Ярилцлага

ТАНИЛЦ: Тэргэнцэртэй иргэний сумдаа байгуулсан 150 ХҮҮХДИЙН БАГТААМЖТАЙ, ХҮРГЭЛТТЭЙ ЦЭЦЭРЛЭГ

Хөвсгөл аймгийн Жаргалант сумын иргэн Ж.Жаргалсайхан өөрийн хөрөнгөөрөө сумандаа 150 хүүхдийн хүчин чадал бүхий хувийн цэцэрлэг барьж байгуулан тогтмол үйл ажиллагаа явуулж байна. 20 настайдаа ахуйн ослоор нуруу, нугасаа гэмтээсэн энэ залуу 23 наснаасаа эхлэн нутаг орныхоо онцлогт тохирсон бизнес эрхэлсээр иржээ.  Тэрбээр 2014 онд нутагтаа хүүхдийн цэцэрлэгийн барилгыг барьж 2015 оноос элсэлтээ авч эхэлжээ.  Бид энэ удаад Жаргалант сумын “Хүслэн” хувийн цэцэрлэгийг сурвалжиллаа.  

-Та өөрийгөө бидэнд танилцуулна уу?

-Хөвсгөл аймгийн Жаргалант сумын уугуул иргэн. Бүрэн бус дунд боловсролтой. 40 настай.

-Сумандаа сайхан бүтээн байгуулалт хийжээ. Хэрхэн эхлэв?

- 2014 онд цэцэрлэгээ барьсан. Манай сумын цэцэрлэг актлагдаад цэцэрлэггүй болчихсон үе л дээ. Айл болгонд цэцэрлэгийн насны хүүхдэээ яах вэ гэсэн асуудал үүслээ л дээ. Тэгээд сумандаа нэг хэрэгтэй юм хийчихье гэж шийдээд цэцэрлэгийн барилгаа барьж эхэлсэн.  

-Хөрөнгө мөнгөө яаж босгов, хүндрэл бэрхшээл юу байв?

-Ах нь 23 настайгаасаа бизнес эрхэлж ирсэн. Тэр бүхнээсээ олсон орлогоор барьсан. Энд тэндээс дэмжлэг туслалцаа хүссэнгүй, өөрөө л зохицуулсан. 12Х25 хэмжээтэй 600 м.квадрат хоёр давхар байшин. Барилгын компаниа өөрөө олж гэрээ хийсэн. Харин барьсан хойноо зөвшөөрлөө авах гэж хүндрэлтэй байсан даа. Хүсэлтээ өгөөд гурван сар боллоо, хариу байдаггүй, учир битүүлэг байдалтай байтал УИХ-ын гишүүн Энх-Амгалан гуай тусласан. Зөвшөөрөл, хувьсах зардлыг нь шийдэж өгснөөр ажил жигдэрсэн дээ. Тав, бараг зургаа дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна.  


-Одоо хичнэээн хүүхэд сурч байна, танайд?

-Одоо тогтмол 13-15 ажлын байртай. Манайх уг нь зургаан бүлэг бүхий 150 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай л даа. Одоо хувьсах зардал маань гүйцэд шийдэгдэхгүй болохоор дээрээс баталж өгсөн 70 хүүхдийн төсвөөрөө ажиллаж байна. Гурван багш, гурван туслах багш, нягтлан, нярав, эрхлэгч, хоёр жижүүртэй.

-Хувийн хэвшлийн цэцэрлэг болохоор төлбөртэй байх..?

-Төрөөс олгож буй хувьсах зардалд ажилчдын цалин, нийгмийн даатгалын шимтгэл ордог. Бусад зардлаа төлбөрөөрөө шийднэ гэсэн. Төлбөрийн хувьд сарын 25-30 мянган төгрөг байдаг.

-Төлбөр нь үү...?

- Тийм ээ. Сумын төвийн хүмүүсийн амьдралын түвшин, өрхийн орлогод дүйцүүлсэн үнэ л дээ. Энд бэлэн мөнгөний эх үүсвэр муу шүү дээ. Миний хувийн нэг бодол байдаг. Аливаа ажил заавал өндөр ашигтай байх нь чухал биш. Нэгэнт зориод шийдээд бүтээсэн ажил бол ажил. Цаашдаа ч ингээд л ажиллуулна.


-Төлбөр цалингаас бусад зардлыг шийдэж чадаж байна уу?

-Хоол хүнс, бензин шатахуун, түлш халаалт, тог цахилган гээд бүхий л асуудлаа өөрийн орлогоосоо шийднэ. Болгоод л байна. 

-Буянтай сайхан ажил юм даа?

-Би энэ суманд төрж, өсөөд одоо өтлөөд явж байна. \инээв\ Сумандаа сайхан юм хийчихье гэснээс ашиггүй гэдгийг анхнаасаа мэдэж байсан.

-Танай цэцэрлэгээс ирсэн хүүхдүүдийг онц сурдаг гэж багш нар ярьсан..?

- Манайхыг төгсөөд сургуульд орж байгаа хүүхдүүдийг их сайн байна гэж багш нар хэлдэг юм. Багш нар маань тав, зургаан жил ажиллаж ур чадварын хувьд ч өсөж байгаа. “Авьяаслаг монголчууд” шоунд манай нэг хамтлаг оролцсон. Зургаан сарын 01-нд  эцэг эхчүүд хүүхдүүддээ тайлан тавьдаг. Шинэ жилээр сурсан мэдсэнээ эцэг эхдээ үзүүлнэ.

-Танайх хүүхэд залуус ихтэй сум юм байна. Нэлээд ачаа үүрэлцэж байна шүү?

-Намайг цэцэрлэг барьснаас хоёр жилийн дараа концепцийн гэрээгээр 150 хүүхдийн хүчин чадалтай улсын цэцэрлэгтэй болсон. Одоо хоёр цэцэрлэг ажиллаад  байхад л хүүхдүүд цэцэрлэггүй үлдэж  байна. Насжилт залуу газар л даа.  

-Насаараа мод чулаатай ноцолдож явж. Яагаад энэ салбар руу орчихов?  

-Миний ээж сумандаа насаараа цэцэрлэгийн багш, цэцэрлэгийн эрхлэгч хийсэн хүн. Ээж сумын цэцэрлэг актлагдаад ажиллахгүй болоход санаа нь их зовнидог байсан. Тэгээд нэг удаа, энэ олон хүүхэд яаж цэцэрлэггүй байхав, чи хувиараа бизнес эрхэлж байгаа хүн байна цэцэрлэг бариач гэсэн. Ээж хүүхдэд зориулсан ажил цагаан мөртэй,  буянтай сайхан үйлс гэж хэлдэг. Одоо ээж маань манай цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байна. Ойрд бие нь жаахан тэнхээрхээд хот руу эмчлүүлэхээр явсан.