Гадаад мэдээ

Рьючи Сакамото: Хөгжим цөхрөлийн дараа ирдэг


Японы алдарт хөгжмийн зохиолч Рьючи Сакамотогийн “Kinfolk” сайтад өгсөн ярилцлагыг орчуулан хүргэж байна.  “Манхэттэнд анхны цас унах үеэр бидний мэдэх “The Revenant”, “The Last Emperor” киноны бүтээлүүдээрээ алдартай, “Yellow Magic Orchestra”-ийн санаачлагчдын нэг, Академийн шагналт хөгжмийн зохиолч Рьючи Сакамототой уулзсан юм. Бид хүмүүс яагаад хөгжим сонсохоо больсон талаар, түүний талаарх ил тод биш өнгөрсөн үеүүдийн тухай, Нью-Йорк хотод байрлах дуртай ресторануудынхаа нэгт зориулж гаргасан хөгжмийн цуглуулгынх нь талаар яриа дэлгэсэн юм. Тэр 2011 оны аймшигт цунамигаас тэсч үлдсэн төгөлдөр хуураар өнөөдрийг хүртэл гайхалтай хөгжмийн бүтээлүүдээ туурвисаар байна".

-Та хөгжмийн найруулга хийж байх үедээ Бахыг төсөөлж, “Яагаад зовлон мэдрэгдэнэ вэ” хэмээн асуудаг гэж байсан.  Хөгжим бичих үедээ та энэ асуултыг өөрөөсөө үргэлж асуудаг уу?

-Бах ер нь өөдрөг дуу хөгжим бичдэг байсан. Гэхдээ түүний “St. Matthew Passion” зэрэг хамгийн чухал бүтээл нь надад маш их зовлон зүдгүүртэй сонсогддог. Тэр өөрийн эргэн тойронд байгаа хүмүүсийн эмгэнэл, гуниг шаналалыг олж харсан болов уу гэдэгт итгэдэг. Тэр хөгжмөөрөө дэлхий ертөнцийг аврахыг хүсээгүй. Гэхдээ түүний хөгжим залбирал байсан гэдэгт ч би итгэдэг. Японд болсон цунами болон цөмийн цахилгаан станцын дэлбэрэлтийн шок одоо хүртэл энд (зүрхэндээ хүрэв) байна. “Юу болоод өнгөрөв өө, мөн би юу хийх ёстой вэ” гэсэн асуултдаа  одоо хүртэл би хариулт олоогүй. Гэхдээ миний чадах зүйл гэвэл энэ аймшигт аюултай нүүр тулсан бүс нутгийн хүүхдүүдийг хөгжимд дуртай болоход нь туслах юм. Болж өнгөрсөн энэ үйл явдлуудын тухай бодлууд миний хөгжмийн зохиолд эрхгүй нөлөөлдөг.


-Та яагаад хөгжим бичдэг юм бэ. Ялангуяа та байгальд оршин буй ая эгшигт дурлаж татагддаг нь тун хачирхалтай?

-Гадуур явж байхдаа хөгжим сонсоно гэдэг цагаа дэмий үрж буй явдал. Яагаад гэвэл байгальд, бидний орчин тойронд олон сонирхолтой дуу чимээ байдаг. Жишээ нь бороо орох бүрийд би цонхоо онгойлгоод дуу хураагчаа ажиллуулаад орхидог. Мөн Барселона болон бусад хотуудаар явахдаа дуут дохио, түүнтэй ижил төстэй гэнэтийн дуу чимээний цочролд орохдоо үргэлж бэлтгэлтэй явдаг шүү. Гудамж талбайгаар явахдаа элдэв зүйлсийг цохиж үүсэх дуу чимээг нь шалгаж, өөрийн төгс чимээг олох хүртэл хайж явдаг. Одоогоор олоогүй байгаа ч үргэлж хайна. Магадгүй би байгалийн хөгжмийг сонсоод сэтгэл хангалуун байсан бол надад хөгжим бичих шаардлага байхгүй л дээ. Би байгалийн хөгжимд шунадаг. Тиймээс энэ нь хоорондоо зөрчилдөж байж ч болох юм.

