Улс төр

ТОМИЛГОО: АТГ-ын даргаар С.Ганбат, дэд даргаар Н.Амарсанаа нарыг томилохоор тохиролцжээ


Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдаас гурваас бүрддэг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс АТГ-ын дарга, дэд дарга, Улсын ерөнхий прокурор, түүний орлогч, Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгчийн нэрийг гаргаж, парламентаар батлуулах хууль эрх зүйн орчинтой болсон.Ингэснээр УИХ-ын хаврын чуулганы эхэнд  дээрх томилгоонуудыг хийхээр болж буй юм.

ҮАБЗ-өөс зөвлөмж байдлаар УИХ-д орж ирэх дээрх албан тушаалуудад хэн хэн томилогдохоор яригдаж буй талаарх нэгдсэн мэдээллийг хүргэж байна. Үүнд,

НЭГ:  -АТГ-ын даргад, Дотоодын цэргийн штабын даргаар хурандаа С.Ганбат,

        -АТГ-ын дэд даргад, НПГ-ын ахлах прокурор Н.Амарсанаа

ХОЁР:  -Улсын ерөнхий прокурорт,  хууль цаазын тэргүүн зөвлөх Б.Жаргалсайхан

            -УЕП-ын орлогчид, Ш.Эрдэнэбилэг, Э.Амарбат, З.Дашдаваа нар яригдаж байна.

ГУРАВ: Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчид шүүгч Д.Ганзоригийн нэрийг санал болгоод байна.

-АТГ-ЫН ДЭД ДАРГА Н.АМАРСАНААГИЙН НЭРИЙГ ДЭВШҮҮЛЖ, МАТЕРИАЛЫГ НЬ ХЯНУУЛЖ БАЙНА-

Ерөнхийлөгчийн зүгээс Улсын ерөнхий прокуророор Б.Жаргалсайханыг томилуулахаар АТГ-т ашиг сонирхлын зөрчлийг нь шалгуулахаар нэрийг нь хүргүүлсэн. Түүний томилгоог өнөөдөр үдээс хойш чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх юм. Тэрбээр өмнө нь Улсын Ерөнхий прокурорын туслах, Дотоод хяналт, шалгалтын хэлтсийн даргаар ажиллаж байгаад 2015 оны дөрөвдүгээр сарын 5-аас эхлэн одоогийн албанд томилогдсон нэгэн  билээ.

Харин АТГ-ын даргын тухайд мэргэжлийн хүрээндээ “Сийлэн Ганбаа” нэрээр алдаршсан Дотоодын цэргийн штабын даргаар хурандаа С.Ганбат дээр төрийн гурван өндөрлөг тохирсон гэх мэдээлэл байна. Түүний нэрийг Ерөнхийлөгчийн зүгээс санал болгосон аж. Улмаар АТГ-ын дэд даргад НПГ-ын ахлах прокурор Н.Амарсанаа нэр дэвшүүлэхээр тохиролцож, материалыг нь хянуулж байгаа аж.

Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгчид дээд шүүхийн шүүгчдийн зүгээс Б.Ганзоригийг нэр дэвшүүлсэн. Шүүгчид хүсэлтээ Ерөнхийлөгчид хүргүүлсэн бөгөөд зарлиг гаргах эсэх нь тодорхойгүй байна.

Эдгээр томилгоонууд дундаас хамгийн тодорхойгүй байгаа нь Улсын ерөнхий прокурорын орлогчийн албан тушаал юм. Уг албан тушаалд УЕП-ын орлогчид, Ш.Эрдэнэбилэг, Э.Амарбат, З.Дашдаваа нарын нэр яригдаж буй. Гэхдээ Ерөнхий сайдын зүгээс уг албан тушаалд томилох хүнээ сонгохоор төрийн гурван өндөрлөгийн хүрээнд тохирсон гэх мэдээлэл байгаа юм.

Ж.МЯДАГБАДАМ

 

 

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдлүүд (2)

USD

Close
Close