Ярилцлага

Ж.Үйлст: Хүний тархи сөрөг мэдээлэлд илүү татагддаг

Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн сэтгэл зүйч Ж.Үйлсттэй ярилцлаа.

-ХҮМҮҮС ӨӨРТ БАЙГАА ХУВИЙН ЗАН ЧАНАРЫН АСУУДЛЫГ ОЛЖ ХАРАХГҮЙ БАЙНА-

-Сэтгэл зүй нь тогтвортой, оюун санааны хувьд эрүүл хүн гэж ямар хүнийг хэлэх вэ?

-Хүний сэтгэцийн эрүүл мэндийг ерөнхийд нь гурван түвшинд авч үздэг. Эрүүл сэтгэцтэй, сэтгэцийн тулгамдсан асуудалтай, сэтгэцийн эмгэгтэй хүн гэсэн гурван байдлаар хуваана. Сэтгэц нь эрүүл хүн гэхээр амьдралд ямар нэг сэтгэл зүйн таагүй уур амьсгал байхгүй, тайван сайхан байгаа тэр мэдрэмжийг хэлдэг. Мөн та ямар нэг асуудалд санаа зовдог, айх, түгших, сэтгэлээр унах зэрэг мэдрэмж төрж байгаа бол эрүүл сэтгэцтэй хүн гэж ойлгож болно. Хүмүүсээс ирж байгаа сөрөг болон эерэг хариу үйлдэлд тухайн хүний сэтгэл хөдлөл хэрхэн илэрч байгаа нь байх ёстой хэвийн л үзэгдэл. Мэдрэмж төрж байна гэдэг хүн цааш хөгжөөд явах боломжтойг харуулж буй юм. Түүнчлэн сэтгэл зүйд үүсч буй асуудлаа даван туулах чадвартай хүн эрүүл сэтгэцтэй байна. Харин хүн эдгээр хариу үйлдэл, мэдрэмжүүдээ нуугаад эхэлвэл сэтгэц өвчилж эхэлдэг. Ямар ч асуудалгүй хүн гэж үгүй шүү дээ. Сэтгэл зүйн тулгамдсан асуудалтай гэхээр жишээ нь хүүхэдтэйгээ ойлголцож чадахгүй байгаа, ажлын стресс их ч гэх зэрэг амьдралын таагүй асуудалтай хүмүүсийг хэлж болно. Сэтгэцийн эмгэгтэй гэхээр энэ нь тусгайлсан өвчин болдог. Тухайлбал, шизофрин, альцгеймерийн хам шинж байж болно.

-Сэтгэл тавгүйтсэн үедээ бид аль болох хэн нэгэнтэй ярилцахыг хүсдэг. Гэтэл сайн сонсогч бус сайн шүүмжлэгч л биднийг тойрон хүрээлж байдаг ч юм шиг. Магадгүй тийм ч учраас ярилцах, бусдыг сонсох чадвар бидэнд байхгүй юм болов уу?

-Хүүхэд байхаасаа сонсдогоосоо илүү зааж, сургаж, үзэл бодлоо тулгадаг эцэг эх, сурган хүмүүжүүлэгчтэй байсаар ирсэн нийгэмд сайн сонсогч олох тийм ч амаргүй байх. Уг нь бид эцэг эх, хань ижилтэйгээ ярилцаад, бие биеэ ойлгодог болчихвол асуудал дарагдаж, хүндрэхгүй байх бүрэн боломжтой. Үүнийг сурахын тулд хүүхэд болон ханийнхаа, ер нь бусдын ярьж буй зүйлд ганц удаа ч болов тайлбар тавилгүй, зөвлөгөө өгөлгүй, буруутгалгүй сонсоод үзэх хэрэгтэй. Дараа нь ярьсан зүйлд нь би яаж тусалж болох вэ гэдэг талаар дүгнэлт хийгээд үзээрэй. Энэ үед хүн сэтгэл хөдлөлийн бус бодитой, ухаалаг шийдлийг олж хардаг. Мөн тухайн хүн зөвлөгөө тусламж хүссэндээ, өөрийг чинь буруутгасандаа, тайвшрахын тулд ярьж байна уу гэдгийг ялгаж салгаж харахад тусалдаг. Бүх хүнд бүр хүүхдэд хүртэл ямар ч зорилгогүйгээр сэтгэлээ уудлах, онгойлгох, болж өнгөрсөн үйл явдлын талаар ярих хэрэгцээ байдаг төдийгүй хариулт өгөх гэж, зөвлөх гэж, шүүмжлэх гэж, аль нэг талыг нь буруутгах гэж яарах хэрэггүй юм. 

