Ярилцлага

БАЙР СУУРЬ: Сэтгүүл зүй дөрөв дэх засаглалын үүргээ гүйцэтгэж чадаж байгаа юу

Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан бид хэвлэлийн салбарт олон жилийн турш тууштай ажиллаж, алдаа оноогоо дэнслүүлж яваа эрхэмүүдээс “Монголын сэтгүүл зүй дөрөв дэх засаглалын үүргээ гүйцэтгэж чадаж байгаа юу, хэрхэн ажиллавал энэ үүргээ гүйцэтгэх вэ” гэсэн асуултад хариулт авлаа.

Л.МӨНХБАЯСГАЛАН: МОНГОЛЫН СЭТГҮҮЛ ЗҮЙ ТУУЛАХ ЁСТОЙ ЗАМАА ТУУЛЖ ЯВНА


Монголын сэтгүүл зүй дөрөв дэх засаглалын үүргээ гүйцэтгэж чадаж байна уу.... хэрхэн ажиллавал энэ үүргээ гүйцэтгэх вэ гэсэн асуултад хариулахад нэлээд төвөгтэй болсон.  Сэтгүүл зүй бол дөрөв дэх засаглал гэдэг энэ ойлголт  21-р зуунд тохирохгүй талдаа орж байх шиг байна. Яагаад гэвэл сэтгүүл зүйн мэдээлэл хүргэх  тогтолцоо  техникийн дэвшилд дарлуулж эхэллээ. Хүн бүхэн гар утастай, хүсвэл хаанаас ч мэдээллийг шууд оруулах боломжтой болсон. Заавал мэргэжлийн редакциар дамжуулан мэдээлэл хүргэдэг зарчим алдагдсан.

Бид одоогоос 10 гаруй жилийн өмнө иргэний сэтгүүл зүйг хөгжүүлэх талаар ярьж байсан бол сошиал медиагийн эринд хүн бүхэн мэдээлэл хүргэгч болж хувирлаа.  Гэхдээ энэ үед үнэн бодит мэдээллийн орон зай үгүйлэгдэх болов.  Тиймээс сэтгүүл зүй  өөрөө  мэдээллийн эх сурвалж болох , архив дата баз бүтээх , бодит байдалд дүгнэлт хийх , судалгаа хийх үүрэг  хөгжлөө дагаад бидэнд ирлээ.  Энэ бол хариуцлага шүү дээ.  Харамсалтай нь хариуцлагыг  бүх хүн  ойлгож  ухаарахгүй.  Сэтгүүлч бүхэн хариуцлагаа ухамсарлана гэж байхгүй, байх ч боломжгүй.

Энэ бүхний эцэст   “СЭТГҮҮЛ ЗҮЙ БОЛ ДӨРӨВ ДЭХ ЗАСАГЛАЛ.... СЭТГҮҮЛ ЗҮЙ БОЛ ТИЙМ, ИЙМ БАЙХ ЁСТОЙ” гэсэн хатуу дүгнэлт хийх боломжгүй гэж үзэж байна. Бодит байдал ийм.  Яг өнөөдрийн цаг хугацаанд хэлж болох зүйл бол “Монголын сэтгүүл зүй туулах ёстой замаа туулж явна. Технологийн дэвшилд сэтгүүл зүй хэрхэн тохирч явах, үнэн худал мэдээллийн шуурганд хэрхэн өртөх,  сөнөх, үлдэх зэргийг гагцхүү цаг хугацаа л харуулна” гэж хэлье. Өөрөөр хэлбэл цэцэрхэх боломжгүй. 

Тиймээс миний  бие  20 гаруй жил энэ салбарт ажиллаж байгаа ч гэсэн өнөөдөр дүгнэлт хийх, цэцэрхэх, онол ярих, шүүмжлэх, гарц заахаас татгалзаж байна.  Туулах ёстой замаа л туулья. Тэгэхээр дүгнэлтийг  100 жилийн дараах сэтгүүлчдэд үлдээе.  Миний хувьд эрэн сурвалжлах сэтгүүл зүйн бүтээлийн эхний шанг татах гэж оролдож байна, буруу явсан бол засаж залруулаад дараагийн сэтгүүлчид нь аваад явна. Цаг хугацаа өөрөө залруулахаа залруулаад, бүтээхээ бүтээгээд, дүгнэхээ дүгнээд яваг.   Би болон бид сэтгүүл зүйн нэгэн цагийн золиос  юм.  Миний хэлж чадах юм ердөө л энэ. 


