Сурвалжлага, нийтлэл

КОФЕ ШОПЫН АСУУДАЛ: Нэг аяга кофегоор 7-8 цагийн интернет үнэгүй ашигладаг "бүдүүлэг" хэвшил

Манай улсад хүүхэд, залуусын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, тэдний эрх ашиг, сонирхолд нийцсэн газар их ховор. Цөөн хэдэн кино театрууд, үндэсний цэцэрлэгт хүрээлэн болон үндэсний соёл амралтын хүрээлэн гээд дурдвал гарын таван хуруунд багтана. Хичээлээ хийгээд найз нөхөдтэйгөө халуун яриа өрнүүлж буй залуусын дүр зураглалыг Кофе шоп болон кафегаас хамгийн ихээр харах боломжтой.

Гэсэн хэдий ч энэ чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг газруудын дунд хэд хэдэн асуудал тулгарсаар иржээ. Залууст чөлөөт цагаа зөвөөр өнгөрүүлэх газар дутмаг байгаа нь нэгэн асуудал хэдий ч манайхан өөрсдөө үйлчилгээний соёлд суралцах хэрэгтэй аж. 

Кофе шоп ажиллуулдаг нэгэн танил маань доорх яриа өгсөн залуусын адил асуудалтай тулгарсан удаатай. Үүнээс болоод үүд хаалгаа хаахад хүрээд байна гэсэн юм. Энэ асуудлын мөрөөр Улаанбаатар хот дахь хэд хэдэн кафе болон кофе шопыг зорилоо.



-КОФЕ БОЛ ТАНСАГ ХЭРЭГЛЭЭ, ТИЙМЭЭС БУЯНЫ БАЙГУУЛЛАГА ШИГ БАЙЖ ЧАДАХГҮЙ-

Кофе шопод тулгамдаж буй асуудал

Café Eder: Кофе шопд хүмүүс тав тух, кофены үнэр, амт, хөгжим гээд бүгдийг мэдрэх гэж чөлөөт цагаа өнгөрөөдөг газар. Хамгийн чухал хэр нь түгээмэл бус тулгамддаг асуудал бол зарим үйлчлүүлэгчид кофены нэр төрөл хэрхэн хийдэг талаар тэр бүр  мэдээлэлгүй байдаг нь жаахан хүндрэлтэй байдаг, үүнээс үүдээд захиалгаа гэнэт өөрчлөх мөнгөө буцаах зэрэг асуудал гарна. Зарим тохиолдолд тайлбарлаж анхааруулдаг. Гэхдээ байнга ингээд байх боломжгүй. 

Дараагийн хамгийн түгээмэл асуудал бол орж ирээд захиалгаа өгөлгүй гэрээсээ эсвэл гаднаас авч ирсэн зүйлээ идэж уун чанга ярьж, бусдад садаа болон үнэгүй wifi ашиглах тохиолдол цөөнгүй.

Кофе бол тансаг хэрэглээ учраас, кофены үр, кофены машины өртөг өндөр.  Ийм болохоор тэдгээр үйлчлүүлэгчдэд буяны байгууллага шиг ажиллаж чадахгүй шүү дээ. Учрыг нь хэлэхээр чөлөөтэй байлгасангүй гэх мэтээр бүдүүлэг харьцан тухайн газрын нэр хүндийг унагааж ярих тохиолдлууд байдаг.




-ГАДНААС ХООЛ АВЧ ОРЖ ИРЧХЭЭД ХОГОО ҮЛДЭЭГЭЭД ГАРДАГ -

Supersize coffee Mongolia: Аливаа юм хоёр талтай. Манай салбарт оюутан залуус ихээр үйлчлүүлдэг юм. Оюутан залуус цэнгээний газар бус цэвэр тухтай орчинд хичээлээ хийгээд цагийг үр дүнтэй өнгөрөөж байгаа нь сайн хэрэг ч үүнийгээ дагаад цөөн хэдэн асуудалтай тулгардаг. 

Үйлчлэгч болон үйлчлүүлэгч хоорондын хэн хэнээ хүндлэх харилцаа маш чухал зүйл шүү дээ. Гэтэл би үйлчлүүлж байгаа юм чинь намайг хаан мэт дээдэл гэх хэт бүдүүлэг  хандлагатай залуус маш олон бий. Хэдий танихгүй ч гэсэн бусадтай мэндэлнэ гэдэг эерэг харилцааны эхлэл шүү дээ. Үйлчлүүлэгчдээ угтаад мэндлэхээр хариуд нь муухай хардаг хүмүүс цөөнгүй. Энэ нь ажиллах урам зоригийг унагаадаг талтай.

Түүнчлэн гаднаас бялуу, түргэн хоол зэргээ авч орж ирээд захиалга өгөхгүй сууж байгаад хогоо үлдээгээд л гарчихдаг. Үнэхээр гаднаас идэх зүйлээ авч орж ирлээ гэхэд түүнээсээ үлдэх хогоо өөрсдөө цэвэрлэдэг байгаасай. Сайхан үйлчилгээ авахыг хүсвэл үйлчлүүлэгчид маань өөрсдөө ч эерэг хандлагатай байгаасай гэж хүсдэг юм. Хэдий олон асуудалтай тулгардаг ч үйлчилгээний байгууллага тул тэр бүгдийг даваад л гардаг даа.