Сурвалжлага, нийтлэл

ТОЙМ: Капитал банк дампуурч, Увсынхан суурин дээр нь “найрлах” тохироо бүрдэв

ЭНГИЙН ИРГЭД ДАМПУУРСАН ХОЙНО НЬ МЭДЭЖ БАЙХАД Г.АЛТАН 20 ТЭРБУМЫГ ГАРГАЖ АМЖЖЭЭ

Зах зээлийн нийгэмд шилжихтэй зэрэгцэн арилжааны банкны шанг татаж явсан “Капитал” банкийг албадан дампууруулснаа Төв банкнаас зарлав. Энэ нь өнгөрөгч долоо хоногийн улс төрийн хүрээний гол үйл явдал байлаа. Сүүлийн 4-5 жилийн турш актив буюу өөрийн хөрөнгийн хэмжээ нь доголдолд орсны улмаас дампуурлаа зарлах нь тодорхой банкуудын нэгээр “Капитал” банк хөшигний ард нэрлэгдсээр ирсэн.  

Гэвч өнөөг хүртэл тэссэн юм. “Би “Капитал” банктай ямар ч хамаагүй” гэж сэтгүүлчдийн нүүрэн дээр мэлздэг мөртлөө ХОМ-тээ мэдүүлж, намынхаа томчуудаас банкныхаа асуудлыг гуйж явдаг Б.Ундармаа гишүүний хүч энэ хүрээд бүрэн дууссан гэж болно. Тэр УИХ-ын дарга асан М.Энхболд дээр банкныхаа асуудлыг ярьж маш олон орсон бөгөөд тэр хэрээр дэнжигнэж байсан банкны хувь заяа жаахан тогтож байсан бололтой.

Нөгөө талд “Капитал” банкийг дампуурах эрсдэлтэйгээр дэнжигнэж явахад АН-ын дарга С.Эрдэнээс өгсүүлээд хамаг л байдгаараа улс төрчид дэмжиж явсан нь анхаарал татна. Мөнхүү “Капитал” банканд төрийн 340 тэрбум төгрөг байсаар байхад Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан нар юу ч хийгээгүй байна. 

Тэд зүгээр л “Эднийх мөнгөгүй” болчихсон гээд сууж байхад Г.Алтан тус банкан дахь хадгаламжаа татахын тулд Бөмбөгөрийн түрээслэгчдийн  иргэний үнэмлэхийг хураан авч, бужигнуулж амжсан байгаа юм.

Лавлууштай нь, “Капитал” банкийг дампуурахыг Г.Алтан хамгийн эхэнд яагаад мэдэв. Энгийн иргэд дампуурсан хойно нь хадгалуулсан мөнгөндөө санаа зовж байхад Г.Алтан хэдийн 20 тэрбумыг авч амжсан гэх. Түүнийг улс төрийн тавцан дээр ил цагаанаар хамгаалсаар ирсэн Ц.Нямдорж сайд мэдээллээр хангасан уу зэрэг асуултууд хөврөв. 

“ЗУД БОЛОХОД НОХОЙ ЗООЛНО” ГЭГЧИЙН ҮЛГЭР КАПИТАЛ ДЭЭР Ч БАС ...

Мөнхүү “Капитал” банкны хураагдсан эд хөрөнгүүдийг “ид бад” хийх хүнээр Н.Баяртсайхан өөрийн  нутгийн хүнээ томилсон нь ихээхэн анхаарал татав. Авч болох, хамрагдаж чадах бүхий л зээл, төслүүд, сангийн мөнгүүдийг хуу хаман банкандаа байршуулж ирсэн иржээ, “Капитал”. Харин дампуурсан хойно нь Увсынхан “сэргэлэнтэж” суурин дээр нь найрлах нь гэх хардлага үүслээ.

Нөгөө талд “Капитал” банкийг өөрийн нэр дээр шилжүүлэн авахаар идэвхтэй хөөцөлдөж явсан хотын дарга асан Ц.Батбаярын санаархал бүтсэнгүй. Тэрээр бүр өнгөрсөн оны сүүлээр хүний нөөцийн асуудлаа хүртэл шийдсэн байв. Гэвч Монгол банкнаас худалдан авах эс үүсвэрийг нь асуудалтай гэж үзэн, татгалзсан гэх мэдээлэл байгаа юм. 

Ингэж эцсийн мөчид “Капитал” банк хэн нэгний хармаанд орсонгүй. Зах зээлээс арчигдаж байна. Гол нь хадгаламж эзэмшигчдийн хохирлыг 100 хувь барагдуулж чадах уу. Татварын төлөгчдийн 340 тэрбум төгрөгийг улс бүрэн бүтэн  авч чадах уу гэхчлэн асуулт үүсээд байна. 

Харахад, “Капитал” дампуурсан нь энгийн иргэд болон татвар төлөгчдөд хохиролтой. Эсрэгээрээ улс төрийн тодорхой нэг фракцид ашигтай болж тусахаар байгаа юм. “Зуд болоход нохой зоолно” гэгчийн үлгэр Капитал дээр ч бас  давтагдах эхлэл нь хэдийнэ тавигдчихаад байна. 

Ж.МЯДАГБАДАМ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдлүүд (1)

USD

Close
Close