Л.НИНЖЖАМЦ: МЭДЭЭЛЛИЙН УРСГАЛ ЧӨЛӨӨТЭЙ БОЛСОН НЬ МЭРГЭЖЛИЙН СЭТГҮҮЛ СУЛРАХАД НӨЛӨӨЛСӨН

/МҮОНРТ-ын Ерөнхий захирал/

 Дөрөв дэх засаглал гэж хууль тогтоох, гүйцэтгэх болон шүүх засаглалын үйл ажиллагааг ил тод болгох замаар иргэд, олон нийтэд эрх баригчдын үйл ажиллагааг хянах боломж олгохыг хэлдэг. Зарим бэрхшээл байгаа, тэр дундаа хамгийн гол асуудал нь хараат бус хэвлэл мэдээлэл.

Нийт хэвлэл мэдээллийн хэрэгслийн 70 гаруй хувь нь улс төрчдийн нөлөөнд, тэднээс хамааралтай санхүүжилттэй байгаа хэдий ч цахим технологи, сошиал платформын тусламжтайгаар мэдээллийн урсгал чөлөөтэй болж бна. Энэ нь эргээд мэргэжлийн сэтгүүл зүйн итгэл үнэмшил сулрахад нөлөөлж байгаа юм.

Тийм ч учраас энэ жилийн хэвлэлийн эрх чөлөөний өдрөөр дэлхий дахинаа сэтгүүл зүйн ардчилсан нийгэмд гүйцэтгэх үүргийг онцлон хэлэлцэж байна.


М.ОТГОНБАЯР: ДӨРӨВ ДЭХ ЗАСАГЛАЛЫН ҮҮРГЭЭ ЗАРИМ ТАЛААР ГҮЙЦЭТГЭЖ ЧАДДАГГҮЙ

/MEDEE.MN сайтыг үүсгэн байгуулагч/

Монгол Улсын хэвлэл мэдээллийн байгууллагууд дөрөв дэх засаглалын үүргээ зарим талаар гүйцэтгэж чаддаггүй, харин ч улс төрчдийн PR-ийг хийж өгдөг.  Сурталчилгаа, PR гэдэг хоёр өөр ойлголт байдаг.

“Public relation” буюу PR нь ихэвчлэн улс төрд хэрэгждэг бөгөөд улстөрчид сэдвээ хэвлэлийнхэнд өгч, хийлгэдэг. Өөрөөр хэлбэл, тэд үйл явдлаар дамжуулан PR-аа хийхэд хэвлэлүүд түүнийг нь авч, хийж өгдөг. Харин сурталчилгааг борлуулалт, маркетингийн газрууд хэвлэлүүдэд мөнгөө төлж хийлгэдэг бөгөөд уншигчид үүнийг шууд мэдэх боломжтой. 

Уг нь хэвлэл дөрөв дэх засаглал байтал тэдний PR-ийг, үг хэлийг дамжуулдаг л хэрэгсэл болсон. Тиймээс ч хэвлэл мэдээллийн байгууллагууд дөрөв дэх засаглалынхаа үүргийг гүйцэтгэж чадахгүй байгаа, ялангуяа улс төрийн салбарт. Нэг үгээр хэлбэл, сэдвээр нь болон хэтэвчээр нь тэднийг залж байгаа. Ер нь бие даасан хэвлэл мэдээллийн байгууллага манайд цөөн, ихэвчлэн ардаа улстөрчидтэй байдаг.

Дөрөв дэх засаглалын үүргээ биелүүлэхийн тулд бие даасан санхүүжилт хамгийн чухал. Өөрөөр хэлбэл, PR-аас биш, сурталчилгаанаас санхүүжилтээ олдог болох хэрэгтэй. Сурталчилгаа бол хэвлэлийн эрүүл санхүүжилт юм. Ерөнхий утгаар нь харвал, энэ нь улс орны эдийн засаг, хувийн хэвшлүүдтэй холбоотой асуудал болно.

Г.ОТГОНЖАРГАЛ: МОНГОЛЫН СЭТГҮҮЛ ЗҮЙ ӨДРӨӨС ӨДӨРТ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ МЭДРЭМЖ ӨНДӨРТЭЙ БАЙГАА

/Үндэсний шуудан сонины орлогч, эрхлэгч/

-Сэтгүүл зүй зөв, буруу бүр цаашлаад хүний ёсноос гадуур байгаа тухай шүүмжлэл, гоочлол олонтаа яригдаж буй. Миний хувьд Монголын сэтгүүл зүй өдрөөс өдөрт эрх чөлөөний мэдрэмж өндөртэй болж, түүндээ хүрч ажиллах жигүүр өндөр дүүлэн нисч байгаа гэдэгт туйлаас итгэлтэй явдгаа юун түрүүнд илэрхийлмээр байна.  Харин энэхүү хөгжил, дэвшил нь редакцийн бодлого шийдвэр болоод улстөрчид төдийгүй бизнесийн эрх ашгийн дор хайрцаглагдаж, тэрхүү хайрцагтаа багтран хашгирах эмзэг мэдрэмжээр цохигдон унах нь бий.

