Улс төр

Баянхошуу, Сэлбэ дэд төвүүдийн гүйцэтгэл 70 хувьтай байна

Монгол Улсын Ерөхий сайд У.Хүрэлсүх, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг  нараар ахлуулсан баг  нийслэлийн дэд бүтцийн салбарт хийгдэж буй төсөл хөтөлбөрийн хүрээнд Баянхошуу дэд төвийн бүтээн байгуулалтын ажилтай танилцсан юм.

Улаанбаатар хотын Ерөнхий төлөвлөгөөнд хотын хөгжлийг тэнцвэртэй болгох хүрээнд зургаан дэд төвтэй байхаар тусгасан байдаг ба “Гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслөөр дэд төвүүдийг бий болгох суурийг хэрэгжүүлдэг юм.

Төсөл гурван үе шаттайгаар нийт 9 жилийн хугацаанд зургаан дэд төвийн нийгмийн болон инженерийн дэд бүтцийн ажлыг хийж гүйцэтгэх ба одоогоор төслийн 1-р үе шат Баянхошуу, Сэлбэ дэд төвүүдэд 70 хувьтай хэрэгжиж байна.

-6830 портер нүүрс түлэхгүй байх бодит боломж бүрдэнэ-

Мөн Баянхошуу дэд төвийн хүрээнд барьж ашиглалтад оруулсан бизнес инкубатор, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн барилга, үйл ажиллагаа явуулах сургалт, иргэдийн мэдээллийн төв болон нэг цэгийн үйлчилгээний анги танхимыг үзэж, танилцлаа. Баянхошуу дэд төв нь төвлөрсөн дулаан хангамжинд холбогдсоноор сургууль, цэцэрлэг, өрхийн эмнэлэг болон шугамын дагуу байрлах Хилчин хорооллыг эхний ээлжинд холбох юм. Ингэснээр нийт 7 ширхэг уурын зуухыг буулгах ба энэ нь жилдээ 10 мянган тонн буюу 6830 портер нүүрс түлэхгүй байх бодит боломж бүрдэх юм.

Түүнчлэн энэ төвд “Иргэд бизнес төлөвлөгөө бичих, хэрхэн банкнаас зээл авах зэрэг сургалтанд хамрагдахын зэрэгцээ Герман Улсын хамтын ажиллагааны нийгэмлэгтэй хамтраад нэг сая еврогийн үнэ бүхий, 5000 мэргэшсэн ажилтан бэлтгэх туршилтын төслийг хэрэгжүүлж байна.  Тус сургалтын төв нь ойр орчмын хороодын ажилгүй иргэд гагнуурчин, цахилгаанчин зэрэг мэргэжлээр сурч, дэд бүтцийн бүтээн байгуулалт хийж байгаа компаниудад дадлагажих боломжтой” хэмээн төслийн зохицуулагч Д.Авирмэд танилцууллаа.


-200 мянган гэр хорооллын өрхийг орон сууцаар хангах зорилготой-

Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Өнөөдөр захын хорооллуудад хийгдэж байгаа бүтээн байгуулалтын ажлуудтай танилцаж байна. Одоо ирээд байгаа Баянхошуу дэд төв бол бүхий л зүйлийг цогцоор нь шийдсэн төсөл. Захын хорооллын иргэд заавал хотын төврүү явахгүйгээр бүхий л асуудлаа шийдэх боломжтой болж байна. Цаашдаа Засгийн газар хотын захиргаа, олон улсын байгууллагуудтай хамтраад ийм дэд бүтцийн төвүүдийг байгуулах хэрэгтэй. Ингэж чадвал гэр хороолол маань хөгжинө. Нийслэлд 200 мянган гэр хорооллын өрх бий. Эдгээр өрхийг орчин үеийн барилга, орон сууцны барилгаар хангах нь МУ-ын Засгийн газрын хамгийн том зорилт. Эдгээр дэд бүтцийн төвүүдээ ашиглаад гэр хорооллоо амины орон сууц болгож болж байна. Энэ ажлыг зохион байгуулж байгаа хотын захиргаа, төсөл хэрэгжүүлэгч та бүхэнд талархал илэрхийлье. Үүнийг цаашаа улам үргэлжлүүлэх ёстой” хэмээлээ.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх барилгын, бүтээн байгуулалтын улирал богино тул төслийн ажлыг хурдацтай хэрэгжүүлэхэд холбогдох газруудыг дэмжиж ажиллах үүрэг болгов. Түүнчлэн иргэд, оршин суугчид, ААН-үүд уг төслийн бүтээн байгуулалтын ажил, газар чөлөөлөлт, дэд бүтцэд холбогдож амьдрах орчноо сайжруулах үйлсэд идэвхи санаачлагатай оролцохыг уриалав гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

USD

Close
Close