Ярилцлага

Ө.ИТГЭЛТ: Аавтайгаа хамт инээдмийн гоё кинонд тоглоно доо

Гэр бүлийн “Би Нар” УСК ирэх долоо хоногт нээлтээ хийнэ. Уг кинонд аав, ээж, хүү гурвын хүүхэд насны амьдрал, тухайн цаг үеийн онцлог дурсамжийг өгүүлнэ. Киноны продюсер А.Өнөржаргал болон "Би Нар" УСК-ын гол дүрд тоглосон Ө.Итгэлттэй ярилцлаа.

А.Өнөржаргал: Хүүхэд л тоглосон бол хүүхдийн кино гэж ойлгодог өрөөсгөл ойлголтыг эвдсэн гэр бүлийн кино

-Уг киног бүтээхдээ юуг гол болгосон бэ?

-Гэр бүлийн кино гэж чухам ийм л байна гэх цензурт хүрэхийг хүссэн. Гэтэл хүүхэд л тоглосон бол хүүхдийн кино гэж ойлгодог өрөөсгөл ойлголт манайд бий. Бид уг кинонд уг гэр бүлийн салалт, хүчирхилэл гараагүй, ямар нэг зүй бус үг хэллэг ашиглаагүй. Эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ киног маань үзчихээд амьд харилцааг бий болгох тийм л нэг сайхан сэдлийг бий болгож байна. 


-Гурван бүлэгтэй гурван өөр амьдралын онцлогийг харуулахыг зорьсон гэлээ. Бүлэг бүрт өөр өөрийн гэсэн утга санаатай юу?

-Тийм, бид маш олон зүйлд анхаарсан. Тухайлбал, хүүхэд хөгжлийн газраас тодорхой хэмжээний дэмжлэг авсан. Мэргэжлийн сэтгэл судлаач, шинжээч болон зарим санхүүгийн тал дээр. Гэхдээ хүмүүс санхүү гэхээр л төрөөс мөнгө аваад хийчихлээ гэж бодох байх. Бид киноныхоо дийлэнх хувийг продюсерийн багаас гаргасан.

-Би нар захидлын улсын уралдаан зарласан. Хэр их ил захидал ирж байна?

-Даваа гарагаас захидлууд эхнээсээ ирж эхэлсэн. Одоо ч нэлээдгүй болж байна. Захидлаар мэндлэх хүндлэх ёсоос эхлүүлээд олон зүйлийг харж, суралцаж болдог. Тэр бүр хэлээд байдаггүй сэтгэлийн нандин үгс бичигддэг учраас бид ил захидал гэж онцолсон. Мөн техник, технологийн хөгжил дээшлэх тусам амьд харилцаа унаж байгаа учраас бид сошиалаар бус биет байдлаар улсын уралдаан зарласан. Ирэх сарын 15 хүртэл захидал авах бөгөөд уран сэтгэмжтэй бүтээлч байдал орсон олон олон захидлууд ирээсэй гэж хүсэж байна. Мэдээж ялагчид Найрамдал зуслан амрах эрх, ангиараа кино үзэх эрх дагалдаж байгаа.

-КинондооБи Нар” хэмээх  нэрийг өгсөн учир нь?

-Нар биднийг гийгүүлэгч цор ганц зүйл. 

-Энэ кинонд мөн таны том хүү Ө.Итгэлт тоглосон. Энэ талаараа?

-Анхны дүрийн сонгон шалгаруулалтад оролцоогүй л дээ. Өөр хүүхдүүд сонгогдчихсон байсан. Гэвч найруулагч маань хүүгээ аваад ирээч гэж санал болгосон юм. Харин хүү маань их л дургүй байсан. Гэхдээ ийм гоё хүүхэд насан дээрээ дүрээ мөнхлөх нь сайхан гэж ятгаснаар сонгон шалгаруулалтад оролцож сонгогдсон доо.

-Хүүдээ юу гэж захисан бэ?

-Найруулагчийнхаа үгэнд сайн ороорой л гэж захисан даа.

-Хүүхдээ кинонд тоглохыг харах ямар байв?

