Нийгэм

УБТЗ-ын дарга асан Л.Пүрэвбаатар 484 саяын хаусыг хууль бусаар эзэмшиж байна гэв

Улаанбаатар төмөр зам ХНН-ээс  Иргэн Пүрэвбаатарын хууль бусаар эзэмшиж буй нэг тэрбум 484 сая төгрөгийн үнэ бүхий хаусын талаар мэдээлэл хийлээ.


Уг мэдээлэлд: Улаанбаатар төмөр зам ХНН-ийн даргаар ажиллаж байсан иргэн Л.Пүрэвбаатар нь 2014 оны 12 дугаар сард Төмөр замын удирдах байгууллага буюу ТУЗ-ийн шийдвэрээр Төмөр замын даргаар томилогдсон байдаг. Томилогдсон тухайн өдрөө ажил олгогч буюу ерөнхий хороотойгоо контрактын гэрээ байгуулалгүйгээр тухайн үеийн Төрийн өмчийн хорооны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч н.Цогтбаатар гэдэг хүнтэй контракт гэрээ хууль бусаар байгуулсан байдаг. Цогтбаатар нь тухайн үед Төрийн өмчийн хорооны даргыг түр орлон гүйцэтгэгч байхдаа Улаанбаатар төмөр замыг төлөөлөлх эрхгүй этгээд байсан. Ийм хүнтэй контрактын гэрээ байгуулан, түүндээ үндэслэн уг контракт гэрээнд заасан үндэслэлээр Улаанбаатар төмөр замын хөрөнгөөр Л.Пүрэвбаатарт маш өндөр үнэ өртөг бүхий хаус авч өгөх заалтыг үндэслэж, ашиг сонирхол бүхий хувийн барилгын компанитай гэрээ байгуулж, өндөр үнэ өртөг бүхий худалдаж авсан байдаг.

Тэгэхээр,

НЭГДҮГЭЭРТ, эрхгүй этгээдтэй контракт гэрээ байгуулсан.

ХОЁРДУГААРТ, ашиг сонирхлын зөрчилтэй худалдан авах гэрээ байгуулсан.

ГУРАВДУГААРТ, төмөр замын хөрөнгөөр зохих байгуулллагын зөвшөөрлийг авахгүйгээр худалдан авалтыг нэг дор төлбөрийг шилжүүлж авсан байна.

-ХУУЛЬ БУС ГЭДГИЙГ ГУРВАН ШАТНЫ ШҮҮХЭЭР ТОГТООСОН БОЛОВЧ...-

Ердөө 20 хоногийн дараа орон сууц барих гэрээг өөрөө гарын үсгээ зурж, өөрөө байгуулсан байдаг. Албан тушаалаа аваад үүрэгт ажилтайгаа ч танилцаагүй байж шууд өндөр өртөг бүхий орон сууц бариулах ашиг сонирхолын гэрээ байгуулсан нь хууль бус юм.

Ингээд ажиллаж яваад 2016 оны есдүгээр сард Улаанбаатар төмөр зам ХНН-ийн Ерөнхий хороо буюу ТУЗ-ийн ээлжит хурлаар Л.Пүрэвбаатартай байгуулсан контрактын гэрээний үр дүнг дүгнэсэн. Уг дүгнэсэн хурлаар Л.Пүрэвбаатар нь гэрээнд заасан үүрэг даалгавраа хангалтгүй биелүүлсэн байна гэж үзэн хугацаанаас нь өмнө контрактын гэрээг цуцалсан. Өөрөөр хэлбэл ажлаас нь халсан. Ажлаас халагдсан тохиолдолд хуулийн дагуу албаны орон сууцаа хүлээлгэн өгөх ёстой бөгөөд хураан авах эрхтэй байдаг. Уг эрхийн хүрээнд өндөр үнэ өртөг бүхий албаны орон сууцаа буцаан авах хүсэлтийг Л.Пүрэвбаатарт хүргүүлсээр ирсэн. Гэтэл Л.Пүрэвбаатар тухайн орон сууцыг буцаан өгөхийг эсэргүүцэж, зөвшөөрөөгүй.