-Хувь хүн бүрт сэтгэл зүйн ямар нэгэн асуудал, бэрхшээл их бага хэмжээгээр байдаг гэж саяхан нэг ярилцлагаас уншсан юм. Магадгүй бид үүнийгээ мэдэхгүй байж болох юм. Мэдсэн тохиолдолд шууд сэтгэлзүйчийг зорих ёстой юу?

-Хамгийн энгийнээр ойлгоход хүн аливаа зүйлээс түгшүүр, сэтгэл тавгүйтлийг мэдэрч байгаа бол сэтгэл зүйн хувьд тулгамдсан асуудал байна гэж ойлгож болно. Энэ байдал нь 3 үе шаттайгаар хүнд мэдрэгддэг. Нэгдүгээрт, түгшүүрийг мэдрэх үе буюу хүн бие махбодь, сэтгэл хөдлөлийн өөрчлөлтөд ордог. Уурлах, сэтгэл хүчтэй догдлох, шаналах, анхаарал тогтохгүй байх, гуниглах, ганцаардах, нойргүйдэх, хэт унтамхай болох,идэх дуршил илт нэмэгдэх эсвэл бүр юм идэх сонирхолгүй болох гэх мэт. Хоёрдугаарт, эсэргүүцлийн үе буюу сэтгэл зовоосон асуудлынхаа талаар тодорхой ойлгож, түгшүүрийнхээ эсрэг хариу үйлдэл хийж эхэлдэг. Энэ үедээ хүн янз бүрийн зан байдал гаргаж, үүссэн түгшүүрт ямар хариу үйлдэл үзүүлснээсээ шалтгаалаад зарим нь харьцангуй тайвширч, сэтгэл санаа нь тэнцвэржиж эхэлдэг бол зарим нь зан төрхийн өөрчлөлтөд орж, хүн ойлгоход төвөгтэй зан гаргаж, амьдралын буруу хэвшил, дадалтай болдог. Гуравдугаарт, туйлдлын үе буюу үүссэн асуудлаа хувь хүн өөрийн дайчилж болох нөөцөөс давж, шийдвэрлэж чадахгүй гэдгээ ойлгож, эсэргүүцэх хүч чадал нь алдардаг. Энэ үед байнгын уурлаж уцаарлаж, сэтгэлд нийцэх зүйлгүй болох, сэтгэлээр унах, гутранги болох, хэт идэвхгүй болох, бусдаас өөрийгөө тусгаарлах, мартамхай болох, буруу хэрэглээнд донтох зэргээр амьдралын хэв маяг нь сөргөөр өөрчлөгддөг. Монголчуудын хувьд ихэвчлэн гуравдугаар шатанд орсныхоо дараа сэтгэл зүйчийг зорьж ирдэг. Асуудал үүсээд удаагүй байх буюу нэг, хоёрдугаар үе дээрээ явж байхад нь сэтгэл зүйч дээр очвол цаг  алдахгүй, асуудал нь даамжраагүй байдаг.

-Нийгэмд асар их уур, бухимдал бий болсон байна гэж бид их ярьдаг. Сэтгэл зүйч хүний нүдээр харахад тийм үнэхээр сэтгэл зүйн асуудал, бэрхшээлээр дүүрэн хүмүүсийн нийгэм бий болсон уу?

-Асуудал нь гэвэл хүмүүс ердөө л өөрт байгаа хувийн зан чанарын асуудлыг харахгүй байгаад юм. Түүнээс биш нийгэм асуудалд ороод, уур бухимдалтай хүмүүс дүүрчихсэн зүйл үгүй. Хүмүүс асуудлыг зохиомлоор бий болгож байна. Урьд нь бид мэдээллийг бага олж авдаг байсан бол өнөөдөр сошиал орон зайгаас асар их мэдээлэл авч байна. Энэ нь сөрөг мэдээллийг илүү олж авах нөхцөл бүрдэж буй юм. Ингэснээр нэг асуудлыг нийгмийн асуудал болгож нялзайх байдал ажиглагддаг. Хүн аливаа мэдээлэлд ямар хариу үйлдэл үзүүлж байна гэдгийг судласан судалгаанууд байдаг. Эндээс харахад хүн сөрөг мэдээллийг илүү хүлээж авч, түүнийгээ илүү олон хүнд түгээдэг гэсэн үр дүн гарсан. Өөрөөр хэлбэл хүний тархи сөрөг мэдээлэлд илүү татагдах хандлагатай байдаг. Энэ нь ганц сөрөг мэдээлэл хэрхэн хурдан тарж, түүнээс үүдэн нийгэмд стресс, айдас бий болсон мэт зохиомол нөхцөл байдал бий болгочих жишээтэй. Аль ч нийгмийн үед асуудал, бэрхшээл байсаар л ирсэн. 