-Өнөөдөр бидэнд хэт их хөгжим байна уу?

-Угсаатны хөгжим судлалаар суралцаж байхад их сургуулийн маань багш надад маш таалагдсан үзэл баримтлалын талаар ярьсан юм. Эрт үед Европ болон Азид маш олон тосгод байх үед ганц л аялгуу байж. Тухайн ганц аялгуунд өөр өөр шүлэг нэмсээр хуримын баяр баясалтай дуу хөгжмөөс оршуулгын ёслолын гунигт дуу хүртэл бүхнийг багтаадаг байсан аж. Энэ хөгжим ганц хүнээс бүтээгүй, цаг хугацаа, түүх болон ард олноос бүтсэн. Би капиталист ертөнцийн мөнгөний хүсэлд нийцүүлж бичигдсэн хөгжмөөс илүү чанартай хөгжмийг үнэлдэг. Мэдээж чин сэтгэлээр хөгжим бүтээгчид болон уран бүтээлчид байгаа хэдий ч миний бодлоор өнөө үед хэтэрхий их дуу хөгжим байна.


-Таны киноны хөгжмийн бүтээлүүдээс болон өнгөрсөн жил хөгжмийн жагсаалтыг нь гаргаж өгсөн Кажицу ресторанаас харахад тохирсон хөгжим тохирсон газраа тоглогдох нь маш чухал гэж та боддог бололтой. Уг төслийг хэрэгжүүлэхэд тань юу нөлөөлсөн бэ?

-Хөгжим нь хоолны чанар болон орчны гоо зүйтэй нийцсэн байх ёстой. Магадгүй хооллож буй хүмүүстэй ч хамаатуулж болох юм. “Кажицу”-гийн хоолнууд Японы уламжлалт кайсекид тулгуурласан байдаг. Маш алгуурхан, чимээгүй, намуухан байдлаар нэг нэгээр нь хоолнуудаа хийж үйлчилдэг. Ийм газар баарны хөгжим хэрэггүй бөгөөд хөгжимгүй байсан ч болно.Гэхдээ жижигхэн өөрчлөлт хийвэл үйлчлүүлэгчдэд илүү сайхан санагдаж магадгүй шүү дээ. Хөгжим нь орчиндоо уусч, хүний зан аягыг ч тодорхойлохоор байх ёстой. Заримдаа би хөгжмийн чанга сулыг шалгахаар очоод ихэнхдээ хэт чанга байгаад нь гомдоллодог шүү.

-Та хүрээлэн буй орчны дуу чимээг нямбайлан сэтгэл засах увидастай ая болгодог арга барилтай хүн.  Магадгүй ийм ч учраас “Нокиа” компанийн гар утасны ая зохиох ажилтай холбогдсон болов уу?

-Би 1970 оны эхэн үеэс зөвхөн хөгжим зохиогоод зогсохгүй, хажуугаар нь хотын хүрээлэн буй орчны дуу чимээг сонирхож эхэлж байлаа. Хотын амьдралын дуу чимээ болон дохиог нарийн сонсдог болсон. Асуултнаас гадуур хариулахад, тийм болохоор 70, 80-аад онуудад маш олон телевизийн ая дуунуудыг зохиож өгч байв. Япон хүмүүсийн хүрээлэн буй орчны ая дууг өөрчилвөл сайхан юм гэж бодсон хэрэг. Яг л ийм шалтгаанаар би Нокиад дуудлаганы ая хийж өгсөн. Нисэх буудлын хүлээлгийн өрөө, гудамж гээд хаа сайгүй гар утасны маш чанга аяыг сонсохоос ядраад залхчихсан байсан. Тэр алдартай, маш чанга ая хаа сайгүй дуугарч байсан хэрэг.

