Ярилцлага

Э.Ичинхорлоо: МАЛЧНЫ ХОТОНД халуун, хүйтэн усаа шийдэж ХАУС БАРИАД амьдардаг залуус олон бий

Уншигч та бүхнийгээ бид энэ удаа “Бидний цөөхөн Монголчууд” төслийн сэтгүүлч Э.Ичинхорлоотой уулзуулж байна. Монголын өнцөг булан бүрт очиж, 21-р зууны Монголчуудын ахуй амьдрал, ажил төрлийг сурвалжлан, гэрэл зураг, дүрс бичлэг, ярилцлага сэлтээр баримтжуулан авч яваа тус төслийн багийн ажил эхлээд гурван жил гаруй хугацаа өнгөрчээ.

Сэтгүүлч бүсгүй Э.Ичинхорлоо хоёр жил гаруй хугацаанд таван аймгийн сумдаар явж хөдөө орон нутгийн “жинхэнэ” амьдралыг харж, дунд нь орж буцалж явсных түүнтэй бид хөдөөний эгэл жирийн амьдралаар амьдран яваа Монголчуудынхаа тухай болон сэтгүүлч  мэргэжлийн онцлог, амьдралын тухай хүүрнэлдсэн юм.

-ХӨДӨӨ НУТАГ ЖИНХЭНЭ ХҮН ЧАНАР, ХҮНЛЭГ СЭТГЭЛ, СОЁЛ, ЭЕРЭГ ЭНЕРГИ БИЙ-

-Түүхэн гэж хэлж болохуйц номын ард гарсан танай хамт олонд баяр хүргэе. Сэтгүүлч мэргэжил их сонин. Ямар  л бол ямар нөхцөлд ажиллаж, ямар ч мэргэжил рүү хөрвөх шаардлага гардаг. Өнөөдөр тамирчинтай ярилцахын тулд тамирчин мэт судалгаа хийж, нөгөө талд малчинтай ярилцахын тулд тэр ахуй амьдралын  хэл хэллэгүүдийг мэдэж байх шаардлагатай. Харин маргааш эмчтэй ярилцах болж тэр өвчнийхөө талаар ойлголттой болох хэрэгтэй. Таны хувьд эдгээр таван аймгаар явахад сэтгүүлчийн хувьд юу олж нээж, юу сурч авав?

-Нийслэл Улаанбаатар хотод 2010 онд сургуулиа төгсөөд Эх орон телевизээр овоглон долоон жил ажиллахдаа өөрийгөө “болчихсон” мэтээр л харж байж. Гэтэл Монгол орныхоо хөдөө орон нутгуудаар аялаж явахад, Монгол орныхоо сайхныг, Монголын тал нутаг ямар аугаа болохыг, зүгээр л тэр сумын сургуулийн дотуур байрны хүүхдүүдийн дүр зураг ямар дотно сайхан юм гэдгийг явах тусмаа мэдэрч, хайрласан. Эгэл, энгийн, бидний хайрлаад байдаг эх орон гэдэг зүйл хөдөө орон нутагт л байдаг юм байна гэдгийг зүрх сэтгэлээрээ ойлгож, түүнээс илүү зүйл байхгүй юм гэдгийг ойлгосон. Энэ чин сэтгэлийн минь үг шүү. Хүмүүс эх орон, эх орон гэж яриад байдаг хэдий ч гадагшаа явахаасаа илүүтэй Монгол эх орноороо тойрон явж байж л ойлгож, мэдрэх юм байна гэдгийг энэ төсөлд орсноороо мэдэрлээ. Мэргэжлийн хувьд хүнтэй ярилцах учраа олсон. Хүн бүр өөр өөрийн дүр зурагтай. Цэцэрлэгийн хүүхдийг яаж өөрийнхөөр нь яриулах вэ, малчинтай яаж яривал зүгээр бол гээд л. Хөдөө орон нутгийн өөрийнхөөрөө эгэл, хэзээ ч бидэн дээр ирж тэр л байгаагаараа ярилцлагад орохгүй, өдөр тутмын амьдралын хэмнэлээрээ явж байгаа хүмүүсийн дунд орж амьдраад, тэдний тухай сурвалжлах хамгийн сайхан

-Улаанбаатар хот түм түжигнэж, бум бужигнасан, хүн бүр дор дороо ажлаа хийж, сошиал орчин давамгайлсан, дүнсийсэн хүмүүс ихтэй. Тэдний дүгнэж буйгаар Монгол хүний сайхан чанар, мөн чанар нь үгүй болж, устаж байна гэж шууд дүгнэдэг. Энэ олон сумдаар, хүний хөл тэр бүр хүрээд байдаггүй захын сумдаар явж, эгэл хүмүүстэй уулзаж явахад Монгол хүний мөс чанар Улаанбаатарчуудын дүгнээд байгаа шиг хэмжээнд очсон гэж та харсан уу?