-БУСДАД СЭТГЭЛ ЗҮЙН ДАРАМТ ҮЗҮҮЛЖ БУЙ ХҮН ӨӨРӨӨ СЭТГЭЛИЙН ДАРАМТАД БАЙХ НЬ БИЙ-

-Гэмт хэрэг хохирогчтой байдаг. Харин хэн нэгэнд хэлсэн үг, гаргасан хандлагаараа бид бусдад сэтгэл зүйн дарамт бий болгох, бусдад сөрөг байдлаараа хүчтэй нөлөөлж байгаа нь далд гэмт хэрэг гэж үзэж болох уу?

-Болно. Бусдад сэтгэл зүйн дарамт үзүүлж байгаа хүмүүс ихэвчлэн өөрсдөө хэд хэдэн төрлийн сэтгэлийн дарамтад байдаг хүмүүс юм. Өөрт үүссэн түгшүүрийг зөв гадагшлуулах аргаа олоогүй. Өөрт үүссэн асуудлыг хүлээн зөвшөөрдөггүй, нүүр тулахаас зайлсхийдэг, шийдвэрлэж байгаа арга зам нь түр зуурын л сэтгэл ханамж авчирдаг, улмаар тэр нь даамжирч зуршил болсон байдаг. Энэ нь бусдыг дорд үзэх, хов ярих, зугаа цэнгэлд хэт дурлах, хорт зуршлыг хэтрүүлэн хэрэглэх гэх зэргээр илрэх нь ч бий. Зарим хүмүүсийн хувьд өөрийн сэтгэл хөдлөлийг хэт дарж явснаас, юу хүсэж, юу бодож, юу хиймээр байгаагаа илэрхийлж чадахгүй удаан явснаас, өөрөөр хэлбэл өөрөөрөө байж чадахгүй байснаараа тэр нь сөрөг зан үйл болон илэрдэг талтай. Ийм хүмүүс өөрөөсөө үргэлж зугтаж, өөрийгөө хүртэл хуурч үнэнтэй нүүр тулахаас зугтаж амьдардаг, өөрийн мөн чанарыг маш сайн нууж, далдалж сурсан байдаг. Түүнчлэн олон хүнээр хүрээлүүлсэн, нийтэч харагдах боловч маш ганцаардмал, бусдад итгэдэггүй, өөртөө ч эргэлздэг хүмүүс байх нь олонтаа. Энэ байдал нь хүрээлэл, гэр бүлийн харилцаа, ажил төрөл, нэр хүнд гээд бүх зүйлд нь сөргөөр нөлөөлж байгааг мэдэж байгаа ч юу хийхээ мэдэхгүй байдаг.

-Насанд хүрэгчид бид сэтгэл зүйн олон талт асуудлаасаа үүдэж бусдыг төдийгүй өөрсдийгөө ихээр хохироодог талаар та хэллээ. Гэтэл энэ бүхний хамгийн том хохирогч нь хүүхэд?

-Яг тийм. Монголд зөвлөгөө авахаар сэтгэл зүйчийг зорьж ирж буй хүмүүсийн асуудал ихэнхдээ өөрт тулгамдсан асуудал гэхээсээ илүү даамжирч удсан, давхар хамаарал байдаг. Давхар хамааралтай хүн гэдэг нь хэн нэгний ааш авир, сөрөг нөлөөний дор өөрийгөө байлгадаг, тэр хүний зан авираас болж зан чанар, сэтгэл зүй, амьдралын хэв маягт нь өөрчлөлт орсон хүнийг хэлдэг. Үүнд, бүх төрлийн донтой хүмүүстэй амьдарч буй хүн, асаргаа сувилгаа өвчтэй хүмүүстэй хамт амьдарч буй хүн, сэтгэл зүйн хувьд эрүүл биш хүмүүстэй хамт амьдарч буй хүн, давхар хамааралтай хүнтэй хамт амьдарч буй хүн, хэдийгээр эцэг эхийн хэн нэг нь дээрх хүмүүс биш ч хатуу хахир зантай бол гэр бүлийн маргаан ч хүүхдийг давхар хамааралтай болгодог. Тиймээс эрүүл бус гэр бүлд өссөн хүн бүр давхар хамаарлын асуудалтай байх боломжтой гэсэн үг.

