Сурвалжлага, нийтлэл

СУРВАЛЖИЛГА: Хэрэглэхгүй эд зүйлээ заруулах төрөлжсөн дэлгүүр НЭЭГДЖЭЭ

“Хэрэглэхгүй эд зүйлээ заруулах дэлгүүр” нийслэл Улаанбаатар хотноо нээгджээ. Цахилгаан бараа, гэр ахуй, бэлэг дурсгал, тавилга, хүүхдийн тоглоом зэрэг бүх төрлийн хэрэглэхгүй, илүүдэл шинэ, хуучин барааг нэг дор цуглуулж  зарж өгөх зорилготой дэлгүүр ажээ. Энэ дэлгүүр дөрөвдүгээр сарын 14-нд буюу Ням гарагт нээлтээ хийх бөгөөд бид нээлтийн бэлтгэл ажилтай зэрэгцэн дэлгүүрийн зорьсон юм. Биднийг дэлгүүрт очиход уг дэлгүүрт бараа бүтээгдэхүүнээ өгөхөөр хүмүүс нэмж ирсээр л байлаа. Ингээд “Хэрэглэхгүй эд зүйлээ заруулах дэлгүүр”–ийг санаачлагч Г.Бат-Учралтай хуучиллаа.


Г.Бат-Учрал: Хүүхдийн машины шинэ суудлыг л гэхэд хамгийн хямд үнийн бодлогоор тал үнээр нь буюу 12500 төгрөгөөр борлуулна

-“Хэрэглэхгүй эд зүйлээ заруулах дэлгүүр” –ийг хэрхэн нээх болсон бэ?

-Би пэйж хөгжүүлэгч учраас олон арван судалгаа хэрэглэгчдээс авч байсан. Энэ туршлагаасаа ер нь гадаад улсад байдаг энэ үйлчилгээг дэлгэрүүлбэл хэр вэ гэж бодон хүмүүсээс санал асуулга автал маш ихээр дэмжсэн. Ингээд ажлаа цаг алдалгүй эхлүүлж  одоо дэлгүүрээ нээх болчхоод хүмүүсийн хэрэглэхгүй бараа бүтээгдэхүүнийг аваад дэлгүүр нээх бэлтгэл ажлаа хийгээд байж байна.

-Хэдий хэр хугацаа өнгөрсөн бэ?

-Фэйсбүүк хуудсанд санал асуулга тавьж дэмжигдээд шууд л ажилдаа орсон. Одоо ердөө хагас сарын нүүрийг үзэж байна. Хэрэглэхгүй эд зүйлсээ өгөх хүмүүс маш их байсан тэр дундаа хувцас. Тиймээс бид тун удахгүй энэ сарын сүүлчээр “Монгол комисс” хуучин хувцасны дэлгүүр тусдаа нээхээр болсон.

-Байрны асуудлыг хэрхэн шийдэв?

-Нэгэн танилынхаа зарагдахаар хүлээгдэж буй хоёр давхар 500 метр2 уг байрыг ашиглахаар болоод байна. Яг зах зээлийн үнэ ханшаар нь хотын төвд байрлалтай ийм дэлгүүртэй болно гэвэл үнэхээр чанга. Иймд эхний ээлжид зарахаар хүлээгдэж буй байранд үйл ажиллагаа явуулж эхэлж байна.

-Эд зүйлсийг хэрхэн ангилж, төрөлжүүлэх вэ. Хэдэн ажлын байрыг бий болгож байна?

-Манай дэлгүүрт таван ажилтантай байна. Шинээр гурван ажлын байрыг бий болгоно. Харин бараа бүтээгдэхүүний төрөл ангиллын хувьд хоёрдугаар давхарт тавилгаа төрөлжүүлж байршуулна. Нэгдүгээр давхарт бусад бараа бүтээгдэхүүнээ байрлуулж төрөл төрлөөр нь ангилж зарах юм.


-БИД ЗАХ ЗЭЭЛИЙН ХАМГИЙН ХЯМД ҮНИЙГ САНАЛ БОЛГОНО, ЧАДААГҮЙ ТОХИОЛДОЛД БҮТЭЭГДЭХҮҮНЭЭ ГАЗАР ДЭР НЬ 50 ХУВИАР ХЯМДРУУЛЖ ЗАРНА-

-Мэдээж хуучин эд зүйлсийг зарж борлуулах юм чинь ажиллагааны хувьд сайтар шалгах хэрэгтэй. Мөн баталгаат чанар сэтгэл ханамжийн баталгаа олгох хугацаа бий юу?

-Хуучин эд зүйлс учир бид дэлгүүртээ авахдаа л ажиллагааг сайтар шалган авч, эд зүйлийг эзэмшигчтэй сайтар тохирсны  дараа үнэлгээг гаргаж байгаа. Дэлгүүрт зарагдсан бараа буцаагдахгүй гэх зарчим үйлчилнэ. Гэхдээ үнэхээр зарж борлуулагдсан бүтээгдэхүүнд ямар нэг санал гомдол ирэлгүй гурав хоносон тохиолдолд зарагдсан эд зүйлийн эзэнд бид мөнгийг шилжүүлнэ.

-Хуучин эд зүйлсийн үнэлгээг хэрхэн тогтож тохиролцох вэ?

-Бид хувцас, тавилга цахилгаан барааны чиглэлээр олон жил ажилласан хүмүүсээр зах зээлийн үнэлгээ хийлгэх бөгөөд цаг алдалгүй үнэ тохиролцож бараа бүтээгдэхүүнийг борлуулж эхэлнэ. Харилцагчдын хувьд эд зүйлс хувцас хунарыг өөрсдөө авчирч өгнө. Харин томоохон эд зүйлстэй тохиолдолд бид 10.000 төгрөгөөр хөлсний портер машин ажиллуулж эд зүйлсийг очиж авч болно.

-Хуучин эд зүйлсийг өөрийн дэлгүүрт зарж борлуулснаар хэдэн төгрөгийн ашгийг өөрсдөө авах вэ?

-Манай дэлгүүрт байршуулж борлуулагдсан эд зүйлсээс шимтгэл болгон 15 хувийг авах болно. Мэдээж бидний эд зүйлээ өгч буй хүмүүстэй тохиролцохдоо доод үнийг тогтоно. Тогтсон үнийн дүнгээс бага дүнгээр өөр газар шинэ бүтээгдэхүүн нь зарагдаж байгаа тохиолдолд бид бүтээгдэхүүнийг 50 хямдруулж өгнө гэдгийг сануулах болно. Ерөнхийдөө энэ зарчим нь хэт худал үнийн дүнгийн хөөргөдөл үүсэх магадлалыг бууруулж, хамгийн хямд гэдэг утгаа барьж байгаа юм.