-Үгүй. Бүр эсрэгээрээ. Таныг асуултаа асуухад “Оркууд” гэдэг үг шууд санаанд орж байна. Хөдөөний оркууд хотод орж ирээд гэж бид ярьдаг. Харин ч тэнд хүн чанар,  хүнлэг сэтгэл, соёл, эерэг энерги байна. Танихгүй айлд ороход гал дээр цайгаа чанаад, хоолоо хийж өгөөд, отор нүүдлийнхээ талаар сайхан яриа дэлгээд, болж байгаа бүтэж байгаа зүйлсээ ярьдаг. Улаанбаатар хотод ирэхэд харин бүх зүйл болж бүтэхгүй, улс төр, аллага таллага гэнэ. Гэтэл “хүнээрээ” байгаа тэр хүмүүсийг Улаанбаатар хотод ирэхэд нь бид л “алдаг” байж магадгүй гэх бодол орж ирсэн.

Би тухайлбал, сум орон нутагт очоод төрийн өмчит байгууллагааар орж ярилцлага авдаг. Эмнэлэг, сургууль, цэцэрлэг, соёлын төв, тамгын газар. Мөн тэр сумыг илэрхийлэх таван хүнээс тусад нь яриа ярилцлага авна. Нэг хүн тухайн сумын үүх түүхийг, нөгөө нь ийм ийм баялаг бүтээж байна гэх мэтийг өгүүлнэ. Түүнийг бид нийтлэлээрээ, фэйсбүүкээрээ, өөрийн телевизийн сувгаар гаргадаг. Сургуулийн тухайд, хөдөө орон нутагт нэг ээлжээр хичээллэж байна. Улаанбаатарт заримдаа гурван ээлжээр хичээллэнэ, Зай талбай, орчин, багш нарын хүрэлцээнээс эхлээд бодох зүйл ихтэй. Олимпиадад ороход тэдний хүүхдүүд маш амжилттай оролцдог юм байна. Төгсөөд сайн боловсон хүчин хөдөө орон нутгийн хүүхдүүдээс гарч байна гэж харсан. Нийслэлд нэг их айхтар зүйл рүү тэмүүлэхийн орондоо сумандаа сайхныг бүтээж чадаж байна. Харин тухайн сумын дарга нарт орон нутгаа хөгжүүлэхэд жаахан дэм өгчихвөл гэж бодогдсон. Төсөв нь жаахан бага шиг санагдсан. Хүүхдүүд Монгол ахуйгаа сайн мэдэж, хүн чанартай болж өсч байх шиг. Хотын хүүхдүүдийг үгүйсгэхгүй ч сумын хүүхдийг суулгаад яриулахад Монгол ахуйгаа даанч сайн мэдэж байна. Тэд дотуур байранд амьдадаг хэдий ч хаврын төл малны үеэр ээж аавдаа очиж туслахаа мэддэг, ухамсарладаг. Тийм сэтгэлтэй, ахуйгаа мэдэж мэдэрч өссөн хүүхэд хүн чанартай л хүн болох нь мэдээж.

Малчин хүмүүст бэлчээрийн даацын асуудал, түүхий эд борлуулалтын асуудал гардгаас ер нь амьдрал доройтоод л, тэдэнд мөнгө өнгө хэрэг болоод л, хэн нэгэнтэй уралдаж, юунд ч юм яарч байгаа юм алга. Би хотод ирэхээрээ давчдаад л, замын түгжрэл дунд орохоор буцаад л хөдөө явмаар санагдана. Нөгөө л хүмүүстэйгээ ярилцаж, нөгөө сайхан байгалийг харж, уужим тэнэгэр газар очиход сайхан санагддаг. Тэгэхээр хөдөө орон нутгийнхан хүн чанараа алдаагүй байна. Тэд ааруул цагаан идээгээр хүүхдүүдээ хооллож, ахуйд нь ойрхон өсгөж, сумандаа сайхан амьдрах боломжийг олж хараад амьдарч байна. Саяхан бид нар Хэнтийн Дэлгэрхаан суманд ажиллахад гурван охинтой залуу гэр бүл байсан. “Хот руу явахыг ерөөсөө боддоггүй, хүмүүс яагаад тийшээ хошуураад байдгийг мэддэггүй. Бид хоёр малчин. Хүүхдүүдээ сургуульд сургахаар л төв рүү орж ирээд байна” гэж ярина. Тэд таван ханатай гэрээ янзын сайхан тохижуулчихсан. Өөрсдөө Монгол хувцасаа гэр бүлээрээ зөв сайхан өмсчихсөн, тэдэнд юу ч дутагдахгүй байна. Сэлэнгэд явж байхад бас хаус бариад амьдарч байгаа залуус байна. Өмнөговь аймгийн Ханбогд сумын иргэн малчны хотондоо хаус барьчихсан, малаа маллаж байна шүү дээ. Би хараад үнэхээр гайхсан, халуун усаа шийдчихсэн. Тэд надад “Сумандаа сайхан амьдрана гэдэг чинь энэ шүү дээ” гэж хэлж байгаа юм.