-Тиймээс бидэнд сэтгэл зүйн талаарх анхан шатны мэдлэг боловсрол зайлшгүй хэрэгтэй юу?

-Тэгэлгүй яахав. Сэтгэл зүйн тулгамдсан асуудлаа шийдвэрлэх хамгийн анхны алхам бол тэр зүйлийнхээ талаар мэдээлэлтэй болох байдаг. Яагаад одоогийн нөхцөл байдалд орсон бэ гэдгээ ойлгох нь асуудлын шийдлийг олж харахад тусалдаг.

-СЭТГЭЛ ЗҮЙН ТУЛГАМДСАН АСУУДАЛТАЙ БАЙХ НЬ ХҮНИЙГ ШИЙДВЭР ГАРГАХ ЧАДВАРГҮЙ БОЛГОДОГ-

-Сэтгэл зүйн асуудал, доголдол нь хүний шийдвэр сонголтод хэрхэн нөлөөлдөг вэ?

-Сэтгэл зүйн хувьд тулгамдсан асуудалтай байх нь хүнийг хамгийн түрүүнд шийдвэргүй, өөртөө итгэлгүй, аливаа юманд ул суурьтай хандаж чадахгүй болох, өөрийн үнэлэмжид эргэлздэг, айдастай, түгшимтгий, сэтгэл санаа тогтворгүй, анхаарал төвлөрдөггүй болгодог. Улмаар сэтгэл хөдлөлөөрөө шийдвэр гаргах, бусдыг аялдан дагах хандлагатай болдог. Ямар нэг зүйл эсвэл хүнээс хамааралтай амьдардаг. Ажлын газрынхан нь шоудна гэвэл өөр чухал ажилтай байсан ч дагаад явах, хэн нэгнийг муулж байвал өөр бодолтой байсан ч нийлээд муулах, идэх хүслээ барьж дийлэхгүй байх, үрэлгэн зан, хэн нэгнийг аялдан дагах гээд дурдвал олон жишээ бий. 

-Асуултаа лавшруулвал бидний сэтгэл зүйн байдал улс төрийн сонголт шийдвэрт нөлөөлдөг үү?

-Нөлөөлөлгүй яахав. Дээр хэлсэнчлэн сэтгэл хөдлөлөөрөө шийдвэр гаргах, бусдыг аялдан дагаж олонх нь ингээд шийдэж байгаа бол би ч бас ингээд шийдчихье гэх байдлаар шийдвэр гаргаад байгаа харагддаг. Хамгийн наад захын жишээ гэхэд улс төрийн холбогдолтой мэдээллийн гарчиг болон доорх сэтгэгдэл эерэг байвал ихэнх сэтгэгдэл эерэг, сөрөг муулаад биччихсэн байвал сөрөг нь давамгай харагддаг. Тэгэхээр сэтгэл зүйн тулгамдсан асуудал улс төрийн сонголт шийдвэр төдийгүй бүхий л шийдвэрт сөргөөр нөлөөлдөг гэж ойлгож болно. Энэ талаар олон нийтийн сэтгэл зүйг судалдаг нийгмийн сэтгэл судлалын бие даасан салбар бий.

-Энэ асуудлыг асуусан учир нь бид улс төрийн сонголт шийдвэртээ төдийгүй амьдрал дээр гаргасан шийдвэрүүдээ үгүйсгэх, эргүүлээд шүүмжлэх хандлага их байдаг. Гэтэл энэ бол миний буруу шийдвэрээс гарсан сонголтын үр дүн гэж дүгнэлт хийхээсээ илүү обьектив шинжүүд рүү буруугаа тохох хандлага их ажиглагддаг? 

