Ярилцлага

Монголд үнэртэй ус анхлан үйлдвэрлэгч Б.Ану-Үжин: Бизнес эхлүүлэхэд хэзээ ч оройтдоггүй

Монголчууд бид бүхий л төрлийн бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэх болсны нэг нь үнэртэй ус. Тийм ээ, үнэртэй усыг ч бид өөрсдөө үйлдвэрлэдэг болжээ.

Бид "үйлдвэрлэгч" буландаа эх орондоо үнэртний соёлыг дэлгэрүүлэхэд өөрийн хувь нэмрээ оруулаад буй, үнэртэй усыг анхлан үйлдвэрлэгчдийн нэг, “Your truly by Ujin” үнэртэй усыг үүсгэн байгуулагч Ану-Үжинг урьж ярилцлаа.

Товлосон цагт гайхалтай сайхан үнэр сэнгэнүүлсээр нэгэн эмэгтэй орж ирэх нь Б.Ану-Үжин. Тэрээр бидний хүсэлтийг уриалгахан хүлээн авсан бөгөөд нэг цагийн туршид өөрийн зохион бүтээсэн үнэртэн болон өөр олон сонирхолтой зүйлийн талаар ярилцлаа.


-ЭМЭГТЭЙ ХҮН ГОЁ САЙХАН ХАРАГДАХААС ГАДНА САЙХАН ҮНЭТЭЙ БАЙХ ЁСТОЙ-

-Юун түрүүнд та уншигчдад маань өөрийгөө танилцуулна уу?

-Намайг Ану-Үжин гэдэг. Отгонтэнгэр их сургуулийг олон улсын худалдааны чиглэлээр төгсөөд АНУ-д бизнесийн удирдлага чиглэлээр магистрын зэргээ хамгаалчихаад ирсэн. Америкт сурч байх хугацаандаа “Yours truly by Ujin” үнэртэй усаа бүтээх санаагаа олоод, хоёр жилийн хугацаанд бүтээсэн. Энэ хугацаандаа бүтээгдэхүүнээ тасралтгүй хөгжүүлсээр саяхан 2018 оны 12 сард дөнгөж гар дээрээ авчихаад байж байна.


-Өөрийн тань мэргэжил олон улсын худалдаа юм байна шүү дээ. Маш олон үйлдвэрлэл, худалдаа дундаас яагаад үнэртэй усыг сонгон бүтээх болсон юм бэ?

-Би өөрөө үнэртэй усны хоббитой, үнэртэй ус цуглуулах дуртай хүн. Эмэгтэй хүн гоё сайхан харагдахаас гадна сайхан үнэртэй байх ёстой гэж би боддог л доо. Мөн миний мэргэжил олон улсын худалдаа шүү дээ. Мэргэжил маань импортыг орлож, экспортыг хөгжүүлэх чиглэлтэй учир эх орныхоо хөгжил цэцэглэлтэд өөрийн хувь нэмрээ оруулах ёстой юм байна гэж их боддог байлаа.

Монголчууд саван, ванны бөмбөлөг зэрэг бүxий л төрлийн бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрлээд эхэлчихсэн байна шүү дээ. Тийм ч учраас тэдгээртэй ижил зүйл үйлдвэрлэх бус ямар нэг байдлаар бусдаас онцгой, өөр зүйл үйлдвэрлэе гэж бодсон. Тэгээд л үнэртэй ус үйлдвэрлэхээр шийдсэн дээ. Үүнийхээ дагуу үнэртэй ус хэрхэн бүтэх талаар сургалтад суусан.

-МОНГОЛ ЭМЭГТЭЙЧҮҮД ҮНЭХЭЭР ДАЙЧИН-


-Ямар ч бизнесийг эхлүүлэхэд амаргүй байдаг. Ялангуяа анхдагч байна гэдэг тун хэцүү байх аа даа. Танд шантармаар, хэцүү үе байв уу?

-Миний хэлэх дуртай үг бол “Бизнесийг эхлүүлэхэд хэзээ ч оройтохгүй”. Мэдээж хэцүү, шантармаар үе байсан. Үнэртэн гэдэг тийм амар зүйл биш шүү дээ. Өнөөдөр хийчихээд маргааш нь худалдаанд гаргачихдаггүй. Маш их хөгжүүлэлт хэрэгтэй, үнэрээ үргэлж өөрчилж шинэчлэх хэрэгтэй. Түүнчлэн ямар үнэр ямар эмэгтэйд таалагддаг вэ гэх зэрэг маш их судалгаа шинжилгээ чухал.