-Урлагийн хүн бүр үр хүүхдүүдийнхээ аль нэгийг урлагийн хүн болвол баярладаг шиг надад ч бас сайхан байна. Зарим тохиолдолд урлагийн хүний хүүхдүүд маш мундаг болдог шүү дээ. Ойрын жишээ нь манай найруулагч Ж.Сэнгэдорж байна. Мөн залуу жүжигчин найруулагч Б.Тамир гэх мэт байна шүү дээ.

Ө.Итгэлт: Антень өргөх л хамгийн хэцүү байсан

-Кинонд тоглох ямар байсан бэ. Анхандаа их дүргүй байсан гэсэн?

-Аавын ятгалгаар очиж үзсэн. Сонгон шалгаруулалтад орох бүрт сонирхолтой санагдаад бүүр сүүлдээ кинонд тоглоод үзсэн чинь гоё байсан.

-Итгэлт дуулж бүжиглэх, жүжиглэх дуртай юу?

-Үгүй ээ, надад бүжиглэх эсвэл байтугай дуулах гоё ч хоолой байхгүй. Би чинь солгой хүн шүү дээ. /инээв/ Гэхдээ яахав, дараа кинонд тоглох бол аавтайгаа хамт гоё кинонд тоглоно оо. Тэр тусмаа инээдмийн кинонд.

-Кинонд тоглоход нь хүдрэлтэй, хэцүү зүйл байсан уу?

-Анх морь унахдаа буруу үйлдэл хийгээд хэцүү байсан ч дараа нь засарчихсан. Харин шөнийн зураг авалтаар нойр хүрээд тиймхэн байсан. Хамгийн хэцүү нь телевизийн антениа өргөх л хамгийн хэцүү байсан. Хоёр гурван удаа өргөж явсан шүү. Бусдаар бол гайгүй ээ. Найзуудтайгаа гоё байсан. Сэрээрэй гэсэн үед нь бид нар албаар унтаж байгаад зураг авалтаасаа хоцорч, загнуулсан нь гоё байсан.


-Чамтай цуг киноныхоо нэгдүгээр бүлэгт тоглосон найзуудынхаа талаар?

-Нөгөө хүү маань моринд маш их хайртай юм байна лээ. Найз маань хүний морь унаад мориндоо хоббисоод, морио унаад зугтаж байгаад найруулагчид харагдсан юм байна лээ. Харин нөгөө охин сонгон шалгаруулалтаар сонгогдсон.

-Чиний бодлоор зураг авалтын үед гарсан амьдрал одоо амьдарч байгаа амьдралын аль гоё вэ? Утас, телевизийн алийг нь сонгох уу?

-Ер нь хөдөө явах чинь гоё, аль аль нь л гоё. Утас хааяа үзэх гоё. Гэхдээ утас ч байхгүй тийм үе байсан бол би телевизээ л үзэх байсан байх.

-Аав нь зурагт авалтаар явах гэж байхад нь юу гэсэн бэ?

-Найруулагчийнхаа үгийг сайн сонсоорой гэсэн. Харин найруулагч намайг үгээ тод, амны хайрцагаа гаргаж хэлээрэй гэсэн.

-Найзууд ангийнхан нь кинонд тоглосныг нь мэдсэн үү? Юу гэж байна.

-Зарим найзууддаа хэлээгүй байгаа. Харин мэдчихсэн хүүхдүүд нь киноны бичлэг үзсэн байна лээ. Чи ямар инээдтэй байсан бэ гээд байсан. Гэхдээ би киногоо үзээгүй байгаа болохоор ямар болсныг мэдэхгүй байна. /Инээв/

-Итгэлт том болоод ямар хүн болох уу? Аав шиг ээ жүжигчин болох уу эсвэл барилддаг бөх болох уу? Саяхан аав нь жюү жицүгийн тэмцээнд оруулсан байсан?

-Тиймээ. Би тэмцээнийхээ хамгийн түрүүнд барилдаад уначихсан л даа. /Инээв/ Одоогоор ямар хүн болохоо сайн шийдээгүй бодож үзээгүй юм байна. Ямартай ч мундаг л хүн болно доо. /Инээв/

-Биеэ барьж байсан ч гэсэн ярилцлага өгсөнд баярлалаа Итгэлт ээ, мундаг хүн болоорой.

-Баярлалаа.

Д.ЖАРГАЛМАА

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Т.ХҮЧИТБААТАР

  



Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.