-Олон нийтийн, бүлгийн үйлдлийн 99 хувь нь зуршил байдаг. Бид өдөр тутам хийж байгаа зүйлээ тэгтлээ их тунгаагаад байдаггүй, зуршлаараа хийчихдэг гэсэн үг. Тэгэхээр тухайн нөхцөл байдлаас хамаарч шийдвэр гаргаад сурчихсан буюу тухайн үеийн сэтгэл зүйн байдлаас хамааран шийдвэр гаргах зуршилтай болсон байдаг гэж ойлгож болно. Энэ нь хүн өөрийн үзэл бодол, оюуны үнэт зүйлийн эсрэг шийдвэр гаргах магадлал тун өндөр. Хүн ямар нэг зуршлаасаа салахын тулд оюун ухаан, ухамсрын төвшинд хичээхгүй л бол тухайн зуршил автоматаар үйлдэгдсээр л байдаг. Тухайн зуршлыг өөр зуршлаар солих хүртэл байж л байна гэсэн үг. 

Сэтгэл зүйч Г.Наранбаатар нэг жишээ бичсэн байсан нь "Сумын 90 жилээ тэмдэглэж байж одоо хүртэл боловсон 00-ын асуудлаа шийдээгүй сумууд байгааг. Өдөр нь архийг ямар муухай эд гэдэг талаар ярьж ярьчихаад орой нь архидаад сууж байгааг, гэр бүл амьдралын минь үнэ цэнэ гэж бодож, ярьж байвч нэг ч удаа гэр бүлийн, хүүхэд хүмүүжлийн сургалтанд суухгүй байгааг, муу муухай зүйлд шүүлтүүргүй шууд итгэж, сайн сайхан зүйлсийг худлаа даа гэд итгэхгүй байгааг, Шудрага, энэрэнгүй нийгмийг өөрөөсөө биш эхлээд бусдаас шаардаж байгааг, Хүүхдийнхээ хүмүүжлийг боловсролоос дор тавьж байгааг, Монголоор минь дүүрэн ухаалаг ярьсан удирдагчид байгаа боловч ухаалаг биш, тодорхой биш бодлогууд байгааг, Хэсэг бүлэг Улс төрчид биднийг өөрийн ухаанаар бодох завдал өгөлгүй тархи угааж байгааг нийгэм яагаад олж харахгүй байгааг ойлгох гэж оролдоод ч ойлгож чадахгүй юм" гэж бичснийг саяхан уншсан. Үнэхээр л яагаад гэж бодогдмоор. Энэ бүх үйлдэл зуршил болчихсон, хэн хүнгүй л хэлж, ярьж, бодож байгаагаасаа эсрэг зүйл хийгээд байгааг харуулаад байна. 

Бусдын юу хийж байгаад бус өөрийн юу хийгээд байгаад, бусдыг танихаасаа илүү өөрийгөө танихад, бусдад сайхан, мундаг харагдахаас илүү өөрөө өөртөө үнэ цэнэтэй байхыг сонгодог, бусдад ямар байгаа бол гэхээсээ илүү надад ямар санагдаж байгаа билээ гэдэгт анхаардаг, гэр бүл болоод өөртөө хариуцлагатай байх зуршил л бидэнд дутаад байна уу даа.


-СЭТГЭЛ ЗҮЙН АСУУДЛААСАА ГАРЧ, ӨӨРИЙГӨӨ ӨӨРЧИЛ-

-Body language буюу биеийн хэлэмжийг тайлж уншихыг барууны улс орнуудад өргөн ашигладаг. Бие даан хөгжиж буй. Яг үүн шиг хүний сэтгэл зүйг тэдний үг, үйлдлээс харж дүгнэж мэдэх боломжтой юу?

-Боломжтой. Хүн амаараа хэдий худлаа ярьж байвч хүний үйлдэл худлаа хэлж чаддаггүй. Хүний биеийн хэлэмж, нүүрний хувиралыг улс төр, бизнесийн салбарынхан зальжин байдлаар ашиглаж, ярьж буй яриагаа илүү итгэл төрүүлэхээр харагдуулж чаддаг гэж хэлж болно. Мэргэжлийн хүмүүс бол хэдий биеийн хэлэмж нь худлаа байсан чхоёр гурван өгүүлбэр дээр л худлаа ярьж байгааг нь олоод мэдчих боломжтой байдаг.

