Ярилцлага

Г.НАНСАЛМАА: Хялар солир харах нь зарим тохиолдолд амь насанд эрсдэлтэй нүдний өвчний шинж тэмдэг байдаг

Техник технологи хөгжихийн хэрээр залуу үеийнхэн минь хэт дэлгэцийн хамааралтай болж үүнээс үүдэн олон төрлийн өвчлөлд орж байгаагийн нэг нь нүдний хараа муудах билээ. Иймээс бид Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн нүдний мэс заслын тасгийн эрхлэгч Г.Нансалмаатай ярилцлаа.


-ДЭЛГЭЦ ШИРТЭХЭЭС ГАДНА НҮДЭНД АЧААЛАЛ ХЭТ УДААН ӨГӨХ НЬ ХАРАА МУУДАХ ШАЛТГААН БОЛДОГ-

-Хүүхдийн нүдний өвчлөл ямар ямар төрөл байна. Ихэвчлэн юунаас болж байна вэ?

-Зонхилон тохиож байгаа өвчин гэвэл засаж болох хугарлын гажгууд буюу нүдний шил тогтмол зүүн эмчлүүлж, хэвийн харах боломжтой засаж болох хугарлын гажгууд байна. Энэ нь мэдээж техник технологийн хөгжилтэй хамааралтай, дэлгэцийн ширтэлт, хэт удаан нүдэнд ачаалал өгөх буюу хичээл хийх, ном унших, зураг зурах гэх мэт нүдээ хэт ойроос удаан ачаалал өгөх нь нүдний хараа муудах шалтгаан болж байна.

-Эцэг эхчүүд юунд анхаарах ёстой вэ?

-Эцэг эхчүүд хүүхдийн хараа муудаж шил зүүлгэхийг эмч зөвлөсөн ч шилийг удаан зүүхээр нүдний хараа улам мууддаг ч юм уу, нүд нь өөр харагддаг болчихдог гэх мэт ойлголттой болчихсон байдаг. Эсвэл хүүхдэд шилийг нь тогтмол зүүлгэж чадсангүй хугалчихлаа гэх мэт шалтгаантай 3-6 сарын дараа давтан үзлэгт ирдэг. Нэгэнт хүүхдийн хараа муу шил зүүх шаардлагатай гээд оношлогдсон л бол заавал шилийг зүүж хэвшүүлэхээс гадна нүдний эрүүл ахуйн дэглэмээ сайтар сахих хэрэгтэй.

-Нүдний эрүүл ахуйн дэглэмийн талаар? 

-Шилээ тогтмол зүүхээс гадна нүдэнд хэт ачаалал өгөхгүй байх буюу удаан хугацаагаар дэлгэц эсвэл өөр зүйл ширтэж юм хийхгүй байх зэрэг үйлдлүүд орж байгаа юм. Хэрвээ дэглэмээ сайн барьж, нүдээ амрааж тогтож хэвшихгүй бол хүүхдийн хараа улам л муудна гэсэн үг. Зарим эцэг эхчүүд манай хүүхэд дэлгэц ширтдэггүй ч хараа муутай болчихсон байна гэдэг. Энэ нь удаан хугацаагаар нүдээ амраахгүй ойрын зайнд төвлөрч хийснээс болдог. Тийм учраас 20:2-ын зарчим буюу 20 минут суусан бол хоёр минут амрах зарчмыг барих хэрэгтэй. Мөн урьдчилан сэргийлэх үзлэгт сайн хамрагдах хэрэгтэй.



-ЭЦЭГ ЭХЧҮҮД ХҮҮХДЭЭ СУРГУУЛЬД ОРСНЫ ДАРАА БУЮУ ХАРАА ТОГТОЖ МУУДСАНЫ ДАРАА ЭМЧИД ХАНДДАГ-

-Хүүхдийн хараа хэдэн настайд нь тогтох вэ? Эцэг эхчүүд хүүхдээ хэдэн настайгаас нь урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах вэ?

-Хүүхдийн хараа найман нас хүрэхэд л тогтчихсон байдаг. Гэхдээ эцэг эхчүүд хүүхдээ гурваас зургаан насанд нь тогтмол урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж, эрт илрүүлэг хийлгэж чадвал энэ үедээ эмчилгээ авч, бүрэн эдгэрэх ч боломж бий. Эцэг эхчүүдийн ихэвчлэн хүүхдээ сургуульд орсны дараа хараатай муутай гэдгийг нь мэдэж ирдэг. Хүүхдүүд цэцэрлэгийн орчинд холоос юм харж удаан хугацаанд нүдэндээ тэр бүр ачаалал өгдөггүй болохоор мэдэлгүй явсаар хараа тогтчихсон үед ирж эмчилгээ хийлгэж байна.

-Ямар шинж тэмдгүүд илэрч байгаа тохиолдолд нүдний эмчид хандах хэрэгтэй вэ?

-Бага насны хүүхдийн хувьд тогтмол бүдэрч унах, юм мөргөх зэрэг. Арай том хүүхдүүдийн хувьд өлийж, онийж, хичээж харах, нүдний хүүхэн хараа хоёр өөрөөр харагдах, духаараа харах солир болон хялар харах зэрэг тохиолдолд нүдний эмчид хандах хэрэгтэй. Хялар болон солих тохиолдол олон шалтгаантай. Гэхдээ эцэг эхчүүдэд анхааруулахад тархи толгой доргисонтой холбоотой хялар хардаг гэж бодож явах тохиолдог их. Гэвч зарим тохиолдолд тохиолдолд амь насанд эрсдэлтэй нүдний өвчний шинж тэмдэг байдаг. Цаашлаад хорт хаврууд ч мөн адил энэ шинж тэмдгээр илэрдэг учир мэргэжлийн эмчид хандаж, тогтсон хялар уу эсвэл өөр шалтгаантай эсэхийг тодруулах нь зүйтэй. Тэгэхээр аль болох бага насанд нь илрүүлж, шил зүүлгэх болон эмчилгээ хийлгэх хэрэгтэй. Тиймээс жилд нэг удаа үзүүлж байх хэрэгтэй. Мөн байгалийн гэрэлд хүүхдээ байлгаж, тогтуулах хэрэгтэй.