Үйлдвэрлэгчид

ТАРИАЛАНЧ: Хөндий дүүрэн хүлэмжтэй болох хүсэлтэй агрономич

Төв аймгийн Зуунмод хотоос урагш дөрвөн км-ийн зайд орших “Атрын шим” компанийг зорин очлоо. Учир нь хаврын тариалалт эхэлж буй энэ цагт мэргэжлийн хүнээс хэрэгтэй мэдээлэл авч түгээхийг хүссэн юм. Монголчууд сүүлийн жилүүдэд өрхийн тариалан эрхлэлтийг маш сайн хөгжүүлж яваа. Та хашаандаа, зусландаа, өөрийн эзэмшил талбайдаа тариалан эрхлэхээр бэлтгэж байгаа бол 36 дахь жилдээ агрономичоор ажиллаж буй Т.Баярхүүгийн ярианд анхаарлаа хандуулаарай.  

-Та манай уншигчдад өөрийгөө танилцуулаач?

-Агрономич мэргэжилтэй. 1983 онд ХАА-н дээд сургууль төгсөөд өнөөдрийг хүртэл 36 жилдмэ тасралтгүй агрономичийн ажлаа хийж байна. 2005 оноос хүүгийнхээ үүсгэж байгуулсан  “Атрын шим” компанид мэргэжлээрээ ажиллаж байна. Манай компани 2005 оноос хүлэмжийн аж ахуй эрхэлсэн. Газар тариалангийн салбарт түлхүү хөгжиж байгаа хүлэмжний аж ахуйг хөгжүүлэх, нарийн ногоо тарьж үйлдвэрлэн нийлүүлэхийн төлөө явж байна даа. 



-Бууц татаад хөрсөө боловсруулж байх шиг байна. Одоо хичнээн хүн ажиллаж байна вэ?

-Үрслэг бойжуулалтын ажил ид явагдаж байна. Манайх тогтмол 15 ажилтантай, тариалалт, хураалт, зэрлэг устгалын үед нэмэлтээр хүн авч ажиллуулдаг. Өнөөдөр бид 7000 м квадрат талбайд хүлэмжний аж ахуй эрхэлж байна.  Үүнээс 1200 м кв өвлийн хүлэмж. 

-Сургалт бас явуулж байх шиг байна? 

-Хүлэмжийн аж ахуй бол манайд эрчимтэй хөгжиж буй салбар. Би 2005 оноос хойш өөрт хуримтлагдсан дадлага туршлагаа сургалтаар хүмүүст хүргэдэг. Жилдээ 300-400 хүн сургаж ирлээ. Манайх одоо Швейцарийн хөгжлийн агентлагийн Монгол ногоо төсөлтэй хамтран ажиллаж байгаа. 2018 онд энэ төслөөс манай дээр “Хүлэмжний технологи нэвтрүүлэх төв” –ийг байгуулж санхүүжүүлж сургалтын иж бүрэн танхимтай болгож өгсөн. Танхимын болон дадлагажих сургалтад маань Ховд,  Говь-Алтай,  Увс,  Хэнтий гээд бүх аймгаас хүлэмжний аж ахуй эрхлэгчид ирж сурдаг. Дөрөв хоногийн вакамжуулсан сургалт үдээс өмнө танхимын, үдээс хойш хүлэмжний дадлагажих сургалт хийдэг. Сургалтын маань гол онцлог бол мянга сонсохоор нэг удаа үз гэгчээр гараараа барьж, нүдээрээ харж сургадаг. Суралцагчид маань сургалтын явцад эндээ байрладаг.