-СУМЫН МУХАРТ МАЛАА МАЛЛАНГАА ГЭРЭЛ ЗУРАГЧИН ХИЙЖ, ЖУУЛЧИД АВДАГ 80 НАСТАЙ ДОРЖ ӨВӨӨ-

-Та бүхний “олж нээсэн” эгэл жирийн баатруудтай Монголчууд их танилцах боллоо. Таны хэлсэнчлэн биднийг ярилцлага авъя гээд дуудахад тэд даруу улс учраас ирэхгүй. Хэн нэгэн тэдний өмнөөс “Энэ хүн мундаг шүү, ийм зүйл хийсэн шүү” гэхгүй л бол өөрсдийгөө тэр бүр зарлаад байхгүй. Найзтайгаа хөдөө төөрчихөөд, ухаан алдсан найзыгаа хээр хөлдөөхгүй гэж чирсээр айл барааддаг хүүгийн түүхийг танайхан л очиж сонсож байсан шүү дээ. Ийм сонин сонин зочидтой уулзаж байсан зарим түүхээсээ хуваалцахгүй юу?

-Энэ түүхүүд хамгийн гоё. Тэдний энэ баатарлаг түүхүүдийг олон хүнд хүргэхсэн гэж би өөрийн фэйсбүүк хуудсаар богино постууд их оруулдаг. Манайхны нэг сул тал нь, магадгүй цаг үе нь тэгж таараад байгаа ч юм уу урт юм уншихаа больчихож. Ялангуяа залууст зориулаад би харснаа утсаараа ч хамаагүй зургийг нь дараад оруулахыг хичээдэг.

-Завгүй амьдралын хэв маяг байх?

-Тийм, тэгж хэлж болох байх. Түүнийг хараад энэ сумын сайхан зүйлсийг богинохон текст, зургаар мэдээд авчихаасай гэж хүсч байгаа минь тэр. Надад Өмнөговь аймгийн Гурвантэс суманд суух Дорж өвөөгийн хийж буй зүйл, амьдарч буй хэв маяг их таалагдсан. Тэр өвөө 80 настай, гэртээ ганцаараа амьдардаг жирийн нэг настан. Гэтэл тэр хүн гэрэл зурагчин. Зүгээр л нэг малчин 80 настай хүн мэргэжлийн гэж хэлж болох гэрэл зургууд авдаг гэрэл зурагчин. Авдарны мухраасаа “Nikon”гээд аппарат гаргаж ирж байгаа юм. Хүүеээ та ямар сонирхолтой хүн бэ гэтэл “Над дээр бүр Хүрээлэнгийнхэн ирдэг юм шүү” гэж хариулна. Гурвантэс сумын нутагт Хэрмэн цав гэж сайхан газар бий. Энд Японоос жуулчид их ирж, энэ өвгөнийг түшиглэнэ. Тэнд байдаг амьтад, шувууг сонирхож ирнэ. Тэгэхэд нь өвөө хэдэн цагийн үед гарвал энэ амьтан харагдана, тэдэн цагт тэр шувуу буудаллаад буцдаг, зургийг нь авахад яг таарна гэх мэт мэдээллүүдийг судлаачид болон жуулчдад өгдөг. Ингэхээр аялал жуулчлалд ч хувь нэмрээ оруулж яваа юм. Нутаг орноо сурталчлах ажлыг өөрийн хэмжээнд хийж байгаа. Ингэж ирсэн хүмүүсийн нэг, Япон иргэн өвөө дээр нилээд тухлан байрлахдаа өвөөд “Танд камераа бэлэглэе, та сайхан зургууд аваарай” гэж өвөөгийн шинэ ажлын эхлэлийг тавьж өгч. Одоо өвөө өөрийн гэсэн гэрэл зургийн альбомоо гаргасан.

Мөн нэг багийн эмч сэтгэлээс ер гардаггүй. Хөдөө орон нутгийн эмч нарын ажиллах орчин үнэхээр содон. Тэдэнд унаа тэрэгнээс эхлээд мэргэжлийн багаж төхөөрөмжийн хүрэлцээ үнэхээр муу. Хуучин цаг үед лааны гэрэлд хүний амь аварч байсан, хүүхэд төрүүлж байсан гээд сонирхолтой хууч яриа их ярина. Яг тэр жишгээр амьдралынхаа  30 гаруй жилийг өнгөрүүлсэн нэг эмч бий.