Улс төр

Г.Занданшатарын “шинэ” улс төр

УИХ-ын хаврын чуулган өчигдөр нээлтээ хийж, урин цагийн улс төрийн салхийг сэвэлзүүлэв. Шинэ спикер чуулганыг удирдах тул өмнөх тогтсон хэвшлээс өөр байдлаар парламент ажиллана гэх хүлээлт үүсэв. Гишүүдийг хурууны хээгээр бүртгэж, саналыг нь мөн ийм байдлаар авах тул төрийн түшээд хурал чуулгандаа харьцангуй идэвхтэй оролцох нөхцөл бүрдлээ. 

Шинэхэн спикер хаврын чуулганыг нээж хэлсэн үгэндээ энэ жилээс ХЭҮК-оос хүргүүлдэг тайланг парламент тоохгүй орхидог байдлыг хална. Тэр их цаасыг сөхөж харахгүй явж ирснээс үүдэж, хорих ангиудад эрүүдэн шүүлт явагдсан. Хүний эрх ноцтойгоор зөрчигдсөн тул энэ бүх алдааг засахын төлөө ажиллана гэсэн санааг онцлов.

Энэ нь төрийн гурван өндөрлөгөөс бүрддэг ҮАБЗ дээр хууль, шүүхийн байгууллагуудын удирдлагыг томилдог байх хуулийн ѳѳрчлѳтийг зөвшөөж буйгаа илэрхийлсэн хэрэг юм. Үндсэн хууль зөрчиж, парламентын бүрэн эрхийг хязгаарласан, гуравхан хүний үзэмжээр хуулийн байгууллагын удирдлагыг томилох нь буруу гэсэн мэргэжлийн хүрээнийхний тайлбарыг үгүйсгэсэн санаа юм.Хаврын чуулган нээлтээ хийсэн даруйдаа уг зорилтоо хэрэгжүүлэн, Улсын ерөнхий прокурорыг томиллоо.

УИХ-ын дарга Г.Занданшатарын хэлсэн үгнээс анхаарахгүй орхиж болохгүй хэсэг нь Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийнэ гэсэн санаа байв. Тэрбээр “Улсын дээд шүүх, засаглалыг хараат бус болгох, ард иргэдийн хүсэн хүлээж, шүүмжилж байгаа асуудлуудыг шийдвэрлэх зэрэг олон асуудлыг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд тусгасан байгаа. Тиймээс ултай суурьтай хандаж, олон жилийн судалгаа, олон талын оролцоотой боловсруулсан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг бүх талаас нь сайтар нягтлан, хэлэлцэн батлахад онцгой анхаарч ажиллахыг та бүхнээс хүсье” гэсэн юм.

Спикерийн энэ үгийг сонсоод намын зарим нөхөд нь “Ээ, базар ваань одоо ингээд Ерөнхийлөгчийн үгээр Үндсэн хуулиа өөрчлөх гээд зүтгэх байх даа” гэлцэв.  Ингэж хардах үндэслэл ч бий. Анхлан Г.Занданшатарыг УИХ-ын даргаар сонгогдох үед “Ерөнхийлөгчийн зөвшөөрсөн ганц хүн” гэгдэж байв. Тэрбээр ажлаа авсан даруйдаа баялгийн тэгш хуваарлилтыг бий болгох чиглэлд анхаарна гэж хэлсэн.

Энэ үгээрээ төрийн гурван өндөрлөг гурван тийшээ хараад суучихгүй. Нэгдэх зүйл дээрээ нэгдэх юм байна гэсэн  бат итгэлийг төрүүлж чадсан.

Хаврын чуулганыг нээж хэлсэн үгэндээ тэрээр “Учир утгагүй улстөржилт, талцал хуваагдлыг өнөөдрөөс эцэс болгоё” гэж мөн л онцлов. Улс төрийн хүрээндээ барьж авсан сэдвээ харьцангуй стратегийн түвшнээс харж чаддаг, харагдах байдлаасаа тэс өөр ул суурьтай, няхуур зан гаргадаг гэж шинэ спикерийг тодотгодог билээ.

Ямартай ч хаврын  улс төрийн гол зангилааг тэр атгалаа. Одоо хэрхэн ажиллахыг нь харах л үлдэж байна. Утга замбараагүй улс төрийн хүлээсэнд оролгүй, чигч, ханатай байгаасай.

Ж.МЯДАГБАДАМ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

USD

Close
Close