Арга буюу бид 2018 оны нэгдүгээр сард тухайн орон сууцны харьяаллын дагуу ХУД-ийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд орон сууцыг албадан чөлөөлөх тухай нэхэмжлэл гаргасан. Ингээд тухайн хэргийг хянан шийдвэрлэх явцад Л.Пүрэвбаатар нь сөрөг нэхэмжлэл буюу тухайн орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, тухайн орон сууцны өмчлөгчөөр хүлээн зөвшөөрүүлэх агуулга бүхий сөрөг нэхэмжлэлийг шүүх хуралдааны явцад гаргасан байдаг. Ингээд анхан шатны шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд Улаанбаатар төмөр замын үндсэн нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн байдаг. Өөрөөр хэлбэл, Улаанбаатар төмөр зам ХНН уг орон сууцыг иргэн Пүрэвбаатарт олгох нь зүйтэй гэж шийдвэрлэсэн байдаг.

Бид уг анхан шатны шийдвэрийг эсэргүүцэж 2018 оны дөрөвдүгээр сард Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдлоо гаргасан. Давж заалдах шатны шүүх хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй гарчээ гэж үзэн, тухайн өндөр өртөг бүхий орон сууцыг Улаанбаатар төмөр зам ХНН-ийн өмч байна гэдгийг дахин тогтоож иргэн Л.Пүрэвбаатарын нэхэмжлэлийг хангахгүйгээр шийдвэрлэсэн.

Үүнийг Л.Пүрэвбаатар мөн эсэргүүцэж гомдлоо Улсын дээд шүүхэд гаргасан. Гомдлын дагуу 2018 оны есдүгээр сард хянан хэлэлцээд Нийслэлийн давж заалдах шатны шүүх үндэслэлтэй шийдвэр гаргасан байна гэж үзэн, эцэслэж шийдвэрлэсэн.

-ХУУЛЬ ХҮЧНИЙ БАЙГУУЛЛАГУУД МӨН ХУУЛИА ЗӨРЧИЖ ЭХЛЭВ-


Нэгэнт гурван шатны шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн асуудлыг иргэн Л.Пүрэвбаатарыг биелүүлж өгөхийг хүсэхэд өнөөдрийг хүртэл хуулиа биелүүлэхгүй байсан тул ахин шүүхэд хандахад, албадан гүйцэтгэх захирамж гаргаж өгсөн. Уг захирамжийг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсэн. Эднийх хуульд заасны хүрээнд ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд одоо ч явуулж байгаа.

Гэтэл энэ ажиллагааг удаашруулах гэж иргэн Л.Пүрэвбаатар нэгэнт шийдвэрлэгдсэн асуудлаар дахин Баянгол дүүрэг иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг. Энэ нь өөрөө хуулийг тодорхой хэмжээнд зөрчсөн шийдвэр юм. Гэсэн ч Баянгол дүүргийн  шүүгчийн шийдвэрийн захирамж гарч,  Нийслэлийн ШШГГ-ынхан ажиллагаагаа зогсоосон.

Энэ мэтээр шүүх хууль хяналтын байгууллага өөрсдөө хуулийн хүчин төгөлдөр байдлыг хангахгүй, гурван шатны шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн асуудлыг зогсоож өгөхгүй, гүйцэтгэх ажиллагаа явуулахаас хууль бусаар татгалзаж байна. Энэ бол ноцтой зөрчил юм.

Тус зөрчлийг ахин Нийслэлийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандан, гүйцэтгэх ажиллагаагаа явуулах гэж байхад иргэн Л.Пүрэвдорж ахиад л Хан-Уул дүүрэгт нөгөө л асуудлаараа буюу орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохоор хүсэлт гаргав. Гэтэл Хан-Уул дүүргийн анхан шатны шүүх дахиад л гурван шатны шүүхээр эцэслэгдчихсэн хэргийг авч хэлэлцээд, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн шийдвэр гаргачихаж байгаа юм. Ингэхдээ хэргийн оролцогчдод мэдэгдэлгүйгээр нэгхэн өдрийн дотор гаргаж өгсөн байдаг.

Хэрэв уг өндөр үнэ бүхий орон сууцыг манай байгууллага өөрсдөө авбал, байгууллагын ажилчин тус бүрд 4 сая төгрөгөөр ипотекийн зээлийн урьдчилгаа өгөх боломжтой байсан. Гэтэл өнөөдрийг хүртэл чирэгдүүлж байгаа нь Улаанбаатар төмөр зам ХНН-ийн 16 мянган ажилтны эрх ашгийг хохироосон хэрэг болж байна.

Иймд бид уг гомдлыг Монгол улсын Ерөнхийлөгч болон Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд тус тус гаргаж байгаагаа мэдэгдье.

Б.ГЭРЭЛ

ГЭРЭЛ ЗУРГИЙГ:А.МАНДУУЛ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

USD

Close
Close