-Таньд хөгжмийн талаарх анхны дурсамж байдаг уу?

-Магадгүй миний анхны киноны ая байх. Дөрөв юм уу таван настай байсан үе. Ээжийнхээ өвөр дээр хав харанхуй газар байснаа бодвол кино театр л байх. Би тухайн үед киноны хөгжим болон кино хар цагаан байснаас бусдыг нь юу ч санадаггүй. Радиогоор тухайн ая явах бүрт энэ дуу мөн байна. Энэ дуу мөн байна гээд л үсэрч дэвхцдэг байлаа. Арав орчим жилийн дараа Фэллинигийн “La Strada” киноны ая Нино Ротагийн бүтээл болохыг мэдсэн юм.

-“Yellow Magic Orchestra”-д байх үеийн таны ая, өнөөдрийн хөгжмийн ая өөр дуугарч байгаа талаар бодож байсан уу?

-Хуучин хөгжмүүдээ сонсох үед маш хүчтэй, эрчтэй санагддаг. Хүйтэн төрлийн буюу компьютерийн хөгжим гэж тооцогддог ч 80 хувь нь гар аргаар бүтдэг байсан. Хэрвээ өнөөдөр намайг тэдгээр хөгжмүүдээ тогло гэвэл чадахгүй. Залуу байж. Миний өнгөрсөн үеийн дурсамж харийн, хэдийнээ төгсчихсөн юм шиг л санагддаг. Энэ бол ердөө миний нэг бүлэг. Би үргэлж урагш тэмүүлж амьдрах дуртай.

-Чимээгүй байдал одоо таньд илүү чухал гэж бодогдож байна?

-Хөгшрөх тусам л чимээгүй байдал надад улам чухал болж байна. Завгүй, орчин үеийн хотуудад бид үүнийг тэнцвэржүүлж тархиа хоослож байх хэрэгтэй. Хүмүүс үргэлж тархиа хүлээж авах горимд байлгадаг нь аливааг илэрхийлэхэд маш бага цагийг зарцуулахад хүргэж байна. Энэ маш муу. Би 2016 онд цомгийн ажилдаа орох үеэр фэйсбүүк твиттер ашиглахаа хориглож байсан. Мэдээллээр өөрийгөө тэжээх үед хөдлөж урагшлах боломжгүй болгодог.

-Есдүгээр сарын 11-ний Нью-Йоркт болсон халдлага зэрэг эмгэнэлт явдлууд анир чимээгүйг бий болгодог. Хот үүнд ямар хариу үйлдэл үзүүлсэн бэ?

-Нью-Йоркт байсан хүмүүс дор хаяж долоо хонож байж шокноосоо гарч байсан. Гурав хоногийн дараагаас л хүмүүс хайртай төрөл төрөгсдөө хайж, юу хийхээ эсвэл цаашид юу болохыг мэдэхгүй тулгамдаж  байсан. Маш түгшүүртэй байсан. Тэдэнд хөгжим сонсох эсвэл хөгжмийн талаар бодох багтаамж байгаагүй. Хөгжим цөхрөлийн дараа ирдэг.  Ийм явдал надад ч тохиолдсон. Хавдартайгаа мэдсэний дараа цочролд орж түгшүүртэй байсан.  Үхэл амьдралын заагт хөгжим сонсох ямар ч боломж байхгүй. Харамсалтай нь хөгжим таныг аварч чадахгүй.

-Гэсэн ч Ирланд дуу сэргээсэн?

-Пина Баушийн хэлснээр “Бүжиглэ, бүжиглэ. Үгүй бол бид өөрсдийгөө алдана” гэдэг. Энэ зөвхөн соёлын тухайд ч биш. Хүн гэдэг утгаараа бидэнд дуу хөгжим хэрэгтэй. Үгүй бол бид өөрсдийгөө алдана.


Орчуулсан Ц.ТАМИР

Эх сурвалж: Kinfolk

 

Холбоотой мэдээ

USD

Close
Close