-Та сэтгэл зүйчийн хувьд олны танил одууд, улс төрчдийн үг үйлдлээс тэдний сэтгэл зүйд доголдол байгаа эсэхийг харж, тодорхойлж байсан уу? 

-Хөндлөнгөөс хараад тодорхойлох нь тийм ч оновчтой биш л дээ. Харин үйлчлүүлж байсан олны танил хүмүүстэйгээ бол нээлттэй ярилцаад явдаг. Энэ нь хувь хүний нууц учраар жишээ татах боломжгүй юм. 

-Бид сэтгэл зүйгээ тогтвортой байлгахын тулд амьдралдаа ямар зөв дадлыг бий болгох ёстой вэ? Сэтгэл зүйн дархлаатай байхын тулд хэрхэх вэ?

-Энэ их энгийн. Эдгээр дадал нь сэтгэл санаагаа удирдахтай шууд холбогдоод байдаггүй ч сэтгэл санаанд чухал шаардлагатай гормоныг биеэс ялгарахад тусалж, аливаа зүйлийг эергээр харж, ахуйн стрессээс чөлөөлж, аз жаргалтай байхад тусалдаг. Нэгдүгээрт, идэвхтэй дасгал хөдөлгөөн. Дасгал хөдөлгөөн нь биеэс эрч хүч, аз жаргалын гормон ихээр ялгарах эх үүсвэр болдог. Мөн биеийн чангарсан булчинг суллаж, амрааж өгснөөр сэтгэл санааны тэнцвэртэй байдал, сэтгэл хангалуун байхын үндэс болдог. Хоёрдугаарт, гүнзгий амьсгал. Сэтгэл тавгүйтэж, стресстсэн үед хүний тархины цусан хангамж багасаж, сэтгэл хөдлөлөө удирдах чадваргүй болдог, Энэ үед гүнзгий амьсгаа авснаар тархинд очих хүчил төрөгчийн хэмжээ нэмэгдэж, таныг тайвшруулах ба стрессийг 10 хувиар буруулдаг. Гуравдугаарт, төлөвлөх болон амласандаа хүрэх. Төлөвлөгөөгүй амьдрал нь таныг бусдын төлөвлөгөөгөөр амьдрахад хүргэдэг ба энэ нь цаагуураа эрч хүчийг чинь үгүй хийж өөртөө итгэлгүй болгодог. 

Түүнчлэн өөртөө болон бусдад амласан амлалтдаа хүрж чадахгүй байх нь хувь хүний өөрийгөө үнэлэх үнэлэмжийг бууруулах, бусдыг болон өөрийгөө буруутгах шалтгаан болдог бөгөөд ийм байдалтайгаар хүний сэтгэл зүй хэзээ ч тогтвортой байж чадахгүй. Тэхээр бидэнд амлахдаа болгоомжтой байх, эсвэл амласандаа хүрэх гэсэн 2 сонголт л байдаг. Дөрөвдүгээрт, бөх сайн унтах. Унтамхай байх эсвэл нойргүйдэх нь эрүүл мэнд, сэтгэл зүйн асуудалтай байгааг илтгэдэг төдийгүй амьдралын буруу хэвшлээс болж биологийн цагтаа унтаж чадахгүй байх нь бүх биеийн булчин чангарч,  бие организм бодисын солилцооны өөрчлөлтөд орж, цаашлаад сэтгэл гутрах, түгших шалтгаан болдог. Тавдугаарт, бусадтай харилцаа холбоотой байх. Хүн нийгмийн амьтан учраас харилцаа холбоо гэдэг бидний салшгүй хэсэг гэж ойлгож болно. Бусдаас өөрийгөө тусгаарлах, бусдад гадуурхагдах, харилцахаас зайлсхийх, бусдын танд хийсэн таагүй зүйлийг мартаж чадахгүй байх зэрэг нь хүний сэтгэл зүйг гэмтээдэг. Тиймээс харилцааны номуудаас авч унш, өөрийгөө өөрчил. Би ийм л хүн гэж бодоод өөрчлөлт хийдэггүй хүн хөгждөггүй. Харилцаа нь хязгаарлагдмал байдаг.

-Ярилцсанд баярлалаа.

Ц.ТАМИР

СЭТГЭЛЗҮЙЧ Ж.ҮЙЛСТИЙН ПЭЙЖ ХУУДАС РУУ ЗОЧЛОХ БОЛ ЭНД ДАРНА УУ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдлүүд (1)

USD

Close
Close