ хүнтэй амьдраад яг 30 жил болж байна. Эр цэрэгт эрүүл саруул яваад эрэмдэг болж үлдсэн хүмүүсийн ар гэрийн амьдрал насан туршдаа яаж үргэлжилдэгийг би биеэрээ амсаж яваа болохоор тэр ээжүүд,  гэр бүлүүдийг сонсохоор зүрхэнд хүнд тусдаг. Цэргийн ангиудад одоо ч байгаа энэ муухай яргалал, дарангуйлал, шударга бус байдал 30 жилийн өмнө хүртэл байсныг бид хоёрын амьдралаас харж болно.

-Нөхрийг тань буудсан цэрэг гэрээслэл бичиж амиа егүүтгэснээр энэ хэргийн үнэн мөн илэрсэн гэдэг. Үүний дараа та нарт тусламж дэмжлэг үзүүлсэн үү?

 -Хөл эргэтэл явж байж нэг өрөө байр, 3000 төгрөгний тусламж авсан. Тэгээд нөхөр, охин хоёроо гадаадад эмчлүүлбэл болчихмоор юм шиг санагдаад хөөцөлдсөн. Удаан гүйсний эцэст нэг боломж гарж Хөх хотоос хариу ирсэн. Нөхрийн хувьд олон жил өвдсөн байна, охины хувьд үзье, гэхдээ эмчилгээний төлбөрөө өөрсдөө хариуцана гэсэн утгатай. Даанч бид гурав явж чадаагүй. /уйлав/ 10 мянган доллар гэсэн шүү дээ. Яг эндээс миний энэ их ужгарсан өр эхлэлтэй.

-Хэдэн он бэ?

-1993 он. Байраа таван сая 500 мянгаар зарсан. Гадаадад явж чадахгүй ч гэсэн эм тариагаа хэрэглэх ёстой. Охиныгоо амьд байх үед ямар ч гарах гарц байгаагүй.  Бид гурвын амьдрал нүд ирмэх зуурын юм болоод өнгөрсөн. Шөнө би охиноо сахина, өглөө 06 цагт Эрдэнэбат халуун хоол цай бариад эмнэлэг дээр ирж охиноо хүлээж авна. Би зөрөөд ажилдаа гүйнэ. Мөнгө олох хэрэгтэй болохоор оройн цагаар энд тэнд цэвэрлэгээ хийнэ. Хоёр талын ах дүү нар тусална. Хэцүү амьдрал. Надаас илүү хүнд амьдрал туулж яваа хүмүүс байгаа. Гэхдээ эрүүл саруул хүнийг нь цэрэг арми авч яваад насан туршийн тахир дутуу болгож буцаасан ийм амьдрал насан туршийн гомдол тээлгэдэг.


-Одоо хичнээн төгрөгний өр байна?

-Нэлээн байна. Хэлээд юу гэхэв. Жишээ нь, энэ танай доод давхрын Vision fund-ын зээлтэй. Энэ сарынхаа мөнгийг өгөөгүй л явна. Улирал тутам эм тарианы 60 мянга, асаргааны 74 мянга төгрөг дээрээс нь манай хүн групп авна. Авахад бас асуудалтай. Бид эхний хаягаараа ч тэндээ амьдраагүй олон жил болсон болохоор халамжийн хууль журмаар олгоход хүндрэлтэй. Яалт ч үгүй бидний хэрхэн амьдардагийг мэддэг болохоор хорооныхон нүдээ аниад зүтгүүлдэг.


-МИНИЙ ОХИН ЗУРГААН ЖИЛ АМЬДАРСАН-

-Та хоёр Эрдэнэбат ахыг осолд ороход ямархуу  таниулууд байв?

-Бид хоёр чинь арван жилийн нэг сургуулийн паралель ангийн хүүхдүүд. Нэг довон дээр өссөн, бие биенээ багаас нь мэднэ. Тэгэхэд би оюутан байсан. Нөхрийгөө буудуулсан бие нь муу байгааг сонсоод л байсан. 1986 оноос бие нь овоо сайжирсан. Манай сургууль дээр үе үе ирнэ. Нэг өдөр гэнэт л “Урнаа, би одоо ийм өвчтэй өрөөл татанхай болсон болохоор хүн тоохгүй байх даа. Би уг нь хүнтэй сууувал сайхан л байна” гэсэн. Тэгэхэд хэн хэнд нь нэг бодол төрсөн байх. Би тэгэхэд нь чи ямар үхчихсэн биш, өөрийнхөө буруугаас ийм болсон биш, чамд сайн хүн таарна гэж хэлсэн. Яг тэгж хэлсэн юмдаг. 

-Тэгээд...?

-Манай хүний санаагаа хэлээд байсан царай нь тэр юм билээ. Тэгээд их сонин. Нэг шинэ жилийг найзуудтайгаа яаж тэмдэглэхээ ярьж байлаа. Манай найзууд за энэ удаа найз залуугаа дагуулж ирцгээнэ шүү гэдгийн. Би надад ямар хүн байх биш гээд хэлсэн чинь, энэ хажууд сайн уу гэчихсэн зогсож байсан. Хичнээн гайхсан гээч. Тэгээд тэр шинэ жил дээр ирээд, маргааш нь бөөнөөрөө талбай дээр зурагаа авахуулсан. Тараад хоёулаа Шар хад хүртэл алхсан. Тэр замд л намайг найрчихсан байхгүй юу. /инээв/ Ээжээсээ асуусан. Насны эцэст зовж магадгүй дээ, гэхдээ өөрөө мэд гэлээ. Найзуудаасаа асуусан чинь бид нар мэдэхгүй өөрсдөө шийд гэсэн. Тэгээд шийдсэн.

-Хамгийн аз жаргалтай үеэ дурсвал...?

-Хамгийн анх намайг жирэмсэн болоход манай  хүн хагартлаа баярласан. Би өөрийгөө хүүхэдтэй болно гэж боддоггүй байсан, гэтэл би голомтоо залгах хүүхэдтэй болчихлоо гээд л. Охин төрлөө. Даанч харамсалтай нь тархины саажилттай дөрвөн мөч нь мэдээгүй төрсөн. Тэгээд л бидний амьдрал хөмөрсөн тогоо шиг л болсон. Тэр үед бид хоёр “Ямар сонин амьдрал вэ? Яагаад, яагаад” гэж байгаагаа харцаараа ойлголцож байсан. Миний охин зургаан жил амьдарсан. Аав нь бүх цагийг охиндоо зориулж, өөрийнхөө өвчнийг мартаж хичээж байсан нь одоо ч нүдэнд харагддаг.