Иймд болох, болохгүйн тухай, алдаа болоод онооны тухай ярихдаа та бид бусдын зовлон гуниг, уй шаналал дээр нэгдэн нийлэхийн зэрэгцээ ямар ч цаг үед эрх чөлөөний төлөө гэсэн дуу хоолойд улам бүр нягтаршин нэгдэх ёстой юм болов уу гэсэн бодол төрж байна. Цаашлаад улс төрийн намуудын бодлого шийдвэрт дүн анализ хийх эрх чөлөө, хувь улстөрчдийн муйхарлал хэтрүүлэгт эрүүлээр шүүмжлэл өрнүүлэх бие даасан үзэл баримтлалаа, бизнесийн эрх ашгийн өмнө зөв бурууг нь ялгах хараат бус байр сууриа хадгалж үлдэх нь та бидний ирээдүй цагийн оршин тогтнох болоод үнэ хүндтэйгээр бүтээлээ үнэлүүлэх боломж байж мэдэх юм.

Түүнчлэн дөрөв дэх засаглалын эрх чөлөө байгаа гэдэгтээ итгэж байгаагийнхаа нэгэн адил “Үзэгнийхээ үзүүрт ижийгээ байгаа гэж бодож бичээрэй” гэдэг богинохон атлаа гүн уриалгыг бодож өөрөө өөрсдийнхөө ёс зүй, хүнлэг чанарт дүгнэлт хийх ёстой болов уу. Учир нь, зөвхөн өнгөрсөн хоёр хоногийн хугацаанд гэхэд хүчирхийлж нас барсан байж болзошгүй хэмээх охины гэгээн дүрийг сошиалаар цацахаасаа та бид эмээсэнгүй.

Уг нь эрэл сурлын үед энэ зургийг тодоос тод харуулж болох, аав ээжийнх нь хатсан, шаналсан сэтгэлийг дэвтээж эрж олоход нь туслах зорилгоор ил тод тавих ёстой болохоос бус эмгэнэлт мэдээний магадланд хэзээ ч ийн тавьж болохгүй юм. Иймд нэг удаагийн буюу хамгийн сүүлийн сэдлээр сэтгүүл зүйд тавигдах анхан шатны ёс зүйн шаардлагад та бид тэнцэж байна уу гэдгээ эргэн бодоцгооё. Үүгээрээ сэтгүүл зүй гэдэг зөвхөн аливаа нэгэн даргын оноо болоод алдаа бус шударга ёс бол шударга ёс л байх ёстой гэсэн туйлан итгэл үнэмшлийн манаач нь байхыг та бүхнээсээ хүсье.

БЭЛТГЭСЭН Г.ИТГЭЛ 

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдлүүд (9)

  1. Гадны эдийн засгийн алуурчид,монголын баялгыг тоногчид,хэвлэл мэдээлэл болон намуудыг санхүүжүүлж удирдаж байна .Бүтээн босголт,үнийн өсөлтийн шалтгаан.өрөнд яагаад ороод байгаа.Оюутолгой г.м.чухал сэдэвийг хөндөхгүй,хэрэггүй сенсацаар ард түмний цагийг үрж,худал мэдээлэлээр мангартуулж байна

  2. Нинжжамц улс төрийн нөлөөнд орж МАН-аас томилогдсон хүн.Юун 4 дэх засаглал гэж ярих эрхгүй хүн.Ард түмнийг цагаан цаас гэж М.Энхболдод тал засдаг хүн шүү дээ.

  3. Энэ Нинжжамц зайлаагүй байгаа нь харамсалтай Татвар төлөгчдийн мөнгөөр хооллодог мөртлөө сонгогчдыг доромжилж, нээх ухаантай хариулт хэрэггүй даргаа, тэдэнд юу ч хэлсэн яадым даргаа гээд далжийж байсан балай авгай шүү дээ

  4. Тэр мэдээ.мн сайтын залуу өөрөө жинхэнэ улс төрчдийн пр хийж мөнгөөр худалдагдаж явсан нөхөр шүү Санги гээд нэг хөөрүү юмтай нийлээд АН ын даргын сонгуульд Эрдэнийн угаадсыг цэвэрлэж мөнгөжсөн

USD

Close
Close