Нийгэм

“Дэнжийн 1000”-ын гүний худгаас зөвшөөрөгдөх хэмжээнээс 20 дахин их нитрат илэрчээ

ШУТИС-д зочин профессороор уригдан ирж ажиллаж буй АНУ-ын эрдэмтэн ноён Марк Гольц өнгөрсөн долоо хоногт “Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн зохицуулагч Д.Авирмэдтэй уулзсан байна.

Марк Гольц энэ үеэрээ “Азийн хөгжлийн банк, Европын хөрөнгө оруулалтын банкны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж буй хөтөлбөр гэр хорооллыг инженерийн шугам сүлжээ, нийгмийн дэд бүтцээр ханган, Нийслэлд зургаан шинэ дэд төв үүсгэн байгуулна. Зургаан шинэ дэд төв байгуулах байршлын нэг болсон Дэнжийн мянга дахь гүний худгаас ундны усанд зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 20 дахин их нитрат илэрчээ. Улаанбаатарын гэр хорооллын гүний усанд нитратаар бохирдсоны эх үүсвэр нь нүхэн жорлонгууд. Газрын хөрсөнд ялгадсаа шууд хаяхаа зогсоож, нүхэн жорлонгоо өөрчлөх нь хорт хавдар үүсгэх бохирдлоос хамгаалах үндсэн ганц арга зам” хэмээсэн байна.

Манай улсаас уг асуудалтай тэмцэхээр “Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр"-ийг хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ тухай төслийн зохицуулагч Д.Авирмэд “Агаар, хөрс, ус, хүрээлэн буй орчны бохирдол хотын иргэний хэн байх, аль хэсэгт хаана амьдардгаас үл хамааран бие, эрхтэнд нөлөөлөх болж, энэ нөхцөл байдлыг Монгол улс гамшгийн хэмжээнд хүрснийг зарласан. Гамшгаас гарах, уг шалтгааныг нь өөрчлөх урт хугацааны найдвартай арга бол шинжлэх ухааны үндэслэлтэй, иргэддээ илүү үр өгөөжтэй бүтээн байгуулалт, дэд бүтцийн ажлыг өрнүүлэхэд оршино. Нүдэнд харагдахгүй, амьсгалд мэдрэгдэхгүй ч хүний эрүүл мэндэд агаарын бохирдлоос  илүү хортой хөрс, усны бохирдлыг судлан, Нийслэлээ модон жорлонгоос чөлөөлөх их үйлсийг хамтран хийнэ гэдэгт найдаж байна. Энэ ажил үйлс үр дүнд хүрэхэд Таны судалгаа, туршлага ихээхэн тус нэмэр болно  гэдэгт эргэлзэхгүй байна” гэж хэллээ.

Б.ГЭРЭЛ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

USD

Close
Close