Үйлдвэрлэгчид

СУРВАЛЖИЛГА: Азидаа хамгийн томд тооцогдох ДЭЛ, СҮҮЛ боловсруулах үйлдвэрт зочиллоо

Монгол Улсад адууны дэл, сүүл, сарлагийн саваг, тэмээний эр ноосыг боловсруулан экспортлох  “Мон торгон дэл” ХХК байгуулагдлаа. Монгол адууны дэл сүүл, сарлагийн саваг нь дэлхийд чанараараа дээгүүрт ордог түүхий эд юм.

Тус компани нь Монголын арьс ширэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбоотой хамтран ширхэгт бүтээгдэхүүний савлагааны MNS  0215:2018 MNS0215:2007 техникийн зохицуулалтыг боловсруулан батлуулж, чанар стандартын шаардлага хангасан, бүтээгдэхүүнийг экспортод гаргаж эхлээд байна.  Бид СХД-ийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэр Эмээлтэд байгуулагдсан “Мон торгон дэл” компанийг зорин очиж мэдээлэл бэлтгэсэн юм. Менежер Ж.Ганхуяг ингэж ярьж байна.



-МОНГОЛ АДУУНЫ ДЭЛ СҮҮЛ ӨНДӨР ЧАНАРТАЙ БҮТЭЭГДЭХҮҮН БОЛДОГ-

-Үйлдвэрээ ерөнхийд нь танилцуулна уу?

-60 гаруй ажилтантай, өдөрт 500 кг дэл сүүл боловсруулах хүчин чадалтай Азидаа энэ чиглэлийн хамгийн том үйлдвэр гэж үзэж болох “Мон торгон сүүл” ХХК-ийн үйлдвэр нээлтээ хийж албан ёсны үйл ажиллагаа явуулж эхлээд байна. Маш товчоор хэлбэл бид адууны дэл, сүүл, сарлагийн саваг, тэмээний эр ноосыг урт богино болон өнгөөр нь, ангилан ялгаж, багцалж  савлан экспортод гаргаж эхэллээ. Адууны дэл сүүл, сарлагийн сүүл, тэмээний эр ноос нь ширхэгт бүтээгдэхүүн өндөр чанартайд тооцогдог. Бид урьд өмнө нь ашиглагддаггүй байсан энэ нөөцийг ашиглан нэмүү өртөг шингээн, экспортын бүтээгдэхүүн  үйлдвэрлэснээр эх орныхоо хөнгөн үйлдвэрийн салбарт бас нэгэн дэвшил гарлаа гэж харж байгаа.


-Эдгээр бэлдцээр дэлхийн зах зээлд ямар ямар бүтээгдэхүүн хийдэг вэ?   

-Маш олон зүйлийг хийдэг. Жишээ нь, гал усны хамгаалалтын хувцас, хөгжмийн чавхдас, уран зураг болон гоо сайхны бийр, сормуус, парик, даавуу гэх мэтээр тоочвол маш олон. Бид одоогоор хагас боловсруулсан бүтээгдэхүүнээ БНХАУ-ын зах зээлд нийлүүлдэг. Цаашид Европын орнуудад экспортод гаргах, боловсруулалтын төвшингөө ахиулах, энэ чиглэлийн бэлэн бүтээгдэхүүний үйлдвэр байгуулах зэрэг төлөвлөгөөтэй ажиллаж байна.

-Одоо үйлдвэрээ танилцуулаач?  

-Зургаан шат дамжлагаар дамжиж эцсийн бүтээгдэхүүн гарна. Түүхий эд хүлээн авах цэг маань үйлдвэрийнхээ дэргэд байрладаг. Хамгийн эхлээд хайчлаад өнгөөр ялгаж угаана. Дараа нь хатаана. Өвөлдөө бол халаалтын пуужингаар зундаа байгалиар нь наранд хатаана. Хатаасан дэл, сүүл, ноосоо самнана. Үүний дараа хоёр талын тэгшилгээ хийж багцлахад бэлтгэнэ. Хэмжээ нь 8 см – 1 метр 10 см урттай байдаг. Манай үйлдвэрийн нэг онцлог бол хүйтэн сэрүүний улирлын хатаалтаас бусад бүх дамжлага гар ажиллагаатай. Чимхлүүр ажил ихтэй.  Дамжлага бүр хүнээс ямар нэг чадвар шаарддаг.