Анхны жилийн хугацаанд миний үнэртэй ус яг машины эсвэл ариун цэврийн өрөөний үнэртүүлэгч шиг болоод ер санаанд нийцэхгүй байсан. Үүнээс би шантарч огт болохгүй юм байна, нэгэнт шийдсэн юм чинь зоригтой байх ёстой гэж бодсон. Учир нь Монгол эмэгтэйчүүд маань ямар дайчин билээ дээ.

Тухайн үед Монголд анхлан үнэртэй усыг үйлдвэрлэсэн Цацрал гэх эмэгтэйг үнэртэй ус бүтээж байгааг мэдээгүй. Тиймээс өөрийгөө анхдагч байх магадлалтай гэж бодоод нэг жилийн хугацаанд бараг л өдөр бүр маш шаргуу ажилласан.

-Таны нэр Ану-Үжин. Бүтээгдэхүүнээ өөрийн нэрээр нэрлэсэн юм аа даа?


-Тийм ээ, тэгж ойлгож болно. Үнэртэй усны маань нэр өөрөө хоёр утгатай. Эхнийх нь миний нэрний хоёр дахь үе болох Үжин. Харин хоёр дахь утга нь Монгол хатдыг эрт дээр үед Өүлэн үжин, Бөртэ үжин гэх мэтээр Үжин хэмээн тодотгодог байсан шүү дээ. Үүнээс үүдэн Ану биш, Ану-Үжин ч биш Үжин хэмээгээд, Монгол хатнаас зөвхөн танд зориулав гэх утгыг агуулж ийн нэрлэсэн юм.

-Одоогоор зөвхөн эмэгтэй үнэртэнг үйлдвэрлэсэн юм билээ. Эрэгтэй усны тухайд?

-Эрэгтэй үнэртэн хэзээ гаргах вэ гэж худалдан авагчид маань их асууж байгаа. Одоогийн байдлаар энэ гаргасан үнэртэй усаа Монголд хэрхэн үйлдвэрлэх гарцыг хайж байгаа учраас эрэгтэй үнэртэн үйлдвэрлэх ажлаа хараахан эхлүүлээгүй. Цаашдаа Юнисэкс үнэртэн үйлдвэрлэх төлөвлөгөөтэй байна.

-Үнэртэй ус худалдан авахад тавигддаг нэгэн чухал шаардлага бол үнэрээ удаан барих явдал шүү дээ, Yours truly by Ujin усны хувьд?

-Миний үнэртэн Eau de parfum  учир үнэрээ 5-6 цаг барина. Түүнчлэн дэлхийн жишиг стандартад нийцсэн учир нэг цацсан байхад нэг өдөртөө, бүр маргааш нь ч үнэрээ хадгалж л байдаг.

-Худалдан авагчдын сэтгэл ханамжийн үнэлгээ ямар байгаа вэ, шинэ бүтээгдэхүүнийг хэрхэн хүлээн авч байна?

-Худалдан авагчид маань маш өндөр сэтгэгдэлтэй байдаг. Үүнд би их олзуурхаж байгаа. Хамгийн эхний бүтээгдэхүүн маань хүмүүст ингэж сайн хүрч байгаа нь эргүүлээд надад урам зориг өгч байна. Би анх зах зээлд гарахдаа их эмээж байсан.. Учир нь үйлчлүүлэгчид Chanel, Burberry зэрэг брендийн ус хэрэглэх маш их дуртай учир зах зээлд цоо шинэ бүтээгдэхүүн гараад ирэхээр хэрхэн хүлээж авах бол гээд л маш их айж байсан.

Тийм ч учраас Limited Edition буюу цөөн тоогоор үйлдвэрлэсэн боловч одоо бараг үйлдвэрлэсэн тоо маань дуусаж байна шүү дээ. Тиймээс дараа дараагийн захиалгадаа орчихсон явж байгаа. Үүнээс цаашдаа илүү олон бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой юм байна хэмээн үзээд зөвхөн үнэртэй усаар зогсохгүй биеийн тос, саван, лаа зэргийг үнэртэй устайгаа холбон дараагийн бүтээгдэхүүнээ үйлдвэрлэх зорилготой байгаа даа.

-АМЕРИК СТАНДАРТЫН ДАГУУ ҮНЭРТНЭЭ ҮЙЛДВЭРЛЭДЭГ-